Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 25

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

       Э.Дашзэгвэд холбогдох эрүүгийн

     хэргийн тухай

       

Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч В.Цэцэнбилэг, шүүгч Н.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

            Прокурор                                                        Б.Батсайхан

            Шүүгдэгч                                                       Э.Дашзэгвэ

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч           Г.Оюунбат

            Хохирогчийн өмгөөлөгч                               С.Чулуунаа

            Нарийн бичгийн дарга                                  Б.Мөнх-Өлзий нарыг оролцуулан

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 73 дугаартай цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Оюунбатын гаргасан давж заалдах гомдол, дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн, Э.Дашзэгвэд холбогдох 201703000162 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч В.Цэцэнбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1976 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Архангай аймгийн Цэцэрлэг хотод төрсөн, 41 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр баг 39 дүгээр байрны 302 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Дамдин овогт Энхтайваны Дашзэгвэ /РД:АЭ76072612/

 

Э.Дашзэгвэ нь “Цогт-Өнжүүл” ХХК-ийн гүйцэтгэх захирал бөгөөд 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Архангай аймгийн Тариат сумын төв Суман багийн нутаг дэвсгэрт айл өрх, албан байгууллагуудын цэвэр бохир, дулаанд холбох, цэвэрлэх байгууламж барих зорилгоор нүх ухан орхиж, анхааруулах тэмдэг, хашаа, хаалт хийгээгүйн улмаас 8 настай Ж.Бүтэнбаяр уг нүхэнд унаж хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Архангай аймгийн Прокурорын газраас Э.Дашзэгвэд холбогдох хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 183 дугаар зүйлийн 183.1-т зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 73 дугаартай шийтгэх тогтоолоор:

Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Дамдин овогт Энхтайваны Дашзэгвэд Архангай аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 183 дугаар зүйлийн 183.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, Э.Дашзэгвийг цагаатгаж;

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар Э.Дашзэгвэд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож;

Шүүгдэгч Э.Дашзэгвэ нь цагдан хоригдсон хоноггүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, хохиролын талаар хохирогчтой тохиролцсон болохыг тус тус дурдаж;

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 5 ширхэг рентген зургийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Оюунбатад буцаан олгож;

Цагаатгах тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Оюунбатын гаргасан давж заалдах гомдолд:

 

Хохирогч Г.Оюунбат би Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 09-ний 73 дугаартай цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх Э.Дашзэгвэд холбогдох хэргийг  хэлэлцээд хэргийг хэрэгсэхгүй болгож Э.Дашзэгвийг цагаатган шийдвэрлэснийг үндэслэлгүй гэж үзэж байна. Миний хүү Ж.Бүтэнбаяр нь Тариат сумын сургуулийн 2 дугаар ангид сурч байсан бөгөөд 2017 оны 03 дугаар сарын 09-ний өглөө хичээлдээ явсан. Ингээд 12 цагийн үед хичээлээ тараад сургуулиасаа гарч харихаар гэрлүүгээ явж байх замдаа Тариат сумын Суман багийн төвд ухсан байсан нүхэнд унаж, тархиндаа няцрал, хугарал, цөмрөл, цус хурсан, цус харвалт, хацрын ясандаа хугарсан зэргээр хүнд гэмтэл авсан. Бид тэр үеэс эхлэн одоог хүртэл хүүгээ аль эмч, эмнэлэгээр үзүүлж эмчлүүлж байгаа боловч одоо хүртэл огт сайжраагүй байна. Хүү Ж.Бүтэнбаяр нь цовоо сэргэлэн үеийн хүүхдүүдээсээ арай өвөрмөц ой сайтай хүүхэд байсан. Үүнийг нь багш хамт олон нь мэддэг. Гэтэл тэрээр нүхэнд ойчсоноосоо хойш амархан мартдаг, санахгүй өөрөө бие даан бие засаж, босож, хэлж, ярьж чадахгүй асаргаа сувилгаа, шаардлагатай болсон. Эмнэлэгийн байгууллага хүүг олон жил удаан хугацаанд эмчлэгдээд хуучин хэвийн байдалдаа орох горьдлого муутай байнга асаргаа хэрэгтэй гэж хэлсэн. Эрүүл саруул, сэргэлэн цовоо явж байсан хүүгээ гэмтэл авч эдгэшгүй өвчтэй болсонд бид харамсаж байна. Тариат сумын төвд ухагдсан хүүхдийн унасан гэх нүхийг бохир усны өргөлтийн ноцосны станц барихаар барилгын суурь барих зориулалтаар Архангай аймгийн “Цогт-Өнжүүл” ХХК нь 2014 онд ухаад орхисон болох нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон юм. Ж.Бүтэнбаяр нь биедээ хүнд гэмтэл авч эдгэшгүй өвчтэй болсонд Цогт-Өнжүүл ХХК нь буруутай. Түүгээр ч барахгүй тендэрт оролцон уг ажлыг хийхээр анх авсан Архангай аймгийн Эх голомтын илч ХХК нь ч буруутай гэж боддог. Хэрвээ Цогт-Өнжүүл ХХК нь уг ухсан нүхийг тойруулан хашаа хайс хамгаалалт хийж барьсан байсан бол мөн Эх голомтын илч ХХК нь туслан гүйцэтгэгч компанийхаа үйл ажиллагаанд нь хяналт тавьж аюулгүй ажиллагаагаа хангаж ажиллахыг шаардаж зөрчлийг арилгуулах арга хэмжээ авсан байсан бол ийм асуудал гарахгүй болохгүй байх нөхцөл байсан. Хүнд гэмтээд байхад одоо ч дорвитой хамгаалалт хийгдэхгүй байгаад гайхдаг. Тус компани нь барилгын ажил хийгдэх, явагдах аюулгүй ажиллагааг хангах хууль дүрмийг биелүүлээгүйгээс миний хүү Ж.Бүтэнбаяр нь гэмтэж хүнд гэмтэл авч улмаар эцэг, эх, өвөө, ах дүүс бидэнд ч сэтгэл санааны болоод санхүүгийн ихээхэн хохирол учирсан болно. Гэтэл шүүх хүүхдийн насаараа эрүүл мэндэд нь хохирсныг анхааралгүй Цогт-Өнжүүл ХХК-ны захирал Э.Дашзэгвийн Архангай аймгийн Тариат сумын Суман багийн нутаг дэвсгэртэй айл өрх, албан байгууллагуудын цэвэр бохирд дулаан холбох цэвэрлэх байгууламж барих зорилгоор нүх ухан өрхийн хашаа, хайс, гүүр хамгаалалт хийх арга хэмжээ аваагүй эс үйлдлийн улмаас хүү Ж.Бүтэнбаярын бие тархинд хүнд гэмтэл учруулсан, буруутай байсаар байхад түүнийг цагаатган шийдвэрлэсэнд гомдолтой байна. Мөн хохирогч Г.Оюунбат надад шүүхээс шүүх хурлын тов мэдэгдээгүй учир анхан шатны шүүх хуралд оролцож чадсангүй. Иймд Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 73 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. Давж заалдах шатны шүүх хуралдаанд өмгөөлөгч С.Чулуунааг оролцуулах хүсэлтэй байна гэжээ.

 

Дээд шатны прокурор Ш.Наранчимэгийн бичсэн эсэргүүцэлд:

 

Архангай аймгийн прокурорын газрын Ерөнхий прокурорын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ш.Наранчимэг би, Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 73 дугаартай цагаатгах тогтоолыг 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч ХЯНАВАЛ:

Э.Дашзэгвэ нь “Цогт-Өнжүүл” ХХК-ийн гүйцэтгэх захирал бөгөөд 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Архангай аймгийн Тариат сумын төв Суман багийн нутаг дэвсгэрт айл өрх, албан байгууллагуудын цэвэр бохир, дулаанд холбох, цэвэрлэх байгууламж барих зорилгоор нүх ухан орхиж, анхааруулах тэмдэг, хашаа, хаалт хийгээгүйн улмаас 8 настай Ж.Бүтэнбаяр нь уг нүхэнд унаж бие мах бодид нь хүнд гэмтэл учирсан гэмт хэрэгт холбогджээ. Архангай аймгийн Прокурорын газраас Э.Дашзэгвэд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн байна. Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдөр хянан хэлэлцээд, шүүгдэгч Э.Дашзэгвэ нь “Цогт-Өнжүүл” ХХК-ийн гүйцэтгэх захирал бөгөөд 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Архангай аймгийн Тариат сумын төв Суман багийн нутаг дэвсгэрт айл өрх, албан байгууллагуудын цэвэр бохир, дулаанд холбох, цэвэрлэх байгууламж барих зорилгоор нүх ухан орхиж, анхааруулах тэмдэг, хашаа, хаалт хийгээгүйн улмаас 8 настай Ж.Бүтэнбаяр уг нүхэнд унаж хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон гэж үзэж Архангай аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ба 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр батлагдсан Эрүүгийн хуулийн тусгай ангид “...Аюулгүй ажиллагааны журам зөрчих...” үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Энхтайваны Дашзэгвэд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгах нь зүйтэй гэж дүгнэн хэргийг хэрэгсэхгүй болгож, Э.Дашзэгвийг цагаатгаж шийдвэрлэжээ. Анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 73 дугаартай цагаатгах тогтоол ундэслэлгүй бөгөөд шүүх Эрүүгийн хуулийг илт буруу хэрэглэсэн байна. Учир нь: Яллагдагч С.Дашзэгвийн үйлдсэн гэмт хэрэг нь мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан хохирогч Г.Оюунбатын “...Дулааны шугам тавих гээд Тариат сумын төвд энд тэндгүй ухсан нүхнүүд байдаг тэдгээр нүхнүүдэд ямар ч хашаа, хаалт, тор гэх зүйл байхгүй. Ж.Бүтэнбаярын унасан нүхэнд ч гэсэн мөн адил хашаа хаалт байхгүй байсан...” гэх мэдүүлэг /хх- ийн 30-32 дугаар хуудас/, гэрч Ж.Батжаргалын “...Ж.Бүтэнбаяр хамгийн гүн, ёроолдоо хадтай хэсэгт унасан байсан гэсэн. Тэр нүх нь сургуулийн зүүн урд талд 100 орчим метр зайд буюу манай гэр, сургууль хоёрын дундах зам дээр байдаг юм. Нүхнүүд бүгд хамгаалалтын хашаа, хаалт, тор байхгүй..” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 дугаар хуудас/, гэрч А.Шаравдоржийн “...Ж.Бүтэнбаярын унасан гэх нүх нь сургуулиас 100 гаруй метр зайтай байдаг бөгөөд 2 жил орчим ухсан чигээрээ байж байгаа нүх юм. Тэр нүхэнд хамгаалалтын хашаа, хайс огт байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 дугаар хуудас/, гэрч Б.Чулуунбаатарын “...2017 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Архангай аймгийн Тариат сумын төв засаг даргын тамгын газарт орчихоод 12 цагийн орчим гараад явж байтал нэг танихгүй жаахан хүүхэд гүйж ирээд ахаа нүхэнд хүүхэд уначихлаа гэж хэлсэн. Би тэр хүүхдийг дагаад очтол хүүхдийн цэцэрлэгийн урд байдаг дулааны шугам тавих зорилгоор ухсан байсан нүх рүү нэг эрэгтэй хүүхэд хажуу талаараа унаад ухаангүй болчихсон байсан. Би нүхэн дотор ороод хүүхдийг тэвэрч үзэхэд ямар нэгэн хариу үзүүлэхгүй, ухаангүй байхаар нь гар дээрээ тэврээд Тариат сумын эмнэлэг рүү оруулж өгсөн юм. Тэр нүхний гадуур хайс, хамгаалалт, торон хашаа гэх зүйл байгаагүй. Нүхийг ухаад хажуу талд нь шороог нь овоолж өндөр болгосон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 57-58 дугаар хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 4351 дугаартай дүгнэлт, Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын шинжээч Ч.Мөнхбаярын дүгнэлт, шинжээчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байна. Э.Дашзэгвэд холбогдох эрүүгийн 201703000162 дугаартай хэрэгт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсгээр яллах дүгнэлт үйлдэн, шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй бөгөөд уг гэмт хэргийн хохирогч нь компанийн ажилтан эсхүл хөдөлмөрлөх үүргээ биелүүлж буй хүн биш юм. Нөгөөтэйгүүр уг гэмт хэргийн объект нь нийгмийн аюулгүй байдал, хүн амын эрүүл мэндийг хамгаалах талаар дагаж мөрдөх журам, нэмэгдэл объект нь хүний амьд явах эрх, иргэний эрүүл мэндийн аюулгүй байдлыг хангаж байгаа нийгмийн харилцаа байдаг бөгөөд Э.Дашзэгвэ нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль болон түүнд нийцүүлэн гаргасан журам, зааврыг зөрчсөн нь мөрдөн байцаалтын явцад нотлогдсон. Анхан шатны шүүх нь Э.Дашзэгвэд сонсгосон 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт заасан “Аюулгүй ажиллагааны журам зөрчих” гэмт хэрэг нь 2015 оны Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцохгүй болсон гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд дээрх аюулгүй ажиллагааны журам зөрчсөний улмаас бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дахь зүйлд “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулах” гэж хуульчлан заажээ. Яллагдагч Э.Дашзэгвийн бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдэл нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 73 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаалгахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив. Шүүх хуралдаанд прокурор оролцуулж өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ:

 

Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Батсайхан би Монгол Улсын Прокурорын тухай хуулийн 17 дугаар зүйл, 19 дүгээр зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.4 дүгээр зүйлийн 4, 5-т заасныг удирдлага болгон 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 183 дугаар зүйлийн 183.1-т заасан гэмт хэрэгт холбогдсон Э.Дашзэгвэд холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанд прокуророор оролцож дараах дүгнэлтийг гаргаж байна. Э.Дашзэгвэ нь “Цогт-Өнжүүл” ХХК-ны гүйцэтгэх захирал бөгөөд 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Архангай аймгийн Тариат сумын Суман багийн нутаг дэвсгэр буюу сумын төвд сумын өрх айлууд болон албан байгууллагуудыг цэвэр бохир дулаанд холбох цэвэрлэх байгууламж барих зорилгоор нүх ухаж орхиж ухсан нүхэндээ анхааруулах тэмдэг, хашаа хайс, хаалт гүүр хийгээгүйн улмаас Ж.Бүтэнбаяр уг нүхэнд унаж биед нь хүнд гэмтэл учирсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар бүрэн дүүрэн нотлогддог. Уг хэрэгт тусгай гаргасан шинжээчийн дүгнэлт, мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар “Цогт-Өнжүүл” ХХК буруутай гэж тогтоогдсон учраас гүйцэтгэх захирал Э.Дашзэгвийг шалгаж яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Уг хэргийг шүүх 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдөр хянан хэлэлцээд 73 дугаартай цагаатгах тогтоол гаргасан. Уг цагаатгах тогтоолоор Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Дамдин овогт Энхтайваны Дашзэгвэд Архангай аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 183 дугаар зүйлийн 183.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, Э.Дашзэгвийг цагаатгасугай гэж шийдвэрлэсэн бөгөөд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслээгүй, хэргийн бодит байдалд нийцээгүй шийдвэр гарсан гэж үзэж байна. Ийм учраас прокурорын зүгээс эсэргүүцэл бичсэн. Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 73 дугаартай цагаатгах тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.1-т заасныг ноцтой зөрчсөн. Өөрөөр хэлбэл шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй. Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 183 дугаар зүйл, 138 дугаар зүйл ангид заасан гэмт хэргүүдийг Зөрчлийн тухай хуульд оруулснаар нийгмийн харилцааг зохицуулж байгаа зохицуулалт нь 2015 оны Эрүүгийн хуулийн 11.3 дугаар зүйлийн 1 болж өөрчлөгдөж хуульчлагдсан гэдгийг харгалзаж үзэлгүйгээр хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Ийм учраас прокурорын зүгээс цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэсэн дүгнэлт гаргаж байна гэв.

 

Хохирогчийн өмгөөлөгч С.Чулуунаа шүүх хуралдаанд гаргасан саналдаа:

 

Хохирогч хүү Бүтэнбаяр “Цогт-Өнжүүл” ХХК-ий ухсан нүхэнд унаж хүнд гэмтэл авсан. Хохирогчийн унасан нүхийг “Цогт-Өнжүүл” ХХК ухаж, буцааж булаагүй гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байгаа. Прокуророос Э.Дашзэвэгт холбогдох хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 183 дугаар зүйлийн 183.1-т зааснаар зүйлчилсэн байсныг шүүх түүний эрх зүйн байдлыг дээрдүүлж байна гээд 2015 оны Эрүүгийн хуулиар энэ хэргийг шийдвэрлэсэн. Ингэхдээ Аюулгүй ажиллагааны журам зөрчсөн үйлдэл, эс үйлдэл нь гэмт хэрэг тооцогдохгүй гэж дүгнээд түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгасан. Энэ шийдвэрийг хохирогчийн талаас үндэслэлгүй гэж үзэж давж заалдах гомдол гаргасан. Яагаад гэвэл “Цогт-Өнжүүл” ХХК ухсан нүхэндээ хайс, хамгаалалт хийгээгүй учраас тухайн ухсан нүхэнд хохирогч хүү Бүтэнбаяр унаж хүнд гэмтэл авсан. Тийм учраас 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлд зааснаар болгоомжгүйгээр бусдад хүнд гэмтэл учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж болох байсан. Хэрвээ энэ заалт нь шүүгдэгчийн эрх зүйн байдлын хувьд дордох гээд байх юм бол 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлд зааснаар зүйлчилж шийдвэрлэж болох байсан. Тийм учраас анхан шатны шүүх Э.Дашзэвэгт холбогдох хэргийг шийдвэрлэхдээ хуулийг буруу хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй. Мөн Э.Дашзэвэгт холбогдох хэргийг илт үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон. Анхан шатны шүүх бодит нөхцөл байдалд нийцээгүй дүгнэлт хийсэн. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэрэгсэхгүй болгож, хэргийг дахин анхан шатны шүүхээр хэлэлцүүлж өгнө үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3-т тус тус зааснаар Э.Дашзэгвэд холбогдох хэрэгт гаргасан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Оюунбатын гомдол, дээд шатны прокурорын эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянан үзлээ.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч Э.Дашзэгвэд холбогдох хэргийг...шүүгдэгч Э.Дашзэгвэ нь “Цогт-Өнжүүл” ХХК-ийн гүйцэтгэх захирал бөгөөд 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Архангай аймгийн Тариат сумын төв Суман багийн нутаг дэвсгэрт айл өрх, албан байгууллагуудын цэвэр бохир, дулаанд холбох, цэвэрлэх байгууламж барих зорилгоор нүх ухан орхиж, анхааруулах тэмдэг, хашаа, хаалт хийгээгүйн улмаас 8 настай Ж.Бүтэнбаяр уг нүхэнд унаж хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон гэж үзэж Архангай аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ба 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр батлагдсан Эрүүгийн хуулийн тусгай ангид “...Аюулгүй ажиллагааны журам зөрчих...” үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Архангай аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 183 дугаар зүйлийн 183.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, Э.Дашзэгвийг цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

 

Тухайлбал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т хохирогч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхийн хэлэлцүүлэг, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг, шүүх хуралдаанд оролцох эрхтэй гэж хуульчилжээ. Гэвч анхан шатны шүүх хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч Г.Оюунбат нарт 2017 оны 08 сарын 09-ны өдрийн 10 цаг 00 минутаас эхлэх шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй болох нь шүүх хуралдааны тэмдэглэл, хэргийн оролцогчдод шүүх хуралдааны товыг мэдэгдэж танилцуулсан тухай баримт, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Оюунбатын гомдол зэргээр тогтоогдож байх тул анхан шатны шүүх хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгчийг хуульд заасан эрхээ эдлэх нөхцөл бололцоогоор хангаагүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.2 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шийдвэр гарснаас хойш 14 хоногийн дотор хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх ба шүүх хуралдааны товыг 3-аас доошгүй хоногийн өмнө талуудад мэдэгдэнэ гэж заасан нь шүүх хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгчид шүүх хуралдааны тов мэдэгдэх үүрэгтэй гэсэн ойлголт бөгөөд хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч шүүх хуралдаанд оролцох тухай бичгээр хүсэлт гаргаагүй, хохирогч ирээгүй нь  шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй юм.

 

Мөн 2017 оны 07 сарын 20-ны өдөр хөтөлсөн нөлөөллийн мэдүүлгийн талаар танилцуулсан баримтанд хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч гарын үсэг зураагүй байгаа нь шүүх Э.Дашзэгвэд холбогдох хэрэг хүлээн авснаас хойш хохирогчийн эрхийг хангах, үүргийг тайлбарлах талаар ямар нэгэн арга хэмжээ авсан нь тодорхойгүй байна.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Шинжээчийн дүгнэлтэд ...шинжээчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, боловсролын болон эрдмийн зэрэг, мэргэжил, мэргэшил, цол, албан тушаал, ажилласан хугацаа, шинжилгээний обьектын талаархи мэдээлэл, шинжилгээний аргачлал, явц, үр дүн... зэргийг тусгана гэж, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 18 дугаар зүйлд шинжилгээ хийсэн он, сар, өдөр, газар,шинжилгээ хийх болсон үндэслэл, шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн талаархи мэдээлэл, шинжилгээ хийсэн шинжээчийн талаархи мэдээлэл /овог, нэр, боловсрол, мэргэжил, ажилласан жил, эрдмийн зэрэг, цол, албан тушаал/, санаатайгаар худал дүгнэлт гаргасан тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг сануулсан тэмдэглэл, шинжилгээний объект ба хэргийн материалыг шинжилсэн явц, шинжилгээний явцад байлцсан хэргийн оролцогчийн талаархи мэдээлэл, шинжээчид тавьсан асуулт, түүнд өгсөн хариулт, түүний үндэслэлийг асуулт тус бүрээр...тусгана гэж тус тус заасан ба Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2017 оны 04 сарын 19-ны өдрийн шинжээчийн 1/125 дугаартай дүгнэлт нь хуульд заасан шаардлагыг хангаагүй байхад шүүх анхаарч үзэлгүй орхигдуулжээ.

 

            Анхан шатны шүүх Э.Дашзэгвэд холбогдох хэрэгт цугларсан нотлох баримт, 2002 оны 01 сарын 3-ны өдөр батлагдсан Эрүүгийн хууль, 2015 оны 12 сарын 03-ны өдөр батлагдсан Эрүүгийн хууль зэргийг сайтар судлалгүйгээр 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт заасан “Аюулгүй ажиллагааны журам зөрчих” гэмт хэрэг нь 2015 оны Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцохгүй болсон гэж дүгнэж, Э.Дашзэгвийг цагаатгасан нь үндэслэлгүй байна.

 

            Иймд дээд шатны прокурорын эсэргүүцэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан гомдол зэргийг хүлээн авч Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 73 дугаартай цагаатгах тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

 

Цагаатгах тогтоолыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан тул давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Э.Дашзэгвэд 2017 оны 7 дугаар 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөгдсөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1-ийн 1.1-т зааснаар хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсэн болно.

 

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг шүүгч өөрийн санаачлагаар хянан хэлэлцэж шийдвэр гаргах тухай эрх олгогдсон байх тул шүүгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын эрхийг хангах, оролцогчдоос гаргасан хүсэлтийг шийдвэрлэх, хэргийг нэг мөр хурдан шуурхай шийдвэрлэхийн тулд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг явуулж байвал зохино.       

  

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 14.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 73 дугаартай цагаатгах тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Хэрэг анхан шатны шүүхэд очтол Э.Дашзэгвэд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11-т зааснаар энэ магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичихгүй болохыг дурдсугай.

 

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Т.ДАВААСҮРЭН
 

                                                 ШҮҮГЧИД                              М.МӨНХДАВАА

 

            Н.ЭНХМАА