| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэнд-Очирын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 106/2020/0242/Э |
| Дугаар | 260 |
| Огноо | 2020-03-16 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Г.Билгүүжин |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 16 өдөр
Дугаар 260
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Бямбасүрэн,
улсын яллагч Г.Билгүүжин,
шүүгдэгч Т.Э, түүний өмгөөлөгч Ц.Амар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:
Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Э-т холбогдох эрүүгийн ____ тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, _____ дугаарын регистртэй, Т.Э-.
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч Т.Э нь 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, Нарны хорооллын 2 дугаар байрны нэг давхарт иргэн Б.Н-ий гар утсыг ашиглан иргэн Б.А-гийн Хаан банкны 5021250097 тоот данснаас 1,740,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Э мэдүүлэхдээ:
“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй харамсаж байна...” гэв.
Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:
Мөрдөн байцаалтад шүүгдэгч Т.Эын өгсөн:
“...Би 2019 оны 12 дугаар сарын 20-ны үед би таксинд явж байсан. Тэгсэн нэг залуу машинд сууж яваад буух газраа ирээд төлбөрөө төлөх гэсэн чинь утас унтарчихсан байна гээд миний утсыг гуйж гүйлгээ хийсэн юм. Би тэр ахад утсаа өгөхдөө record аппликэйшнийг ашиглаад нэвтрэх нэр нууц үгийг нь бичиж авсан. Тэгээд өөрийн 98996162 дугаарын утсаар тэр ахын данс руу нэвтрээд 1,740,000 төгрөгийг гар утас зардаг хүн рүү шилжүүлж гар утас худалдаж авсан. Би тэр хүний данснаас авсан мөнгөө буцаагаад өгчихсөн байгаа. Би ийм үйлдэл хийсэндээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх-н 54-55/,
Мөрдөн байцаалтад хохирогч Б.А-гийн өгсөн:
“...Би 2019 оны 12 дугаар сарын 20-21-нд шилжих шөнө 00 цагийн үед гэртээ ирээд утсаа асаагаад үзэхэд миний Хаан банкны 5021250097 тоот данснаас 1,740,000 төгрөгийн гүйлгээ хийгдсэн мэдээлэл надад ирсэн. Интернет банкаараа орж дансаа шалгахад 2019 оны 12 дугаар сарын 21-ний 22:57 цагт 1,740,000 төгрөгийн зарлага хийгдсэн байсан. Би 00 цаг 30 минутын үед 18001917 дугаар залгаж оператортой холбогдож лавлахад интернет банкны апплейкэшн ашиглаад гүйлгээ хийгдсэн байна гэсэн. Миний данснаас 1,740,000 төгрөгийг Хаан банкны 5163150249 тоот Насан-Эрдэнэ гэх хүний дансанд орсон байсан.
Би 2019 оны 11 дүгээр сарын 21-нээс 22-ны өдрүүдэд албан томилолттой Улаанбаатар хотод очсон. 11 дүгээр сарын 22-ны орой 21 цагийн үед 13 дугаар хорооллоос Төмөр зам руу айлаас юм авах гээд, 13-ын автобусны буудал дээрээс цагаан өнгийн приус-20 маркийн авто машинаар таксидаж төмөр зам орж айлаас юм аваад, буцаад такси барьсан газартаа бууж таксины мөнгөө өгөх гэсэн миний өөрийн гар утас цэнэггүй болчихоод уг таксины жооочийн гар утсыг нь гуйгаад, Хаан банкны интернет банкыг нь ашиглаж таксины мөнгө болох 5,000 төгрөг шилжүүлж, өгчихөөд, таксинаас буугаад харьсан. Тэгээд аймагт буцаж ирээд байж байхад 2019 оны 12 дугаар сарын 20-ны орой 18 цагийн үед цалин орж, дансанд үлдэгдэл 1,800,000 орчим төгрөг байсан, 12-р сарын 20-ны өдөр нийгмийн салбарын шинэ жилийн арга хэмжээнд оролцоод 23 цагийн үед гэртээ очоод утсаа асаатал 1,740,000 төгрөгийн зарлага гарсан гэх мессеж утсанд ирсэн. Надад гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 40-41, 43-44/,
Мөрдөн байцаалтад гэрч Б.Н-ий өгсөн:
“...2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 16 цаг 35 минутанд зарын Үнэгүй.мн групп дээр зар тавьсан. Зар тавиад удаагүй байж байтал ганц нэг хүмүүс сонирхож ярьсан, 99091247 дугаарын утсаар эмэгтэй хүн залгаж ярихдааа утсыг чинь үзье хаана очиж үзэх үү гэхээр нь гэрээ зааж өгсөн, 85176162 дугаараас эрэгтэй хүн утсыг чинь авъя, гэхээр нь бас гэрээ зөөж өгсөн, 30 гаруй минутын дараа 85176162 дугаараас яриад гэрийн чинь гадаа ирсэн байна гэж ярьсан, бид хоёр манай орцны нэг давхарт уулзаад утсаа үзүүлэхэд унтарчихлаа, та интернет банкаа ашиглуулаач гэхээр нь утсаа өгөөд интернет банкаа ашиглуулсан. Тэр залуу миний гар утасны интернет банкаар миний данс руу 1,740,000 төгрөг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-н 47/,
- депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-н 21/
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:
- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 57/
- оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 58/
- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 81/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.
Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч Т.Э нь 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, Нарны хорооллын 2 дугаар байрны нэг давхарт иргэн Б.Н-ий гар утсыг ашиглан иргэн Б.А-гийн Хаан банкны 5021250097 тоот данснаас 1,740,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
шүүгдэгч Т.Эын “...нэг залуу машинд сууж яваад буух газраа ирээд төлбөрөө төлөх гэсэн чинь утас унтарчихсан байна гээд миний утсыг гуйж гүйлгээ хийсэн юм. Би тэр ахад утсаа өгөхдөө record аппликэйшнийг ашиглаад нэвтрэх нэр нууц үгийг нь бичиж авсан. Тэгээд өөрийн 98996162 дугаарын утсаар тэр ахын данс руу нэвтрээд 1,740,000 төгрөгийг гар утас зардаг хүн рүү шилжүүлж гар утас худалдаж авсан...” гэх мэдүүлэг,
хохирогч Б.А-гийн “...Би 2019 оны 12 дугаар сарын 20-21-нд шилжих шөнө 00 цагийн үед гэртээ ирээд утсаа асаагаад үзэхэд миний Хаан банкны 5021250097 тоот данснаас 1,740,000 төгрөгийн гүйлгээ хийгдсэн мэдээлэл надад ирсэн. Интернет банкаараа орж дансаа шалгахад 2019 оны 12 дугаар сарын 21-ний 22:57 цагт 1,740,000 төгрөгийн зарлага хийгдсэн байсан. Би 00 цаг 30 минутын үед 18001917 дугаар залгаж оператортой холбогдож лавлахад интернет банкны апплекэйшн ашиглаад гүйлгээ хийгдсэн байна гэсэн...” гэх мэдүүлэг,
гэрч Б.Н-ий “...85176162 дугаараас яриад гэрийн чинь гадаа ирсэн байна гэж ярьсан, бид хоёр манай орцны нэг давхарт уулзаад утсаа үзүүлэхэд унтарчихлаа, та интернет банкаа ашиглуулаач гэхээр нь утсаа өгөөд интернет банкаа ашиглуулсан. Тэр залуу миний гар утасны интернет банкаар миний данс руу 1,740,000 төгрөг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг, депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Т.Эт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, бодит байдалд нийцсэн, шүүгдэгч Т.Эыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Хохирлын талаар
Мөрдөн байцаалтад хохирогч Б.А-гийн “...Надад гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 40-41, 43-44/-ийг харгалзан шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:
Эрүүгийн хариуцлага оногдуулах шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Т.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналыг гаргасан ба тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг хуульд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, ам бүл 2 охины хамт амьдардаг гэх хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэлээ.
Шүүхээс шүүгдэгч Т.Эт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Т.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Т.Эыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Т.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХ-ЭРДЭНЭ