Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 247

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхтуул,

улсын яллагч Г.Ганхөлөг,

шүүгдэгч П.Л-, түүний өмгөөлөгч Ц.Баяртогтох нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн П.Л-д холбогдох эрүүгийн ____5 дугаартай, 1 хавтас хэргийг 2020 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, _____ дугаарын регистртэй, П.Л-.

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч П.Л- нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 37 дугаар байрны в1 давхарт иргэн Д.А-г зодож эрүүл мэндэд нь зүүн нүдний доод зовхи, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, зүүн эгэм, зүүн ташаа, зүүн өвдгөнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Л- мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч П.Л-гийн өгсөн:

“...2019 оны 11 дүгээр сарын 14-нд хамтарч ажил хийдэг найз Э- 22 товчооны тэнд хүнд том тэрэгний юм гагнаж өгч байгаад тог тасрахаар нь хэзээ ирэхийг лавлахад ойролцоогоор 2-3 цаг болно гэхээр нь бид нар буухаар болсон. Энэ үед манай өмнө нь Өмнөговь аймагт байдаг Батдорж гээд найз хашаанд хүрээд ирсэн. Тэгээд бид гурав гурвуулаа нийлээд хот руу орж харихаар болсон. Миний машинтай байсан болохоор Э-ыг буулгаад багажаа Эрхмээгийн ард үлдээсэн байснаа авах гээд тэдний байрны граж руу орсон. Тэгээд бид нар граж орохдоо нэг шил 0,5 литрийн нэг архи аваад граж дотор миний машинд уусан. Тэгээд манай найз Б машин барьж явна гээд огт архи уугаагүй.

Тэгээд байж байхад гэр бүлийн болуу гэмээр машин орж ирээд ухарч зогсоолд тавих гэж байгаад тэнд байсан нэг машины урдаас мөргөсөн. Тэгээд би та нар хүний машин мөргөчихлөө гээд хэлсэн чинь мөргөөгүй ямар чиний машиныг мөргөө юу гээд байсан. Тэгэхээр нь би буугаад очсон чинь машин барьж байсан залуу бууж ирээд намайг цохиод би зөрүүлээд цохисон. Гэтэл цаанаас нь өөр нэг эрэгтэй махлаг шар эмэгтэй хоёр буугаад ирсэн. Тэгээд би нөхөртэй нь зууралдаад байж байхад хамт байсан эрэгтэй, эмэгтэй нар нь салгах гээд байсан бөгөөд манай найз Эрхэмээ нар салгасан. Намайг тэр нөхөр нь гэх эрэгтэй ганц нэг гар хүрсэн бөгөөд хамт байсан эрэгтэй нь хүртэл намайг цохисон. Харин энэ үед эхнэр нь дундуур ороод байсан би уг нь эхнэрт нь гар хүрнэ гэж бодоогүй бөгөөд хаалгаар гарах гэж байхад араас нэг нь намайг хөлөөрөө өшиглөхөөр нь эргээд өшиглөтөл эхнэр нь гэх эмэгтэй дундуур ороод өшиглүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-н 50-51/,   

 

Мөрдөн байцаалтад хохирогч Д.А-гийн өгсөн:

“...Би 2019 оны 11 дүгээр сарын 14-нд орой 22-23 цагийн хооронд нөхөр бид хоёр доод в-1 давхарт байдаг граждаа ороод машинаа тавьсан. Намайг ухарч байхад хажууд байсан приус 30 маркийн машин дотор байсан залуу бид хоёрт хандаж нэг согтуу бололтой залуу хүний машин мөргөчихөөд юундаа инээгээд байгаа юм гээд хэлэхээр нь би мөргөөгүй гээд хэлсэн. Гэтэл мөргөсөн гээд энэ зогсоолыг би мэднэ гээд байсан. Тэгээд манай нөхөр Хүрэлдавааг хойд талд байсан залуу нь ирээд гараараа хэд хэдэн удаа цохиод авсан. Би салгах гээд боль гээд хэлтэл нөгөө эрэгтэй намайг мөн адил зүүн шанаа руу гараараа цохисон. Гэтэл би газар уначихсан манай нөхрийн мөн хамт байсан гэх эрэгтэй нь буугаад ирсэн. Манай нөхөртэй зодолдоод байсан. Бид нартай хамт байсан ах маань бууж ирээд салгах гэтэл бужигнаад байсан. Тэгээд нөхөр бид хоёр гарах гээд хаалган дээр ирэхэд араас дагаж ирээд зодоод байсан. Тэгээд бүр гадаа гарахад дагаж гарч ирээд бид нарыг зодсон.

Надад хэргийн материалд хавсаргах баримт байхгүй надаас тухайн үед 150,000 төгрөг гарсан бөгөөд уг мөнгийг барагдуулсан. Надад хэрэг маргаантай холбоотой ямар нэг санал гомдол байхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 19-21, 34-35/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.Х-гийн өгсөн:

“...2019 оны 11 дүгээр сарын 14-нд орой 23 цагийн үед гэртээ орох гээд манай гэрийн в/1 давхарт байдаг граж дотор зогсоол дээр машинаа тавих гээд эхнэр А-гийн хамт машинаа ухрааж оруулсан. Хоёр талдаа машин байсан болохоор нилээд болгоомжтой орсон юм...Тэгээд ганц хоёр цохилцоод байж байхад нөгөө хамт байсан хоёр нь бууж ирээд намайг бариад авсан гэтэл манай нэг хөдөөнөөс хамт ирсэн ах маань эхнэр чинь уначихлаа гээд хэлсэн. Тэгээд эргээд хартал газар уначихсан байсан. Тэгээд нөгөө хоёр над руу ахиад дайраад байсан. Энэ үед манай эхнэрийг салгах гээд араас нь татах үед нь машины ард байсан 165 см орчим өндөр туранхай 35 орчим насны эрэгтэй манай эхнэрийг нүүр лүү нь цохиод авсан. Тэгээд нөгөө эрэгтэй бид хоёр хамт гараад гадаа баахан муудалцсан. Дараа нь манай эхнэр цагдаа дуудсан байсан...” гэх мэдүүлэг /хх-н 8-9/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 14000 тоот:

1. Д.А-гийн биед зүүн нүдний доод зовхи, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, зүүн эгэм, зүүн ташаа, зүүн өвдгөнд цус хуралт, 20-21 долоо хоногтой жирэмсэн зулбахыг завдсан гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр гэмтэл авсан гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-н 25/,

 

- хохирогч Д.А-гийн гаргасан “...эмчилгээний зардал болох 150,000 төгрөгийг Лхаасүрэнгээс гаргуулан авч хохирол болсон...” гэх хүсэлт /хх-н 76/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 66/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч П.Л- нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 37 дугаар байрны в1 давхарт иргэн Д.А-г зодож эрүүл мэндэд нь зүүн нүдний доод зовхи, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, зүүн эгэм, зүүн ташаа, зүүн өвдгөнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч П.Л-гийн “...хаалгаар гарах гэж байхад араас нэг нь намайг хөлөөрөө өшиглөхөөр нь эргээд өшиглөтөл эхнэр нь гэх эмэгтэй дундуур ороод өшиглүүлсэн...” гэх мэдүүлэг,  

 

хохирогч Д.А-гийн “...Би салгах гээд боль гээд хэлтэл нөгөө эрэгтэй намайг мөн адил зүүн шанаа дээр гараараа цохисон. Гэтэл би газар уначихсан манай нөхрийн мөн хамт байсан гэх эрэгтэй нь буугаад ирсэн.

...Тэгээд бүр гадаа гарахад дагаж гарч ирээд бид нарыг зодсон...” гэх мэдүүлэг,

 

гэрч Б.Х-гийн “...Тэгээд ганц хоёр цохилцоод байж байхад нөгөө хамт байсан хоёр нь бууж ирээд намайг бариад авсан гэтэл хөдөөнөөс хамт ирсэн ах маань эхнэр чинь уначихлаа гээд хэлсэн. Тэгээд эргээд хартал газар уначихсан байсан. Тэгээд нөгөө хоёр над руу ахиад дайраад байсан. Энэ үед манай эхнэрийг салгах гээд араас нь татах үед нь машины ард байсан 165 см орчим өндөр туранхай 35 орчим насны эрэгтэй манай эхнэрийг нүүр лүү нь цохиод авсан...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 14000 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч П.Л-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч П.Л-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

Хэргийн хохирогч Д.А-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

 

Мөрдөн байцаалтад хохирогч Д.А-гийн “...Надад хэргийн материалд хавсаргах зүйл байхгүй надаас тухайн үед 150,000 төгрөг гарсан бөгөөд уг мөнгийг барагдуулсан. Надад хэрэг маргаантай холбоотой ямар нэг санал гомдол байхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 19-21, 34-35/, “...эмчилгээний зардал болох 150,000 төгрөгийг Лхаасүрэнгээс гаргуулан авч хохиролгүй болсон...” гэх хүсэлт /хх-н 76/ зэргийг харгалзан шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.  

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч П.Л-д холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг бүрэн хангасан, прокуророос П.Л-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялын саналаа танилцуулж, гарын үсэг зуруулсан нь шүүгдэгч эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн байх тул шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж дээрх торгуулийн ялыг оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч П.Л-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч П.Л-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Л-г 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Л-г торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол П.Л-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ