Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 200

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхтуул,

улсын яллагч Б.Батнасан,

шүүгдэгч Б.Д- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Д-д холбогдох эрүүгийн ____ тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ______8 дугаарын регистртэй, Б.Д-.

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Б.Д- нь 2019 оны 12 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 22 дугаар хороо Зүүннарангийн 13 дугаар гудамжны 35 тоот хашаанд иргэн Т.М-, Б.О нарын биед халдан зодож, хохирогч Т.М-ын эрүүл мэндэд зүүн сарвууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн гуя, шилбэнд цус хуралт, зүүн сарвуу, зүүн эгэмний дотор хэсэг, өвчүүний дээд зүүн хэсэгт шалбаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол, хохирогч Б.Оийн эрүүл мэндэд тархи доргилт, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд, доод зовхи, нүдний гадна хэсэг, хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дээд уруул, зүүн хацар, баруун бугалга, цээжний урд баруун дээд хэсэг, баруун шилбэнд цус хуралт, дээд баруун 1, 2, зүүн 1-р шүдний сулрал, баруун нүдний доод зовхи, баруун хацар, цээжний урд баруун дээд хэсэг, хэвлийн баруун хажуу доод хэсэг, бүсэлхийд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол тус тус учруулсан буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар энэхүү нэр бүхий 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Д- мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Б.Д-ий өгсөн:

“...2019 оны 12 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө би эхнэр Ш-ийн хамт найзынхаа төрсөн өдөрт оччихоод харих замдаа ундаа авахаар дэлгүүр орсон. Дэлгүүрийн гадаа очиход тухайн дэлгүүр хаалттай байсан. Дэлгүүрийн гадаа нэг эрэгтэй, нэг эмэгтэй хоёр хүн дэлгүүрийн цонх тогшоод зогсож байсан. Тэгсэн чинь тухайн дэлгүүрийг ажиллуулдаг эмэгтэй цонхоо онгойлгоод ажиллахгүй хаачихсан байна гэж хэлэхээр нь би эхнэртэйгээ хамт явах гэж байтал дэлгүүрийн гадаа зогсож байсан эмэгтэй намайг ингэж ундаа авдаг юм уу гэх зэргээр хэл амаар доромжлоод байсан. Тэгэхээр нь би нөгөө эмэгтэйд хандаж уусан юмаа шингээ гэж хэлсэн. Тэгээд би нөгөө эмэгтэйтэй маргалдаж байгаад би нөгөө эмэгтэйн нүүр лүү гараараа нэг удаа цохисон. Тэгсэн чинь надад цохиулсан эмэгтэйтэй цуг явж байсан эрэгтэй хажуу талаас намайг боль гээд миний өмсөж байсан куртикнээс татахаар нь би тэр эрэгтэйг хөлөөрөө хавирч газар унагаасан. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл маш их хэрэглэсэн байсан болохоор зарим үйлдлүүдээ сайн санахгүй байна. Нэг харсан чинь миний нүүр лүү гараараа цохисон эмэгтэй засмал зам гараад ногоон өнгийн төмөр хашааны хаалгатай хашаа руу гүйгээд орж байсан. Тэгэхээр нь би нөгөө эмэгтэйн араас тухайн хашаа руу нь дагаад яваад ороход нөгөө эмэгтэй гурван эмэгтэй дагуулаад надруу ирж байсан. Тэгээд би тэр эмэгтэйчүүдээс хамгийн түрүүнд дэлгүүрийн гадаа байхад нүүр лүү гараараа нэг удаа цохисон эмэгтэйн нүүр лүү гараараа хоёр удаа цохисон. Тэр эмэгтэй надад цохиулаад газар унахаар нь эргээд хартал миний ард бас нэг эмэгтэй зогсож байхаар нь би тухайн эмэгтэйн гэдэс рүү хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Өшиглүүлээд газар унахаар нь дээрээс нь гараараа нүүр лүү нь хоёр, гурван удаа цохисон. Тэгээд нэг хартал манай эхнэр тухайн хашаанд ороод ирчихсэн газар хэвтэж байсан. Газар хэвтэж байсан манай эхнэрийн хажууд нэг эмэгтэй хүн байж байхаар нь би гүйж очоод эхнэрийн маань хажууд байсан эмэгтэйн гэдэс рүү хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Тэгээд эхнэрээ газраас босгох гэж байтал тухайн хашаанд цагдаа нар орж ирээд намайг аваад явсан.

Тухайн хөнгөн гэмтлийг Т.М-, Б.О нарт би учруулсан. Би тухайн эмэгтэйчүүдийг зодож тухайн гэмтлүүдийг учруулсан...” гэх мэдүүлэг /хх-н 53-55/

 

Мөрдөн байцаалтад хохирогч Б.Оийн өгсөн:

“...2019 оны 12 дугаар сарын 16-ны шөнө нөхөр бид хоёр манай хэсэг найзууд болох Б, М, Л бид тав манай гэрт юм ярьж суунгаа нэг шил архи уусан юм. Тэгээд манай нөхөр А, М хоёр дэлгүүр гарч ундаа тамхи авна гээд гарсан. Хэсэг хугацааны дараа М хаалганы завсраар гадаа бид хоёрыг хүн зодоод байна гэж хэлчихээд хаалга хаасан. Тэгээд гэрт байсан Б, Л бид гурав гүйгээд гартал Мын дээр огт танихгүй эрэгтэй гарсан гараараа цохиод, өшиглөөд байсан. Тэгээд би нөгөө залуугийн ард нь очоод болиоч гээд хувцаснаас нь татахад эргэж хараад миний гэдэс хэсэг рүү хөлөөрөө өшиглөөд газар унагасан. Би газраас босож ирээд “чи ямар даварсан амьтан бэ” гэтэл намайг үсдэж доош нь дарж байгаад миний нүүр лүү хөлөөрөө хоёр, гурван удаа өшиглөсөн. Тэгээд би газар унатал миний баруун бөөр, гэдэс хэсэг рүү хоёр гурван удаа дээрээс хөлөөрөө дэвсэлсэн. Тэгээд нөгөө залуу цаашаа явахаар нь би арай хийж газраас босоод нойл дотор орж нуугдсан. Нойл дотор зугтаж ороод байж байхад миний аман дотор нэг зүйл эвгүй болоод байхаар нь үзэхэд миний дээд талын нэг шүд цаашаагаа чихэгдээд орчихсон байсныг би хэлээрээ түлхэж тэгшилсэн. Энэ үйл явдал дуусаад гэртээ ороод үзэхэд миний урд талын дээд гурван шүд сул хөдлөөд байсан. Эмнэлгийн байгууллагад би хандаагүй. Харин толгой хөдөлсөн юм шиг болохоор нь толгойгоо бариач дээр өдрийн 10.000 төгрөгөөр 5 хоног бариулсан...” гэх мэдүүлэг /хх-н 9-10, 56-57/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Т.М-ын өгсөн:

“...2019 оны 12 дугаар сарын 16-ны шөнө би ажлаа тараад гэртээ ирээд байж байтал манай найз Ч намайг гэртээ хүрээд ир Б, Л, А бид нар манайд юм ярьж суунгаа архи ууж байна гэхээр нь би гэрт нь яваад очсон юм. Тэгээд бид нар нэг шил архи уугаад байж байтал А намайг хамт дэлгүүр орж ундаа авъя гээд бид хоёр хамт дэлгүүр орсон. Тэгтэл дэлгүүр хаасан байсан. Бид хоёр дэлгүүрийн цонхыг тогшоод зогсож байтал нэг такси ирж зогсоод нэг залуу, нэг хүүхэн хоёр бууж ирсэн. Тэр хоёр бид хоёроос дэлгүүр хаасан байна уу энэ тэр гээд юм яриад зогсож байтал нөгөө залуу гэнэт миний толгой руу гараараа хэд хэдэн удаа цохиод би газар унасан. Тухайн үйл явдал маш хурдан болоод өнгөрсөн болохоор би үйл явдлыг сайн санахгүй байна. А хажуунаас орж ирээд нөгөө залууг надаас салгахад нөгөө залуу Аг газар татаж унагаагаад дээр нь гарч сууж байгаад Агийн толгой руу нь гараараа нилээн хэдэн удаа цохиод байсан. Тэгээд би газраас босож очоод нөгөө залууг болиоч гээд Агаас салгах гэхэд нөгөө залуу босож ирээд намайг үсдэж газар унагаагаад миний нуруу, бөөр хэсэг рүү өшиглөөд байсан. Би арай хийж нөгөө залуугаас зугатаагаад хашаа руу гүйгээд ороход миний өөдөөс Ч, Б, Л гурав гэрээсээ гараад ирж байсан. Нөгөө залуу миний араас хашаа руу гүйж орж ирээд намайг үсдэж унагаж байгаад миний толгой руу хоёр гараараа цохиод байсан. Тэр залууг Ч, Б, Л нар болиулах гэж оролдсон боловч салгах гэж оролдсон болгоныг газар унагаагаад ээлж дараалан цохиж, зодоод байх шиг байсан. Тэгээд тэр залуу Чг газар унагаачихсан нүүр болон бие рүү нь өшиглөж байхаар нь би очоод “чи болиоч” гээд нөгөө залуугийн цээж рүү нь хоёр гараараа түлхтэл миний хоёр гарыг хоёр гараараа атгаж байгаад нугалж мушгисан. Тухайн үед миний гар маш их өвдөөд би орилоод газар өвдөглөөд суутал миний хоёр гарыг тавьсан. Тэр залуутай хамт явж байсан эмэгтэй хашаан дотор орж ирээд халтираад газар унатал нөгөө залуу “чи манай найз охиныг цохиод унагаачихлаа” гээд Бг үсдэж газар унагаагаад нуруу, бөөр лүү нь хөлөөрөө өшиглөөд байсан. Б ёолоод газар хэвтчихээд босож чадахгүй байсан. Тэр үед цагдаа ирээд нөгөө залууг аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-н 13-14, 58-59/,

 

Мөрдөн байцаалтад гэрч А.Бгийн өгсөн:

“...2019 оны 12 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө би найз Оюунчимэгийнд түүний нөхөр Ахүү, Л, З нарын хамт сууж архи, пиво ууж байтал З, А хоёр дэлгүүр орж ундаа авна гээд гарсан. Удалгүй З орж ирээд “Гадаа нэг хүн зодоод байна” гэж хэлчихээд гараад явсан Ч, Л бид гурав хувцсаа өмсөөд араас нь гартал хашаан дотор нэг танихгүй эрэгтэй ороод ирсэн Зг зодож байсан. Тэгээд Ч салгах гээд очтол нөгөө залуу эргэж хараад Чг зодоод байсан Чг газар унахад Л салгахаар очтол Лг түлхээд унагаасан...” гэх мэдүүлэг /хх-н 15/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Г.Лсүрэнгийн өгсөн:

“...2019 оны 12 дугаар сарын 16-нд би 22-р хорооны шинэ жилийн арга хэмжээнд оролцоод арга хэмжээ тараад Ч, А, Б, Г, А бид нар Агийн гэрт очиж үргэлжлүүлж нэг шил архи уугаад Г, А хоёр тасраад унтаад өгсөн. Бид нар М гэдэг найзыгаа дуудахад удалгүй М ирээд бид нар сууж байгаад А, М хоёр дэлгүүр орно гээд гарсан. Арван таван минут орчимын дараа М гэрийн хаалгаар шагайгаад гадаа Аг зодоод байна гэж хэлчихээд буцаад хаалга хаачихсан. Ч, Б бид гурав сандраад гартал хашаан дотор шар куртиктэй танихгүй залуу орж ирсэн Зг газар унагаагаад дээр нь гараад суучихсан зодож байсан. Ч бид хоёр очоод болиулах гэхэд нөгөө залуу Чг гараараа нэг удаа цохиод унагаасан. Би очоод куртикных нь малгайнаас татахад намайг эргэж хараад түлхэж унагаасан. Тэр залуу болиулах гэж очсон Б, Ч, З нарыг ээлж дараалан зодоод байсан. Тэгээд байж байтал цагдаа ирээд тэр залууг аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-н 16/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 483 тоот: 

  1. Б.Оийн биед тархи доргилт, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд, доод зовхи, нүдний гадна хэсэг, хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дээд уруул, зүүн хацар, баруун бугалга, цээжний урд баруун дээд хэсэг, баруун шилбэнд цус хуралт, дээд баруун 1,2, зүүн 1-р нүдний сулрал, баруун нүдний доод зовхи, баруун хацар, цээжний урд баруун дээд хэсэг, хэвлийн баруун хажуу доод хэсэг, бүсэлхийд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

  2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.

  3. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн ХӨНГӨН зэрэгт хамаарна.

  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

  5. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой гэх дүгнэлт /хх-н 35-36/,

 

 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 484 тоот: 

  1. Т.М-ын биед зүүн сарвууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн гуя, шилбэнд цус хуралт, зүүн сарвуу, зүүн эгэмний дотор хэсэг, өвчүүний дээд зүүн хэсэгт шалбаралт гэмтэл тогтоогдлоо.

  2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлэр олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.

  3. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн ХӨНГӨН зэрэгт хамаарна.

  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

  5. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой гэх дүгнэлт /хх-н 36-37/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 60/,

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 66/

- оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 67/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Б.Д- нь 2019 оны 12 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 22 дугаар хороо Зүүннарангийн 13 дугаар гудамжны 35 тоот хашаанд иргэн Т.М-, Б.О нарын биед халдан зодож, хохирогч Т.М-ын эрүүл мэндэд зүүн сарвууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн гуя, шилбэнд цус хуралт, зүүн сарвуу, зүүн эгэмний дотор хэсэг, өвчүүний дээд зүүн хэсэгт шалбаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол, хохирогч Б.Оийн эрүүл мэндэд тархи доргилт, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд, доод зовхи, нүдний гадна хэсэг, хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дээд уруул, зүүн хацар, баруун бугалга, цээжний урд баруун дээд хэсэг, баруун шилбэнд цус хуралт, дээд баруун 1, 2, зүүн 1-р шүдний сулрал, баруун нүдний доод зовхи, баруун хацар, цээжний урд баруун дээд хэсэг, хэвлийн баруун хажуу доод хэсэг, бүсэлхийд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол тус тус учруулсан буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар энэхүү нэр бүхий 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Б.Д-ий “...би нөгөө эмэгтэйтэй маргалдаж байгаад би нөгөө эмэгтэйн нүүр лүү гараараа нэг удаа цохисон. Тэгсэн чинь надад цохиулсан эмэгтэйтэй цуг явж байсан эрэгтэй хажуу талаас намайг боль гээд миний өмсөж байсан куртикнээс татахаар нь би тэр эрэгтэйг хөлөөрөө хавирч газар унагаасан. ...би нөгөө эмэгтэйн араас тухайн хашаа руу нь дагаад яваад ороход нөгөө эмэгтэй гурван эмэгтэй дагуулаад надруу ирж байсан. Тэгээд би тэр эмэгтэйчүүдээс хамгийн түрүүнд дэлгүүрийн гадаа байхад нүүр лүү гараараа нэг удаа цохисон эмэгтэйн нүүр лүү гараараа хоёр удаа цохисон. Тэр эмэгтэй надад цохиулаад газар унахаар нь эргээд хартал миний ард бас нэг эмэгтэй зогсож байхаар нь би тухайн эмэгтэйн гэдэс рүү хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Өшиглүүлээд газар унахаар нь дээрээс нь гараараа нүүр лүү нь хоёр, гурван удаа цохисон.

...хөнгөн гэмтлийг Т.М-, Б.О нарт би учруулсан. Би тухайн эмэгтэйчүүдийг зодож тухайн гэмтлүүдийг учруулсан...” гэх мэдүүлэг,

 

хохирогч Б.Оийн “...гэрт байсан Б, Л бид гурав гүйгээд гартал Мын дээр огт танихгүй эрэгтэй гарсан гараараа цохиод, өшиглөөд байсан. Тэгээд би нөгөө залуугийн ард нь очоод болиоч гээд хувцаснаас нь татахад эргэж хараад миний гэдэс хэсэг рүү хөлөөрөө өшиглөөд газар унагасан. Би газраас босож ирээд “чи ямар даварсан амьтан бэ” гэтэл намайг үсдэж доош нь дарж байгаад миний нүүр лүү хөлөөрөө хоёр, гурван удаа өшиглөсөн. Тэгээд би газар унатал миний баруун бөөр, гэдэс хэсэг рүү хоёр гурван удаа дээрээс хөлөөрөө дэвсэлсэн...” гэх мэдүүлэг,

 

хохирогч Т.М-ын “...нөгөө залуу гэнэт миний толгой руу гараараа хэд хэдэн удаа цохиод би газар унасан. ... би газраас босож очоод нөгөө залууг болиоч гээд Агаас салгах гэхэд нөгөө залуу босож ирээд намайг үсдэж газар унагаагаад миний нуруу, бөөр хэсэг рүү өшиглөөд байсан. ...Нөгөө залуу миний араас хашаа руу гүйж орж ирээд намайг үсдэж унагааж байгаад миний толгой руу хоёр гараараа цохиод байсан. Тэр залууг Ч, Б, Л нар болиулах гэж оролдсон болгоныг газар унагаагаад ээлж дараалан цохиж, зодоод байх шиг байсан. Тэгээд тэр залуу Чг газар унагаачихсан нүүр болон бие рүү нь өшиглөж байхаар нь би очоод “Чи болиоч” гээд нөгөө залуугийн цээж рүү нь хоёр гараараа түлхтэл миний хоёр гарыг хоёр гараараа атгаж байгаад нугалж мушгисан...” гэх мэдүүлэг,

 

гэрч А.Бгийн “...2019 оны 12 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө би найз Оюунчимэгийнд түүний нөхөр Ахүү, Л, З нарын хамт сууж архи, пиво ууж байтал З, А хоёр дэлгүүр орж ундаа авна гээд гарсан. Удалгүй З орж ирээд “Гадаа нэг хүн зодоод байна” гэж хэлчихээд гараад явсан Ч, Л бид гурав хувцсаа өмсөөд араас нь гартал хашаан дотор нэг танихгүй эрэгтэй ороод ирсэн Зг зодож байсан. Тэгээд Ч салгах гээд очтол нөгөө залуу эргэж хараад Чг зодоод байсан Чг газар унахад Л салгахаар очтол Лг түлхээд унагаасан...” гэх мэдүүлэг,

 

гэрч Г.Лсүрэнгийн “...шар куртиктэй танихгүй залуу орж ирсэн Зг газар унагаагаад дээр нь гараад суучихсан зодож байсан. Ч бид хоёр очоод болиулах гэхэд нөгөө залуу Чг гараараа нэг удаа цохиод унагаасан. Би очоод куртикных нь малгайнаас татахад намайг эргэж хараад түлхэж унагаасан. Тэр залуу болиулах гэж очсон Б, Ч, З нарыг ээлж дараалан зодоод байсан...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 483 тоот дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 484 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Д-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Б.Д-ийг хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

Хэргийн хохирогч Т.М-, Б.О нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

 

Хохирогч Т.М-, Б.О нар нь хавтаст хэрэгт гэмт хэргийн улмаас учирсан хохирлын баримт гаргаж өгөөгүй байх тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэж, хохирогч Т.М-, Б.О нар нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлын нотлох баримтаа бүрүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Б.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг гаргасан бөгөөд шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хуульд зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Д-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Б.Д-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-ийг 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-ийг торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирээгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Т.М-, Б.О нар нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлын нотлох баримтаа бүрүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ