Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 221/МА2021/0294

 

 

  “У с” ХХК-ийн нэхэмжлэлтэй

  захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна, цахимаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.С, хариуцагч А.Ө нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 205 дугаар шийдвэртэй, “У с” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч А.Ө, Ч.Б нарт холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, шүүгч О.Номуулин илтгэснээр хянан хэлэлцээд

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 205 дугаар шийдвэрээр: Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.5, 16 дугаар зүйлийн 16.1.2, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1.1, 1.2-т заасныг тус тус баримтлан “У с” ХХК-аас Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч А.Ө, Ч.Б нарт холбогдуулан гаргасан “2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 0294848 дугаар шийтгэлийн хуудсын үлдсэн хэсэг болох 2.650.543.074,0 төгрөгийн зөрчилд ногдох 203.736.119,8 төгрөгийн нөхөн татвар, 121.907.154,9 төгрөгийн торгууль, 73.487. 657,7 төгрөгийн алданги, нийт 399.130.932,4 төгрөгийн шийтгэл ногдуулсныг хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “...Тус компани 2006 оноос эхлэн тасралтгүй 14 жилийн хугацаанд өргөн дэлгэцийн кино театрын үйл ажиллагааг явуулж байна. 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдөр “У с” ХХК нь БНСУ-ын хуулийн этгээд болох “Блумсбэри ресорсес” ХХК-тай “Кино үзүүлбэрийн гэрээ” буюу хамтран ажиллах гэрээг байгуулсан. Нэг талаас БНСУ “Блумсбэри ресорсес” ХХК киногоо, нөгөө талаас “У с” ХХК кино театр, үйлчилгээг хариуцан гаргаж хамтран ажиллаж байгаа болно. Кино үзүүлсэн орлогоос 50, 50 хувиар хуваан авахаар харилцан тохиролцсон. Кино тасалбарыг худалдан борлуулаад олсон орлогоос НӨАТ төлсөн. Олсон орлогыг шууд “Блумсбэри ресорсес” ХХК авах боломжгүй байсан учир “У с” ХХК-иар дамжуулан 2015 онд 553.523.185,1 төгрөгийн, 2016 онд 686,725,190.0 төгрөгийн, 2017 онд 793,659,404.0 төгрөгийг шилжүүлсэн.  “Блумсбэри ресорсес” ХХК руу мөнгө шилжүүлж байгаа нь шинээр дахин борлуулсан болон импорт оруулсан, экспортод гаргасан зүйл биш болно. Мөн киноны тасалбар борлуулж олсон орлогоос нэмэгдсэн өртгийн албан татварыг төлсөн болно. Монгол Улсын нутаг дэвсгэрт бараа, ажил, үйлчилгээг гаалийн мэдүүлгээр бүрдүүлэн хилээр оруулахад нь гаалийн байгууллага ногдуулан хураан авч төсөвт төлүүлдэг. Гаалийн хилээр нэвтрээгүй барааг худалдан авалт хийж буй оршин суугч этгээд төлбөр төлөхдөө нэмэгдсэн өртгийн албан татварыг нэмж авч төсөвт төлнө. Энэ нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд заасан гадаадын этгээдийн Монгол Улсад хийсэн борлуулалтаас нэмэгдсэн өртгийн албан татварыг авах арга замууд бөгөөд аль аль нь оршин суугч бус этгээдээс оршин суугч буюу суутган төлөх үүрэг бүхий этгээд тухайн бараа, үйлчилгээг худалдан авсан байхыг шаардаж байна. “У с” ХХК нь киног ямар нэгэн байдлаар худалдан аваагүй, өмчлөл ямар нэгэн байдлаар шилжээгүй болно. Энэ тохиолдолд хоёр хуулийн этгээдийн хооронд нэг нь киног борлуулсан, нөгөө нь худалдан авсан зүйл байхгүй бөгөөд зөвхөн кино борлуулалтын орлогыг тэнцүү хувааж авахаар тохиролцон ажилласан байна. Гэтэл татварын байцаагч нар нэг шат дамжлага нэмж борлуулалт, худалдан авалтыг зохиомлоор үүсгэн нэмэгдсэн өртгийн албан татварыг нөхөн ногдуулж торгууль, алданги ногдуулсан нь хууль зөрчсөн. Шүүхээс “...хариуцагчаас шийтгэл ногдуулах арга хэмжээ авагдах нь зүй ёсны бөгөөд энэ нь Зөрчлийн тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1-д заасантай нийцнэ...” гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Хариуцагч татварын улсын байцаагч нар нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1, 4.15 дугаар зүйлийн 1-д тус тус заасныг зөрчиж “У с” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгчид эрх, үүргийг нь тайлбарлаж өгөөгүй, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад тайлбар, хүсэлт гаргах, өмгөөлөгч авах боломж олгоогүй. Түүнчлэн хариуцагч нар нь Татварын ерөнхий газрын даргын 2017 оны А/03 дугаар тушаалаар батлагдсан Татварын албаны татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журмын 6.3.1-д “Татварын хяналт шалгалт хийх талаар татвар төлөгчид ажлын 10-аас доошгүй өдрийн өмнө утсаар, шуудангаар, цахим хаягаар эсвэл мэдэгдэл бичиж татвар төлөгч буюу түүнийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан, нягтлан бодогч зэрэг хүмүүсийг бэлэн байлгах талаар урьдчилан мэдэгдэж, ...Маягт ХШ-05-ийг хүргүүлнэ”, мөн даргын 2017 оны 04 дүгээр тушаалын хавсралтаар баталсан Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамжийн 2.2.1-д “Татварын улсын байцаагч зайлшгүй шаардлагатайгаас бусад тохиолдолд хяналт шалгалт хийх талаар татвар төлөгчид ажлын 10-аас доошгүй өдрийн өмнө ...урьдчилан мэдэгдэнэ” гэж заасныг тус тус зөрчиж хууль журмын дагуу хяналт шалгалтыг хийгээгүй. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 205 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, гомдлын шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор хэргийг хянан үзэхэд гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

            Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч А.Өнөрмаа, Ч.Болормаа нар нь “У с” ХХК-ийн 2013-2017 оны албан татвар ногдуулалт, төлөлтийн байдал, санхүүгийн анхан шатны болон нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, албан татварын ногдуулалт, төлөлтийн тайлан, гаалийн мэдээ, хөндлөнгийн мэдээлэл зэрэг баримт материалд үндэслэн хяналт шалгалт хийж, 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 0294848 дугаар шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1.1, 1.2, 2 дахь заалтыг баримтлан 407.126.897,7 төгрөгийн нөхөн татвар, 182.978. 939,2 төгрөгийн торгууль, 114.202.181,7 төгрөгийн алданги, нийт 704.308.018,60 төгрөгийн төлбөр ногдуулан шийдвэрлэсэн.

            Дээрх шийтгэлийн хуудсыг “У с” ХХК эс зөвшөөрч Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд гомдол гаргасныг 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хянан хэлэлцээд 31 дүгээр тогтоолоор            “54.549,3 төгрөгийн торгууль, 36.368,0 төгрөгийн алданги, бүгд 90.917,3 төгрөгийн төлбөрийг өршөөлд хамруулж, 2.033.907.779,0 төгрөгийн зөрчилд 203.390.778,0 төгрөгийн нөхөн татвар, 61.017.232,4 төгрөгийн торгууль, 40.678.157,0 төгрөгийн алданги, нийт 305.086.167,4 төгрөгийн төлбөр ногдуулсныг хүчингүй болгохоор,         2.650.543.074,0 төгрөгийн зөрчилд 203.736.119,8 төгрөгийн нөхөн татвар, 121.907. 154,9 төгрөгийн торгууль, 73.487.657,7 төгрөгийн хүү, нийт 399.130.932,4 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр шийтгэлийн хуудсыг өөрчилсөн” байх ба Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 05 дугаар тогтоолоор Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 31 дүгээр тогтоолыг хэвээр үлдээжээ.

            “У с” ХХК нь “2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 0294848 дугаар шийтгэлийн хуудсаар ногдуулсан төлбөрөөс үлдсэн хэсэг болох 2.650.543.074,0 төгрөгийн зөрчилд ногдох 203.736.119,8 төгрөгийн нөхөн татвар, 121.907.154,9 төгрөгийн торгууль, 73.487.657,7 төгрөгийн алданги, нийт 399.130.932,4 төгрөгийн төлбөр ногдуулсныг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ “тус компани “Блумсбэри ресорсес” компани руу мөнгө шилжүүлж байгаа нь шинээр дахин борлуулсан болон импорт оруулсан, экспортод гаргасан зүйл биш, мөн киноны тасалбар борлуулж олсон орлогоос нэмэгдсэн өртгийн албан татварыг төлсөн, “У с” ХХК нь киног ямар нэгэн байдлаар худалдан аваагүй, өмчлөл шилжээгүй, хоёр хуулийн этгээдийн хооронд нэг нь киног борлуулсан, нөгөө нь худалдан авсан зүйл байхгүй бөгөөд зөвхөн кино борлуулалтын орлогыг тэнцүү хувааж авахаар тохиролцон ажилласан, мөн татварын хяналт шалгалт хийх журмыг зөрчсөн, зөрчил гэж үзсэн үйлдэл нь 2015, 2016 онд болсон байхад Зөрчлийн тухай хууль хэрэглэж торгууль алданги ногдуулсан нь хууль бус” гэж маргасан байна.

          Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, холбогдох хуулиудыг зөв тайлбарлан хэрэглэсэн боловч хэрэглэвэл зохих зарим хуулийг хэрэглээгүй, шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт баримтлах ёстой хуулийн заалтыг баримтлаагүй байх тул зөвтгөсөн өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

            1/ Нэхэмжлэгчийн 2015, 2016 оны зөрчлийн тухайд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай 2006 оны хууль хэрэглэгдэх ба уг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол дор дурдсан бараа, ажил, үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулна: 7.1.1.Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа”, 7.3-т “Дор дурдсан үйл ажиллагааг "бараа борлуулсан"-д хамааруулна: 7.3.5.Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суугч бус этгээд Монгол Улсын иргэн, хуулийн этгээдийн захиалгаар бараа борлуулах”, 16 дугаар зүйлийн 16.1.2-т “Монгол улсын иргэн, хуулийн этгээд нь оршин суугч бус буюу Монгол Улсад байрладаггүй этгээдээс энэ хуулийн 7.3.5, 7.4.9-д заасан бараа, ажил, үйлчилгээг худалдан авахдаа нэмэгдсэн өртгийн албан татварыг уг бараа ажил, үйлчилгээний үнэ дээр нэмж авч төсөвт төлөх” гэж заасан бол 2017 оны зөрчилд хэрэглэгдэх 2015 оны Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол доор дурдсан бараа, ажил, үйлчилгээнд албан татвар ногдуулна, 7.2-тДоор дурдсан үйл ажиллагааг 7.1-д нэгэн адил хамааруулна: 7.2.5 “оршин суугч бус этгээдийн оршин суугч этгээдэд борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээ”, 16 дугаар зүйлийн 16.1-д “Албан татвар суутган төлөгч нь борлуулсан бараа, ажил, үйлчилгээнд ногдох албан татварыг доор дурдсан журмаар дараа сарын 10-ны өдрийн дотор төрийн сангийн нэгдсэн дансанд шилжүүлж, баталсан маягтын дагуу тайлангаа харьяалах татварын албанд тушаана”: 16.1.2 “оршин суугч бус этгээдээс энэ хуулийн 7.2.5-д заасан гаалийн бүрдүүлэлт хийлгээгүй бараа, ажил, үйлчилгээг худалдан авахдаа үнийн дүнгээс албан татварыг суутган авч төсөвт төлнө” гэж тус тус зааснаас үзвэл оршин суугч бус гадаад улсын хуулийн этгээдийн Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээнд ногдох албан татварыг бараа, ажил, үйлчилгээг авч байгаа албан татвар суутган төлөгч тухайн үнийн дүнгээс нь суутган авч төсөвт төлөх үүрэгтэй гэж ойлгоно.

          Дээрх хуулийн зохицуулалтад маргааны үйл баримтыг нийцүүлэн дүгнэвэл Бүгд Найрамдах Солонгос Улсын “Блумсбэри ресорсес” компани нь  “У с” ХХК-тай байгуулсан 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн “Кино үзүүлбэрийн гэрээ”-ний дагуу дэлхийн шилдэг кинонуудыг “У с” ХХК-ийн кино театруудаар үзүүлж ашиг олж байгааг Монгол Улсын нутаг дэвсгэрт бараа буюу киногоо борлуулсан гэж үзэх бөгөөд энэхүү орлогоос хуульд заасан хэмжээгээр нэмэгдсэн өртгийн албан татварыг суутган авч төсөвт төлөөгүй гэж буруутгасан маргаан бүхий шийтгэлийн хуудсын холбогдох хэсэг хууль зөрчөөгүй байна.

           Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...”У с” ХХК нь киног ямар нэгэн байдлаар худалдан аваагүй, өмчлөл ямар нэгэн байдлаар шилжээгүй, ...зөвхөн борлуулалтын орлогыг тэнцүү хувааж авахаар тохиролцсон, татварын байцаагч нар нэг шат дамжлага нэмж борлуулалт, худалдан авалтыг зохиомлоор үүсгэн НӨАТ, торгууль алданги ногдуулсан нь хууль зөрчсөн” гэх агуулгаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.

2/ Түүнчлэн, Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1-д “Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ”, 3.1 дүгээр зүйлийн 2-т “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд зөрчлийн шинжийг харгалзан энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийтгэл оногдуулна” гэж заасныг зөрчил үйлдэгдсэн нь тогтоогдсон тохиолдолд хариуцлага гарцаагүй байх зарчмыг тодорхойлсон зохицуулалт гэж ойлгох бөгөөд “У с” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгчид эрх, үүргийг нь тайлбарлаж өгөөгүй, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад тайлбар, хүсэлт гаргах, өмгөөлөгч авах боломж олгоогүй гэх зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн үндэслэлээр маргаан бүхий шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох хууль зүйн боломжгүй.

Өөрөөр хэлбэл, аливаа захиргааны актыг хүчингүй болгох хэмжээний үндэслэл нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд шууд халдсан, түүний улмаас  захиргааны акт гарахгүй байх, өөр агуулгаар гарах зэрэг үр дагавар үүсгэхээр байдаг бөгөөд зөрчлийн хэргийн тухайд “зөрчил” нь тогтоогдсон тохиолдолд хариуцлага гарцаагүй байх зарчим тэргүүн ээлжинд хэрэгжиж процесс ажиллагааны журмын зөрчил нь Зөрчлийн тухай хуулиар шинжийг нь тодорхойлсон зөрчлийг үгүйсгэх үндэслэл болж чаддаггүй.

Мөн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1-д “Дараахь тохиолдолд эрх бүхий албан тушаалтан прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулна”: 1.1 “хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад энэ хуулиар шалган шийдвэрлэхээр харьяалуулсан зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн” гэж зааснаар хариуцагч улсын байцаагч нар татварын хяналт шалгалт хийх явцад зөрчил илрүүлж, уг зөрчилд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар ажиллагаа явуулсан тул татварын хяналт шалгалт хийх журмыг зөрчсөн гэх үндэслэл хамааралгүй, энэ талаар гаргасан гомдлыг хангах боломжгүй.

         3/ Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 3-т “Зөрчилд тооцох, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээг тухайн зөрчил үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулийн дагуу шийдвэрлэнэ” гэж заасан тул нэхэмжлэгчийн 2015, 2016 онд гаргасан зөрчлийн тухайд Татварын ерөнхий хууль /2008 он/-ийн 74 дүгээр зүйлийн 74.1-д “дараах үйлдэл, эс үйлдэхүйгээр татвар ногдох орлого, орлогоос бусад зүйлийг нуусан татвар төлөгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол татварын алба, татварын улсын байцаагч татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна”, 74.3-д “энэ хуулийн 74.1, 74.2-т заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлүүлэх төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхээргүй байна” гэж зааснаар, 2017 оны зөрчлийн тухайд шийтгэлийн хуудас гарах үед хүчин төгөлдөр байсан Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1-д “Татвар төлөгч хүн, хуулийн этгээд татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор”: 1.1 “татвар ногдох орлого, орлогоос бусад татвар ногдох зүйлийг нуун дарагдуулсан, эсхүл бусад хүн, хуулийн этгээдэд үндэслэлгүйгээр шилжүүлсэн, эсхүл нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд тусгахгүй орхигдуулсан” бол татварыг нөхөн төлүүлж, хүн, хуулийн этгээдийг нөхөн төлөх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно”, “Тайлбар: Энэ зүйлийн 1,2,3,4,5 дахь хэсэгт заасан нөхөн төлүүлэх хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох ба уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхээргүй байна” гэж зааснаар оногдуулах шийтгэлийн хэмжээг тодорхойлох боловч 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д “Хуульд заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварын үнийн дүнгийн 20 хувиас хэтрэхээргүй байна” гэж заасныг алдангийн тухайд эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хууль гэж үзэхээр байна.

          Иймд хариуцагч улсын байцаагч нар Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1.1, 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д заасныг баримтлан шийтгэл ногдуулсаныг Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 4-т “Зөрчилд тооцохгүй болсон, оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээг хөнгөрүүлсэн, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасныг зөрчөөгүй.

            Дээрхийг нэгтгэн дүгнээд шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг бүхэлд нь хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг   удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 205 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын хууль баримталсан хэсгийг “2006 оны Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3.5, 16 дугаар зүйлийн 16.1.2, 2015 оны Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.5, 16 дугаар зүйлийн 16.1.2, Татварын ерөнхий хуулийн /2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/ 74 дүгээр зүйлийн 74.1, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

        3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2, 113.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                     Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                              Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ                                                              О.НОМУУЛИН