Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 0063

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхтуул,

улсын яллагч А.Баясгалан,

шүүгдэгч Н.Э, түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

                          

Баянгол дүүргийн прокурорын газраас Н.Эд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн __ дугаартай, 1 хавтас хэргийг 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ___ дугаарын регистртэй, Н.Э.

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Н.Э нь 2019 оны 07 дугаар сарын  31-ний өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 01-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Аянчин зочид буудлын 103 тоот өрөөнд бусадтай согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад иргэн Б.Т-ийг унтсан байхад нь Самсунг Эс-9 Плас загварын гар утсыг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Э мэдүүлэхдээ:

“...Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

           

Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Н.Эийн өгсөн:

“...Прокурор А.Баясгалангийн гаргасан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Надад тухайн үед мөнгө хэрэгтэй байсан учраас гар утас хулгай хийх болсон юм. Тухайн Самсунг Галакси эс-9 плас маркийн гар утсыг нь би өөртөө ашигласан зүйл байхгүй бөгөөд гар утасны Монтел төвд үл таних хүнд 260,000 төгрөгөөр зараад, мөнгийг нь өөрийн хэрэглээндээ хэрэглээд дууссан юм. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-н 38-39/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Б.Т-ийн өгсөн:

            “...2019 оны 08 дугаар сарын 01-ний шөнө би өөрийн найз Одхүүгийн хамтаар Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Аянчин” нэртэй зочид буудлын 103 тоот өрөөнд байж байгаад фэйсбүүкээр 2 эмэгтэйтэй танилцаж, харилцаж байгаад өөрийн амарч байсан буудалд дуудсан. Тэгээд 04 цаг өнгөрч байх үед фэйсбүүкээр танилцсан 2 эмэгтэй манай амарч байсан өрөөнд орж ирсэн. Тэгээд тэр хоёр орж ирээд бид дөрөв нийлж хамт архи, пиво уусан. Тэгээд согтоод ядраад унтчихсан байсан. Тэгээд унтаж байгаад сэрэхэд гар утас байхгүй байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан...” гэх мэдүүлэг /хх-н 18-19/,

 

            Мөрдөн байцаалтад гэрч Б.З-ын өгсөн:

            “...2019 оны 8 дугаар сарын 01-ний шөнө 03 цаг өнгөрч бахй үед би өөрийн найз Э, Б гэх найзынхаа машинтай бид 3 гадуур явж байсан. Тэгээд явж байтал манай найз Э нэг дугаар луу яриадахая гээд миний гар утсаар нэг ярьсан. Тэгээд манай таньдаг ах нар буудалд ууж байна очъё гэж хэлсэн. Тэгээд бид 3 модны 2-ын Аянчин нэртэй зочид буудалд 04 цаг болж байх үед очсон. Тэгээд аянчин буудлын 203 тоот өрөөнд ороход миний танихгүй 2 эрэгтэй байсан. Тухайн өрөөнд байсан 2 залуугийн 1 нь өөрийгөө Одхүү гэж танилцуулсан. Нөгөө эрэгтэйгийн нэрийг сайн санахгүй байна. Тэгээд Э бид хоёр нөгөө хоёр эрэгтэйтэй хамт буудлын өрөөнд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Тухайн үед буудал дотор ууж байх үед Б гэх манай найз машинтайгаа Аянчин зочид буудлын хашаа дотор хүлээж байсан. Тэгээд Э бид хоёр ууж байтал Э өрөөнөөс гараад явсан. Тэгээд би Эийг гарсны дараа 20 орчим минутын дараа гарахад манай машин байхгүй байсан. Тэгээд би тэр хавиар хэсэг харж байгаад Аянчин буудлын урд талаас такси бариад гэрлүүгээ явсан. Тэгээд иб гэртээ очоод байж байтал нөгөө буудалд байсан 2 залуу над руу залгаж та хоёр миний гар утсыг хулгайлсан байна гэж хэлсэн. Тэгээд би Э рүү залгахад утас нь холбогдохгүй байсан. Тэгээд би Этэй холбогдохгүй байж байгаад 2019 оны 8 дугаар сарын 02-ны өглөө 06 цагийн орчимд над руу Э чатаар холбогдсон. Тэгээд би Эээс нөгөө утас чинь юу болсон бэ гэж асуухад дэлгэц нь хагарсан болохоор 100.000 төгрөг л болсон гэж хэлсэн. Тэгээд би цагдаагийн байгууллага дээр ирсэн.

            Би найзтайгаа нийлж хулгай хийгээгүй, манай найз хулгай хийсэн. Тэгээд би маргааш нь л хулгай хийсэн талаар мэдсэн...” гэх мэдүүлэг /хх-н 22-23/,   

 

- Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 8-13/,

- эд зүйлийн үнэлгээ хийсэн баримт /хх-н 29-30/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 42/

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 44/

- оршин суугаа хаягийн тодорхойлолт зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Н.Э нь 2019 оны 07 дугаар сарын  31-ний өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 01-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Аянчин зочид буудлын 103 тоот өрөөнд бусадтай согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад иргэн Б.Т-ийг унтсан байхад нь Самсунг Эс-9 Плас загварын гар утсыг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Н.Эийн “...тухайн үед мөнгө хэрэгтэй байсан учраас гар утас хулгай хийх болсон...” гэх мэдүүлэг,

 

хохирогч Б.Т-ийн “...фэйсбүүкээр 2 эмэгтэйтэй танилцаж, харилцаж байгаад өөрийн амарч байсан буудалд дуудсан. ... Тэгээд согтоод ядраад унтчихсан байсан. Тэгээд унтаж байгаад сэрэхэд гар утас байхгүй байсан...” гэх мэдүүлэг,

 

            гэрч Б.З-ын “...би Эээс нөгөө утас чинь юу болсон бэ гэж асуухад дэлгэц нь хагарсан болохоор 100.000 төгрөг л болсон гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ хийсэн баримт зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Н.Эд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, бодит байдалд нийцсэн, шүүгдэгч Н.Эийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

Хавтаст хэргийн 29-30 дугаар талд авагдсан эд зүйлийн үнэлгээгээр хохирогчид 1,000,000 төгрөгийн хохирол учирсан нь тогтоогдож байх тул шүүгдэгчээс 1,000,000 төгрөг гаргуулж хохирогч Б.Т-ид олгож шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хариуцлага оногдуулах шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Н.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг тус тус гаргасан бөгөөд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, учруулсан хохирлыг төлөхөө илэрхийлж байгаа нөхцөл байдал зэргийг харгалзан шүүгдэгч Н.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Н.Эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Н.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Эд 300 /гурван зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгчээс 1.000.000 төгрөг гаргуулж хохирогч Б.Т-ид олгосугай.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг
Сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ