| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нарангэрэлийн Энхмаа |
| Хэргийн индекс | 145/2016/00490/И |
| Дугаар | 490 |
| Огноо | 2016-11-24 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 11 сарын 24 өдөр
Дугаар 490
Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Энхмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар би Өвөрхангай аймгийн Уянга сумын 5 дугаар багт оршин суух Боржигон овогт Сосорын Гансувдын Ажиллаж байсан байдлаа тогтоолгох-ыг хүссэн хүсэлтийг 2016 оны 10 дугаар сарын25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бямбасүрэн, хүсэлт гаргагч С.Гансувд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
С.Гансувд шүүхэд гаргасан хүсэлтэндээ: Миний бие 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 06 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Уянга сумын Өрнөлт нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсний улмаас улсад ажилласан хугацаа маань ажилласан жилд орж тооцогдохгүй хохироход хүрч байна. Иймд намайг дээрх хугацаанд ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.
С.Гансувд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1986 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 06 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Уянга сумын Өрнөлт нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсний улмаас улсад ажилласан хугацаа маань ажилласан жилд орж тооцогдохгүй хохироход хүрч байна. Иймд намайг дээрх хугацаанд ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч С.Гансувд нь 1986 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 06 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Уянга сумын Өрнөлт нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд өгсөн тайлбар, Өвөрхангай аймгийн архивын тасгийн 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 576 дугаартай лавлагаа, Өвөрхангай аймгийн Уянга сумын Өрнөлт нэгдлийн даргын 1986 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 16 дугаар тушаалын хуулбар, гэрч Д.Батдорж, Ц.Уртнасан, П.Түмэннаст нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 133-р зүйлийн 133.1.1-р зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Монгол улсын иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135-р зүйлийн 135.2.6-д зааснаар Боржигон овогт Сосорын Гансувдыг 1986 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 06 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Уянга сумын Өрнөлт нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг сэргээн тогтоосугай.
2. Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ЭНХМАА