Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2018/00114

 

Ш.Ө-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2017/01518 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 2045 дугаар магадлалтай,

Ш.Ө-гийн нэхэмжлэлтэй,

П.Б , Х.Б, “А” ХХК-д холбогдох,

Гэрээний үнэ болон торгуульд 113.275.000 төгрөг гаргуулах тухай үндсэн,

эвлэрлийн гэрээ болон орон сууц захиалан бариулах гэрээг тус тус хүчин төгөлдөр буст тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Зохигчдын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Одончимэг, хариуцагчийн төлөөлөгч Н.Дэмбэрэлдагва, нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч Ш.Ө- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны 68 дугаар байрны 21 тоотод орон сууцанд амьдардаг бөгөөд "А” ХХК байрны нарны тусгалыг бүрэн хааж байшин барьснаас эрх, хууль ёсны ашиг сонирхол маань ноцтой зөрчигдөж, улмаар Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхэд Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт холбогдуулан Монгол Улсын хууль тогтоомж, БНбД-ийн заалт, шаардлагыг зөрчин “А” ХХК-ийн барих барилгын эскиз зураг, архитектор төлөвлөлтийн даалгаврыг батлан, зөвшөөрөл олгосноос амьдарч буй сууцанд маань тусах нарны тусгал бүрэн хаагдаж, эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж буй тул Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын даргын 2013 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 687 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавраар “А" ХХК-ийн Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны 68 дугаар байрны баруун талд барих 16 давхар барилгын эскиз зургийг баталсан үйлдэл, барилга угсралтын ажлыг эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан. Тус нэхэмжлэлд шүүх захиргааны хэрэг үүсгэсэн бөгөөд хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Х.Б, П.Б  нар Эвлэрлийн гэрээ байгуулах санал тавьсан. Би тэдний саналыг хүлээн авч 2015 оны 6 сарын 8-ны өдөр Эвлэрлийн гэрээ, тус гэрээг үндэслэн 2015 оны 6 сарын 12-ны өдөр Орон сууц захиалан бариулах гэрээг байгуулсан. Уг гэрээгээр орон сууцыг 98.500.000 төгрөгт тооцон аливаа зөрүү тооцохгүйгээр өөрсдийн барьж буй Өргөө Тауэр орон сууцны 1 дүгээр орцын 13 давхрын 149 тоот хаягт байрлах 2 өрөө 56.01 м.кв талбай бүхий орон сууцыг 2015 оны 4 дүгээр улиралд хүлээлгэн өгөхөөр тохиролцсон. Гэтэл П.Б , Х.Б нар өнөөдрийг хүртэл бүтэн 4 сарын хугацаанд гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэхгүй байна.  Иймд П.Б , Х.Б нараас БГД-ийн 19 дүгээр хорооны 68 дугаар байрны баруун талд баригдсан “Өргөө Тауэр” орон сууцны 1 дүгээр орцын 13 давхрын 149 тоот хаягт байрлах 2 өрөө, 56.01 м.кв талбай бүхий орон сууцыг гаргуулж өгнө үү.

Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж,  орон сууцны үнэ 98.500.000 төгрөг, 15 хувьтай тэнцэх хэмжээний торгуульд 14.775.000 төгрөг, нийт 113.275.000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч П.Б , Х.Б нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Дэмбэрэлдагва шүүхэд гаргасан тайлбартаа: Эвлэрлийн гэрээнд заасан гэх байрыг солих эсэхийг хариуцагч нар мэдэхгүй. Нэхэмжлэлд хавсаргасан тухайн үеийн Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн шүүгчийн 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 4271 дүгээр захирамжаар нэхэмжлэгч Ш.Ө- нэхэмжлэлээ татан авсныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Үүнээс үзвэл П.Б , Х.Б нарт нэхэмжлэгчийн шаардаж буй орон сууцыг хүлээлгэн өгөх үүрэг үүсээгүй байна. Гэрээ байгуулж, гэрээнд гарын үсэг зурсанд маргахгүй. Гэхдээ энэ бол зөвхөн барилгын ажлыг саадгүй явуулахын тулд тухайн үедээ л хийж байсан зүйл болохоос хариуцагч нар нь энэ үүргийг хүлээх хүмүүс биш. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагч “А” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: Тус компани эзэмшиж байсан хуучин барилгаа шинээр барих барилгын зураг төслийн хамт н.Найдантүвшин нарт худалдсан. Иймд уг хуучин барилгын суурь дээрх шинэ барилгыг н.Найдантүвшин нар барьсан байх ёстой. Ш.Ө-тэй харилцаж байсан П.Б , Б.Батбаяр нар нь манай компанид ямар ч хамааралгүй хүмүүс юм.  Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч П.Б , Х.Б нар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Ш.Ө- нь П.Б , X Батбаяр нарын талаар төөрөлдөж тэд нарыг захиргааны хэргийн оролцогч бөгөөд одоогийн нэхэмжлэлийн зүйл нь болж буй Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, Өргөө тауэр хотхоны 1 дүгээр орцын 149 тоот хаягт байрлах 2 өрөө 56.01 м.кв талбайтай орон сууцыг түүнд өгөх эрх мэдэл бүхий хүн мэтээр үзэж эдгээр гэрээг байгуулжээ. Түүний нэхэмжилж буй орон сууцыг 2015 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн орон сууц захиалан бариулах гэрээгээр Б.Шинэбаяр хэдийн захиалсан байхад Ш.Ө- нь 2015 оны 6 дугаар сарын 12-ны өдөр гэрээ байгуулсан нь ойлгомжгүй байна. Иймд Ш.Ө-гийн П.Б , Х.Б нартай байгуулсан 2015 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн эвлэрлийн гэрээ, 2015 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн орон сууц захиалан бариулах гэрээг тус тус хүчин төгөлдөр бус гэж тооцож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ш.Ө- сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: П.Б , Х.Б нар нь захиргааны хэрэг үүссэний дараа өөрсдөө холбогдож эвлэрэх санал тавьсан. Үүний дагуу бид ийнхүү хүссэн хүсэл зоригийг нь тусгасан эвлэрлийн гэрээ байгуулж, улмаар тус гэрээг үндэслэн Баянгол дүүргийн 19 хороо, Өргөө тауэр хотхонд очиж, байраа сонгон тэр даруйдаа тухайн орон сууцны барилгыг барьж буй гэх П.Б , Х.Б нартай орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан. Гэтэл П.Б , Х.Б нар нь орон сууцыг 2015 оны 3 дугаар сарын 20-ны өдөр орон сууц захиалан бариулах гэрээгээр Б.Шинэбаяр хэдийн захиалсныг мэдсээр атлаа надтай орон сууц захиалан бариулах гэрээ байгуулчхаад Ш.Ө- өмнө нь захиалагдсаныг мэдэх боломжтой байсан гэх үндэслэлээр гэрээг хүчин төгөлдөр буст тооцуулахаар нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй. Иймд хариуцагч нарын гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч “А” ХХК сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч нарын шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Захиргааны хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцож байгаагүй хүмүүстэй байгуулсан, мөн уг орон сууцны барилгыг манай компани худалдсан гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2017/01518 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 186 дугаар зүйлийн 186.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 232 дугаар зүйлийн 232.4-д зааснаар хариуцагч Х.Б, П.Б  нараас 20.250.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ш.Ө-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 93.025.000 төгрөгийг, хариуцагч А ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.3.1-д зааснаар хариуцагч Х.Б, П.Б  нарын нэхэмжлэгч Ш.Ө-д холбогдуулан гаргасан 2015 оны 6 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ, 2015 оны 6 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан орон сууц захиалан бариулах гэрээг тус тус хүчин төгөлдөр буст тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56 2, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 882.275 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Б, П.Б  нараас 259.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 1.072.750 төгрөгийг нөхөн гаргуулж улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 2045 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2017/01518 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 186 дугаар зүйлийн 186.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 232 дугаар зүйлийн 232.4-д зааснаар хариуцагч Х.Б, П.Б  нараас 20.250.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ш.Ө-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 93.025.000 төгрөгийг” гэснийг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 227 дугаар зүйлийн 227.1, 232 дугаар зүйлийн 232.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Х.Б, П.Б  нараас 13.500.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ш.Ө-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 99.775.000 төгрөгийг” гэж, Тогтоох хэсгийн 2 дахь заалтын “259.200 төгрөгийг” гэснийг “225.450 төгрөгийг” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 623.075 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.402.150 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Одончимэг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2017/01518 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 2045 дугаар магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцааг буруу тодорхойлж, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн. Тодруулбал, зохигчдын хооронд худалдах, худалдан авах эрх зүйн харилцаа үүсээгүй байтал "... худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан" хэмээн дүгнэж, эрх зүйн маргаанд хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүйд гомдолтой байна.

Учир нь хэрэгт авагдсан нотлох баримтаар: нэхэмжлэгч Барилга угсралтын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгосон захиргааны актыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан, зохигчид Эвлэрлийн гэрээ, тус гэрээнд үндэслэсэн Орон сууц захиалан бариулах гэрээ байгуулагдсан, нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авснаар Захиргааны хэргийн анхан шатны хорьдугаар шүүхийн шүүгчийн 4271 дүгээр захирамж гарсан үйл баримт эргэлзээгүй нотлогдсон. Дээрх нотлогдож буй үйл баримтаар зохигчид худалдах худалдан авах гэрээ огт байгуулаагүй. Нэхэмжлэгч гэрээний тус тохиролцоо /нэхэмжлэгч нь гэрээний 2.4.1 дэх хэсэгт заасан орон сууцны барилгыг хүлээн авч, нүүж орсноор өөрийн өмчлөлийн энэ гэрээний 2.2 дахь хэсэгт заасан орон сууцны барилгыг гуравдагч этгээдэд хүлээлгэн өгнө гэх тохиролцоо/ биелэгдэх боломжгүй болсныг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, 98.500.000 төгрөгийг гаргуулахаар шаардсан бөгөөд шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн атлаа хариуцагч нар сууцаа тэдэнд хүлээлгэн өгөх тохиролцоо хийгээгүй, хариуцагч нар нэхэмжлэгчийн орон сууцыг гаргуулах шаардлага гаргаагүй буюу маргаагүй үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр, үнэлэлгүйгээр "... өөрийн орон сууцны өмчлөгч хэвээр байгаа бөгөөд одоог хүртэл оршин сууж байгаа” хэмээн хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасанд гомдолтой байна. Шүүх ийнхүү дүгнэхдээ Эвлэрлийн гэрээний 2.4.2 дахь хэсгийн заалтыг хэрэг ач холбогдолтой талаас нь үнэлээгүй нь нотлох баримт үнэлэх журмыг ноцтой зөрчсөн хэрэг болсон гэж үзэж байна

Иймд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2017/01518 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 2045 дугаар магадлалд өөрчлөлт оруулан, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч нарын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Дэмбэрэлдагва хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах гомдлын дагуу 2017.09.13-ны өдөр 2045 дугаар магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн заалтыг зөв хэрэглэсэн бол нэхэмжлэгчийн захиргааны хэргийн оролцогч биш хариуцагч нартай байгуулсан эвлэрлийн болон орон сууц захиалгаар бариулах гэрээг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах нотлох баримт болгох ёсгүй. Нэхэмжлэгчтэй эвлэрлийн гэрээ байгуулах болон түүнд орон сууцыг шилжүүлэн өгөх ямар ч эрх мэдэлгүй байсан хариуцагчдад төлбөр хариуцуулсан нь буруу. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.3.1-д зааснаар төөрөгдсөн нь нотлогдсон болно. Давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн болон орон сууц захиалгаар бариулах гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцох байсан. Иймд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.06.27-ны өдрийн 183/ШШ2017/01518 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017.09.13-ны өдрийн 2045 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгон нэхэмжлэлийн хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

                                                ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Н.Отгонсүрэн нь “Анима интернешнл” ХХК-д холбогдох шаардлагаас татгалзаж, хариуцагч П.Б , Х.Б нараас  113.275.000 төгрөг гаргуулахаар шаардахдаа нэхэмжлэлийн үндэслэлд Эвлэрлийн гэрээ, Орон сууц захиалан бариулах гэрээг дурдан, уг гэрээгээр хүлээсэн үүргээ хариуцагч нар биелүүлээгүй гэжээ.  Хариуцагч нар нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө “...барилгын ажилд гүйцэтгэгчээр оролцож байсан, барилгын ажлыг саадгүй явуулахын тулд гэрээ байгуулсан, байрыг  зарцуулах эрхгүй” гэсэн тайлбар гарган маргаж,  улмаар Эвлэрлийн гэрээ болон орон сууц захиалан бариулах гэрээг  тус тус хүчин төгөлдөр бусад тооцуулах сөрөг шаардлага гаргажээ.

Зохигчдын хооронд 2015 оны 6 дугаар сарын 08-ны өдөр байгуулагдсан Эвлэрлийн гэрээний агуулгаас үзвэл хариуцагч нар нь шинээр барьж буй 16 давхар барилга нь нэхэмжлэгчийн өмчлөлийн Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны 68 дугаар байрны 21 тоотын 2 өрөө байрны нарны тусгалыг бүрэн хаасныг, мөн уг орон сууцыг зах зээлийн ханш 85.000.000 төгрөгөөр үнэлж байгаа, мөн зөрчигдсөн эрхээ сэргээлгэхийн тулд өмгөөлөгчийн болон бусад зардалд 13.500.000 төгрөг зарцуулж нийт 98.500.000 төгрөгийн хохирол учирсныг  хүлээн зөвшөөрч, улмаар шинээр  барьж буй барилгын 13 давхарт 56.01 м.кв талбайтай  2 өрөө орон сууцыг 98.500.000 төгрөгт тооцон нэхэмжлэгчид, нэхэмжлэгч өөрийн орон сууцаа хариуцагчид шилжүүлэхээр харилцан тохиролцсон байх ба  уг гэрээг үндэслэн 2015 оны 6 дугаар сарын 12-ний өдөр Орон сууц захиалан бариулах гэрээг байгуулжээ.

Дээрх эвлэрлийн гэрээ байгуулснаар нэхэмжлэгч захиргааны хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлээ татан авсан байна /хэргийн 6-15, 20-22 дугаар тал/.

Хариуцагч нар гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй бөгөөд орон сууц бусдын өмчлөлд шилжсэн тул нэхэмжлэгч орон сууцны үнэ болон үүргээ хугацаандаа биелүүлээгүйн торгууль шаарджээ /хэргийн 158, 183 дугаар тал/.    

Анхан шатны шүүх хариуцагч эвлэрлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн гэж үзэж үндсэн нэхэмжлэлээс 13.500.000 төгрөг,  торгууль 6.750.000 төгрөг нийт 20.250.000 төгрөгийг хангаж, нэхэмжлэлийн үлдэх хэсэг болон сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ. Давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулж,  үндсэн нэхэмжлэлээс 13.500.000 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх хэсгийг  хэрэгсэхгүй болгохдоо зохигчдын хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээнд алданги төлөхөөр тусгагдаагүй гэж дүгнэжээ.

Шийдвэр, магадлалын үндэслэлд дурдсан Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх зохицуулалтыг зохигчдын хоорондох эрх зүйн маргаанд зөв хэрэглэсэн эсэхийг хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд шууд дүгнэх боломжгүй байна.

Эвлэрлийн гэрээ болон орон сууц захиалан бариулах гэрээнд заасан орон сууц бусдын өмчлөлд шилжсэн хэдий ч энэ нь гэрээний оролцогчдын хүсэл зоригийн илэрхийллийг үгүйсгэх үндэслэл болохгүйг хоёр шатны шүүх анхаараагүй байна.

Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээхээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан ба нэхэмжлэгч нь хариуцагч нарт орон сууцаа худалдсан гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй, энэ тохиолдолд зохигчдын хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийн үндэслэл ойлгомжгүй болжээ.  

Хэргийн 62-65 дугаар талд авагдсан Монгол Улсын Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2015.3.16-ний өдрийн 09/065/139 дүгээр актад “А” ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2005 оны 183 дугаар захирамжаар 986 м.кв газрыг эзэмшиж, 2008 оны 9 дүгээр сарын 22-ний өдрийн 449 тоот захирамжаар Баянгол дүүргийн 19 хорооны нутаг дэвсгэрт дүүргийн эрүүл мэндийн 6 дугаар төвийн зүүн урд талд байршуулан 0.09 га-д үйлчилгээтэй орон сууцны барилга барихаар зориулалт өөрчилсөн, НЗД-ын 2015 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн А/05 тоот захирамжаар Ж.Бадрал, Х.Эрдэнэбат, Г.Гарьд, Б.Найдансүрэн нарт шилжсэн, ...баригдаж байгаа барилга нь 68 дугаар байрны барилгын  хананаас 17.8 метр, балконоос 16.5 м зайтай байгаа нь Хот тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм БНбД 30-01-04-ийн 9.19, Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөлт БНбД 31-01010-ийн 5.26, заавал мөрдөх 4 дүгээр хавсралтын 1.6, Орон сууц, олон нийтийн барилга, сууцны барилгажилтын бүсийн нарны тусгалын хангамж БНбД 23-04-07–ийн 3.1 дэх заалтуудыг тус тус зөрчиж байна” гэжээ.

Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын 2015 оны 12 дугаар сарын 22-ний өдрийн 2015/786 дугаар актаар Б.Найдансүрэн нарын үйлчилгээ, оффис, 170 айлын орон сууцны барилгыг байнгын ашиглалтад оруулахаар шийдвэрлэж, хүлээн авчээ /хэргийн 165-177 дугаар тал/.

Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.12, 4.1.13-т зааснаар захиалагчтай гэрээ байгуулсны үндсэн дээр барилгын ажлыг гүйцэтгэх эрх бүхий хуулийн этгээдийг барилгын ажил гүйцэтгэгч,  барилга байгууламжийн барилгын ажил гүйцэтгүүлэх сонирхол бүхий иргэн, хуулийн этгээд болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг барилгын ажлын захиалагч гэж тус тус тодорхойлжээ.  

Түүнчлэн мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1, 14.1.2-т зааснаар барилга байгууламж нь зураг төслийн дагуу баригдсан байх, барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийн шаардлагыг хангасан байхаас гадна захиалагч нь барилга байгууламжийн баримт бичгийг холбогдох хууль тогтоомж, норм, нормативын баримт бичгийн шаардлагын дагуу бүрдүүлэх, барилгын үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд өөрийн буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гарах эрсдэл, хохирлыг хариуцахаар хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, 37.1.13-т тус тус зохицуулжээ.

Хариуцагч нар нь уг барилгын захиалагч эсхүл гүйцэтгэгч алин болох нь тодорхой бус, энэ талаарх  баримт хэрэгт авагдаагүй байна.

Хөрш залгаа эд хөрөнгийн нэг талын өмчлөгч буюу эзэмшигч нь өөрийн эд хөрөнгөө ашиглахад саад болохооргүй нөгөө талын зайлшгүй шаардлагатай нөлөөллийг хориглон хязгаарлаж болохгүй. Гагцхүү нөлөөлөл нь ноцтой боловч нөгөө тал нь өөрийн эд хөрөнгөө аж ахуйн ердийн зориулалтаар ашиглах зайлшгүй шаардлагаар ийнхүү нөлөөлж байвал, энэхүү нөлөөлөл нь ердийн ашиглалтын үед байж болох хэвийн хэмжээнээс хэтэрсэн гэж үзвэл нөгөө тал нь ийнхүү нөлөөлж байгаа талаас мөнгөн хэлбэрээр нөхөн төлбөр шаардах эрхтэй талаар Иргэний хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-т заасан.

Хуулийн энэхүү зохицуулалтаар хөрш залгаа газар дээр баригдсан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигч нь уг эд хөрөнгийг бий болгохдоо хөршийн эрхийг зөрчиж байгаа бол хөрш уг үйлдлийг зогсоохыг шаардах эрхтэй  бөгөөд шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-т нийцээгүй гэж үзнэ.  

Дээр дурдсанаар хэргийн нөхцөл байдал тодорхой бус, энэ тохиолдолд хоёр шатны шүүхийн хууль хэрэглээний алдааг шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах журмаар залруулах боломжгүй тул хэргийг дахин хянан шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2017/01518 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 2045 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр төлсөн 656.825 төгрөг, хариуцагч нараас 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр төлсөн 225.450 төгрөгийг шүүгчийн захирамжаар тус тус буцаан олгосугай.       

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ц.АМАРСАЙХАН

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ