Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 914

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга би даргалж, тус шүүхийн “1” дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: Э.Н, Д.Б  нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга

Хариуцагч: ******* дүүргийн Засаг дарга

Хариуцагч: ******* дүүргийн Газрын албанд холбогдох, 

Нэхэмжлэлийн шаардлага: “...******* дүүргийн газрын алба нь газар эзэмшигч Д.Б , Э.Н нарын зөвшөөрөлгүйгээр газрын хэмжээг 219.5 м.кв газар болгож бууруулсан буруутай болохыг тогтоолгож, ******* дүүргийн Засаг даргын 2003 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 52 дугаар захирамж, Нийслэлийн Засаг даргын 2005 оны 20 дугаар захирамжийн Э.Нд холбогдох хэсэгт өөрчлөлт оруулж, 267.9 м.кв газрыг эзэмших, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахыг даалгуулах” тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Б , хариуцагч ******* дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э , М.Б , хариуцагч ******* дүүргийн газрын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Уранбилэг нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э.Н, Д.Б  нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон Д.Б гийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...******* дүүргийн 18 дугаар хороо Я******* 16-223б тоот хашааг 2003 оноос хойш эзэмшиж өнөөдрийг хүртэл  ашиглаж байгаа бөгөөд тухайн газар дээрээ 2004 онд 12*10 хэмжээтэй байшин барьж тасралтгүй 14 жил амьдарч байгаа болно. 

Манайх анх 2003 онд 700 м.кв талбай бүхий газарт хашааг хатгаж, улмаар ******* дүүргийн хорооны Засаг даргад газар эзэмших хүсэлтийг гаргаснаар 2003 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 52 дугаар захирамжаар 700 м.кв газар эзэмших эрхийг олж авсан. Гэтэл хөрш Гомпил нь маргаан үүсгэж аргагүй эрхэнд Гомпилтой зохицож тал газрыг алдсан. ******* дүүргийн Газрын алба нь манай эзэмшиж буй газрыг бидний зөвшөөрөлгүйгээр багасгаж, 6*10 хэмжээтэй байшингийн хэмжээгээр зураг үйлдсэн байгаа нь төрийн байгууллага болох газрын албаны буруутай үйлдэл гэж үзэж байна. Учир нь Газрын алба улсаар хөрөнгө гаргаж, нэгдсэн журмаар айлуудын кадастрын зургийг үйлдэхдээ газраа ашиглаж, эзэмшиж буй иргэд болох Э.Н, Д.Б  нартай зөвшилцөөгүй нь өнөөдрийн бидний эрх ашиг хохироход хүргэсэн болно.

Өөрөөр хэлбэл ******* дүүргийн Засаг даргын 2003 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 52 дугаар захирамжаар эзэмшиж байсан газартаа тааруулж үл хөдлөх хөрөнгө болох байшин барьсан болно. Энэхүү 10*12 хэмжээтэй өвлийн байшин нь Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн бүртгэлд бүртгэгдсэн байгаа болно.

Иймд бидний зөвшөөрөлгүйгээр 267.9 м.кв газрыг маань дур мэдэн багасгаж 219.5 м.кв болгосон ******* дүүргийн газрын албаны буруутай үйлдэл байгаа тул шүүхэд хандаж эрхээ хамгаалахад хүргэсэн болно. ******* дүүргийн газрын алба нь газар эзэмшигч Д.Б , Э.Н нарын зөвшөөрөлгүйгээр газрын хэмжээг 219.5 м.кв газар болгож бууруулсан буруутай болохыг тогтоолгож, ******* дүүргийн Засаг даргын 2003 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 52 дугаар захирамж, Нийслэлийн Засаг даргын 2005 оны 20 дугаар захирамжийн Э.Нд холбогдох хэсэгт өөрчлөлт оруулж, 267.9 м.кв газрыг эзэмших, өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахыг даалгуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна” гэжээ.

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Нийслэлийн Засаг дарга нь нэхэмжлэгч иргэн Д.Б , Э.Н нарын зөвшөөрөлгүйгээр газрын хэмжээг 219.5 м.кв болгон бууруулсан шийдвэр гаргаагүй, Нийслэлийн Засаг даргын 2005 оны 20 дугаар захирамжаар иргэн Э.Нд 219.5 м.кв газар өмчлүүлсэн шийдвэр гаргасан бөгөөд тус шийдвэр нь одоогоор хүчин төгөлдөр байна...” гэжээ.

Хариуцагч ******* дүүргийн Газрын албаны дарга Ж.М******* болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н  нар нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...******* дүүргийн Засаг даргын 2003 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 52 дугаар захирамжаар иргэн Э.Нд ******* дүүргийн 18 дугаар хороо Я******* 16-223 тоот газар эзэмших эрх олгогдсон байна. Газрын албаны архивд уг захирамжийн архив хадгалагдан үлдээгүй байна. Монгол Улсын иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх бэлтгэл ажлын хүрээнд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр кадастрын зураглал, бүртгэлийн ажлыг хийх тусгай эрх бүхий хувийн компаниуд 2003 онд Улаанбаатар хотын хэмжээнд зураглалын ажлыг хийж гүйцэтгэсэн. Иргэн Э.Н газар өмчлөх тухай хүсэлт гаргахдаа 216 м.кв гэж хүсэлт гаргасан байна. Миний бие 1995 оноос хойш Газрын албанд ажиллаж байна. Уг газрын хэмжээ өөрчлөгдсөн зүйлгүй. Хажууд нь нэмэлт газар байвал зураг дээр хөтлөлт хийж нэмдэг байсан учир алдаа байхгүй. Үл хөдлөхийн гэрчилгээ 219.5 м.кв газар гэж олгосон. 2005 онд өмчилж өмчлөх эрхийн гэрчилгээг аваад 10 гаруй жилийн дараа газрын хэмжээ өөрчлөгдсөн байна гэж нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй. Газрын тухай хууль зөрчиж 30 м.кв газрыг сунгасан үйлдлийн талаар шүүхэд биш Газрын албанд хандах ёстой. Төр болон Газрын алба иргэнд зохих журмын дагуу газар өмчлүүлсэн. Өмчлөлийн асуудал нь газар эзэмших шийдвэрийг үндэслэж олгогддог. Газар эзэмшүүлэх шийдвэр 2005 оны 1 дүгээр сараас өмнө асуудал байсан бол 30 м.кв газрыг нэмж авах боломж нэхэмжлэгчид байсан. Тухайн үед өмчилж авсан газраа хууль зөрчиж өргөтгөсөн байна...” гэв.

Хариуцагч ******* дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э , М.Б  нар нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...Монгол Улсын иргэнд гэр бүлий хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх бэлтгэл ажлын хүрээнд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр кадастрын зураглал, бүртгэлийн ажлыг хийх тусгай эрх бүхий хувийн компаниуд 2003 онд Улаанбаатар хотын хэмжээнд хийж гүйцэтгэсэн байна. Дүүргийн Засаг даргын 2003 оны 52 дугаар захирамжаар нэхэмжлэгч Э.Нгийн газар эзэмших эрхийг баталгаажуулсан бөгөөд дүүргийн Газрын албаны захирамжийг төсөл ирүүлсэн саналыг үндэслэн шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Нийслэлийн Засаг даргын 2005 оны 20 дугаар захирамжаар 219 м.кв талбай бүхий газрыг өмчлүүлсэн. Нэхэмжлэгч талаас 267 м.кв газрыг эзэмшүүлэх ёстой гэж байгаа боловч өөрсдийн гаргасан хүсэлт дээр “216 м.кв газрыг өмчлүүлж өгнө үү” гэсэн байгаа бөгөөд энэ талаарх нотлох баримт хавтаст хэрэгт авагдсан байна.

Мөн гэрчээс барилга хэзээ барьсан талаар асуухад “хавар” гэж хариулсан. Гэтэл нэхэмжлэгч 2005 оны 1 дүгээр сард таамбарын хэсгийг барьчихсан гэдэг. Кадастрын зураг дээр хувь хүний байшинг хасаж оруулах үндэслэлгүй бөгөөд 2005 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр гарсан кадастрын зураг нь хууль ёсны дагуу хийгдсэн. Мөн газар өмчлөлтэй холбоотой асуудалд иргэн тухайн газрыг өмчлүүлэх хүсэлтээ гаргахдаа газрын хэмжээг тусгаж өгсөн түүний дагуу 219 м.кв газрыг өмчлүүлсэн. Гэтэл 10 гаруй жилийн дараа өмчлөлд байгаа газраас хасаж газар олгосон байна гэж шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй байна...” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Б , Э.Н нараас анх 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр тус шүүхэд хандан “...газар өмчлөх Г-2******* дугаар гэрчилгээнд тусгагдсан газрын хэмжээг өөрчилж, нэмэгдүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэлийг ******* дүүргийн Газрын албанд холбогдуулан гаргасан ба 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, “******* дүүргийн Газрын алба нь газар эзэмшигч нарын зөвшөөрөлгүйгээр газрын хэмжээг 219.5 м.кв газар болгож бууруулсан буруутай болохыг тогтоолгож, ******* дүүргийн Засаг даргын 2003 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 52 дугаар захирамж, Нийслэлийн Засаг даргын 2005 оны 20 дугаар захирамжийн Э.Нд холбогдох хэсэгт өөрчлөлт оруулж, 267.9 м.кв газрыг эзэмших, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахыг даалгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг ******* дүүргийн Газрын алба, ******* дүүргийн Засаг дарга, Нийслэлийн Засаг дарга нарт холбогдуулан гаргасан.

Шүүх хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн шүүхэд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримт, гэрчийн мэдүүлгэд үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Э.Н, Д.Б  нар нь анх 2002 оны 5 дугаар сард ******* дүүргийн 18 дугаар хороо, Я******* 16 дугаар гудамжны задгайд 223, 224 тоот хашааны харалдаа газрыг эзэмшихээр хашаалан авсан ба, 

Нийслэлийн Засаг даргын 2003 оны 129 дүгээр захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд ******* дүүргийн Засаг даргаас 2003 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 52 дугаар захирамж гарган дүүргийн хэмжээнд “...тодорхой шалтгааны улмаас гэрчилгээ аваагүй, газар эзэмших талаар ямар нэгэн зөрчилгүй иргэдийг гэрчилгээжүүлэх ажлыг 2003 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс 2003 оны 5 дугаар сарын 15-ны хооронд зохион байгуулахыг”, “...иргэдийг гэрчилгээжүүлж, баталгаажуулсан тухай бүртгэлийг хороо тус бүрээр нарийвчлан гаргаж, ... танилцуулахыг” тус тус дүүргийн Газрын албанд даалгасны дагуу дүүргийн Газрын албанаас зохион байгуулсан “газар эзэмших талаар ямар нэгэн зөрчилгүй иргэдийг гэрчилгээжүүлэх” ажлын хүрээнд 2004 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 4093 дугаар газар эзэмших гэрчилгээ олгогдон, ******* дүүргийн 18 дугаар хороо, Яргайт 16-223б тоот амины хашааг 2 жилийн хугацаанд эзэмших эрхтэй болж, улмаар 2003 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн огноо бүхий, 216 м.кв газрыг “гэр бүлийн хэрэгцээнд зориулан газар өмчилж авах” тухай өргөдлийг ******* дүүргийн Засаг даргад хандан гаргасны дагуу Нийслэлийн Засаг даргын 2005 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 20 дугаар захирамжаар ******* дүүргийн 18 дугаар хороо, Я******* 16 дугаар гудамжны 223б тоот 219.5 м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээний газрын зориулалтаар өмчлөн авч, 2005 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Газрын харилцаа, геодези, зураг зүйн газарт хандан, ******* дүүргийн 18 дугаар хороо, Я******* 16 дугаар гудамжны 223 тоот 219.5 м.кв газрыг гэр бүлийн зориулалтаар өмчлөхөөр улсын бүртгэлийн Г-2******* дугаарт бүртгэгдэн, 000038507 дугаар Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулан авчээ.

Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан нотлох баримт, маргаан бүхий газарт шүүхээс хийсэн үзлэг болон гэрчийн мэдүүлэг зэргээс үзэхэд, 

Нэхэмжлэгч Э.Н, Д.Б  нар нь 2002 оны 4 дүгээр сард ******* дүүргийн 18 дугаар хороо, Я******* 16 дугаар гудамжны задгайд 223, 224 тоот хашааны харалдаа 700 м.кв орчим газрыг эзэмшихээр Хорооны Засаг даргад хандсан боловч хөрш 224 тоотод оршин суугч Гомпил, Сэржмядаг нараас гаргасан “хүсэлтийг харгалзан ... уг газраа хоёр хуваан 268 м.кв орчим газрыг” хашаалан авсан болох нь нэхэмжлэгч Д.Б гаас 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр тус шүүхэд хандан гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, гэрч Сэржмядагийн Т******* шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлгээр,

******* дүүргийн Засаг даргын 2003 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 52 дугаар захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд дүүргийн Газрын албанаас зохион байгуулсан “газар эзэмших талаар ямар нэгэн зөрчилгүй иргэдийг гэрчилгээжүүлэх” ажлын хүрээнд, нэхэмжлэгч Э.Н, Д.Б  нараас өөрсдийн хашаалж авсан ******* дүүргийн 18 дугаар хороо, Я******* 16 дугаар гудамжны задгай 223, 224 тоот хашааны харалдаах газрыг эзэмших хүсэлт, холбогдох бусад баримт бичгийг бүрдүүлэх явцад ******* дүүргийн 18 дугаар хорооны Засаг дарга Ё.О******* тухайн газрын байршлыг “Я******* 13-223б” тоот хэмээн буруу тодорхойлсноос үүдэн нэхэмжлэгч Э.Нд 2004 оны 6 дугаар сарын 16-ны өдөр олгогдсон 4093 дугаар газар эзэмших гэрчилгээнд эзэмшил газрын байршлыг “18 дугаар хороо, Я******* 13-223б” хэмээн буруу бичиж, тодорхойлолт олгогдсон бөгөөд бодит байдал дээр ******* дүүргийн 18 дугаар хороо, Я******* 13 дугаар гудамжинд 223 тоот хаяг байдаггүй, нэхэмжлэгч нарын 2003 оноос хойш бодитоор эзэмшин, оршин суугаа хаяг нь Я******* 16 дугаар гудамжны 223 тоот бөгөөд 1992 оноос 2008 оныг хүртэл хугацаанд ******* дүүргийн 18 дугаар хороо, Я******* 16 гудамж нь “задгай” гэсэн хаягтай байсан бөгөөд 2008-2009 онд уг гудамжинд хаяг болон тоот олгогдсон болох нь,

******* дүүргийн Газрын албанаас тус шүүхэд ирүүлсэн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 12/1038 тоот албан бичиг, “...эзэмшүүлсэн гэрчилгээний хуулбар, байршлыг харуулсан схем зураг”, хөрш ******* дүүргийн 18 дугаар хороо, Яргайт 16-224б тоот хаягт бүртгэлтэй иргэн Л.С******* ******* дүүргийн Газрын албанд хандан гаргасан газар эзэмших хүсэлтдээ хавсаргасан байршлыг харуулсан схем зураг, ******* дүүргийн 18 дугаар хорооны 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 174 тоот албан бичиг, шүүхээс маргаан бүхий газарт хийсэн газрын үзлэг, Нийслэлийн Газрын албаны 2005 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн огноо бүхий Э.Нгийн өмчилж байгаа газрын байршлын кадастрын зураг, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2017 оны 10 дугаар сарын 31-ны өдрийн 1/1995 тоот албан бичиг, ортофото, зурган мэдээлэл, нэхэмжлэгч Д.Б гаас 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр тус шүүхэд хандан гаргасан нэхэмжлэл болон гэрч Сэржмядагийн Т******* өгсөн гэрчийн мэдүүлэг, хариуцагч ******* дүүргийн Засаг дарга, Газрын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар зэргээр тус тус тогтоогдож байна.

Хэдийгээр нэхэмжлэгч Э.Н, Д.Б  нар нь “******* дүүргийн Газрын алба нь бидний зөвшөөрөлгүйгээр газрын хэмжээг 219.5 м.кв болгож бууруулсан” хэмээн маргаж байх боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, Э.Нд олгосон Газар эзэмших эрхийн 4093 дугаар гэрчилгээнд газрын хэмжээг “700 м.кв” хэмээн алдаатай бичсэн болох нь 2003 онд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Улаанбаатар хотын хэмжээнд нэгдсэн журмаар хийгдсэн кадастрын зураглал, бүртгэлийн ажлын хүрээнд нэхэмжлэгч нарын 2003 онд хашаалан авсан гэх газрын бодит байдлаар авсан сансрын зураг, уг газрын хэмжээнд 2006 оны 9 сараас хойш өнөөдрийг хүртэл хугацаанд ямар нэг байдлаар өөрчлөлт ороогүй талаарх Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 03/1666 тоот албан бичиг, тус байгууллагын архив дахь Улаанбаатар хотын 2002, 2005-2007, 2010, 2011-2015 оны агаар, сансрын зурган мэдээлэлтэй давхцуулан гаргасан ортофото зураг, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн болон нэхэмжлэгч Д.Б гийн “268 м.кв орчим газрыг хашаалж авсан, ... тухайн үед нарийн багаж, техник байхгүй байсан тул баримжаа байдлаар тооцсон” гэх тайлбар, мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.

Мөн нэхэмжлэгч Э.Нгаас 2003 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн огноо бүхий, ******* дүүргийн Засаг даргад хандан гаргасан “гэр бүлийн хэрэгцээнд зориулан газар өмчилж авахыг хүсэж” гаргасан өргөдөлдөө өмчилж авахыг хүссэн газрын нийт хэмжээг “216 м.кв” хэмээн бичсэнийг хариуцагч Нийслэлийн Засаг даргаас 2005 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 20 дугаар захирамжаар газрын хэмжээг “219.5 м.кв” болгон нэмэгдүүлэн, өмчлүүлж шийдвэрлэсэн байх ба энэхүү шийдвэрийн улмаас нэхэмжлэгч нарын хууль ёсны эрх, ашиг сонирхол зөрчигдсөн нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Түүнчлэн, Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 118 дугаар тогтоолоор батлагдсан “Шинэ бүтээн байгуулалт дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хот болон орон нутагт баригдах орон сууцны хотхон, хорооллын инженерийн дэд бүтцийн барилга, байгууламж, шугам сүлжээний ажлын жагсаалт” болон уг тогтоолын хавсралтыг шинэчлэн батлах тухай Засгийн газрын 2014 оны 263 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 108 дугаар тогтоолоор “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-ийг баталсан байх бөгөөд энэхүү тогтоолын хүрээнд Сэлбэ дэд төвийн авто зам болон бусад инженерийн дэд бүтцийн шугам барихаар шийдвэрлэн,  ******* дүүргийн 17, 18 дугаар хороо, 6-н буудлаас 103 дугаар цэцэрлэг хүртэлх 1.5 км автозамыг шинээр барихаар төлөвлөсөн трассын газартай нэхэмжлэгч нарын нэмэгдүүлэн авахыг хүсэж буй 48.4 м.кв газар давхцаж байгаа болох нь Нийслэлийн Газрын албаны 2015 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 05/1840 тоот албан бичиг болох зурган мэдээлэл, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 03/3855 тоот албан бичиг, Улаанбаатар хотын Ерөнхий архитектор бөгөөд Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга О.О******* 2015 оны 11 сард баталсан “авто замын зураг төсөл”, маргаан бүхий газарт шүүхээс хийсэн үзлэг болон хэргийн оролцогчдын тайлбар, мэдүүлгээр тус тус тогтоодож байна. 

Дээрх нөхцөл байдлуудыг нэгтгэн дүгнэвэл, Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т "газар эзэмших гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзолын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг”, 27 дугаар зүйлийн 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно”, 31 дүгээр зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж тус тус заасанчлан аливаа этгээд газар эзэмших, өмчлөх хүсэлт гаргахдаа бусдын эзэмшил, ашиглалтад ороогүй, сул чөлөөтэй газарт хүсэлт гаргах боломжтой, ингэхдээ уг эзэмшихийг хүсч байгаа газраа өөрөө тодорхойлон “заах” үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгчдийн өөрсдийнх нь тодорхойлон “заасан” хэмжээ, байршил бүхий газрыг нэхэмжлэгч нарт эзэмшүүлж, өмчлүүлж, мэдээллийн санд оруулсан хариуцагч нарын үйлдлийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй, нэхэмжлэгч нарын нэмэгдүүлэн авахыг хүсэж байгаа газар нь Сэлбэ дэд төвийн авто зам болон бусад инженерийн дэд бүтцийн шугам барих трассын газартай давхцаж байгаа болох нь холбогдох нотлох баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчдийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх дүгнэв. 

 

Түүнчлэн, нэхэмжлэгч Э.Нд ******* дүүргийн 18 дугаар хороо, Яргайт 16-224б тоот газрыг эзэмшүүлсэн гэх ******* дүүргийн Засаг даргын 2003 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 52 дугаар захирамж нь хавсралтгүй, уг захирамжийн 2 дугаар заалтаар “...иргэдийг гэрчилгээжүүлж, баталгаажуулсан тухай бүртгэлийг хороо тус бүрээр нарийвчлан гаргаж, ... танилцуулахыг” тус тус дүүргийн Газрын албанд даалгасан ч энэхүү ажил хийгдээгүй, иргэн Э.Нарантуягаас уг газрыг эзэмшихийг хүссэн хүсэлт ******* дүүргийн Газрын албаны архивт хадгалагдаагүй, ******* дүүргийн 18 дугаар хороо, Яргайт 16-224б тоот 18642316602495 нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 219.5 м.кв газрын өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000038507 дугаар гэрчилгээ болон Нийслэлийн Газрын албанаас 2005 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр үйлдсэн Э.Нгийн өмчилж байгаа газрын байршлын кадастрын зураг дахь нэгж талбарын 18642316602495 гэх дугаар нь алдаатай бөгөөд тухайн дугаараар ямар нэгэн бүртгэл хийгдээгүй, Э.Н нарын өмчилж байгаа газрын байршил нь Нийслэлийн Газрын албаны мэдээллийн сангийн 2006 оны 9 дүгээр сарын архивт анх нэгж талбарын 18642316605493 дугаартайгаар 219.5 м.кв талбайтайгаар бүртгэгдэн, өнөөдрийг хүртэл өөрчлөлт ороогүй байгаа болохыг дурдах нь зүйтэй байна. 

 

              Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1. Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.4, 33 дугаар зүйлийн 33.1.1, 60 дугаар зүйлийн 60.2, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3, 21 дүгээр зүйлд заасныг тус тус үндэслэн ******* дүүргийн Газрын алба, ******* дүүргийн Засаг дарга, Нийслэлийн Засаг дарга нарт холбогдуулан гаргасан “******* дүүргийн Газрын алба нь газар эзэмшигч нарын зөвшөөрөлгүйгээр газрын хэмжээг 219.5 м.кв газар болгож бууруулсан буруутай болохыг тогтоолгож, ******* дүүргийн Засаг даргын 2003 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 52 дугаар захирамж, Нийслэлийн Засаг даргын 2005 оны 20 дугаар захирамжийн Э.Нд холбогдох хэсэгт өөрчлөлт оруулж, 267.9 м.кв газрыг эзэмших, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахыг даалгах” шаардлага бүхий Э.Н, Д.Б  нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг ******* дүүргийн татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Г.МӨНХТУЛГА