Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 0046

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга Г.Энхтуул,

улсын яллагч А.Марал,

шүүгдэгч, хохирогч О.А, Б.Б,

шүүгдэгч Б.Ө нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Б.Б, Б.Өт нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

О.Аод холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ___ дугаартай, 1 хавтас хэргийг 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, __угаарын регистртэй, Б.Б.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, __ дугаарын регистртэй, Б.Ө.  

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, __ дугаарын регистртэй, О.А. 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Б.Б Б.Ө нар нь бүлэглэж 2019 оны 11 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 1 дүгээр хороо Алтай хотхонд байрлах “Голден” караокений гадна иргэн О.Аыг зодож тархи доргилт, хамар ясны хугарал, дээд уруулд шарх, баруун нүдний дотор булан, доод зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүү, цээжинд цус хуралт, зулгаралт бүхий гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан”,

Шүүгдэгч О.А нь 2019 оны 11 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 1 дүгээр хороо Алтай хотхонд байрлах “Голден” караокений гадна иргэн Б.Быг зодож зүүн нүдний алиманд цус хуралт, хүзүү, баруун сарвуунд зулгаралт бүхий гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан” гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ө мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.А мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Б мэдүүлэхдээ:

“...Аыг би түрүүлж цохисон намайг ч цохисон одоо гомдол санал байхгүй...” гэв. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч О.А мэдүүлэхдээ:

“...2019 оны 11 дүгээр сарын 8-9-ний шилжих шөнө 4-5 уулаа байсан. Гал асуухаар нь байхгүй гэсэн тэгсэн урдаас шууд цохиод авсан. Одоо гомдол санал байхгүй...” гэв. 

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Б.Өын өгсөн:

“...2019 оны 11 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнө би найз Б, Ч, Т, Н нарын хамт Баянгол дүүргийн 1 дүгээр хороо Алтай хотхоны голден караокед 23 цаг өнгөрөөгөөд орсон. Тэгээд караокед нэг цаг аваад дуулж сууцгаасан. Тэгэж байгаад бүгдээрээ тамхилах гээд караокены гадаа гарсан чинь үүдэн дээр баахан хүмүүс зогсож байсан ба би Бын эхнэр Н-аас гал асуусан чинь цаана зогсож байсан, хохирогч А чи надаас гал асуудаг хэн бэ гээд өөдөөс ирсэн. Тэр үед Т чамтай яриагүй байна гэсэн чинь А пизда гэх мэтээр хараагаад байсан чинь Б Аын нүүрлүү нь түрүүлээд гараараа нэг удаа цохисон. Тэгээд хоорондоо зодолдсон. Тэр үед бид нар голоор нь ороод салгаад байж байсан ба би салгахдаа Аын нүүр лүү нь 2-3 удаа гараараа цохисон. Тэгсэн чинь Аын хамарнаас цус гарсан байсан. Тэгсэн чинь нэг машинтай ах хүрч ирснээ ...та нар хүн зодохоо боль гээд хүрээд ирсэн. Тэр үед Б тэр хүнтэй юм яриад байсан. Тэгсэн чинь цагдаа дуудлаа гэхээр нь бид нар цаашаагаа яваад өгсөн. Тэр үед Б үлдсэн. О.Аын биед учирсан хөнгөн зэргийн гэмтлийг би учруулсан. Тухайн үед би Аыг нүүрлүү нь 2-3 удаа гараараа цохиж учруулсан. Маргааш нь харсан чинь Бын зүүн талын нүдний дотор талын цагаан хэсэг нь улайчихсан байсан. Тухайн үед цохиулсан гэж надад хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-н 79-80/,

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Б.Бын өгсөн:

“...2019 оны 11 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнө найз Ч, Т, Ө болон манай эхнэр Н- нарын хамт Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Голден караокед 00 цагийн орчим ород нэг цаг орчим дуулаад хэсэг байж байгаад бөөнөөрөө гарч тамхилах гээд Н-, Т, Ч, Ө нар түрүүлээд гарсан. Би араас нь бие засчихаад гарсан чинь караокены үүдэнд хохирогч А манай эхнэртэй маргалдаад зогсож байсан. Тэгэхлээр нь би ....чи яагаад байгаа юм бэ гэсэн чинь өөдөөс чи барахгүй шүү би шоронгоор явж байгаад саяхан гарч ирсэн гээд байхаар нь би нүүр лүү нь нэг цохисон чинь намайг зөрүүлээд цохисон.  Тэгэхлээр нь би нүүрлүү нь 3-4 удаа дахиад цохиод зодолдсон. Тэр үед манай найз нар салгаад хэсэг маргалдаж байсан чинь нэг машинтай ах хүрч ирээд та нар яагаад олуулаа нийлээд хүн зодоод байгаа юм.... гэхээр нь би манай эхнэрийг гичий нохойгоор дуудсан юм. Тэгээд маргалдсан юм гээд байж байсан чинь цагдаа нар ирсэн. Аын биед учирсан хөнгөн зэргийн гэмтлийг би учруулсан. Тухайн үед би Аыг нүүр лүү нь 3-4 удаа гараараа цохиж учруулсан...” гэх мэдүүлэг /хх-н 86-87/,

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч О.Аын өгсөн:

“...2019 оны 11 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнө 01 цаг өнгөрөөгөөд 02 цаг дөхөж байсан ба би дүү Б-гийн хамт Баянгол дүүргийн 1 дүгээр хороо Алтай хотхоны Голден нэртэй караокед 40 минут орчим дуулж сууж байгаад нэг пиво уучихаад цаг нь дуусаад караокены үүдэн дээр гараад ороолт малгайгаа өмсөөд байж байсан чинь өндөр хар куртиктэй залуу надаас ...гал байна уу.... гэхээр нь ... би байхгүй гэсэн чинь яахаараа чамд гал байдаггүй юм.... гэхээр нь би яагаад чиний галыг бэлдэх ёстой юм гээд маргалдсан чинь хажуу талд нь хамт явж байсан жижиг намхан залуу Б /сүүлд нэрийг нь мэдсэн/ хажуу талаас миний нүүр лүү гараараа 3-4 удаа цохисон ба би тэр үед зөрүүлээд нэг удаа нүүрлүү цохисон. Тэгсэн чинь намайг газар хавираад унагаагаад дээрээс тэнд байсан сүүлд нэрийг мэдсэн Өтай хамт нийлээд цээж толгой руу өшиглөөд дэвсээд зодсон. Тэр үед өндөр биетэй Ө нь намайг хоёр гараараа хувцасны энгэрээс зуураад хоолой шахаад байж байсан чинь нэг эмэгтэй ирээд салгасан. Тэр үед нэг машинтай хүн ирээд... яасан юу болсон юм бэ.... гэхээр нь би надад туслаарай намайг нийлээд зодоод байна гэсэн чинь Б хажуу талаас ....манай эхнэрийг доромжилохоор нь би эхнэрээ өмөөрч зодолдсон юм гээд худлаа яриад байсан. Тэгсэн чинь намайг зодсон хүмүүс цаашаагаа гүйгээд зугтаахаар нь би Быг барьж үлдсэн. Тэгсэн чинь 10-15 минут орчимын дараа Ө ирснээ энд цагдаа ирчихсэн байна хамт явъя гээд татаад байсан. Тэгэхээр нь би цагдаа ирчихсэн байх гэж бодоод цаашаагаа явсан чинь Б цаашаагаа дахиад зугтаасан. Тэгэхээр нь би араас нь дахиад хөөж гүйгээд Быг барьж авсан. Тэр үед нөгөө таксины жолооч ах араас ирээд хамт Быг бариад байж байсан чинь цагдаа нар ирсэн. Тухайн үед таксины жолооч цагдаад дуудлага өгсөн байсан. Тухайн үед намайг зодуулж байхад миний өмдний халаасанд байсан Айфоне 6 загварын гар утас газар унасан чинь өндөр залуу Ө нь халаасандаа аваад хийчихсэн байсан ба дараа нь хамт явж байх үедээ явуулахгүй гээд Б, Ө нартай зууралдаж байхад Бын халааснаас миний гар утас унахаар нь би өөрийнхөө гар утсыг авсан. Тэгээд би цагдаагийн хэлтэс дээр ирээд өргөдлөө гаргаж өгсөн. Би шинжээчийн дүгнэлттэй уншиж танилцсан Бын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байсан. Тухайн үед би Бын биед учирсан хөнгөн гэмтлийг учруулснаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-н 92-95/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч О.Аын өгсөн:

“...2019 оны 11 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнө 00 цаг өнгөрч байхад Дүү Б-гийн хамт Голден нэртэй караокед орсон. Ороод Сэнгүр нэртэй пиво 1 шилийг аваад тэрийгээ уугаад 1 цаг дуулчихаад тухайн караокенаас гарсан. Үүдэн дээр гараад гэрлүүгээ явах гээд зогсож байтал хэдэн залуучууд нэг өндөр залуу надаас гал байна уу гэхээр нь би байхгүй гэж хэлсэн. Тэгсэн чамд яахаараа гал байдаггүй юм бэ гэхээр нь би чиний галыг бэлдэх ёстой юм уу гэж хэлсэн. Тэгсэн намхан залуу эхлээд намайг нэг удаа нүүр лүү цохиж унагаасан. Унасны дараа бөөнөөрөө миний дээрээс өшиглөж байсан. Тэгээд зодуулаад байж байхад миний гар утас газар уначихсан байсан. Тэгээд би босож ирэхэд дахиж газар унагаагаад дахиад бөөнөөрөө дээрээс өшиглөсөн. Тэр үед нэг нь миний гар утсыг авчихсан зогсож байсан. Тэгээд нэг намхан залуу нь хамт байсан хүмүүсээ явуулж байсан. Тэгээд намхан залуутай нь юм яриад зогсож байхад өндөр залуу нь ирээд байшингийн булан руу заагаад тэнд цагдаа ирчихсэн байна тийшээ очъё гэж хэлсэн. Тэгэхээр нь би явахгүй гэж хэлсэн. Тэгсэн чинь намхан өндөр 2 залуу намайг харанхуй руу чирээд байсан. Тэгэж байснаа шууд нөгөө 2 залуу зугтаасан. Тэр үед таксины жолооч хойноос нь хөө гэхээр нь би хойноос нь хөөж байгаад намхан залууг нь бариад авсан. Тэр үед таксины ахын утас руу цагдаа нар залгасан. Цагдаа нар ирчихсэн байсан. Дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй. Би ерөөсөө гар хүрээгүй, тэр намхан залуу нь цагдаа нартай хамт цагдаагийн газар ирэхэд нүд нь улаан болчихсон байсан. Гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх-н 11-12/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Б.Бын өгсөн:

“...2019 оны 11-р сарын 08-наас 09-нд шилжих шөнө Голден нэртэй караокед шөнийн 12 цаг өнгөрч байхад найз Ч, Т, Ө, Н нартай хамт орсон. Бид нар өрөөнд ороод 0,75 литрийн Хар Чингис мөн хүний нэг нэг шил пиво ундаа чипистэй аваад тэрийгээ 5-лаа хувааж уусан. Тэгээд манай эхнэр Наран-Анураг тамхилах гээд гарсан. Би араас нь удаагүй гартал нэг залуу манай эхнэрийг түлхээд гичий минь гээд хараагаад байсан. Тэгэхээр нь би та одоо юу гээд эмэгтэй хүн доромжлоод байна гэтэл миний урдаас чи намайг хүчирэхгүй шүү би шорон оронгоор явж байсан гээд миний өөдөөс дайраад байсан. Тэгээд манай найз болох Т хажууд зогсож байгаад тэр залуу чи одоо болиочээ гээд түлхсэн. Тэгсэн над руу дайраад хүрээд ирэхээр нь би нэг удаа баруун гараараа нүүр лүү нь цохитол намайг зөрүүлээд зүүн нүд рүү баруун гараараа 2, 3 удаа цохисон. Тэгээд байж байтал тэрүүгээр байсан хүмүүс цагдаа дуудсан юм шиг байсан тэгээд намайг цагдаа ирээд аваад явсан.

Намайг цагдаа үлээлгээд 0,96 бүхлийн согтолттой байна гэж байсан. Тухайн үед би улаан өнгийн пүүз гар канттай цэнхэр өнгийн тамирын өмд дээгүүрээ ногоон эрээн куртиктэй байсан...” гэх мэдүүлэг /хх-н 16-18/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Ж.Нын өгсөн:

“...2019 оны 11-р сарын 08-ны орой нөхөр Б болон нөхрийн найзууд болох Ч, Ө, Т нарын хамт Алтай хотхонд байрлах Голден караокед 22 цаг өнгөрч байхад вип өрөөнд ороод 1 шил нэрийг нь сайн мэдэхгүй байна 0,75 литрийн архи мөн хүн тус бүрийн нэг нэг шил пиво авч ууж дуулж сууж байгаад би тамхи татах гээд гарсан. Гадаа гараад тамхи татах гээд зогсож байтал гадаа үл таних 3 залуу зогсож байгаад нэг нь намайг хөөе гээд өдөөд байсан. Тэр үед би тоохгүй байсан чинь намайг түлхсэн тэр үед дотроос манай нөхөр гарч ирээд нөгөө залууг чи одоо яагаад байгаа юм бэ эмэгтэй хүн зодох гээд байгаа юм уу гэж хэлэхэд нөгөө залуу шууд хувцсаа тайлаад манай нөхөр лүү дайрсан. Тэгсэн нөгөө залууг нүүр лүү нь гараараа цохисон. Тэгэхээр нь би дундуур нь орж салгасан бөгөөд тэгээд намайг манай нөхөр сандал дээр сууж бай гэхээр нь би сандал дээр сууж байхад манай нөхөр болон нөгөө залуу байхгүй болчихсон байсан. Тэгээд би цагдаагийн газарт ирээд эрүүлжүүлэх саатуулах байранд байгааг мэдээд шууд харьсан. Манай нөхөр уг хүний нүүр лүү нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-н 23-24/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Э.Тийн өгсөн:

“...2019 оны 11-р сарын 08-наас 09-нд шилжих шөнө манай найзууд болох Б, Ө, Ч нар уулзана гэж байхаар нь би 01 цаг өнгөрч байхад Алтай хотхоны дунд байрлах Голден нэртэй караокед очсон. Намайг уг караокед очиход Б эхнэртэйгээ Ө, Ч нар байсан бөгөөд дотор 30-40 минут сууж байгаад бөөнөөрөө гадагшаа гарч тамхи татахаар болоод гадаа гарсан. Гадаа Ө, Б эхнэрээс галаа өгчих гэж хэлсэн. Тэр үед үл таних залуу эргэж хараад чи надаас гал асуудаг хэн юм бэ пизда минь гэсэн. Тэгэхээр нь би чамаас асуугаагүй байна хөгшөөн гэсэн чинь наад гичий чинь надаас гал асуудаг хэн юм бэ гээд Бын эхнэрийг түлхсэн. Тэгсэн Б эхнэрээ өмөөрөөд нөгөө залууг эхлээд түлхсэн. Тэгэхээр нь би салгах гээд голоор нь орчсон чинь Б намайг татаж газар унагаагаад уг залуутай зодолдож эхэлсэн. Тэгээд нөгөө залуугийн амнаас нь цус гарчихсан байсан. Тэгэхээр нь би Ч Ө бид нар салгаад байж байсан чинь уг залуу та нарыг явуулахгүй цагдаа дуудчихсан гээд намайг явуулахгүй бариад зогсчихоор нь би байж байя хөгшөөн гээд зогсож байтал нэг машинтай ах ирээд та нар яагаад нэгнийгээ зодож нүдээд байгаа юм гэхээр нь учир шалтгаанаа хэлээд байж байтал Б ирээд нөгөө залуутай хамт зогсож байхаар нь би караокед ороод хувцас хунараа авчихаад буцаад гараад ирсэн чинь Б нөгөө залуу байхгүй болсон байхаар нь шууд харьсан.

Б уг залууг нүүр лүү 1 удаа цохисон. Тэгээд цаашаа харилцан зодолдоод байсан би сайн хараагүй...” гэх мэдүүлэг /хх-н 28-30/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Ч.Чгийн өгсөн:

“...2019 оноы 11-р сарын 08-ны орой найз Т, Ө, Б, Ану нарын хамт Алтай хотхон дотор байдаг Голдон нэртэй караокед уулзсан. Тэгээд бид нар нэг өрөөнд ороод нэг шил архи бас ундаа ус хүний нэг нэг шилтэй пиво авсан. Тэгээд хэсэг хугацааны дараа Т ирээд сууж байгаад бид нар гарч тамхи тахаар болоод бөөнөөрөө гарсан. Гадаа гараад Бын эхнэр Өаас гал асуухад нэг үл таних залуу чи надаас гал асуудаг хэн бэ гээд хэл амаар доромжлоод босоод ирсэн. Тэгээд Б эхнэрээ өмөөрөөд уг үл таних залуутай маргалдаад барилцаж аваад бие биенийгээ цохилцсон. Тэгэхээр нь би Ө, Т бид нар салгасан. Нөгөө залуу болон Б нар хэсэг салаад буцаад зодолдоод байсан. Тэгээд салахгүй болохоор нь би Ө Т нартай хамт холоос харж зогсож байгаад шууд явцгаасан...” гэх мэдүүлэг /хх-н 30-32/,

 

Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй гэрч Э.Б-гийн өгсөн:

“...Би үеэл ах Атой хамт манай гэрт байж байгаад бид 2 гэрээс 00 цаг өнгөрч байхад Алтай хотхонд очиж караокед орохоор болсон. Тэгээд Алтай хотхонд байрлах нэгэн караокед ороод хүн тус бүрийн нэг шил Сэнгүр нэртэй пиво авч уусан. Тэгээд 30-аад минутын дараа уг караокенаас гараад гадаа зогсож байсан чинь уг караокенаас 6-7 хүн гарч ирээд А ахаас нэг эрэгтэй гал байна уу гэж асуусан чинь А ах байхгүй гэсэн. Тэгсэн чинь хоорондоо маргалдаж байхад цаанаас нь нэг залуу А ахыг цохисон...” гэх мэдүүлэг /хх-н 34-35/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.Мын өгсөн:

“...2019 оны 11-р сарны 08-наас 09-ныг шилжих шөнө хувиараа таксинд явж байгаад Алтай хотхоны 27-р байрны орчим хүн буулгачихаад буцаад гарах гээд явж байсан чинь 5-6 хүүхдүүд нэг залууг тойроод зогсчихсон зам дээр байсан. Тэгээд би машинаасаа буугаад юу болоод байгаа талаар асуухад нэг залуу босож ирээд ахаа цагдаа дуудаарай гэж хэлэхээр нь яагаад байгаа юм бэ та нар нэгнийгээ алах гэж байгаа юм уу гэж хэлээд би цагдаа дуудсан. Тэгсэн чинь нөгөө залуучууд ганц нэгээрээ тарж зугтаад байсан. Намхан залууг нь барьж аваад юу болоод байгаа юм бэ гэсэн чинь нөгөө намхан залуу нь энэ залуу манай эхнэрийг цохьчихсон юм гэж хэлж байсан. Тэгээд би цагдаа ирэхээр учраа ол гэж хэлээд нөгөө залууг барьж зогссон. Тэгсэн нөгөө зодуулсан залуу гэх шар царайтай залуу нь ахаа би эмэгтэй хүн цохих хүн бишээ наадуул чинь танийг хараад худлаа яриад байна гэж хэлсэн. Намхан залуу нь ногоон эрээн куртиктэй байсан бас хамт явж байсан эмэгтэй нь нөгөө зодуулсан залууг өшиглөөд байсан яг биеийнх нь аль хэсэг рүү өшиглөсөн талаар мэдэхгүй байна. Тэгээд саарал өнгийн малгайтай цамцтай залуу нь цагдаа тэнд ирчихсэн байна гээд харанхуй гудамж руу заагаад хүрээд ир гээд л байна гээд нөгөө зодсон залуугаа дагуулаад явах гээд байсан. Тэгэхээр нь би цагдаа руу залгаад ирсэн талаар асуухад цагдаа бид нар очиж байна наад хүмүүсээ байлгаж байгаарай гэж хэлэхээр нь нөгөө нэг залууг нь явуулаагүй барьж байсан чинь нөгөө намхан залуу саарал өнгийн ноосон цамцтай өндөр нуруутай залуу 2 шууд зугтаасан. Тэр үед намхан залууг нь хөөж байгаад барьж авсан. Тэгээд удалгүй цагдаа нар ирээд уг зодсон зодуулсан гэх 2 хүнийг цагдаад хүлээлгэж өгсөн. Зодуулсан гэх залуугийн хацар нь хавдсан, уруул амнаас нь цус гарсан байсан...” гэх мэдүүлэг /хх-н 37-38/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний шинжээчийн 13606 тоот:

1. О.А-н биед тархи доргилт, хамар ясны хугарал, дээд уруулд шарх, баруун нүдний дотор булан, доод зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүү, цээжинд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-н 43/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний шинжээчийн 13648 тоот:

1. Б.Бын биед зүүн нүдний алиманд цус хуралт, хүзүү, баруун сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-н 47/,

 

Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 98, 107, 121/

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 99, 108, 122/,

-оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 105, 109, 123/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

- Шүүгдэгч Б.Б нь Б.Өтай бүлэглэж 2019 оны 11 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 1 дүгээр хороо Алтай хотхонд байрлах “Голден” караокений гадна иргэн О.Аыг зодож тархи доргилт, хамар ясны хугарал, дээд уруулд шарх, баруун нүдний дотор булан, доод зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүү, цээжинд цус хуралт, зулгаралт бүхий гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Б.Өын “...Б Аын нүүрлүү нь түрүүлээд гараараа нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг,

 

шүүгдэгч Б.Бын “...А манай эхнэртэй маргалдаад зогсож байсан. Тэгэхлээр нь би ....чи яагаад байгаа юм бэ гэсэн чинь өөдөөс чи барахгүй шүү би шоронгоор явж байгаад саяхан гарч ирсэн гээд байхаар нь би нүүр лүү нь нэг цохисон чинь намайг зөрүүлээд цохисон.  Тэгэхлээр нь би нүүрлүү нь 3-4 удаа дахиад цохиод зодолдсон...” гэх мэдүүлэг,

 

хохирогч О.Аын “...гэрлүүгээ явах гээд зогсож байтал хэдэн залуучууд нэг өндөр залуу надаас гал байна уу гэхээр нь би байхгүй гэж хэлсэн. Тэгсэн чамд яахаараа гал байдаггүй юм бэ гэхээр нь би чиний галыг бэлдэх ёстой юм уу гэж хэлсэн. Тэгсэн намхан залуу эхлээд намайг нэг удаа нүүр лүү цохиж унагаасан. Унасны дараа бөөнөөрөө миний дээрээс өшиглөж байсан...” гэх мэдүүлэг,

 

гэрч Ж.Нын “...би тоохгүй байсан чинь намайг түлхсэн тэр үед дотроос манай нөхөр гарч ирээд нөгөө залууг чи одоо яагаад байгаа юм бэ эмэгтэй хүн зодох гээд байгаа юм уу гэж хэлэхэд нөгөө залуу шууд хувцсаа тайлаад манай нөхөр лүү дайрсан. Тэгсэн нөгөө залууг нүүр лүү нь гараараа цохисон...” гэх мэдүүлэг,

 

гэрч Э.Тийн “...Б эхнэрээ өмөөрөөд нөгөө залууг эхлээд түлхсэн. Тэгэхээр нь би салгах гээд голоор нь орчсон чинь Б намайг татаж газар унагаагаад уг залуутай зодолдож эхэлсэн. Тэгээд нөгөө залуугийн амнаас нь цус гарчихсан байсан.

Б уг залууг нүүр лүү 1 удаа цохисон...” гэх мэдүүлэг,

 

гэрч Ч.Чгийн “...Б эхнэрээ өмөөрөөд уг үл таних залуутай маргалдаад барилцаж аваад бие биенийгээ цохилцсон. ...Нөгөө залуу болон Б нар хэсэг салаад буцаад зодолдоод байсан...” гэх мэдүүлэг,

 

насанд хүрээгүй гэрч Э.Б-гийн “...Би үеэл ах Атой хамт манай гэрт байж байгаад бид 2 гэрээс 00 цаг өнгөрч байхад Алтай хотхонд очиж караокед орохоор болсон. ...уг караокенаас 6-7 хүн гарч ирээд А ахаас нэг эрэгтэй гал байна уу гэж асуусан чинь А ах байхгүй гэсэн. Тэгсэн чинь хоорондоо маргалдаж байхад цаанаас нь нэг залуу А ахыг цохисон...” гэх мэдүүлэг,

 

гэрч Б.Мын “...2019 оны 11-р сарны 08-наас 09-ныг шилжих шөнө хувиараа таксинд явж байгаад Алтай хотхоны 27-р байрны орчим хүн буулгачихаад буцаад гарах гээд явж байсан чинь 5-6 хүүхдүүд нэг залууг тойроод зогсчихсон зам дээр байсан. Тэгээд би машинаасаа буугаад юу болоод байгаа талаар асуухад нэг залуу босож ирээд ахаа цагдаа дуудаарай гэж хэлэхээр нь яагаад байгаа юм бэ та нар нэгнийгээ алах гэж байгаа юм уу гэж хэлээд би цагдаа дуудсан. Тэгсэн чинь нөгөө залуучууд ганц нэгээрээ тарж зугтаад байсан. ...Зодуулсан гэх залуугийн хацар нь хавдсан, уруул амнаас нь цус гарсан байсан...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний шинжээчийн 13606 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар,

 

- Шүүгдэгч Б.Ө нь Б.Бтай бүлэглэж 2019 оны 11 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 1 дүгээр хороо Алтай хотхонд байрлах “Голден” караокений гадна иргэн О.Аыг зодож тархи доргилт, хамар ясны хугарал, дээд уруулд шарх, баруун нүдний дотор булан, доод зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүү, цээжинд цус хуралт, зулгаралт бүхий гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Б.Өын “...О.Аын биед учирсан хөнгөн зэргийн гэмтлийг би учруулсан. Тухайн үед би Аыг нүүрлүү нь 2-3 удаа гараараа цохиж учруулсан...” гэх мэдүүлэг,

 

хохирогч О.Аын “...гэрлүүгээ явах гээд зогсож байтал хэдэн залуучууд нэг өндөр залуу надаас гал байна уу гэхээр нь би байхгүй гэж хэлсэн. Тэгсэн чамд яахаараа гал байдаггүй юм бэ гэхээр нь би чиний галыг бэлдэх ёстой юм уу гэж хэлсэн. Тэгсэн намхан залуу эхлээд намайг нэг удаа нүүр лүү цохиж унагаасан. Унасны дараа бөөнөөрөө миний дээрээс өшиглөж байсан...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний шинжээчийн 13606 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар,

 

- Шүүгдэгч О.А нь 2019 оны 11 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 1 дүгээр хороо Алтай хотхонд байрлах “Голден” караокений гадна иргэн Б.Быг зодож зүүн нүдний алиманд цус хуралт, хүзүү, баруун сарвуунд зулгаралт бүхий гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан” гэх гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Б.Өын “...Б Аын нүүрлүү нь түрүүлээд гараараа нэг удаа цохисон. Тэгээд хоорондоо зодолдсон...” гэх мэдүүлэг,

 

шүүгдэгч О.Аын “...Б /сүүлд нэрийг нь мэдсэн/ хажуу талаас миний нүүр лүү гараараа 3-4 удаа цохисон ба би тэр үед зөрүүлээд нэг удаа нүүрлүү нь цохисон. ...Бын биед учирсан хөнгөн гэмтлийг учруулснаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,

 

хохирогч Б.Бын “...Т хажууд зогсож байгаад тэр залуу чи одоо болиочээ гээд түлхсэн. Тэгсэн над руу дайраад хүрээд ирэхээр нь би нэг удаа баруун гараараа нүүр лүү нь цохитол намайг зөрүүлээд зүүн нүд рүү баруун гараараа 2, 3 удаа цохисон...” гэх мэдүүлэг,

 

гэрч Э.Тийн “...Б эхнэрээ өмөөрөөд нөгөө залууг эхлээд түлхсэн. Тэгэхээр нь би салгах гээд голоор нь орчихсон чинь Б намайг татаж газар унагаагаад уг залуутай зодолдож эхэлсэн...” гэх мэдүүлэг,

 

гэрч Ч.Чгийн “...Бын эхнэр Өаас гал асуухад нэг үл таних залуу чи надаас гал асуудаг хэн бэ гээд хэл амаар доромжлоод босоод ирсэн. Тэгээд Б эхнэрээ өмөөрөөд уг үл таних залуутай маргалдаад барилцаж аваад бие биенийгээ цохилцсон. Тэгэхээр нь би Ө, Т бид нар салгасан. Нөгөө залуу болон Б нар хэсэг салаад буцаад зодолдоод байсан. Тэгээд салахгүй болохоор нь би Ө Т нартай хамт холоос харж зогсож байгаад шууд явцгаасан...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний шинжээчийн 13648 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч О.Аод холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Б.Б, Б.Ө нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч О.Аыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд шүүгдэгч Б.Б, Б.Ө нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

Шүүх хуралдаанд хохирогч О.А, Б.Б нар нь “...гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлсэн тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.  

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч О.Аод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Б.Б, Б.Ө нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүр 360 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг тус тус гаргасан бөгөөд шүүхээс шүүгдэгч нарт ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Быг 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Өыг 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Аыг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Б, Б.Ө, О.А нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Б.Б, Б.Өт нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд,

О.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Быг 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Өыг 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Аыг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, Б.Ө, О.А нарын торгох ялыг шийтгэх тогтоол хүчин Т болсон үеэс хойш хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

4.  Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин Т болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин Т болтол Б.Б, Б.Ө, О.А нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ