Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 221/МА2021/0232

 

 

“П д т” ХХК-ийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч С.Мөнхжаргал, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Буяндэлгэр, цахимаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ц, өмгөөлөгч Ж.О, А.Э, хариуцагч Л.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б, Ө.Н нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн  2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 98 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор “П д т” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийгмийн даатгалын ерөнхий газрын Хяналт шалгалтын хэлтсийн улсын ахлах байцаагч нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулин илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн  2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 98 дугаар шийдвэрээр: Нийгмийн даатгалын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2 дэх хэсгийн 2, 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 20 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасныг тус тус үндэслэн “П д т” ХХК-ийн нэхэмжлэлтэй Нийгмийн даатгалын ерөнхий газрын Хяналт шалгалтын хэлтсийн улсын ахлах байцаагч Л.А, Д.Э нарт холбогдох “НДЕГ-ын улсын байцаагч нарын 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 32/30 дугаартай актыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нар шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Нэхэмжлэгч компанийн хувьд гадаад ажилчдын нийгмийн даатгалын шимтгэл төлөхөөс санаатайгаар зайлсхийсэн, шимтгэл ногдох орлогыг нуусан, хэмжээг нь санаатайгаар бууруулсан зүйл байхгүй, тэгэх бодит шалтгаан, үндэслэл ч байхгүй юм. Учир нь “П д т” ХХК 1993, 1995 онд МУ-ын Засгийн газартай байгуулсан Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу Дорнод аймгийн Тосон уул 19, Тамсаг 21 газрын тосны 2 талбайд газрын тосны олборлолтын үйл ажиллагаа явуулаад 20-иод жил болж байгаа компани бөгөөд Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу гадаад ажилчдын нийгмийн даатгалын шимтгэлийг төлөхгүй байх эрх эдэлж, үүрэг хүлээж өнөөдрийг хүртэл гэрээний эрх, үүргээ хэрэгжүүлж, ажиллаж ирсэн. Эдгээр гэрээнүүд өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байна. Бүтээгдэхүүн хуваах гэрээгээр хөрөнгө оруулагч компани газрын тосны хайгуулын болон олборлолтын бүхий л зардлыг 100 хувь өөрөө гаргаж, эрсдлээ хариуцдаг ба гаргасан зардлаа олборлосон газрын тосны бүтээгдэхүүнээс нөхөж авсны дараах ашгаа талууд гэрээгээр тохирсон хувь хэмжээгээр хуваадаг онцлогтой. Түүнчлэн бусад хувийн эрх зүйн гэрээний адил талууд гэрээ байгуулахдаа өөрсдийн ашиг сонирхол, байр сууриа чөлөөтэй илэрхийлж, бүх зүйлд харилцан тохиролцсон хувь хэмжээг тогтоодог, төр хөрөнгө оруулагчид татварын болон татварын бус дэмжлэг үзүүлэх эсэх, мөн хөрөнгө оруулагчийн зардлыг хэрхэн шийдвэрлэх талаар гэрээгээр тохиролцдог, мөн гэрээнд оруулах аливаа нэмэлт өөрчлөлтийг талууд харилцан тохиролцож шийдвэрлэх, гэрээг тайлбарлах, хэрэгжүүлэх талаар талуудын хооронд маргаан гарвал гэрээнд заасан арбитр, шүүхийн журмаар шийдвэрлүүлэх, цуцлах эрх, үүргийг Бүтээгдэхүүн хуваах гэрээнүүдийн 21 дүгээр зүйл, 22.1 дэх хэсэг, Газрын тосны тухай хуулийн 12.1.5 болон 43.1 дэх хэсэгт тусгайлан зохицуулснаас Бүтээгдэхүүн хуваах гэрээ нь хувийн эрх зүйн гэрээ болох нь тодорхой харагдана. Бүтээгдэхүүн хуваах гэрээ анх байгуулагдахдаа тухайн үед үйлчилж байсан Нийгмийн даатгалын хууль тогтоомжийг зөрчөөгүй, маргаан бүхий харилцааг өөрөөр зохицуулж байсан. Гэтэл улсын байцаагчид 32/30 актын үндэслэлээ Нийгмийн даатгалын тухай хуулийн 4.2 дахь заалтыг зөрчсөн гэж гол үндэслэлээ болгодог ба тус заалтад хожим 2008, 2015 онд орсон нэмэлт, өөрчлөлтөөр гадаадын иргэн нийгмийн даатгалын шимтгэл төлөх болсон. Газрын тосны тухай хуулийн 9.1.21-т “Ашигт малтмал газрын тосны газар Бүтээгдэхүүн хуваах гэрээг өөрчлөх саналыг төрийн захиргааны төв байгууллагад гаргах”, мөн хуулийн 7.1.3-т “...Засгийн газар бүтээгдэхүүн хуваах гэрээг цуцлах эрхийг олгох” гэж заасны дагуу 1993, 1995 онд байгуулагдсан гэрээг 2014 онд шинээр батлагдсан НДтХуульд нийцүүлэх, гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах, энэ талаар талуудын хооронд маргаан үүсвэл гэрээг цуцлах, эсхүл шүүх, арбитраар шийдвэрлүүлэх эрхээ хуулийн хүрээнд хэрэгжүүлэх ёстой, энэхүү эрх нь гагцхүү Засгийн газарт өөрт нь байна. Гэтэл Засгийн газар хуульд заасан эдгээр эрх, үүргээ хэрэгжүүлээгүй төдийгүй Монгол улсын Засгийн газар өөрөө бүтээгдэхүүн хуваах гэрээгээр “П д т” ХХК-ийг нийгмийн даатгал төлөхөөс чөлөөлсөн, ийм эрхийг олгосон этгээд нь Засгийн газар өөрөө атал, үүнд нэхэмжлэгчийг буруутгаж, хууль зөрчсөн гэж өндөр торгууль, төлбөрийг албадан гаргуулж байгааг, түүнийг шүүх нь хөхүүлэн дэмжиж, зөвтгөж байгааг ойлгох аргагүй байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.5-д “шүүх шийдвэр гаргахдаа эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоож, хүлээн зөвшөөрөх”, мөн хуулийн 13.1-т “Захиргааны хэргийн шүүх ...өөр шүүхэд харъяалуулснаас бусад нийтийн эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэнэ” гэж заасны дагуу маргаан бүхий харилцаанд Бүтээгдэхүүн хуваах гэрээ нь хувийн эрх зүйн гэрээ буюу хувийн эрх зүйн харилцаа байгаа болохыг тогтоож, захиргааны хэргийн шүүх өөрийн харъяалалд хамаарахгүй асуудлаар буюу хувийн эрх зүйн гэрээ, түүний аль нэг заалт хууль зөрчсөн, хууль тогтоомжид нийцсэн, нийцээгүй гэж дүгнэх эрхгүй юм. Захиргааны хэм хэмжээний акт нь эрх зүйн эх сурвалж болохынхоо хувьд хуулийн нэгэн адил үйлчлэх тул шүүхээс хэрэглэх хууль тогтоомжид хамаарна. Иймээс шүүх маргаан бүхий харилцаанд бүтээгдэхүүн хуваах гэрээг хэрэглэдэггүй юм бол Монгол улсад хүчин төгөлдөр үйлчилж буй, маргаан бүхий харилцааг нарийвчлан зохицуулж буй Газрын тосны тухай хууль болон Засгийн газрын 2016 оны 130 дугаар тогтоолыг хэрэглэх ёстой. Гэтэл анхан шатны шүүх эдгээр хууль тогтоомжийг хэрэглээгүй төдийгүй, хэрэглээгүй үндэслэлээ шийдвэртээ огт дурдсангүй. Бүтээгдэхүүн хуваах гэрээнүүд уг тогтоолд нийцэж байна гэж үзэж байна. ...Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль батлагдаж, мөрдөгдсөнөөс хойш 3 жилийн хугацаа өнгөрч байна. Зөрчлийн тухай хууль батлагдсанаар улсын байцаагч нарын салбарын хуулиар шууд төлбөр, торгууль тавьдаг явдлыг хязгаарлаж, прокурорын хяналтан дор “Шийтгэлийн хуудас”-аар хариуцлага тооцдог болсон атал Нийгмийн даатгалын улсын байцаагч нар салбарын хуулиар буюу “улсын байцаагчийн акт”-аар төлбөр, алданги ногдуулдаг явдал хэвээрээ байна. Зөрчлийн хууль батлагдсанаар салбар хуулиудад “Энэ хуулийг зөрчсөн тохиолдолд...төгрөгөөр торгоно” гэсэн хариуцлагын заалтуудыг хасч Зөрчлийн хуульд нэгтгэн Нийгмийн даатгалын хууль зөрчих нь зөрчил болохыг хуульчилсан. Нийгмийн даатгалын хуульд улсын байцаагч акт үйлдэн төлбөр, алданги ногдуулах зохицуулалт байхгүй билээ. Нийгмийн даатгалын улсын байцаагчид урьдын адил хяналтгүй, хуучин арга барилаараа салбарын хуулиар нэг өөр хариуцлага тооцож, дараа нь дахин Зөрчлийн хуулиар дахин давхардуулан ижил мөнгөн дүнгээр төлбөр, торгууль оногдуулж иргэн, хуулийн этгээдийн эрх, ашиг сонирхлыг ноцтой зөрчиж, үүнийгээ шат дараалсан арга хэмжээ авч байна гэж зөвтгөж буйг ойлгохгүй байна. Иргэн, хуулийн этгээдийн хууль бус гэх нэг үйлдэлд нэг л захиргааны актаар хариуцлага тооцох ёстой. Нэхэмжлэгч “П д т” ХХК нь Бүтээгдэхүүн хуваах гэрээний 10.4 дүгээр заалтын дагуу мөн татвараас чөлөөлөгддөг, өнөөдрийг хүртэл төлж байгаагүй, Засгийн газар төлөхийг шаардаж байгаагүй. Нийгмийн даатгалын байцаагч нар акт гаргахдаа нэхэмжлэгчийн татгалзлын үндэслэл болох бүтээгдэхүүн хуваах гэрээг судлах, бүтээгдэхүүн хуваах гэрээ нь ямар хуулиар зохицуулагддаг, мөн энэ талаар гэрээний нэг тал болох МУ-ын Засгийн газар, Газрын тосны асуудал эрхэлсэн харъяа агентлагаас тайлбар, мэдээлэл авч судалж байж гаргах ёстой. Улсын байцаагч нарын 32/30 дугаартай акт нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар захиргааны үйл ажиллагаа “үр нөлөөтэй байх”, “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” болон “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” гэж заасныг хариуцагч нар зөрчсөн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзэхэд гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч “П д т” ХХК нь “Нийгмийн даатгалын ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын улсын ахлах байцаагч Л.А, Д.Э нарын 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 32/30 дугаартай актыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу нотлох баримт цуглуулаагүй, сонсох ажиллагаа хийгээгүй, захиргааны үйл ажиллагааны журмыг зөрчсөн, Засгийн газартай байгуулсан Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөгддөг, Зөрчлийн тухай хууль болон Нийгмийн даатгалын тухай хуулиар давхардуулан хариуцлага хүлээлгэж эрх зүйн байдлыг дордуулсан” гэж маргажээ.

Хариуцагч Нийгмийн даатгалын ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын улсын ахлах байцаагч Л.Ариунтулга, Д.Эрдэнэчимэг нар нь Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн удирдамжийн дагуу “П д т” ХХК-ийн 2016-2018 оныг дуустал хугацааны Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд шалгалт хийж, тус компанийг “2016, 2017, 2018 онуудад БНХАУ-аас авч ажиллуулсан 4404 ажилтанд олгосон нийт 13,368,096,000 төгрөгийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос төлвөл зохих 3,143,234,880 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийг хугацаанд нь тооцож, санд төлөөгүй” зөрчил гаргасан гэх үндэслэлээр 3,143,234,880 төгрөгийн шимтгэл, хугацаа хэтрүүлсэн хоногт ногдох 1,571,617,440 төгрөгийн алданги ногдуулсан маргаан бүхий 32/30 дугаартай акт гаргасан байна.

1. Тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1-д /2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр өөрчлөн найруулсан/ “Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомж зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол нийгмийн даатгалын шимтгэл төлөгчид дараахь хариуцлага хүлээлгэнэ: 1/ “ажил олгогч шимтгэл ногдох хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогыг нуусан буюу хэмжээг нь санаатайгаар бууруулсан бол нуусан буюу бууруулсан орлогод ногдох шимтгэлийг нөхөн төлүүлж, мөн орлоготой тэнцэх хэмжээний алданги ногдуулна. Энэхүү алдангийн хэмжээ нь төлбөл зохих шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна” гэж заасан бол мөн тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 2-т /2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр өөрчлөн найруулсан/ “Нийгмийн даатгалын шимтгэл төлөгч хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан нийгмийн даатгалын шимтгэл ногдох орлого нуусан, эсхүл худал мэдээлсэн, эсхүл эрх бүхий байгууллагаас эцэслэн тогтоосон төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэл, алданги, торгуулийг төлөхөөс зайлсхийсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заажээ.

Дээрх хуулийн зохицуулалтуудад нэхэмжлэгч “П д т” ХХК-ийн “2016, 2017, 2018 онуудад БНХАУ-аас авч ажиллуулсан 4404 ажилтанд олгосон нийт 13,368,096,000 төгрөгийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос төлвөл зохих 3,143,234,880 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийг хугацаанд нь тооцож, санд төлөөгүй” зөрчлийг нийцүүлэн үзвэл Нийгмийн даатгалын тухай хуулийг илүү нарийвчилсан зохицуулалттай гэж үзэхээр байна.

Тодруулбал, Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2-т “Нийгмийн даатгалд дор дурьдсан ажилтан албан журмаар даатгуулна: 2/ Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын аж ахуйн нэгж, байгуулага, Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол гадаадын зээл, тусламжаар хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрийн нэгж, гадаад орны дипломат төлөөлөгчийн газар, олон улсын байгууллагад ажиллаж байгаа Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн”, 16 дугаар зүйлийн 1-д “Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан даатгуулагчийн болон ажил олгогчийн тухайн сард төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын төрөл бүрээр энэ хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувь хэмжээгээр сар бүр тооцож, тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлнэ”, 17 дугаар зүйлийн 1-д “Ажил олгогч болон энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан даатгуулагч нь шимтгэл төлөх талаар дор дурдсан үүрэг хүлээнэ:        1/хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон түүнд оногдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх” гэж заасан тул Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын аж ахуйн нэгж байгууллага нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй, энэ үүргээ зөрчсөн тохиолдолд Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1-д заасан хариуцлага хүлээлгэхээр тухайлсан хуульд өөрт нь заасан байжээ.

Түүнчлэн, Нийгмийн даатгалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 1-д “...Нийгмийн даатгалын байцаагчийн дүрмийг Засгийн газар батална”, 2-т “Нийгмийн даатгалын байцаагч дараахь эрх эдэлнэ: 4/тогтоосон хугацаанд төлөөгүй шимтгэл болон нөхөн ногдуулсан шимтгэл, алданги, хүү, торгуулийг шимтгэл төлөгчөөс үл маргах журмаар гаргуулах”, 5/ ажил олгогч болон даатгуулагчид холбогдох хуульд заасан хариуцлага хүлээлгэх” гэж, Монгол улсын Засгийн газрын 2014 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 354 тоот тогтоолоор баталсан “Нийгмийн даатгалын байцаагчийн дүрэм”-ийн Гурав дахь хэсгийн 3.2-т Нийгмийн даатгалын байцаагч нь улсын байцаагчийн акт үйлдэхээр заасан байх тул хариуцагч улсын ахлах байцаагч нар Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д зааснаар “П д т” ХХК-нд 3,143,234,880 төгрөгийн шимтгэл, хугацаа хэтрүүлсэн хоногт ногдох 1,571,617,440 төгрөгийн алдангийг улсын байцаагчийн актаар ногдуулсан нь хуульд нийцсэн гэж үзнэ.

Иймд  нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын “Зөрчлийн тухай хууль батлагдсанаар улсын байцаагч нарын салбарын хуулиар шууд төлбөр, торгууль тавьдаг явдлыг хязгаарлаж, прокурорын хяналтан дор “Шийтгэлийн хуудас”-аар хариуцлага тооцдог болсон атал Нийгмийн даатгалын улсын байцаагч нар салбарын хуулиар буюу “улсын байцаагчийн акт”-аар төлбөр, алданги ногдуулдаг явдал хэвээрээ байна, Нийгмийн даатгалын хуульд улсын байцаагч акт үйлдэн төлбөр, алданги ногдуулах зохицуулалт байхгүй” гэх гомдлыг хангах үндэслэлгүй.

Харин Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Шийтгэлийн хуудас үйлдэж хариуцлага ногдуулсан нь хуульд нийцсэн эсэхийг тухайн зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэхэд дүгнэлт өгөх тул тус шүүх дүгнэлт өгөх боломжгүйг дурьдах нь зүйтэй.

2. Нэхэмжлэлийн шаардлагын нэг үндэслэл болох “Монгол Улсын Засгийн газартай байгуулсан Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөгддөг” гэх үйл баримтын тухайд: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 354 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 543 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 375 дугаар тогтоолоор тодорхой дүгнэж шийдвэрлэсэн байх бөгөөд шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасан бөгөөд “П д т” ХХК-ийн  2013-2014 онуудад БНХАУ-ын ажилчдад олгосон хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй зөрчилд акт тогтоосонтой холбоотойгоор маргасан маргааныг шийдвэрлэж, “Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөгддөг” гэх үндэслэлд дүгнэлт өгсөн байгаа нь мөн тус компанийн нэхэмжлэлтэй, 2016-2018 онуудад БНХАУ-ын ажилчдад олгосон хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй зөрчилд акт тогтоосон маргааныг шийдвэрлэхэд холбогдолтой байх тул хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт гэж үзнэ.

Хэдийгээр Улсын дээд шүүхийн 2017 оны  375 дугаар тогтоол нь маргаан бүхий 2019 оны 32/30 дугаар акт хууль бус эсэхийг шийдвэрлэх хэргийн нотлох баримт болохгүй, иймдээ ч  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 605 дугаар тогтоолоор энэ хэргийн нотлох баримтаас хасуулах нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн байх ба нэг нэхэмжлэгчээс гаргасан, үргэлжилсэн шинжтэй нэхэмжлэлийн шаардлагын адил үндэслэлд, адил үйл баримтад дүгнэлт хийсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байхад энэ хэргийн нэхэмжлэлийн шаардлагын ижил үндэслэлийн талаар дахин нотлохгүй.

Шүүхийн шийдвэрүүд хэрэгт нотлох баримтаар авагдах шаардлагагүй, нийтэд илэрхий бөгөөд маргаан бүхий энэ тохиолдолд шүүхийн шийдвэрийг жишгийн эрх зүйн зарчмаар хэрэглээгүйг дурьдах нь зүйтэй.

Иймд “Монгол Улсын Засгийн газраас БНХАУ-ын Засгийн газартай нийгмийн даатгалын шимтгэлийн асуудлаар харилцан тохиролцож байгуулсан олон улсын гэрээ байхгүй, Бүтээгдэхүүн хуваах гэрээг Засгийн газрын тогтоолоор баталсан гэх үндэслэлээр маргаан бүхий харилцаанд хэрэглэж шийдвэрлэх боломжгүй, энэ гэрээ нь дотоодын хууль тогтоомжоос дээгүүр хэрэглэгдэхгүй” гэж үзэх бөгөөд Нийгмийн даатгалын тухай хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж нэхэмжлэгч хуулийн этгээдийг буруутгасан захиргааны акт Захиргааны ерөнхий хуульд заасан “үр нөлөөтэй байх”, “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчмуудыг зөрчөөгүй байна.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын  “Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар захиргааны үйл ажиллагаа “үр нөлөөтэй байх”, “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэж заасныг хариуцагч нар зөрчсөн, Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу гадаад ажилчдын нийгмийн даатгалын шимтгэлийг төлөхгүй байх эрх эдэлж, үүрэг хүлээж өнөөдрийг хүртэл гэрээний эрх, үүргээ хэрэгжүүлж, ажиллаж ирсэн, энэ гэрээний дагуу нийгмийн даатгалын шимтгэл төлөхгүй” гэх агуулгатай холбоотойгоор гаргасан давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

3. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл хариуцагч улсын байцаагч нар хяналт шалгалтын үйл ажиллагаатай холбоотой баримтуудыг нэхэмжлэгч “П д т” ХХК-иас удаа дараа шаардсан ч шаардлагатай нотлох баримтуудыг гаргаж ирүүлээгүй нь тогтоогдож байх ба энэ тохиолдолд холбогдох баримтуудыг төрийн эрх бүхий байгууллагуудаас гаргуулан авч шалгалт хийн, маргаан бүхий захиргааны актыг гаргасан нь хууль зөрчөөгүй талаар анхан шатны шүүх үндэслэлтэй зөв дүгнэлт хийжээ.  

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” гэж заасныг хариуцагч нар зөрчсөн” гэх гомдлыг хүлээж авахгүй.

Дээр дурдсаныг нэгтгэн дүгнээд давж заалдах гомдлыг бүхэлд нь хангахгүй орхиж шийдвэрлэсэн бөгөөд харин анхан шатны шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсэгт баримталсан хуулийн заалт алдаатай байх тул зөвтгөсөн өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 98 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг: “Нийгмийн даатгалын тухай хуулийн 2 дугаар зүйлийн” гэснийг “Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн” гэж, “хэсгийг” гэснийг хасч өөрчлөлт оруулан, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                               Д.Батбаатар

                     ШҮҮГЧ                                                       С.Мөнхжаргал

                     ШҮҮГЧ                                                      О.Номуулин