Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 259

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Бямбасүрэн,

улсын яллагч Г.Ганхөлөг,

шүүгдэгч Б.Ц-, түүний өмгөөлөгч Ц.Баяртогтох нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Ц-т холбогдох эрүүгийн ____ тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, _____ дугаарын регистртэй, Б.Ц-.

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Б.Ц- нь 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянгол худалдааны төвийн гадаа иргэн Б.Б-тэй хувийн таарамжгүй харьцаанаас маргалдаж улмаар Б.Б-гийн цээж рүү өшиглөж, хавсарч унагах зэргээр биед нь халдаж эрүүл мэндэд нь зүүн 3, 4, 5, 6, 7-р хавирганы хугарал, зүүн уушигны няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ц- мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Б.Ц-ын өгсөн:

“...2019 оны 12 дугаар сарын 30-нд манай найз нар болох Т, П, З, Б нартай хамт шөнө 00 цагийн үед хороололд байдаг Фламенго гэх шөнийн цэнгээний газарт орж үйлчлүүлсэн. Тэндээ бид нар 1-шил 0,75 литрийн Соёрхол гэх архи, мөн хүний хоёр шил пиво уусан юм. Тэгээд шөнө 03 цагийн үед манай өөр нэг найз болох Б ирээд мөн нэмж нэг шил 0,75 литрийн архи авч уусан. Баар хаах гээд 04 цаг болоод бид нар гарахаар болоод гадаа П, Б хоёр урд гараад гарсны дараа нь Т бид хоёр гарсан юм. Намайг гараад явж байхад хажууд хэдэн хүн хоорондоо маргаж байгаад Т бид хоёрыг нэг танихгүй залуу дуудсан. Тэгээд яасан гээд асуусан чинь яасан гээд намайг шууд куртикны малгайгаар доош дараад гараараа цохисон. Тэгээд манай найз Т хажуугаас нь татаад салгах гээд салахгүй байсан би арай гэж толгойгоо гаргаад цээж рүү нь түлхэж унагаагаад хажуугаас нь нэг хоёр удаа өшиглөсөн бөгөөд энэ үед манай найз П Тыг холд гээд намайг салгасан тэгээд байж байхад нөгөө хохирогч болох залуугийн найз Б гээд манай гэрийн орчим байдаг ах ирээд бид нарыг бацаанууд зайл гээд хөөгөөд байсан. Энэ үед манай өөр нэг найз болох Б-хаан гарч ирэхэд Бээ ахыг бид нарыг дээрэлхээд байна гэж ойлгоод маргаан хийгээд хэрүүл өдөөд байсан гэхдээ энэ хэд хоорондоо ямар нэг зодоон хийгээгүй П Б ахад манай найз байгаа юм бид нар аваад явлаа гээд салсан. Тэр өдрөө бид нар хорооллын эцэст байж байгаад салсан юм. Гэтэл маргааш орой нь манай төрсөн ах Бямбасүрэнгийн гар утас руу Бээ ах залгаад нөгөө өчигдөр зодуулсан хүн чинь бие нь муу гэмтэл дээр байна гэж хэлээд бид нар очиж уулзсан чинь нөгөө хүний дүү нь гэх залуу бид нараас 15 сая төгрөг өг тэгээд цагдаа гэхгүй салъя гээд байсан бид нар яаж ч хичээгээд уг мөнгийг олох  боломжгүй байгаа талаараа хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-н 59-60/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Б.Б-гийн өгсөн:

“...2019 оны 12 дугаар сарын 30-нд орой манай найз нар болох Б, Х, Б нартай 21 цагийн үед Өргөөгийн хойд талд байдаг Эрхэс гэх пабд уулзсан. Бид нар хоол идээд гарахаар болоод 00 цагийн үед Өргөөгийн замын урд талд байдаг Фламенго гэх бааранд орсон. Бид нар тэндээ ороод хоёр пиво нэг зуун грамм авч уугаад жаахан бүжиглэсэн. 03 цаг өнгөрч байхад гарч тамхи татах гээд ганцаараа гарсан юм. Тэгээд байж байхад үл таних 3-н хүн байсан тэгээд намайг хажуугаар гарах үедээ намайг өдөөд байсан бөгөөд яасан гэнээ залуу гэсэн чинь намайг нөгөө гурван залуугийн намхан нь шанаа руу хальт цохисон. Тэгээд цээж рүү хамт явсан өндөр нь өшиглөсөн. Би яах гээд цохиж байгаа юм гээд намханыг нь цохиод авсан юм гэтэл хамт явсан нэг нь нөгөө намхан залуутай хамт намайг хувцаснаас зуураад замруу чирээд байсан бөгөөд тухайн үед салах гэж байгаад нэг газар уначихсан. Тэгээд нүүрээ дараад байж байхад хажуунаас анх намайг цохисон залуугаас арай нэг өндөр хар ноосон малгайтай урт куртик өмссөн залуу нь зүүн талаас цээж рүү хэд хэдэн удаа өшиглөсөн. Тэгээд би нэг хашлага бетон дээр сууж байхад өөр нэг өндөр залуу ирээд намайг ямар нэг юм хэлэлгүй толгой руу өшиглөсөн. Тэр нь нэг их ноцтой гэмтэл учруулаагүй бөгөөд энэ үед найз нь гэх махлаг залуу гараад ирсэн нөгөө хэдээ цаашаа яв гээд татаад явуулж байсан. Гэтэл манай найз Б хүрч ирээд намайг нөгөө хэдээс салгаад би таних хүмүүс байна гээд байсан. Би тэр өдрөө найз Бий гэрт хоносон боловч цээжээр хөндүүрлэж өвдөөд хажуу тал битүү өвчин болсон байсан бөгөөд маргааш нь буюу 2019 оны 12 дугаар сарын 31-нд гэмтлийн эмнэлэг орж үзүүлэхэд миний зүүн талын 5 хавирга гэмтсэн байна гэж байсан. Тэгээд Б нөгөө хүүхдүүдийг дуудсан манай дүү Алтанхуяг цагдаагийн байгууллагад гомдол гаргаж өгсөн.

Миний зүүн таван хавирга хугарсан уушиг бага зэрэг гэмтсэн бөгөөд цээж хэвлийн зүүн талд хөхөрсөн толгой жаахан өвдөж байсан. Надад эмчилгээнд зарцуулсан зардал болон гэм бурууд нь хуулийн дагуу арга хэмжээ авхуулмаар байна. Надад одоогоор ойролцоогоор эмчилгээнд зарцуулсан зардал баримтаар 500,000 төгрөг орчим гарсан бөгөөд баримтгүй жаахан зүйл гарсан ажил төрөлдөө явж чадахгүй байгаа явдалд гомдолтой байна. Миний зүүн хавирга хугарсан уушиг гэмтсэн нь сүүлд ирж өшиглөсөн залуутай холбоотой гэж бодож байна. Харин нөгөө хэд нь ганц нэг хүрсэн ч ноцтой хохирол учруулаагүй.

Надад учирсан хохирлыг нөгөө залуу бүрэн барагдуулсан. Хэрэг маргаантай холбоотой одоо ямар нэг санал гомдол байхгүй. Миний бие хувийн ажлаар Солонгос улсад ажиллахаар явж байгаа тул одоо энэ хэрэг маргаантай зууралдаад байх сонирхол байхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-н 49-50, 51-52/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Д.Пгийн өгсөн:

“...2019 оны 12 дугаар сарын 29-нд орой 23 цагийн үед найз нар болох Т, Ц, З, Б нартай хорооллын эцэст уулзаад бид нар нэг 2,5 Сэнгүр гэх пиво хувааж уусан. Тэгээд дуусгаад жаахан нэмэхээр болоод Г гээд манай найз ажиллаж байгаа баар гэх Фламенго гэх бааранд орсон. Бааранд ороход цаг 00-01 цаг орчим болж байсан. Бид нар хүний 2 шил 0,5 литрийн Сэнгүр гэх пиво захиалаад нэг шил 0,75 литрийн архи аваад уусан юм. Тэгээд бид нар нилээд удаад байж байхад манай найз Б- ирсэн. Энэ үед цаг ойролцоогоор 03 цаг өнгөрсөн байсан. Тэгээд бид нар нэмж нэг шил 0,75 литрийн Соёрхол гэх архи аваад хувааж уугаад баар хаагаад 03 цаг 30 минут болж байна гээд бид нар гараад явахаар болсон. Тэгээд намайг гарахад Т, Ц нар араас гараад явж байгаа харагдсан. Ц, Т нар танихгүй хүнтэй хэрүүл маргаан хийгээд байсан. Тэгээд би зам гарч унаа авах гээд гараа өргөөд байж байхад нэг хүн Ц-г малгайнаас нь дарсан харин Т салгах гээд байгаа харагдсан. Ц нөгөө хүнийг заамдаад авсан байх шиг байсан. Энэ үед Ц, Т нар нөгөө залууг газар унагаасан. Тэгээд би хараад Тыг татаж салгаад холдуулсан энэ үед Ц- нөгөө ахыг хажуугаас нь өшиглөсөн чинь нөгөө хүний найз гэх хүн нь Бээ гээд манай гэрийн ойролцоо байдаг байсан бөгөөд бид нарыг бацаанууд яадаг болсон юм гээд хөөсөн. Тэгээд би Цт одоо боль ганц хүн зодоод байна гээд цээж рүү нь гараараа түлхсэн. Тэгээд нөгөө хоёрын дундуур ороод болиулсан. Бид нар салаад зам гарах гээд байж байхад Ц эргэж нөгөө залуу руу дайраад байсан тэгж байгаад аваад цаашаа явах гэтэл нөгөө залуу нь өндийгөөд төмөр дээр суусан байсан чинь Ц толгой руу нь малгайгаараа цохиод зөрсөн. Тэгээд замын цаана гараад эргээд харахад Б- үлдсэн нөгөө хохирогчийн найз Бээ ахтай маргаад байгаа харагдсан. Бид нар буцаад зам гарч Б ахтай маргаж байсан Б- дээр очоод манай ах байгаа юм боль гээд салгасан гэтэл Билгүүтэй ах зөрөөд дайраад байсан бид нар ахаа манай найз байгаа юм бид хэд аваад явъя гэж хэлээд салаад такси бариад манай гэрийн гадаа Цын хамт очоод буусан. Тэгээд Б-, Т, Б, З нар ирээд бид нар жаахан юм ярьж байгаад салсан. Харин маргааш нь Бээ ах залгаад нөгөө хүн нь гэмтсэн байна гэмтлийн эмнэлэгт байна гэнэ гэсэн. Тэгээд би хамт очсон гэтэл нөгөө хүн нь бид нарт одоо гомдлоо авч болно та нар 15 сая төгрөг өг гэсэн...” гэх мэдүүлэг /хх-н 12-13/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Э.Зын өгсөн:

“...2019 оны 12 дугаар сарын 29-нд оройн 23 цагийн үед найз Т, Ц, П, Б нартай хорооллын эцэст уулзаад бид нар нэг 2,5 литрийн Сэнгүр гэх пиво хувааж уусан. Тэгээд дуусгаад дахиж нэг ширхэг 2,5 литрийн Сэнгүр гэх пиво авсан. Би машин барьж байсан болохоор уугаагүй бөгөөд баар орно гээд хороололд байдаг Өргөөгийн замын урд талд байрлах фламенго гэх шөнийн цэнгээний газар очиж тэндээ бид нар хүний нэг нэг пиво авсан. Тэгээд эхлээд нэг шил 0,75 литрийн Соёрхол гэх архи авч уугаад дуусгаад байж байхад манай өөр нэг найз болох Б-хаан ирсэн. Бид нар ахиж нэг 0,75 литрийн архи аваад хувааж ууцгаасан. Тэгээд баар хаахаар болоод шөнө 03 цаг 30 минут орчим болж байсан бөгөөд бид нар цуваад гарсан. Тухайн үед Ц, П, Т нар түрүүлээд гарсан. Араас нь би Бтэй гарч яваад цамцсаа мартсан байна гээд Б хэлэхээр нь эргэж ороод цамцаа хайж олоод гадаа гарах гэж байгаад үүдэнд хоёр залуутай муудалцаад хамгаалагч нар болон Б нар салгасан юм. Тэгээд гадаа гараад ирэхэд Т, Ц нар цаашаа алхаад харин Б- манай тэнд байдаг Бээ ахтай маргаан хийгээд байгаа харагдсан. Би юу болсон талаар асуухад надад Ц- Тодоо нар нөгөө хүнтэй маргаан хийгээд зодоон болсон гээд хэлсэн. Тэгээд би нөгөө хохирогч гэх эрэгтэйг төмөр дээр сууж байхад нь толгой орчим нь нэг удаа өшиглөсөн юм. Тэгээд зам гараад бид нар хоёр хуваагдаад Т машинаа бариад явсан. Ц- П нар өөр унаатай явсан байсан бөгөөд бид нар утсаар яриад хорооллын Сот-н байран дунд уулзаад салсан. Маргааш нь Бээ ах Ц-гийн ахтай утсаар яриад нөгөө хүн гэмтлийн эмнэлэгт хэвтэж байгаа гэж хэлээд бид нар очиж уулзахад нөгөө хүн нь бид нартай 15,000,000 төгрөг өгвөл гомдол гаргахгүй гэж хэлсэн. Бид нар уг нэхэмжилсэн мөнгө нь байхгүй байгаа учир ахиж уулзаагүй...” гэх мэдүүлэг /хх-н 15-16/,

 

Мөрдөн байцаалтад гэрч З.Бийн өгсөн:

“...2019 оны 12 дугаар сарын 30-нд орой ажил тараад харих гээд 00 цагийн үед манай найз нар болох З, П, Б-, Т, Ц нар хорооллын эцэст байна гэхээр нь би яваад очсон. Энэ үед манай найз нар Тын машинд пиво уугаад байж байсан. Тэгээд намайг очсноос хойш юм нэмээгүй байж байгаад баар орно гээд Өргөөгийн урд байдаг Фламенго гэх бааранд орсон. Тэндээ хоёр шил 0,75 литрийн архи аваад мөн пиво авч суусан. Тэгээд байж байхад манай өөр нэг найз болох Б- ирсэн байсан. Баар хаах цаг болоод бид нар гарахаар болсон. З цамцаа олохгүй байна гээд байсан учраас би хамт цамцыг нь хайж олоод гарах гээд шатаар өгсөөд гарахад Ц-гийн ах гэх залуу нэг хүнтэй маргаан хийгээд байсан бөгөөд манай найз нарын нэг нь өөр хүмүүс рүү дайраад байгаа харагдсан. Тэгээд байж байхад манай найз З нөгөө газар сууж байсан нэг залууг нь толгой руу нь өшиглөсөн. Тэгээд би араас нь Зыг түлхээд цаашаа гарсан энэ үед манай бусад найз нар мөн цуваад зам гарсан. Тэгээд зам гараад Т, З бид гурав унаанд суугаад хорооллын эцэс дээр очсон. Манай хэд тэндээ жаахан юм ярьж байгаад салсан маргааш нь нөгөө маргаан зодоон хийсэн гэх хүн нь гэмтлийн эмнэлэгт хэвтэж байна гээд бид нар хамт очиж уулзахад нөгөө хохирогч гэх хүн бидэнд 15,000,000 төгрөгийн хохирол барагдуулвал гомдол байхгүй гэж хэлсэн...” гэх мэдүүлэг хх-н 27-28/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Т.Б-хааны өгсөн:

“...2019 оны 12 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө би ажил тараад 03 цаг өнгөрч байхад манай найз П надруу утсаар залгаад хүрээд иp гэхээр нь яваад очсон. Тэгээд намайг тэр хэдийн байгаа Баянгол дүүргийн Өргөөгийн замын урд талд байдаг Фламенго гэх бааранд ирэхэд цаг 03 цаг болж байсан бөгөөд ороод нэг шил архи аваад ширээнд суусан. Тэгээд 04 цаг 20 минут болж байхад баар хаахаар болоод бид нар гарсан. Намайг гарахад манай найз нар зарим нь гарсан байсан бөгөөд би гадаа гараад ирэхэд нэг шар куртик өмссөн хүн намайг хөөе нааш иp...гээд байсан. Би яасан юу болсон гээд асуутал чамайг ална шүү гээд байсан тэгээд би өөдөөс нь ганц нэг үг хэлсэн тэгээд байж байхад Ц- ирээд намайг наад хүн чинь манай ахын найз байгаа юм, боль гэсэн. Намайг нөгөө ахаасаа уучлалт гуй гэхээр нь би очиж уучлалт гуйсан гэтэл намайг алнаа гээд л байсан. Тэгээд би нэгийн эсрэг нэг үзье гээд байсан бөгөөд манай найз Ц- намайг боль гээд араас тэврээд байсан явсаар байгаад зам гаргасан. Тэгээд байж байхад нөгөө танил гэх ах нь араас дагаад гараад ирсэн бөгөөд гэнэт нэг танихгүй залуу наадуул чинь намайг зодчихлоо гээд хашгираад байсан. Тэгээд нөгөө ах нь гэх Б гээд залуу намайг араас хий цохиод авахаар нь би наадах чинь яах гээд байгаа юм гээд би зөндөө уучлалт гуйсан одоо болоо наад хүн чинь та нарын ах болохоос миний ах биш гэсэн манай найз нар боль гэсээр байгаад намайг унаанд суулгаад Золбаяр, Т, Б нар аваад явсан. Тэгээд бид нар хорооллын эцэст нөгөө хамт байсан Даваа, Ц- нартай уулзаад би жаахан байж байгаад гэртээ харихаар явсан. Харин маргааш нь буюу 12 дугаар сарын 31-нд нэг хүний бие муу байна гээд хэлсэн тэгээд би тухайн өдөр нь итгэхгүй байж байгаад манай хүүхэд бие нь муу байсан бөгөөд эмнэлэг дээр байж байгаад маргааш нь буюу 2020 оны 01-р сарын 01-нд би ээжийн хамт очиж уулзсан. Тэгээд эмчилгээний зардал нэхээд байсан бөгөөд өгнө гэсэн чинь маргааш өдөр нь 15 сая төгрөг нэхээд байсан харин бид нар нөгөө хүний ээж дүү нар нь гэх хүмүүс амийг нь солино гээд хашгираад байсан. Тэгээд манай ээж эмчлэгч эмчтэй нь уулзсан чинь таван хавирга хугарсан гэх боловч цуурлыг мөн хугарал гэж нэрлэдэг гэж байсан. Хөдөлмөрийн чадвар тэгж олон хоног алдаад байх зүйл байхгүй гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-н 30-31/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.Тын өгсөн:

“...2019 оны 12 дугаар сарын 30-нд манай найз нар болох Ц-, З, Б, Даваа нартай хорооллын эцэст байдаг Сот-ын байран дунд уулзацгаасан. Би машинтайгаа очсон байсан бөгөөд машин дотор 2 ширхэг 2,5 литрийн Сэнгүр гэх пиво уусан. Тэгээд ойролцоогоор 00-01 цагийн үед баар орохоор шийдээд бид нар унаа аваад Өргөөгийн урд байдаг Фламенго гэх бааранд орсон. Тэндээ бид нар нэг шил 0,75 литрийн Соёрхол гэх архи хувааж уугаад хүний хоёр шил пиво мөн уусан. Тэгээд байж байхад 03 цагийн үед манай найз болох Б- ирсэн. Б- нэг шил 0,75 литрийн архи аваад уусан. Тэгээд баар хааж байхад бид нар гарахаар болоод гарсан. Намайг гарч байхад манай найз Ц хамт гарсан Ц- бид хоёр гадаа гараад ирэхэд үл таних эрэгтэй хүн Ц-г харчихаад чи яагаад байгаа юм гээд хэлсэн чинь Ц-г заамдаад авсан. Тэгээд Цыг малгайгаар нь доош дараад сонгинодоод авсан байхаар нь очиж салгах гэтэл тавихгүй байхаар нь би гараараа шанаа орчим нь цохисон гэтэл нөгөө залуу гараа тавьсан чинь Ц- нөгөө залууг хөлөөрөө хавсарсан чинь газар уначихсан. Тэгээд П замын цаанаас хүрч ирээд намайг эхлээд холдуулаад дараа нь Ц-г салгасан гэтэл нэг ах бацаанууд яадаг болсон юм гээд байсан манай зарим найз нэрийг нь мэдээд байсан. Энэ үед бид нартай зодоон хийгээд байсан залуу авто зогсоолын хашлага төмөр дээр сууж байсан. Нэг мэдсэн чинь манай найз Б- гараад ирсэн нөгөө ахтай хэрэлдээд байгаа харагдсан. Тэгэхээр нь манай найз нар салгаад хорооллын эцэс орсон. Тэгээд жаахан юм ярьж байгаад тараад гэр гэртээ харьсан бөгөөд маргааш нь манай найз Ц залгаад өчигдрийн хүн эмнэлэгт байна гэнээ гэж хэлсэн. Би тухайн өдөр ажилтай байсан болохоор амжаагүй нөгөөдөр нь эмнэлэг орж уулзсан гэтэл нөгөө хүн Уушиг хий орсон 5-н хавирга гэмтсэн байна гээд бид нарыг 15 сая төгрөг өг гэсэн тэгээд бид нар нийлээд уг мөнгийг өгч болохгүй болохоор цагдаагийн байгууллагаар шалгуулъя гэж хэлсэн тэгээд цагдаагаас дуудсан цаг тухай бүрт нь ирж байгаа...” гэх мэдүүлэг /хх-н 32-33/,

 

- Хохирогч Б.Б-гийн “...хохирлыг бүрэн барагдуулсан тул ямар нэг хүсэлт санал гомдол байхгүй...” гэх хүсэлт /хх-н 61/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 1059 тоот:

1. Б.Б--н биед зүүн 3,4,5,6,7-р хавирганы хугарал, зүүн уушигны няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.

3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заагдсанаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алагдуулах эсэх нь гэмтлийн эдгэрэл, эмчилгээнээс хамаарна.

5. Дээрхи гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна гэх дүгнэлт /хх-н 40-41/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 67/,

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 68/,

- оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 69/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Б.Ц- нь 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянгол худалдааны төвийн гадаа иргэн Б.Б-тэй хувийн таарамжгүй харьцаанаас маргалдаж улмаар Б.Б-гийн цээж рүү өшиглөж, хавсарч унагах зэргээр биед нь халдаж эрүүл мэндэд нь зүүн 3, 4, 5, 6, 7-р хавирганы хугарал, зүүн уушигны няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Б.Ц-ын “...би арай гэж толгойгоо гаргаад цээж рүү нь түлхэж унагаагаад хажуугаас нь нэг хоёр удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг,

 

хохирогч Б.Б-гийн “...нүүрээ дараад байж байхад хажуунаас анх намайг цохисон залуугаас арай нэг өндөр хар ноосон малгайтай урт куртик өмссөн залуу нь зүүн талаас цээж рүү хэд хэдэн удаа өшиглөсөн.

...Миний зүүн хавирга хугарсан уушиг гэмтсэн нь сүүлд ирж өшиглөсөн залуутай холбоотой гэж бодож байна. Харин нөгөө хэд нь ганц нэг хүрсэн ч ноцтой хохирол учруулаагүй...” гэх мэдүүлэг,

 

гэрч Д.Пгийн “...Ц, Т нар танихгүй хүнтэй хэрүүл маргаан хийгээд байсан. Тэгээд би зам гарч унаа авах гээд гараа өргөөд байж байхад манай үлдсэн найз нар болох Ц, Т нар нэг хүн Ц-г малгайнаас нь дарсан харин Т салгах гээд байгаа харагдсан. Ц нөгөө хүнийг заамдаад авсан байх шиг байсан. Энэ үед Ц, Т нар нөгөө залууг газар унагаасан тэгээд би хараад Тыг татаж салгаад холдуулсан энэ үед Ц- нөгөө ахыг хажуугаас нь өшиглөсөн...” гэх мэдүүлэг,

 

гэрч Э.Зын “...гадаа гараад ирэхэд Т, Ц нар цаашаа алхаад харин Б- манай тэнд байдаг Бэлгүүнээ ахтай маргаан хийгээд байгаа харагдсан. Би юу болсон талаар асуухад надад Ц-, Тодоо нар нөгөө хүнтэй маргаан хийгээд зодоон болсон гээд хэлсэн...” гэх мэдүүлэг,

 

гэрч З.Бийн “...З цамцаа олохгүй байна гээд байсан учраас би хамт цамцыг нь хайж олоод гарах гээд шатаар өгсөөд гарахад Ц-гийн ах гэх залуу нэг хүнтэй маргаан хийгээд байсан бөгөөд манай найз нарын нэг нь өөр хүмүүс рүү дайраад байгаа харагдсан. ...маргааш нь нөгөө маргаан зодоон хийсэн гэх хүн нь гэмтлийн эмнэлэгт хэвтэж байна гээд бид нар хамт очиж уулзсан...” гэх мэдүүлэг,

 

гэрч Т.Б-хааны “...намайг гарахад манай найз нар зарим нь гарсан байсан бөгөөд би гадаа гараад ирэхэд нэг шар куртик өмссөн хүн намайг хөөе нааш иp ... гээд байсан. Би яасан юу болсон гээд асуутал чамайг ална шүү гээд байсан тэгээд би өөдөөс нь ганц нэг үг хэлсэн тэгээд байж байхад Ц- ирээд намайг наад хүн чинь манай ахын найз байгаа юм боль гэсэн тэгээд намайг нөгөө ахаасаа уучлалт гуй гэхээр нь би очиж уучлалт гуйсан гэтэл намайг алнаа гээд л байсан. Тэгээд би нэгийн эсрэг нэг үзье гээд байсан бөгөөд манай найз Ц- намайг боль гээд араас тэврээд байсан явсаар байгаад зам гаргасан. Тэгээд байж байхад нөгөө танил гэх ах нь араас дагаад гараад ирсэн бөгөөд гэнэт нэг танихгүй залуу наадуул чинь намайг зодчихлоо гээд хашгираад байсан...” гэх мэдүүлэг,

 

гэрч Б.Тын “...Ц- бид хоёр гадаа гараад ирэхэд үл таних эрэгтэй хүн Ц- харчихаад чи яагаад байгаа юм гээд хэлсэн чинь Ц-г заамдаад авсан. Тэгээд Цыг малгайгаар нь доош дараад сонгинодоод авсан байхаар нь очиж салгах гэтэл тавихгүй байхаар нь би гараараа шанаа орчим нь цохисон гэтэл нөгөө залуу гараа тавьсан чинь Ц- нөгөө залууг хөлөөрөө хавсарсан чинь газар уначихсан.

...маргааш нь манай найз Ц залгаад өчигдрийн хүн эмнэлэгт байна гэнээ гэж хэлсэн. Би тухайн өдөр ажилтай байсан болохоор амжаагүй нөгөөдөр нь эмнэлэг орж уулзсан гэтэл нөгөө хүн Уушиг хий орсон 5-н хавирга гэмтсэн байна гээд бид нарыг 15 сая төгрөг өг гэсэн тэгээд бид нар нийлээд уг мөнгийг өгч болохгүй болохоор цагдаагийн байгуулагаар шалгуулъя гэж хэлсэн тэгээд цагдаагаас дуудсан цаг тухай бүрт нь ирж байгаа...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 1059 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Ц-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Б.Ц-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

Хэргийн хохирогч Б.Б-гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

 

Хохирогч Б.Б-гийн “...Надад учирсан хохирлыг нөгөө залуу бүрэн барагдуулсан. Хэрэг маргаантай холбоотой одоо ямар нэг санал гомдол байхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 49-50, 51-52/, “...хохирлыг бүрэн барагдуулсан тул ямар нэг хүсэлт санал гомдол байхгүй...” гэх хүсэлт /хх-н 61/ зэргийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Б.Ц-т холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг бүрэн хангасан, прокуророос Б.Ц-ыг 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ялын саналаа танилцуулж, гарын үсэг зуруулсан нь шүүгдэгч эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн байх тул шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж дээрх торгуулийн ялыг оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Ц-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Б.Ц-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц-ыг 550 /таван зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц-ыг торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, шүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Ц-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ