Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 255

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өсөхжаргал,

улсын яллагч А.Баясгалан,

шүүгдэгч Ч.Ж- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ч.Ж-т холбогдох эрүүгийн ____ тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, _____ дугаарын регистртэй, Ч.Ж-.

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Ч.Ж- нь 2020 ооны 01 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө 00 цагийн үед Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүн Нарангийн 15 дугаар гудамжинд таксины төлбөрөөс үүссэн маргааны улмаас иргэн О.А-гийн нүүр тус газар нь цохиж биед нь зүүн нүд алим, зүүн зовхинд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Ж- мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Ч.Ж-ын өгсөн:

“...2020 оны 01 дүгээр сарын 13-нд манай дүү төрсөн өдөр болж байна гээд дуудаад Баянгол дүүргийн 14-р хороо Сөхий дэлгүүрийн ард ажил дээр нь архи уусан. Тэгээд эхнэртэйгээ гараад гэртээ харих гээд Сөөхий дэлгүүрийн урдаас такси бариад гэрлүүгээ явсан. Гэрийн гадаа очоод уг таксины жолоочтой маргаад уг жолоочийг цохьчихсон. Би цохисон гэм буруугаа ухаарч бид хоёр сайн дурын үндсэн дээр эвлэрсэн...” гэх мэдүүлэг /хх-н 40-41/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч О.А-гийн өгсөн:

“...2020 оны 01 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө Сөөхий дэлгүүрийн орчим өөрийн машинтайгаа явж байхад эрэгтэй, эмэгтэй хоёр гараа өргөхөөр нь хаашаа явахыг нь асуухад Номингоос хойшоо ойрхон гэхээр нь би ойрхон болохоор хүргэж өгөх санаатай машиндаа суулгаад явсан. Баянгол дүүргийн 22-р хорооноос хойшоо явсан гэрийнхээ гадаа ирж байна чиний муу сэг гарахгүй байх гэсэн. Тэгээд араас татаад миний шилэн хүзүү рүү цохисон би машинаас буугаад хаалгыг нь онгойлгоод буу гэхэд буухгүй байсан. Тэгээд машинаас буугаад миний зүүн нүд хэсэгт хоёр удаа цохисон. Хажууд нэг хүүхэд явж байсан би цагдаа дуудчих гэхэд цагдаа дуудсан. Тэгэхэд нөгөө согтуу залуу явчихсан. Намайг зодсон залууг хажуугийн хашаанаас дүү нь гэх нэг залуу гарч ирээд аваад орсон. Би гэрлүүгээ явж байхад цагдаагаас ярьж байна гээд дуудсан тэгээд цагдаагийн газар ирсэн. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 22-23/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Э.Б-гийн өгсөн:

“...2020 оны 01 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 14-р хороо Сөөхий дэлгүүрийн хажууд дүүгийн төрсөн өдөр гээд нөхөр Ж-тай хамт очоод гурван шил архи зургуулаа хувааж уугаад гараад гэртээ харих гээд такси бариад явсан. Таксины мөнгө 5,000 төгрөг нэхсэн манай нөхөр юу гэж 5,000 гардаг юм гээд маргалдсан. Заамдалцахаар нь би салгах гээд дийлэхгүй байсан. Дүүг дуудаад салгуулаад тэгээд гэртээ ороод унтуулсан. Таксины жолооч цохиулсан гэж байсан харахад нүд хөмсөг орчим жижиг хөхөрсөн байсан...” гэх мэдүүлэг /хх-н 26-27/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Ч.Э-ын өгсөн:

“...2020 оны 01 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө гэртээ байхад манай бэр эгч намайг ах чинь хүнтэй маргалдаад байна гэсэн. Би гэрээс гарахад хашааны гадаа ах Ж- таксины жолооч гээд хүнтэй барилцаад заамдалцаад зогсож байсан. Би салгаад гэртээ ор амар гээд оруулсан. Тухайн үед уг жолооч ах намайг цохисон гэж байсан. Би харахад зүүн нүд нь улайсан байсан...” гэх мэдүүлэг /хх-н 28-29/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 1491 тоот:

1. О.А--н биед зүүн нүдний алим, зүүн зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-н 32-33/,

 

- хохирогч О.А-гийн “...Ж-тай сайн дураар эвлэрсэн, хохирлын маргаан байхгүй хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү..” гэх хүсэлт /хх-н 71/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 44/,

- оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 45/,

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 61/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Ч.Ж- нь 2020 оны 01 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө 00 цагийн үед Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүн Нарангийн 15 дугаар гудамжинд таксины төлбөрөөс үүссэн маргааны улмаас иргэн О.А-гийн нүүр тус газар нь цохиж биед нь зүүн нүд алим, зүүн зовхинд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Ч.Ж-ын “...таксины жолоочтой маргаад уг жолоочийг цохьчихсон....” гэх мэдүүлэг /хх-н 40-41/,

 

хохирогч О.А-гийн “...араас татаад миний шилэн хүзүү рүү цохисон би машинаас буугаад хаалгыг нь онгойлгоод буу гэхэд буухгүй байсан. Тэгээд машинаас буугаад миний зүүн нүд хэсэгт хоёр удаа цохисон...” гэх мэдүүлэг,

 

гэрч Э.Б-гийн “...Таксины жолооч цохиулсан гэж байсан харахад нүд хөмсөг орчим жижиг хөхөрсөн байсан...” гэх мэдүүлэг,

 

гэрч Ч.Э-ын “...уг жолооч ах намайг цохисон гэж байсан. Би харахад зүүн нүд нь улайсан байсан...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 1491 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ч.Ж-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Ч.Ж-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

Хэргийн хохирогч О.Авирмядагийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

 

хохирогч О.А- нь “...Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 22-23/, “...Ж-тай сайн дураар эвлэрсэн, хохирлын маргаан байхгүй хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү..” гэх хүсэлт /хх-н 71/ зэргийг харгалзан шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Ч.Ж-т холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарч байгаа, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг бүрэн хангаж, прокуророос Ч.Ж-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялын саналаа танилцуулж, гарын үсэг зуруулсан нь шүүгдэгч эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн байх тул шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж дээрх торгуулийн ялыг оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүхээс шүүгдэгч Ч.Ж-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Ч.Ж-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ж-ыг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ж-ыг торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

            4. Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ч.Ж-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ