Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 288

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Эрдэнэ,

улсын яллагч А.Дүүрэнбилэг,

шүүгдэгч Б.Э-,

хохирогч И.Х- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Э-д холбогдох эрүүгийн ____ тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, _____ дугаарын регистртэй, Б.Э-.

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Б.Э- нь Баянгол дүүргийн 20 дугаар хороо, “Гэрийн зоог” цайны газарт 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хохирогч И.Х-гийн баруун шууг мушгиж, түлхэж унагаан биед нь тархи доргилт, баруун шуу, тохойн зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсгэн, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Э- мэдүүлэхдээ:

“...2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хохирогч ирээд цалингаа надаас асуухаар нь би манай эхнэр одоогоор байхгүй байгаа ирээд өгөх байх гэж хэлсэн. Гэтэл надруу дайраад байсан. Би ажлаа хийж байсан болохоор тэндээсээ гаргах гэж байгаад унагачихсан өөр зүйлгүй...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч И.Х-гийн өгсөн:

“...Би ажлын зар харж байгаад тухайн ажилд орсон. Манай хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй эм тарианы мөнгө надад хэрэгтэй байсан. Анх ажилд ороход сар бүрийн 25-нд цалингаа тавьж байна гэж тохирсон. Манай хүүхэд өвдөөд байна ажлаасаа гарна гээд гарсан. Тэгээд ажилласан хугацааны цалингаа авна гэхэд өгөөгүй. Би ажил дээр нь цалингаа авах гээд очтол шүүгдэгч байсан. Би хийсэн ажлын хөлс 250.000 төгрөгөө авмаар байна гэхэд мөнгө байхгүй гэсэн. Хийсэн ажлын хөлс авах гэж байхад намайг түлхэж унагасан. Миний гарыг мушгиж түлхэж унагаад гомдол гаргадаг газраараа яв гэсэн...” гэв.

 

Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Б.Э-гийн өгсөн:

“...Би прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй. Би эхнэр Уранбилэгийн хамт Баянгол дүүргий 20-р хорооны нутаг дэвсгэр “Гэрийн зоог” нэртэй цайны газрыг хувиараа ажиллуулж эхэлсэн. 2019 оны 11 дүгээр сарын эхээр манай цайны газарт И.Х- гэх эмэгтэй хоол бэлтгэгчээр ажилд орсон. Тэр эмэгтэй 10 хоног орчим ажиллаж байгаад ажлаасаа гарсан. Үүнээс хойш 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн үдээс хойш шиг санагдаж байна, яг цагийг нь санахгүй байна Хувьзаяа орж ирээд “ажилласан хоногийнхоо цалинг авъя гэхээр нь манай эхнэр Дархан-Уул аймаг руу явчихсан байгаа, Улаанбаатар хотод ирээд цалинг чинь бодоод өгөх байх гэхэд Хувьзаяа эхлээд орилоод над руу дайраад “би цалингаа авмаар байна” гэхээд байхаар нь би “эхнэр ирж байгаад цалинг чинь бодож өгнө, чи хэлдэг газраа хэлээд ав” гээд над руу дайраад байхаар нь би текний араас гарч иртэл миний цамцнаас зуураад байхаар нь би гарыг нь доош нь дарж салгаад гарнаас түлхээд үүдээр гаргасан. Тэгтэл Хувьзаяа цайны газраас гараад гараа бариад зогсоод байсан. Хувьзаяаг би зодсон зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 23-24/,  

 

Мөрдөн байцаалтад хохирогч И.Х-гийн өгсөн:

“...2019 оны 11 дүгээр сарын 01-нээс 2019 оны 12 дугаар сарын 01-нийг хүртэл 1 сарын хугацаатай БГД-н 20-р хороо Гэрийн зоог цайны газарт бэлтгэгчээр ажилласан юм. Би 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр ирээд цайны газрын эзэн  У-тай ирж уулзаад цалингийн талаар яриад над руу шилжүүлнэ гээд данс авч үлдсэн. Би удаа дараа цалингаа нэхээд өгөөгүй. Би 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр ирэхэд цайны газрын эзэн У-гийн нөхөр Ж- байхаар нь би цалингаа авах гээд 10 гаран хоног явлаа, 250,000 төгрөгийг өгчихгүй дээ гэхэд мөнгө байхгүй цалин өгөхгүй, чи явдаг газраараа явж мөнгөө ав гэсэн. Намайг Ж- хэл амаар доромжлоод хана руу түлхээд байхаар нь Ж-гийн цамцнаас зуурсан. Тэр үед Ж- коридорт намайг түлхээд гарч ирээд миний баруун гарыг мушгиж цамцаа тавиулсан...” гэх мэдүүлэг /хх-н 13-14/,

 

Мөрдөн байцаалтад шинжээч эмч Ө.Сарангэрэлийн өгсөн:

“...Миний 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр гаргасан 652 дугаарын дүгнэлтэд тусгагдсан дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайлбал түлхэх, мушгих зэрэг үйлдлийн үйлдлээр үүснэ...” гэх мэдүүлэг /хх-н 15/,  

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 652 тоот: 

  1. И.Х--н биед тархи доргилт, баруун шуу, тохойн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

  2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

  3. Шинэ гэмтэл байна.

  4. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

  5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-н 13-14/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 28/,

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 29/,

- оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 30/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Б.Э- нь Баянгол дүүргийн 20 дугаар хороо, “Гэрийн зоог” цайны газарт 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хохирогч И.Х-гийн баруун шууг мушгиж, түлхэж унагаан биед нь тархи доргилт, баруун шуу, тохойн зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсгэн, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Б.Э-гийн “...Хувьзаяа эхлээд орилоод над руу дайраад “би цалингаа авмаар байна” гээд байхаар нь би “эхнэр ирж байгаад цалинг чинь бодож өгнө, чи хэлдэг газраа хэлээд ав” гээд над руу дайраад байхаар нь би текний араас гарч иртэл миний цамцнаас зуураад байхаар нь би гарыг нь доош нь дарж салгаад гарнаас түлхээд үүдээр гаргасан...” гэх мэдүүлэг, 

 

хохирогч И.Х-гийн “...Ж- хэл амаар доромжлоод хана руу түлхээд байхаар нь Ж-гийн цамцнаас зуурсан. Тэр үед Ж- коридорт намайг түлхээд гарч ирээд миний баруун гарыг мушгиж цамцаа тавиулсан...” гэх мэдүүлэг,

 

шинжээч эмч Ө.Сарангэрэлийн “...Миний 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр гаргасан 652 дугаарын дүгнэлтэд тусгагдсан дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайлбал түлхэх, мушгих зэрэг үйлдлээр үүснэ...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 652 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Э-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Б.Э-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

Хэргийн хохирогч И.Х-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

 

Хавтаст хэрэгт гэмт хэргийн улмаас учирсан баримт хохирогчийн зүгээс гаргаж өгөөгүй байх тул хохирогч И.Х-г бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Б.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргасан ба шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хуульд зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд шүүгдэгчийн цалин хөлс орлогын талаарх баримт хавтаст хэрэгт авагдаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүхээс шүүгдэгч Б.Э-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Б.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-г 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч И.Х-г гэмт хэргийн улмаас учирсан бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ