Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Чулууны Тунгалаг |
Хэргийн индекс | 128/2015/0508/З/ |
Дугаар | 227 |
Огноо | 2016-06-27 |
Маргааны төрөл | Тусгай зөвшөөрөл, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2016 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 227
“Эвэрласт” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Х.Батсүрэн, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Анхбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Батбаяр, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Мөнхбат нарыг оролцуулан, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 132 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 282 дугаар магадлалтай, “Эвэрласт” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмалын газрын Сонгон шалгаруулах комисст холбогдох захиргааны хэргийг гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Ч.Тунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч “Эвэрласт” ХХК-ийг төлөөлж тус компанийн захирал С.Сэржээхүү шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ашигт малтмалын газрын албан ёсны веб хуудас болох www.mram.gov.mn сайттай танилцаж, 2015 оны З дугаар сарын 19-ний өдрийн “Сонгон шалгаруулалтаар хайгуулын тусгай зөвшөөрлийг олгож эхэллээ” гэсэн мэдээлэлд дурдагдсан орон нутгийн Засаг дарга нараас дэмжсэн санал ирүүлсэн нэр бүхий 8 талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт зарлагдсан.
Манай компанийн зүгээс Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт 4811,56 га бүхий “Энгэр” толгод нэртэй талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмших үүднээс сонгон шалгаруулалтад оролцохоор төлөвлөж, үйлчилгээний хөлс 250.000 төгрөг төлж, Уул уурхайн сайдын 2015 оны 10 тоот тушаал дээрх баримт бичиг, Ашигт малтмалын тухай хуулийн хүрээнд сонгон шалгаруулалтын материалын иж бүрдлийг ханган, тогтоосон хугацаанд журамд зааснаар санал, материалаа Ашигт малтмалын газарт хүлээлгэн өгсөн болно. Гэтэл манай компанийн материалыг иж бүрдэл хангагдсан болохыг тогтоон хүлээн авснаас хойш 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 6/3527 тоот мэдэгдлийг өгсөн.
Уг мэдэгдэлд манай компанийн ирүүлсэн сонгон шалгаруулалтын “санал” нь Ашигт малтмалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн а/26 тоот тушаалаар батлагдсан Хайгуулын тусгай зөвшөөрөл сонгон шалгаруулалтаар олгох үнэлгээний бичиг баримтын 3.1.б-д “оролцогч аж ахуй нэгжийн санал түүнд хавсарган ирүүлсэн баримт бичиг, мэдээ мэдээлэл нь зөрүүтэй, илт худал эсвэл хуурамч баримт бичиг хавсаргасан” гэсэн үндэслэлээр комиссын нийт гишүүдийн 66.6 хувийн саналаар танай компанийн саналыг үнэлэхээс татгалзаж шийдвэрлэснийг мэдэгдье гэжээ. Бидний зүгээс энэхүү мэдэгдлийг дараах үндэслэлүүдээр илт хууль бус гэж үзэж байна.
Уул уурхайн сайдын 2015 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 10 тоот тушаалаар батлагдсан “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ын дагуу нөхцөл, шаардлагыг нь ханган сонгон шалгаруулалтад оролцсон. Тус журмын сонгон шалгаруулалтад оролцогчдын эрх, үүрэг, бүлгийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Сонгон шалгаруулалтын журамтай танилцах”, 9.4-т “Сонгон шалгаруулалтын комиссын дүгнэлттэй танилцах” гэх ажиллагааг Ашигт малтмалын газраас зохих ёсоор хэрэгжүүлэхгүй байна. Бидний зүгээс Ашигт малтмалын газрын албан ёсны веб хуудастай байнга танилцаж байдаг бөгөөд тус газрын даргын 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн а/26 тоот тушаалаар батлагдсан “Хайгуулын тусгай зөвшөөрөл сонгон шалгаруулалтаар олгох үнэлгээний бичиг баримт” гэх ямар ч журам, эрх зүйн баримт бичигтэй танилцуулаагүй атлаа энэ бичиг баримтын холбогдох хэсгээр манай саналыг татгалзсан нь үндэслэлгүй байна.
Манай компанийн саналыг буцаах, үнэлэх, дүгнэх, холбогдох шийдвэр гаргах нь Уул уурхайн сайдын 2015 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 10 тоот тушаалаар батлагдсан “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ын дагуу явагдах ёстой ажиллагаа гэж үзэж байна. Комиссын гишүүдийн 66.6 хувийн саналаар манай компанийн саналыг үнэлэхээс татгалзсан байна гэдэгт Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журмын 6 дугаар зүйлд Сонгон шалгаруулалтын комиссын үүргийг тодорхойлсон байх ба 6 дугаар зүйлийн 6.5, 6.5.1-6.5.6-д заасан үүргүүдийг гүйцэтгүүлэхээр тогтоосон. Гэтэл журамд зааснаас илүү эрх эдлэн, хууль бус үндэслэлээр манай саналыг үнэлэхээс татгалзан шийдвэрлэсэн байна.
Ашигт малтмалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн а/26 тоот тушаалаар батлагдсан Хайгуулын тусгай зөвшөөрөл сонгон шалгаруулалтаар олгох үнэлгээний баримт бичгийн 3.1.б-д заасан “оролцогч аж ахуй нэгжийн санал түүнд хавсарган ирүүлсэн баримт бичиг, мэдээ мэдээлэл нь зөрүүтэй, илт худал эсвэл хуурамч баримт бичиг хавсаргасан” гэх заалттай манайд ирүүлсэн мэдэгдлийн хүрээнд танилцахад, манай компанийн санал нь хавсарган ирүүлсэн баримт бичиг, мэдээ мэдээлэлтэйгээ ямар ч зөрүүгүй, илт худал эсвэл хуурамч баримт бичиг хавсаргаагүй болно.
Комиссоос манай компанийн саналыг ямар хууль тогтоомжийн үндэслэл шалгуураар, ямар баримт бичиг, мэдээ мэдээллийг илт худал эсвэл хуурамч болох мөн зөрүүтэй болохыг тогтоосон нь ойлгомжгүй байна. Хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар олгох үнэлгээний баримт бичгийн тавдугаар бүлгийн 5.5-д “Сонгон шалгаруулалтын саналыг илүү нарийн үнэлэх үүднээс сонгон шалгаруулалтын комисс тухайн саналд байгаа аливаа мэдээллийг тодруулахыг оролцогчоос хүсч болно” гэж заасныг хэрэгжүүлэлгүй 16 хоногийн дараа хууль, журам зөрчин шийдвэрлэсэнд гомдолтой байна. Үүнтэй холбоотойгоор шаардлагатай мэдээллийг тодруулах үүргээ хэрэгжүүлэх сонирхол байгаагүй гэсэн хардлага ч төрөхөөр байна.
Түүнчлэн Сонгон шалгаруулалтын комисс нь Уул уурхайн сайдын 2015 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 10 тоот тушаалаар батлагдсан Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журмын 1.3-т “Сонгон шалгаруулалтыг шударга, ил тод, олон нийтийн хяналтын дор явуулах нөхцөлийг бүрдүүлнэ” гэж заасныг зөрчсөн гэж үзэж байна. Сонгон шалгаруулалт нь анхнаасаа нээлттэй байх зарчмыг зөрчин тухайн талбайд оролцогч компаниудын санал болгосон үнийн саналыг тендерийн нээлтийн үеэр зарлаагүй, сонгон шалгаруулалтын явцын мэдээлэл байхгүй хаалттай, оролцогч компаниудаас нэмэлт тодруулга мэдээлэл авалгүй өөрсдийн үзэмжээр шийдвэрлэсэн, сонгон шалгаруулалтын дүн гарсан тухай мэдээллийг эргэн мэдээллээгүй, харин ч бид өөрсдөө хөөцөлдөн мэдээллийг олж авсан. Дүнгийн мэдээллийг авахад манай оролцсон талбайгаас өөр талбайн дүгнэлт гаргасан байсан. Мөн Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журмын 8.4-т заасан хугацаанд үнэлээгүй, албан ёсны хариуг 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдөр ирүүлсэн зэрэг зөрчлүүд илрээд байна.
Иймд Ашигт малтмалын газрын Сонгон шалгаруулалтын комиссоос 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт 4811,56 га бүхий “Энгэр” толгод нэртэй талбайд явуулсан сонгон шалгаруулалтыг хүчингүй болгож, Сонгон шалгаруулалтын комиссын даргын 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 6/3527 мэдэгдлийг илт хууль бусад тооцсоноор манай компанийн 2015 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр гаргасан хайгуулын тусгай зөвшөөрөл авах Сонгон шалгаруулалтын саналыг үнэлүүлэхээр Сонгон шалгаруулалтын комисст даалгаж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Батбаяр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.12, 20 дугаар зүйлийн 20.1, 24 дүгээр зүйлийн 24.2, 26 дугаар зүйлийн 26.9, 49 дүгээр зүйлийн 49.7, 60 дугаар зүйлийн 60.9 дэх заалт, Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 239 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутаг “Энгэр” толгод нэртэй газарт 2015 оны 3 дугаар сарын 19-ний өдөр хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтыг зарласан.
Сонгон шалгаруулалтыг Ашигт малтмалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2015 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн а/29 дүгээр тушаалаар байгуулагдсан Сонгон шалгаруулах комисс зохион байгуулсан бөгөөд сонгон шалгаруулалтад оролцохыг аж ахуй нэгжүүдэд сонгон шалгаруулалтын үнэлгээний бичиг баримт болон сонгон шалгаруулалт зарласан талбайн талаарх товч мэдээллийг комиссын нарийн бичгийн дарга 2015 оны 3 дугаар сарын 19-ний өдрөөс сонгон шалгаруулалтыг нээх хүртэлх хугацаанд өгч ажилласан.
Уг сонгон шалгаруулалтын зарын дагуу 4 аж ахуй нэгжээс сонгон шалгаруулалтад оролцох саналаа ирүүлсэн бөгөөд саналыг 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 09:00 цагт санал ирүүлсэн аж ахуйн нэгжүүдийн төлөөллийг оролцуулан нээсэн болно. Ашигт малтмалын газрын Сонгон шалгаруулах комиссоос “Эвэрласт” ХХК-ийн ирүүлсэн санал, бичиг баримтыг үнэлэхэд дараах байдлууд тогтоогдсон байна.
1. “Эвэрласт” ХХК-ийн үүсгэн байгуулагч нь С.Сэржээхүү бөгөөд аж ахуйн нэгжийн гэрчилгээн дээр С.Сэржээхүү бүртгэлтэй байсан. С.Сэржээхүү нь итгэмжлэлээ Н.Батбаатарт өгсөн бөгөөд үнэлгээний бичиг баримтыг Н.Батбаатар хүлээлгэн өгсөн.
2.Үнэлгээний бичиг баримтуудын хамгийн чухал баримт болох хуулийн этгээдийн тодорхойлолт дээр “Эвэрласт” ХХК-ийг төлөөлж Х.Гантулга гэсэн хүн гарын үсэг зурсан байсан. Өөрөөр хэлбэл төлөөлөх эрхгүй этгээд гарын үсэг зурсан.
З. Геологи хайгуулын ажлыг ямар аж ахуйн нэгжээр хийлгэх талаар гэрээ хавсаргаагүй байсан. Мөн “Стийл айрон” ХХК-ийн танилцуулга, тоног төхөөрөмжийн талаарх мэдээлэл хавсаргаж ирүүлсэн байх боловч уг компанитай хамтран ажиллах ямар нэгэн гэрээ байхгүй, уг компани “Эвэрласт” ХХК-тай ямар нэгэн хамааралгүй байсан. Тиймээс Сонгон шалгаруулах комисс сонгон шалгаруулалтын үнэлгээний бичиг баримт буюу Ашигт малтмалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн а/26 тоот тушаалаар батлагдсан Хайгуулын тусгай зөвшөөрөл сонгон шалгаруулалтаар олгох үнэлгээний бичиг баримтын 3.1-д заасны дагуу “Эвэрласт” ХХК-ийн сонгон шалгаруулалтын саналыг үнэлэхээс татгалзаж шийдвэрлэсэн.
Хайгуулын тусгай зөвшөөрөл сонгон шалгаруулалтаар олгох үнэлгээний бичиг баримтын 3.1-д “оролцогчийн санал дараах шаардлагыг хангаагүй бол саналыг үнэлэхгүй байх үндэслэл болно” гэж заасан бөгөөд 3.1.б-д “оролцогч аж ахуйн нэгжийн санал, түүнд хавсарган ирүүлсэн баримт бичиг, мэдээ, мэдээлэл нь зөрүүтэй, илт худал эсвэл хуурамч баримт бичгийг хавсаргасан” гэж заасан байна. Иймд “Эвэрласт” ХХК-ийн сонгон шалгаруулалтад оролцохоор ирүүлсэн саналыг үнэлэхээс татгалзаж шийдвэрлэсэн Ашигт малтмалын газрын Сонгон шалгаруулах комиссын даргын 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 6/3527 дугаартай албан бичгээр хүргүүлсэн мэдэгдэл нь хууль ёсны дагуу мэдэгдэл болно.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдагдсан “Ашигт малтмалын газрын даргын 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн а/26 тоот тушаалаар батлагдсан “Хайгуулын тусгай зөвшөөрөл сонгон шалгаруулалтаар олгох үнэлгээний бичиг баримт” гэх ямар ч журам, эрх зүйн баримт бичигтэй танилцуулаагүй атлаа энэ бичиг баримтын холбогдох хэсгээр манай саналыг татгалзсан нь үндэслэлгүй байна” гэсэн нь илт үндэслэлгүй байна. Учир нь тус компани сонгон шалгаруулалтад оролцохоор Ашигт малтмалын газарт хандаж, үйлчилгээний хураамж 250.000 төгрөг төлж Хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар олгох үнэлгээний бичиг баримтыг сонгон шалгаруулах комиссын нарийн бичгийн даргаас хүлээн авсан байна.
Энэ талаар Ашигт малтмалын газраас зарласан сонгон шалгаруулалтын “Саналын урилга”-ын 2-т тодорхой заасан байна. Түүнчлэн уг сонгон шалгаруулалттай холбоотойгоор Ашигт малтмалын газарт хандсан “Эвэрласт” ХХК-ийн 2015 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 1/67 албан тоотод “...Ашигт малтмалын газрын 207 тоот өрөөнөөс үйлчилгээний хөлс 250.000 төгрөг төлж, Хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар олгох үнэлгээний бичиг баримтыг хүлээн авсан” гэсэн нь үүнийг нотолж байна. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр “Эвэрласт” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Гуравдагч этгээд “Миллениум сторм” ХХК-ийг төлөөлж тус компанийн захирал Б.Дэлгэрсайхан шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Ашигт малтмалын газраас 2015 оны 3 дугаар сарын 19-ний өдөр тус газрын вэб хуудас болох www.marm.gov.mn цахим хуудсанд нэр бүхий 8 талбайд хайгуулын Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт зарлагдсан. Манай компани Дорноговь аймгийн Алтанширээ, Дэлгэрэх сумын нутаг дэвсгэрт “Энгэр” толгод нэртэй газарт орших 4811,56 гектар талбайд зарлагдсан сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтээ илэрхийлж Ашигт малтмалын тухай хууль, Уул уурхайн сайдын 2015 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 10 дугаар тушаалаар батлагдсан Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам болон Хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар олгох үнэлгээний баримт бичигт тавьсан шаардлагын дагуу оролцсон.
Өөрөөр хэлбэл дээрх хууль тогтоомжид заасан нөхцөл, журмын дагуу холбогдох материалаа бүрдүүлэн сонгон шалгаруулалтын саналаа гаргасан бөгөөд Сонгон шалгаруулалтын комисс манай компанийг шалгаруулсан талаар 2015 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 6/3317 тоот болон 6/3319 тоот албан бичгүүдээр мэдэгдсэн. Улмаар дээрх сонгон шалгаруулалтын дагуу манай компанид Ашигт малтмалын хайгуулын ХҮ-018711 дугаартай тусгай зөвшөөрлийг олгоод байна.
Манай компани хууль тогтоомжид заасны дагуу шударгаар өрсөлдөн дээрх хайгуулын тусгай зөвшөөрлийг эзэмших болсон бөгөөд тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбай дэрээ хайгуулын ажлаа эхлүүлээд байгаа билээ. Гэтэл энэхүү сонгон шалгаруулалтын үйл ажиллагаатай холбоотойгоор “Эвэрласт” ХХК-ийн зүгээс нэхэмжлэл гаргажээ. “Эвэрласт” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй байна.
Учир нь, тус компанийн нэхэмжлэлд “бидэнд 250.000 төгрөгөөр худалдсан хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар олгох үнэлгээний баримт бичиг” гэж дурдсанаас үзэхэд энэхүү “баримт бичигтэй танилцаагүй” гэх гомдол үндэслэлгүй юм. Төрийн байгууллагаас тендер, аливаа сонгон шалгаруулалтыг явуулахын тулд тухайн сонгон шалгаруулалтын нөхцөл, шаардлагыг тодорхойлсон үнэлгээний баримт бичгийг заавал батлан гаргадаг. Энэ ч үүднээс Ашигт малтмалын газрын даргын 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн а/26 дугаар тушаалаар “Хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар олгох үнэлгээний баримт бичиг”-ийг батлан гаргасан бөгөөд сонгон шалгаруулалтад оролцогч аж ахуйн нэгж бүр уг баримт бичгийг иж бүрдлийн хамт 250.000 төгрөгөөр худалдан авч энэхүү баримт бичиг заасан нөхцөл, шаардлагын дагуу материалаа бүрдүүлэн оролцсон.
Өөрөөр хэлбэл сонгон шалгаруулалтад оролцогч бүр Хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар олгох үнэлгээний баримт бичигт заасан нөхцөл, шаардлагыг биелүүлэх үүрэгтэй. Гэтэл “Эвэрласт” ХХК нь Хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар олгох үнэлгээний баримт бичигт тавьсан шаардлага өөрт нь хамааралгүй мэтээр маргаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Мөн “Эвэрласт” ХХК-ийн саналыг Сонгон шалгаруулалтын комисс яагаад үнэлэхээс татгалзаж шийдвэрлэсэн болон Хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар олгох үнэлгээний баримт бичгийн 3.1.б-д заасан үндэслэл хэрхэн бүрдсэн байсан талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа тодорхой тусгасан байна.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 132 дугаар шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.12, 20 дугаар зүйлийн 20.1.1, 26 дугаар зүйлийн 26.9 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан Ашигт малтмалын газрын Сонгон шалгаруулалтын комиссоос 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт 4811,56 га бүхий “Энгэр” толгод нэртэй талбайд явуулсан сонгон шалгаруулалтыг хүчингүй болгож, Сонгон шалгаруулалтын комиссын даргын 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 6/3527 дугаар мэдэгдлийг илт хууль бусад тооцуулж, манай компанийн 2015 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр гаргасан хайгуулын тусгай зөвшөөрөл авах сонгон шалгаруулалтын саналыг үнэлүүлэхээр Сонгон шалгаруулалтын комисст даалгах шаардлага бүхий “Эвэрласт” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан гомдлоор хэргийг 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдөр хянан хэлэлцээд 282 дугаар магадлалаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 132 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэжээ.
Гуравдагч этгээд “Миллениум сторм” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Данзанноров хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс “анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг тодруулаагүй атлаа... дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь учир дутагдалтай байна” гэж дүгнэжээ.
Нэхэмжлэгч нь, Ашигт малтмалын газрын Сонгон шалгаруулалтын комиссоос 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт 4811.56 га бүхий “Энгэр” толгод нэртэй талбайд явуулсан сонгон шалгаруулалтыг хүчингүй болгох; Сонгон шалгаруулалтын комиссын даргын 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 6/3527 мэдэгдлийг илт хууль бусад тооцох; “Эвэрласт” ХХК-ийн 2015 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр гаргасан хайгуулын тусгай зөвшөөрөл авах сонгон шалгаруулалтын саналыг үнэлэхийг Сонгон шалгаруулалтын комисст даалгах гэсэн тодорхой шаардлага гаргасан бөгөөд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагаа хэрхэн тодорхойлох нь нэхэмжлэгчийн өөрийн эрхийн асуудал юм.
Нэхэмжлэгч нь захиргааны хэргийн шүүхэд хандан Маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх, захиргааны байгууллага албан тушаалтанд ямар нэгэн үйлдэл хийхийг даалгах, захиргааны байгууллага, албан тушаалтны хууль бус үйл ажиллагааны улмаас учирсан хохирлыг гаргуулах гэсэн 4 төрлийн нэхэмжлэлийн шаардлага гаргах боломжтой.
Нэхэмжлэгчийн гаргаж буй нэхэмжлэлийн шаардлага нь дээрх нэхэмжлэлийн шаардлагын төрөлд бүрэн хамаарч байна. Ийнхүү нэхэмжлэлийн шаардлага тодорхой байтал давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг өөр ямар байдлаар тодруулах шаардлагатай байсан гэж үзэж буйгаа тодорхойлоогүй бөгөөд энэхүү үндэслэл нь ойлгомжгүй, хууль тогтоомжийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийг Сонгон шалгаруулалтын комиссын дүгнэлтийн талаар мэдэгдсэн агуулгатай Ашигт малтмалын газрын Сонгон шалгаруулалтын комиссын даргын 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 6/3527 дугаар мэдэгдэл нь захиргааны актын шинжийг агуулж буй эсэх талаар дүгнэлт өгөх шаардлагатай байсан гэжээ. Шүүх нь өөрт олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд хэргийг хянан шийдвэрлэж, уг мэдэгдлийг захиргааны акт гэж үзэн захиргааны хэрэг үүсгэн хянан шийдвэрлэсэн.
Нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах болон мэдэгдэл нь захиргааны акт мөн эсэх талаар хэргийн оролцогчид маргаагүй бөгөөд үүнийг тодруулах шаардлага байхгүй атал давж заалдах шатны шүүхээс ийнхүү дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Тусгай зөвшөөрөл олгох Сонгон шалгаруулалтын журмын 5.6-д “оролцогч аж ахуй нэгж, байгууллагын захирал, дарга эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгч сонгон шалгаруулалтын урилгад заасан хугацаанд, дурдсан хаягаар, хуудас тус бүрийг дугаарлан лацдаж, битүүмжилсэн сонгон шалгаруулалтын саналыг Төрийн захиргааны байгууллагын кадастрын нэгжийн өргөдөл хүлээн авах ажлыг хариуцсан ажилтанд биечлэн хүлээлгэн өгнө”, 5.8-д “Сонгон шалгаруулалтын санал нь энэхүү журмын 5.4-д заасан шаардлагыг хангаагүй тохиолдолд кадастрын нэгжийн өргөдөл хүлээн авах ажил хариуцсан ажилтан тэмдэглэл үйлдэн хүлээн авахаас татгалзсан үндэслэл, буцаасан он, сар, өдөр, цаг, минутыг тэмдэглэсэн тодорхойлолтыг саналын хамт сонгон шалгаруулалтын санал авч ирсэн этгээдэд буцаан өгнө” гэж тус тус заасан.
Журмын 5.4-д заасан шаардлага нь “Сонгон шалгаруулалтын санал нь төрийн захиргааны байгууллагаас баталсан маягтын дагуу бүрдүүлсэн эх ба хуулбар хувиас бүрдэнэ” гэж заасан. Эдгээрээс үзвэл кадастрын нэгжийн өргөдөл хүлээн авах ажил хариуцсан ажилтан нь зөвхөн сонгон шалгаруулалтын санал нь маягтын дагуу байгаа эсэх, эх болон хуулбар гэсэн 2 хувь байгааг, шаардлагыг хангаж байгаа зэргийг шалгах эрхтэй бөгөөд уг саналын материалд зурагдсан гарын үсэг хэнийх болох, тус компанийн гүйцэтгэх захирал мөн эсэх талаар нягтлан шалгах эрх хэмжээ олгогдоогүй.
Өөрөөр хэлбэл сонгон шалгаруулалтын санал нь ямар нэгэн бүрдэл дутуу болон эх, хуулбар хувь 2 байхгүй байгаа тохиолдолд сонгон шалгаруулалтын саналыг буцаах эрхтэй байна. Ийнхүү журамд энэ талаар тодорхой дурдаж өгсөн байтал үүнийг хэт гуйвуулан анхан шатны шүүх энэ байдлыг харгалзан үзээгүй, анхаараагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Сонгон шалгаруулалтын саналыг нээх үйл ажиллагаа нь тусгай журмаар зохицуулагдах бөгөөд үүнийг зөвхөн Ашигт малтмалын газрын даргын тушаалаар томилогдсон Сонгон шалгаруулалтын комисс нь нээж, үнэлгээ өгөх ёстой байна.
“Эвэрласт” ХХК-аас Сонгон шалгаруулалтын комисст ирүүлсэн баримт бичигт тус компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон дүрмээр компанийн ерөнхий захирал бөгөөд үүсгэн байгуулагч нь С.Сэржээхүү байдаг бөгөөд С.Сэржээхүү нь сонгон шалгаруулалтад тус компанийг төлөөлж ерөнхий менежер ажилтай Н.Батбаатарыг оролцуулахаар итгэмжлэл олгосон.
Гэтэл сонгон шалгаруулалтын гол баримт бичиг болох “Ердийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруулалтын санал”, “Хуулийн этгээдийн тодорхойлолт” зэрэгт тус компанид ямар ажил, үүрэг гүйцэтгэдэг болох нь тодорхойгүй Х.Гантулга гэх этгээд гарын үсэг зурсан байдаг. Х.Гантулга нь гүйцэтгэх захирал гэсэн байх боловч тус компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон компанийн дүрэмд Х.Гантулгыг гүйцэтгэх захирлаар улсын бүртгэлд бүртгэгдсэн талаар баримт байхгүй байгаатай холбоотой баримтыг сонгон шалгаруулалтын комисс саналыг нээж үзсэнээр шалган тогтоох боломжтой юм. Өөрөөр хэлбэл Тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруулалтын журмын 5.8-д зааснаар өргөдөл хүлээн авах ажилтан саналыг буцаах хууль зүйн үндэслэлгүй юм.
Уул уурхайн сайдын тушаалаар батлагдсан “Тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруулалтын журам” болон Ашигт малтмалын газрын даргын тушаалаар батлагдсан “Хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар олгох үнэлгээний баримт бичиг”-т тус тус сонгон шалгаруулалтын саналд хайгуулын болон ашиглалтын үйл ажиллагаа явуулах техник, тоног төхөөрөмжийн жагсаалтыг хавсарган ирүүлэх ёстой байна.
Хэрэгт “Ай Си Эс Жи Геологи майнинг” ХХК болон “Эвэрласт” ХХК-ийн хооронд 2015 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн Геологи судалгаа, эрэл хайгуулын зөвлөгөө, үйлчилгээ үзүүлэх хамтын ажиллагааны гэрээ авагдсан байдаг. “Эвэрласт” ХХК нь сонгон шалгаруулалтын саналд ямар нэгэн гэрээтэй эсэх нь тодорхойгүй “Стийл Айрон” ХХК-ийн тоног төхөөрөмжийн талаарх мэдээллийг хавсаргасан байдаг.
Ийнхүү нэхэмжлэгч компани болон “Стийл Айрон” ХХК нь хоорондоо ямар хамааралтай болох нь тодорхойгүй байтал өөр компанийн техник, тоног төхөөрөмжийн талаар мэдээллийг хавсаргасан нь журмыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй юм. Шүүхээс Ашигт малтмалын газарт хийгдсэн үзлэгээр дээр дурдсан Геологи судалгаа, эрэл хайгуулын зөвлөгөө, үйлчилгээ үзүүлэх хамтын ажиллагааны гэрээ сонгон шалгаруулалтын саналд хавсаргагдсан нь тогтоогдсон бөгөөд “Стийл Айрон” ХХК-тай байгуулагдсан гэрээ болон өөр бусад баримт байхгүй байсан болно.
Иймд энэхүү нөхцөл байдлыг тодруулахаар дахин нотлох баримт цуглуулах шаардлагагүй юм. Иймд гуравдагч этгээдийн хяналтын журмаар гаргаж буй гомдлыг ханган, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
Хянавал:
Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын агуулгыг нэхэмжлэлийн үндэслэлтэй хэрхэн уялдаж байгааг анхаараагүй, шаардлага нь ойлгомжгүй байхад хэргийг шийдвэрлэснээс гадна хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргээ бүрэн гүйцэтгээгүй тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч “Эвэрласт” ХХК нь “Ашигт малтмалын газрын Сонгон шалгаруулалтын комиссоос 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт 4811.56 га бүхий “Энгэр толгод” нэртэй талбайд явуулсан сонгон шалгаруулалтыг хүчингүй болгож, Сонгон шалгаруулалтын комиссын даргын 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 6/3527 мэдэгдлийг илт хууль бусад тооцсоноор манай компанийн 2015 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр гаргасан хайгуулын тусгай зөвшөөрөл авах сонгон шалгаруулалтын саналыг үнэлүүлэхээр Сонгон шалгаруулалтын комисст даалгаж өгнө үү” гэсэн нэхэмжлэл гаргасан байна.
Дээрх шаардлага бүхий нэхэмжлэлийн үндэслэлээ “...сонгон шалгаруулалтыг Уул уурхайн сайдын 2015 оны 10 дугаар тушаалаар батлагдсан “тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ын дагуу явуулах ёстой учир сонгон шалгаруулалтын комисс нь ирүүлсэн саналыг үнэлэхээс татгалзах эрхгүй” гэж, мөн бидэнд 250000 төгрөгөөр худалдсан Ашигт малтмалын газрын түр орлон гүйцэтгэгчийн 2015 оны а/26 дугаар тушаалаар батлагдсан “хайгуулын тусгай зөвшөөрөл сонгон шалгаруулалтаар олгох үнэлгээний бичиг баримт”-ын 5.5-д заасан “...саналыг илүү нарийн үнэлэх үүднээс тухайн саналд байгаа аливаа мэдээллийг тодруулах гэснийг комисс хэрэгжүүлээгүй...” гэх зэргээр агуулгын зөрчилтэй тодорхойлж, сонгон шалгаруулалтын комиссын ямар актыг хууль бус гэж үзэж маргасан, хууль бус актын улмаас эрх, ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн, ямар шаардлага гаргаж байгаа нь ойлгомжгүй болжээ.
Нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлж, тухайн үндэслэлд тулгуурлан шүүхээс ямар шийдвэр гаргуулахыг хүсч байгаагаа ойлгомжтой, тодорхой байдлаар илэрхийлэх ёстой.
Анхан шатны шүүх үндэслэл нь тодорхой бус, шаардлага нь ойлгомжгүй нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ Сонгон шалгаруулалтын комисс энэ удаагийн сонгон шалгаруулалтыг Уул уурхайн сайдын 2015 оны 10 дугаар тушаалаар батлагдсан журам болон Ашигт малтмалын газрын даргын түр орлон гүйцэтгэгчийн 2015 оны а/26 дугаар тушаалаар батлагдсан журмыг баримталж явуулсан байна гэж дүгнэж, шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй байна.
Үүний зэрэгцээ Ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2-т “энэ хуулийн 19.12, 20.1, 24.2, 26.9-д заасан сонгон шалгаруулах журмыг Засгийн газрын эрх олгосноор батлах” гэж ашигт малтмалын асуудлаар геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрхийг зааснаас үзвэл, 2015 оны 3 дугаар сарын 19-ний өдөр зарлагдсан нэр бүхий 8 талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтыг Ашигт малтмалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн а/26 дугаар тушаалаар батлагдсан “хайгуулын тусгай зөвшөөрөл сонгон шалгаруулалтаар олгох үнэлгээний бичиг баримт”-ын дагуу үнэлсэн нь эрх зүйн үндэслэлтэй эсэхэд дүгнэлт хийж, маргааныг шийдвэрлэх шаардлагатай байжээ.
Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг тодруулж, нотлох баримт бүрэн бүрдүүлж хэргийг шийдвэрлэх шаардлагатай гэж үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь өөрийн бүрэн эрхийн хүрээнд гаргасан, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.4, 88.3-т заасантай нийцсэн байна.
Иймд, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан “нэхэмжлэлийн шаардлагаа хэрхэн тодорхойлох нь нэхэмжлэгчийн өөрийн эрхийн асуудал, шаардлага нь тодорхой, энэ талаар хэргийн оролцогчид маргаагүй байхад тодруулах шаардлагатай гэж үзсэн нь буруу” гэх хяналтын гомдлыг хангах үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 282 дугаар магадлалыг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан гуравдагч этгээдээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Ч.ТУНГАЛАГ