| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энэбишийн Золзаяа |
| Хэргийн индекс | 101/2016/05543/и |
| Дугаар | 85 |
| Огноо | 2016-12-28 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 12 сарын 28 өдөр
Дугаар 85
О.Нарансувдын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2016/06154 дүгээр шийдвэртэй,
Нэхэмжлэгч О.Нарансувдын нэхэмжлэлтэй,
Хариуцагч Б.Билгүүнд холбогдох,
Автомашин худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах, автомашиныг өөрийн өмчлөлд буцаан авах тухай иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч: О.Нарансувд
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Н.Нарантуяа
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.Буянжаргал
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Цолмон нар оролцов.
Нэхэмжлэгч О.Нарансувд шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Надад мөнгөний шаардлага гарч 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдөр иргэн Б.Билгүүнээс 30 000 000 төгрөгийг зээлж, зээлийн гэрээний барьцаа болгож өөрийн өмчлөлийн, Япон Улсаас оруулж ирсэн, Англи Улсад үйлдвэрлэсэн, 11-11 УНЯ улсын дугаартай, Ягуар Икс Жей маркийн, 130 000 ам.долларын үнэтэй автомашинаа худалдах, худалдан авах гэрээ байгуулж Б.Билгүүний өмчлөлд түр шилжүүлэн өгсөн.
Би зээлсэн мөнгөө төлж чадаагүй байгаа нь үнэн боловч миний өндөр үнэтэй, Монголд үүнээс өөр орж ирээгүй, шинээрээ байгаа автомашиныг надад мөнгөний хэрэгцээ, шаардлага гарсныг далимдуулан итгэл үнэмшил төрүүлэн, хуурч мэхлэн барьцааны гэрээгээр биш автомашин худалдах, худалдан авах гэрээгээр өөрийн өмчлөлд шилжүүлэн авч, битүүмжлэн лац, ломбо дарж автомашиныг хөдөлгөхгүй байх талаар амаар тохиролцож хүлээлгэн өгсөн байтал тэрээр автомашиныг дур мэдэн, лац ломбыг хуулан авч, замын хөдөлгөөнд оролцон зам тээврийн осол гаргаж, эвдэж гэмтээн, өөрийн өмч мэтээр зарж борлуулах гэж байгаад гомдолтой байна.
Түүнээс гадна өвөл хөдөлгөөнд оролцуулдаггүй байсан автомашинд учруулсан гэмтлийг засварласан гэсэн боловч машинд сэв орчихсон байсан.
Худалдах, худалдан авах гэрээг шахалтаар хийсэн.
Иймд автомашин худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр буст тооцон хүчингүй болгож, Б.Билгүүний өмчлөлд түр шилжүүлэн өгсөн автомашиныг буцаан О.Нарансувд миний өмчлөлд шилжүүлж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Билгүүн шүүхэд гаргасан тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Билгүүн нь 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдөр эхнэрийн танил болох Х.Энхжаргалын санал болгосноор уг автомашиныг худалдан авсан болно. Худалдан авахаас өмнө нэхэмжлэгч О.Нарансувд болон түүний нөхөр н.Мэндбаяр нар нь уг автомашиныг Сайн ломбардад тавьж мөнгө зээлсэн байсан бөгөөд “зээлийн хугацаа хэтэрч хураагдах гээд байна, уг ломбарднаас машинаа аваад Пийс Молл дэлгүүрийн 8 давхарт байрладаг банк бус санхүүгийн байгууллагад тавиад мөнгийг чинь гаргаад өгье, банк бус санхүүгийн байгууллагатай яриа тохирсон байгаа тул санаа зоволтгүй” гэж амлаад 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдөр иргэн Х.Энхжаргал, Ш.Батчимэг нараар өдрийн 2 хувийн хүүтэйгээр 24 000 000 төгрөгөөр Сайн ломбардаас машинаа чөлөөлүүлсэн байсан.
Пийс Молл дахь банк бус санхүүгийн байгууллага нь 30 000 000 төгрөгийн үнэлгээнд хүрэхгүй гээд аваагүй бөгөөд мөн Уран ган ломбардад уг машиныг авахаас татгалзсан байсан.
30 000 000 төгрөгийг нэг сарын 8 хувийн хүүтэй, хоног тутамд 0,5 хувийн алданги хүлээхээр 10 хоногийн хугацаатай зээлийн гэрээг өөрсдөө гараараа бичиж өгч гарын үсэг зурсан. О.Нарансувд нь уг машинаа өөрөө үнэлж гаргасан дүн болно. 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хугацаа дууссаныг сануулж ярьсан, мессеж явуулсан бөгөөд ямар ч хариу өгөөгүй, үндсэн зээл, хүү, алдангиас нэг ч төгрөг төлөөгүй болно.
2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл хүлээсэн боловч ямар ч хариу өгөөгүй тул уг машиныг зарах арга хэмжээ авахын тулд сонирхож байгаа хүмүүст нь очиж үзүүлэх байдлаар хөдөлгөөнд оролцож байгаа нь үнэн. Тухайн үедээ өөрсдийн хэрэгцээнд зориулж гуйж, ярьж тохиролцон гэрээ хийж гарын үсэг зурж баталгаа гаргаж өгсөн бөгөөд бид гэрээгээр тохиролцсоны дагуу уг машиныг борлуулах эрхтэй гэж ойлгож байна.
Иймд О.Нарансувдын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 58.2.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч О.Нарансувдын 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хариуцагч Б.Билгүүнтэй байгуулсан автомашин худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, 11-11 УНЯ улсын дугаартай, автомашиныг өөрийн өмчлөлд авах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 307 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 20399 тоот захирамжаар хариуцагч Б.Билгүүний өмчлөлийн, 11-11 УНЯ улсын дугаартай, SAJWA1CBLVO7104 арлын дугаартай, JAGUAR XJ маркийн автомашиныг битүүмжилсэн арга хэмжзэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2 дахь хэсэгт зааснаар мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурдаж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэж гомдол гаргаж байна.
Надад 2016 оны 03 дугаар сарын.04 ний өдөр мөнгөний хэрэгцээ гарсан байхад зээл чөлөөлөх үйлчилгээ үзүүлдэг хүмүүс Б.Билгүүн гэгчтэй уулзуулж, улмаар мөнгө зээлэхээр болж 30 000 000 төгрөгийн зээлийг 1 сарын хугацаатай, 8 хувийн хүүтэйгээр зээлж авч, зээлийн барьцаанд өөрийн 11 11 УНЯ улсын дугаартай, JAGUAR XJ маркийн 130 000 000 төгрөгийн үнэтэй автомашинаа тавих гэхэд Б.Билгүүн “барьцааны гэрээ хийхгүй, заавал худалдах, худалдан авах гэрээ хийж, нэр дээр шилжүүлж өг” гэсэн шаардлага тавьсан тул аргагүйн эрхэнд барьцаа гэж амаар хэлэлцэн тохиролцож шилжүүлж өгсөн. Ингэхдээ гараар “Уг машиныг зараагүй барьцаанд тавьсан болно гэж бичиж автомашиныг унахгүй тогтсон газар битүүмжилж тавьна” гэсэн хэлцэл хийсэн. Миний бие хуулийн мэдлэг байхгүй бөгөөд тухайн үед Б.Билгүүнтэй амаар тохиролцон барьцаа хөрөнгө шилжүүлж байна гэж ойлгон түүнд итгэн хэлсэн ёсоор нь гэрээ хийсэн. Түүнийг шууд 1 сарын дотор унаад, зарах хэмжээнд хүрнэ гэж төсөөлөөгүй, би зээл, зээлийн хүүгээ төлөөд өөрийн автомашинаа авах юм чинь найдвартай хүн байна гэж л бодсон гэдгийг нотолсоор байхад анхан шатны шүүхээс уг хэлцлийг Иргэний хуулийн 58.2.1-т заасан тохиолдол гэж үзэхгүй байгаа нь ойлгомжгүй байна.
Мөн анхан шатны шүүх талуудын худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр гэрээ хэлэлцээр гэж дүгнэсэн нь хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан.
Автомашин өө сэвгүй байсан бөгөөд Б.Билгүүнтэй автомашиныг хөдөлгөхгүй байх талаар амаар тохиролцсон байтал тэрээр автомашиныг дур мэдэн, лац ломбыг хуулан авч замын хөдөлгөөнд оролцон зам тээврийн осол гаргаж, эвдэж гэмтээн, өөрийн өмч мэтээр зарж борлуулах гэж байгаа болон миний өмчийг хууль бусаар эзэмшин өмчлөгчид огт хэлэлгүй унаж, эвдэлсэн, бусдын өмч хөрөнгөд дур мэдэн халдсан тухай хариуцагчаас асуулгахаар шүүхэд амаар гаргасан хүсэлтийг хангаагүй, хариуцагч Б.Билгүүнийг шүүх хуралд оролцуулаагүй.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас нотлох баримт гаргуулах хүсэлтийг итгэмжлэгдсэн төлеөлөгч Н.Буянжаргал нь хариуцагчаас өөрөөс нь асуулгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт зааснаар бичмэл нотлох баримтыг гаргахыг шалтгаангүйгээр биелүүлээгүй асуудлыг хэлэлцээгүй орхисон. Мөн шүүхийн ажиллагааны явцад Б.Билгүүн нь нэхэмжлэгч надаас зээлийн хүү алдангиа нэхсээр байсан бөгөөд миний бие уг зээл, зээлийн хүүгийн хамт төлөхдөө автомашины эвдрэл гэмтэл элэгдэл хорогдлын мөнгийг тооцож байж төлөхийг хүлээн зөвшөөрдөг, энэ талаар шүүх хурлын тэмдэглэл, мөн хариуцагчийн 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн хариу тайлбараар нотлогдоно. Үүнээс харахад хариуцагч нь 30 000 000 төгрөгийг зээлж, барьцаанд нь автомашиныг 1 сарын хугацаанд байлгаж байсан болох нь нотлогдоно.
Иймд давж заалдах шатны шүүхээс анхан шатны шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчснөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
Нэхэмжлэгч О.Нарансувд нь хариуцагч Б.Билгүүнд холбогдуулж автомашин худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, автомашиныг өөрийн өмчлөлд буцаан шилжүүлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Талуудын хооронд 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдөр байгуулагдсан “Автомашин худалдах, худалдан авах гэрээ” баримтаар хэрэгт авагдсан байна.
Уг гэрээг байгуулахдаа нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг хариуцагчтай байгуулсан 30 000 000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 130 000 ам.долларын үнэ бүхий автомашиныг барьцаалсан ба худалдах, худалдан авах гэрээг ноцтой төөрөгдлийн улмаас байгуулсан тул хүчин төгөлдөр бус гэж тайлбарлажээ. Уг гэрээний зүйл нь 11-11 УНЯ улсын дугаартай, Ягуар Икс Жей маркийн автомашин, уг автомашин нь хариуцагчийн өмчлөлд шилжсэн талаар талууд маргаагүй.
Хариуцагч нь нэхэмжлэгчээс автомашиныг худалдан авсан гэх боловч тэрээр нэхэмжлэгчийн хүсэлтээр түүнд 30 000 000 төгрөгийг зээлдүүлсэн, мөнгөө төлөөгүй тул автомашиныг борлуулах эрхтэй гэж талуудын хооронд үүссэн эрх зүйн маргааны төрлийг зөрүүтэй тайлбарлажээ.
Анхан шатны шүүх талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан, зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд автомашиныг худалдаж, хохирол барагдуулахаар тохиролцсон гэж дүгнэхдээ тэдгээрийн хооронд байгуулагдсан автомашин худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр гэж зөрүүтэй дүгнэлт хийсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.
Хэргийн 6 дахь талд авагдсан бичгийн баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан эх хувь эсхүл нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар байх шаардлагыг хангаагүй, нэхэмжлэгч уг нотлох баримтыг хариуцагчаас гаргуулах тухай хүсэлт гаргасныг шүүх 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШЗ2016/29581 тоот захирамжаар хангахгүй орхиж шийдвэрлэхдээ хариуцагчид уг баримт эх хувиараа байхгүй гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарыг үндэслэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дах хэсэгт заасан шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй гэснийг зөрчсөн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3 дахь хэсэгт зааснаар шүүх зохигч талын хүсэлтээр эсрэг талаас нотлох баримтыг албадан гаргуулж болно гэж заасан байхад үндэслэлгүйгээр нэхэмжлэгчийн хүсэлтийг шүүх хангахгүй орхисон нь мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасныг зөрчилд хамаарах тул мөн хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй болно.
Иймд нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2016/06154 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар улсын тэмдэгтийн хураамжид О.Нарансувдаас төлсөн 307 950 төгрөгийг улсын орлогоос буцаан олгохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ
ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
Э.ЗОЛЗАЯА