| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нарангэрэлийн Энхмаа |
| Хэргийн индекс | 145/2016/00492/И |
| Дугаар | 492 |
| Огноо | 2016-11-28 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 492
Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Энхмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Тарагт сумын 3 дугаар багт оршин суух Унхан овгийн Дашзэвэгийн Энхбаярын нэхэмжлэлтэй Өвөрхангай аймгийн Тарагт сумын Ерөнхий боловсролын сургуулийн захиралд холбогдох Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах-ыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бямбасүрэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Оюун-Эрдэнэ, хариуцагч Ц.Хоролмаа, хариуцагчийн өмгөөлөгч Р.Шүрхүү нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Энхбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Тарагт сумын Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны багшаар ажиллаж байгаад 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр ажлаасаа халагдаж Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 10 дугаартай шийдвэрээр ажилдаа эгүүлэн тогтоогдсон. Би Улаанбаатар хотод Утга зохиол, нийгмийн ажилтны дээд сургуулийн нийгмийн ажилтны ангид суралцаж байсан. Дипломын ажил, хичээлүүдийн дүн, төгсөлтийн шалгалтын хичээлүүд 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хичээллэх байсан тул захирал Ц.Хоролмаад 2016 оны 03 дугаар сарын 30, 31-ний өдрүүдэд өргөдөл өгсөн боловч чөлөө олгоогүй. Үндсэн хууль болон Хөдөлмөрийн гэрээнд зааснаар чөлөө авах эрхтэй байдаг. Утга зохиол, нийгмийн ажилтны сургууль дээр 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр албан мэдэгдэл мөн 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр нэр төр гутаан доромжилсон хүсэлт гарган ирүүлсэн байсан. Намайг ажилд авах сонирхолгүй байдаг. Албан тушаал, эрх мэдлээ ашиглан урьд ажиллаж байсан Г.Ундармаа захирлын хүн гэдгээр ашиг сонирхолоо гүйцэлдүүлэх гэж үндэслэлгүйгээр ажлаас халж байгааг хууль бус үйлдэл гэж үзэж байна. Иймд 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн б/15 дугаартай намайг ажлаас халсан тушаалыг үндэслэлгүй гэж үзэж байгаа тул Өвөрхангай аймгийн Тарагт сумын Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны багшийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Оюун-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж байна. Тарагт сумын Ерөнхий сургуулийн захирал Ц.Хоролмаагийн Д.Энхбаярыг ажлаас чөлөөлсөн тушаал нь үндэслэлгүй байна. Энхбаяр нь тухайн үед чөлөө авах өргөлдөө өөрийн биеэр аваачиж өгсөн байхад компьютер дээр бичсэн өргөдөл хүлээн авахгүй гэж буцаасан байдаг. Мөн тухайн өргөдөл дээр чөлөө өгөхгүй талаар цохолт хийж өгсөн байдаг. Энхбаяр нь амьдрал ахуйгаа дээшлүүлэхийн тулд ажилгүй байхдаа Утга зохиолын дээд сургуульд сурч байгаад ажилд орсон. Тэгээд төгсөх шалгалт өгөх шаардлагатай болж чөлөө хүсэхэд өгөөгүй байдаг. Д.Энхбаяр нь удаа дараа зөрчил гаргаж, захирлын өгсөн үүрэг даалгаварыг биелүүлээгүй бол халах талаар хурал хийж, 1 сарын өмнө мэдэгдэх ёстой байсан. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т заасан төрийн жинхэнэ албан хаагч ажиллах баталгаагаар хангагдах талаар зааж өгсөн байдаг. Гэтэл захирал Хоролмаа нь цалин хөлсийг нь өгөхгүй, ажлаас нь чөлөөлсөн байна. Тухайн сургуулийн захирлын гаргасан шийдвэрийг үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд Д.Энхбаярыг Өвөрхангай аймгийн Тарагт сумын Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны багшийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 3480705 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Өвөрхангай аймгийн Тарагт сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал Ц.Хоролмаа шүүхэд гаргасан тайлбартаа: Д.Энхбаярыг ажлаас чөлөөлсөн тушаалыг хуулийн дагуу үнэн зөв гаргасан гэж үзэж байгаа. Сургуулийн дотуур байрны багшийн үүрэгт ажил нь маш ачаалалтай, дотуур байрны хүүхдүүдийг хариуцаж ажилладаг ажил. Би тухайн үед Энхбаярт энэ жил ачаалалтай байна ирэх жил сураад төгсөж болдоггүй юм уу? гэж хэлж байсан. Тэгээд чөлөө өгөхгүй талаар хэлээд явуулсан. Гэтэл ажлаа хаяад түлхүүрээ байрны жижүүрт өгөөд явсан байсан. Би ирэх байх гэж их харсан. Ажилд ороод сар ч болоогүй байж төлөвлөгөөгөө гаргаж өгөөгүй ажлын байран дээр архи дарс хэрэглэсэн асуудал гаргаж байсан. Энхбаярын ажиллаж байх үедээ гаргаж байсан алдаа дутагдал ажлын цагийн бүртгэл, зөрчлийн талаарх баримтуудыг хэрэгт хавсаргасан байгаа. Чөлөө олгох боломжгүй гэдийг удаа дараа хэлж сануулж байсан. Д.Энхбаяр нь 5 дугаар сарын 12-нд ажилдаа ирсэн. Би тухайн үед захирлын зөвлөлийн дэргэдэх шуурхай хийж Д.Энхбаярыг ажлаас чөлөөлсөн. Ажлаас чөлөөлсөн үндэслэл нь удирдах албан тушаалтны өгсөн үүрэг даалгаварыг удаа дараа биелүүлээгүй, 3 дээш хоног хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын байраа хаяж явсан үндэслэлээр халсан. Энхбаяр нь сумандаа ирээд миний гар утас руу мэссэж бичсэн байсан. Ундармаа дарга 3 сараар чөлөө аваад яв гэж хэлсэн. Би хүний үгээр орж буруу зүйл хийлээ гэж бичсэн байсан. Мөн сурч байгаа сургуульд нь мэдэгдэх хуудсыг нь би өөрөө аваачиж өгсөн. Миний гаргасан 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн б/15 дугаартай Д.Энхбаярыг ажлаас чөлөөлсөн тушаал нь үндэслэлтэй гэж үзэж байна гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч Р.Шүрхүү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Өвөрхангай аймгийн Тарагт сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын Д.Энхбаярыг ажлаас чөлөөлсөн тушаалыг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Энхбаяр урд нь сахилагын шийтгэлтэй байсан. Мөн удирдлагын өгсөн үүрэг даалгаварыг биелүүлээгүй хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлаа 3-аас дээш хоног тасалсан. Мөн байгууллагын дотоод журам, хөдөлмөрийн гэрээгээ удаа дараа зөрчиж байсан нь болон ажлын цагийн бүртгэлт хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Энхбаяр нь Өвөрхангай аймгийн Тарагт сумын Ерөнхий боловсролын сургуулийн захиралд холбогдуулан Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах-ыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч Д.Энхбаярын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч Д.Энхбаяр нь 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдөр ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ 6 сарын хугацаатай байгуулсан байна. Уг хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.7-д хүндэтгэн үзэх шалтгаангүй ажлын 3 өдөр ажлаа тасалсан тохиолдолд сахилгын ноцтой зөрчилд тооцон хөдөлмөрийн гэрээг шууд цуцлахаар мөн тухайн сургуулийн дотоод журмын 17.1.2.2-т ажлын байрыг чөлөө зөвшөөрөлгүй орхин 3 болон түүнээс дээш хоног явсан бол ажил олгогчтой байгуулсан гэрээг цуцлан ажлаас халахаар заажээ. Нэхэмжлэгч Д.Энхбаяр нь 3 дээш хоногоор зөвшөөрөлгүй ажлаа орхин явсан болох нь зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Унхан овгийн Дашзэвэгийн Энхбаярын нэхэмжлэлтэй Өвөрхангай аймгийн Тарагт сумын Ерөнхий боловсролын сургуулийн захиралд холбогдох Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 58 дугаар зүйлийн 58.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогын Хаан банкны 5540607728 тоот данснаас гаргуулан нэхэмжлэгч Д.Энхбаярт буцаан олгосугай.
3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-т зааснаар зохигчидшийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ЭНХМАА