Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 245

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхтуул,

улсын яллагч Г.Билгүүжин,

шүүгдэгч Л.Д-,

хохирогч Н.Н-, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан,

гэрч Б.А- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Д-д холбогдох эрүүгийн _____ тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ____ дугаарын регистртэй, Л.Д-.

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Л.Д- нь 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Алтай хотхоны гадна зогсоол дээр иргэн Н.Н-тай маргалдан, улмаар түүнийг зодож, биед нь халдаж эрүүл мэндэд нь “хацарт зөөлөн эдийн гэмтэл, шилбэнд цус хуралт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Д- мэдүүлэхдээ:

“...2019 оны 12 дугаар 19-ний өдөр гэрлүүгээ орох гээд явж байхад орох гарцны хаалттай тулгараад би хамгаалагчид би гэртээ ормоор байна гэхэд хамгаалагч оруулахгүй байсан. Та чипээ үзүүлээд ор бүгд чиптэй болчихсон гээд байсан. Надад гэрлүүгээ орох өөр гарц байхгүй. Би дандаа тэр гарцаар гэрлүүгээ ордог байсан. Би санаатайгаар зам хааж зогсоогүй. Хохирогч гэх эмэгтэй цонх тогшоод машин өшиглөөд байсан. Тэгээд байж байгаад би машиныхаа цонхыг онгойлгоход надруу шүлсээ хаяад салаавч гаргаад байсан. Тухайн үед би тэр хавийн бичлэг шалгуулъя гэсэн боловч бичлэг устчихсан байсан. Тэгээд хамгаалагчийг гэрчээр асуулгах гэсэн боловч ажлаасаа гарсан байсан. Тэгээд би тухайн үед машинаасаа буугаад ирэхэд хохирогч гэх эмэгтэй шууд л намайг өшиглөсөн, үсдсэн. Би нялх хүүхэдтэй хөгжлийн бэрхшээлтэй дүүгээ асардаг учраас надад зав байгаагүй учир шүүх эмнэлэгт үзүүлж чадаагүй. Би тухайн үед бас зодуулсан. Намайг гэм буруутайг батлах камерын бичлэг нотлох баримт хүсч байна. Тухайн үед хохирогчтой зууралдаад унахгүйн тулд би хувцаснаас нь зуурч хувцсыг нь урсан байж магадгүй. Би ч бас зодуулсан...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Н.Н-ийн өгсөн:

“...2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр орой 19 цагийн үед хүүтэйгээ хамт гэрлүүгээ орох гээд явж байсан. Тэгээд гэрлүүгээ орох гээд гарцны тэнд машинууд ар араасаа цуваад зогсчихсон дуут дохио өгөөд л зогсоод байсан. Би урд талын машиныг яасныг мэдэх гээд машинаасаа буугаад урагшаа явсан. Тэгсэн хамгаалагч энэ эмэгтэй чипгүй байсан болохоор нь оруулахгүй байгаа юм гэж хэлсэн. Тэгэхээр нь би шүүгдэгчид чи 4.000 төгрөгөөр чип худалдаад авчих гэж хэлсэн чинь би холдож чадахгүй та нар чаддаг юм бол намайг холдуулчих гээд уурлаад байсан. Машинаасаа бууж ирээд л юу гээд байгаа авгай вэ гээд өшиглөсөн. Тухайн үед манай хүү бичлэг хийж байсан. Миний нүүр болон хөл рүү цохисон. Бид 2 газар унаагүй тухайн үед байсан хүмүүс харсан. Миний куртикыг бас урсан. Тэгээд би цагдаа дээр очоод шүүх эмнэлэгт үзүүлсэн. Эмчилгээний зардалд 604.489 төгрөг, таксины зардал 221.200 төгрөг, шатахууны 552.300 төгрөг, куртикны 324.000 төгрөг гээд нийт 1.711.989 төгрөгийн зардлыг нэхэмжилж байна. Мөн цаашид гарах зардлыг нэхэмжилнэ...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Б.А-гийн өгсөн:

“...Би тухайн өдөр ажлаа тараад ээжтэйгээ хамт гэрлүүгээ орох гээд явж байсан. Машинууд гэрлүүгээ орох гээд дуут дохио өгч байсан. Тэгээд ээжийг та очоод нэг үзээдэхдээ гэтэл нэг машин гарц хааж зогсчихоод явахгүй байна гээд ээж буцаад ирсэн. Би хүртэл очиход надад шүүгдэгч би хөдлөхгүй би ч гэсэн гэрлүүгээ орох гээд байна гэж хэлсэн. Тэгсэн ээж шүүгдэгчтэй мууталцаад байсан. Тэгсэн шүүгдэгч гэнэт бууж ирээд ээжийг хөл рүү өшиглөөд, нүүр лүү нь хүртэл цохисон. Шүүгдэгч үг авахгүй байхаар нь би цагдаа дуудсан. Тэгээд цагдаа ирээд шүүгдэгчийн бичиг баримтыг шалгая гэхэд шалгуулахгүй гээд бас л муудалцаад байсан. Тэгээд бараг гадаа гэртээ орж чадахгүй 1 цаг болсон байх...” гэв.

 

Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Л.Д-гийн өгсөн:

“...Би 2019 оны 12 дугаар сарын 19-ний орой 19 цагийн орчимд гэр лүүгээ орох гээд өөрийн эзэмшлийн 75-00 УБВ улсын дугаартай Тоёота Альфард маркийн машинтайгаа Алтай хотхоны нийтийн эзэмшлийн зам таглаж тавьсан хаалтан дээр орох гээд хаалгачид учирлаад зогсож байхад араас 30 гаран насны эрэгтэй хүрч ирээд цонх балбаад машинаа холдуул гээд байсан. Би гэртээ орох гээд зогсож байна энэ замаар орохоос өөр гарц байхгүй гэж хэлсэн. Тэгэхэд тэр залуу гар утсаа гаргаж ирээд бичлэг хийгээд эхэлсэн. Тэгэхэд араас ээж нь бололтой настай эмэгтэй ирээд цонх тогшоод байсан. Тэгээд цонхоо онгойлгоход тэр эмэгтэй миний өөдөөс нүүр лүү нулимаад зайлаач гээд орилоод байсан. Тэгэхээр нь би гэртээ орох гээд зогсож байна гэхэд дахиад өөдөөс нулимаад салаавч өгөөд байсан. Тэгэхээр нь би уг эмэгтэйг согтуу байна гэж бодоод цонхоо хаасан. Тэгэхэд 1 эмэгтэй ирээд чипээрээ хаалт онгойлгохоор нь орох гээд хөдлөхөд нөгөө настай эмэгтэй машины цонх руу дахиж нулимаад, араас машин цохих чимээ гарахад би машинаа харахаар бууж очоод машинаа хараад нөгөө эмэгтэй рүү хандаж та чинь одоо яагаад байгаа юм бэ арай хэтэрхий юм бэ гэхэд нөгөө настай эмэгтэй ирээд үгийн зөрүүгүй намайг үсдээд дараад авсан. Тэгэхэд нь би чулуунд бүдрээд унахдаа биеэ хамгаалах гэж куртикнээс нь барьж тогтож авсан. Тэгэхэд хажуунаас нь хүүхэд нь ирээд ээжээ болиочээ гээд салгах гээд оролдож байхад хэн нь цохиод байгаа нь мэдэгдэхгүй толгой руу цохиод байсан. Тэгээд салаад хүүхэд нь намайг түлхээд холдуулсан. Би уг эмэгтэйн хөл рүү нь өшиглөсөн асуудал байхгүй.

Би өөрөө тухайн үед хүнд зодуулсан мөртлөө хүн зодсон гэж хэлмэгдэж байгаадаа гомдолтой байна. Би уг эмэгтэйд учирсан гэмтлийг хүлээн зөвшөөрөхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-н 61-62/,  

 

Мөрдөн байцаалтад хохирогч Н.Н-ын өгсөн:

“...Би 2019 оны 12 дугаар сарын 19-нд орой 19 цагийн үед өөрийн хүү А-гийн хамтаар өөрийн эзэмшлийн 50-10 УБУ улсын дугаартай машинтайгаа БГД-н 1-р хороо Алтай хотхоны зүүн талд байрлах замаар гэрлүүгээ орох гэхэд хаалт таглаад 75-00 УБВ улсын дугаартай машин орохгүй чипгүй удаад, ард машинууд орох гээд сигналдаад байсан. Тэгээд би бууж очоод машинаа холдуулаачээ чипгүй бол орохгүй, эргээд явдаг шүү дээ гэхэд хажууд харуулын залуу бас зогсож байсан тэр залуу бас энэ эгчид хэлээд ойлгохгүй байна гэсэн. Тэгэхэд тэр машины жолооч эмэгтэй хэн та нарыг энд хаалт хий гэсэн юм би гэрлүүгээ орох гэж байна СӨХ-н дарга дууд, би эндээс хөдлөхгүй хох чинь гээд суугаад байсан. Тэгээд би машиных нь хаалгыг татахад онгойлгохгүй байсан. Тэгээд тэр эмэгтэй өөрөө бууж ирээд надтай хэрүүл хийгээд байсан. Тэгээд тэр эмэгтэй миний зүүн хөлийн шилбэ рүү 2, 3 удаа өшиглөсөн. Тэгэхээр нь би үсдэж аваад доошоо дарахад намайг 2 хөл рүү ээлжлэн өшиглөөд байсан. Тэгээд бид 2 ноцолдож байхад нүүр лүү гараараа цохисон. Тэгэхэд манай хүү А-, харуул 2 ирээд салгасан. Тэгээд би 102-т дуудлага өгсөн. Надтай зууралдаж байхдаа миний куртикыг урсан. Би эмчилгээ хийлгэсэн зардал, куртикээ төлүүлмээр байна...” гэх мэдүүлэг /хх-н 13-14/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.А-гийн өгсөн:

“...Би 2019 оны 12 дугаар сарын 19-ний орой 19 цагийн үед ажлаа тараад ээж Найгалтай хамт машинтайгаа гэрлүүгээ орох гэж яваад Алтай хотхоны машины хаалт таглаад машин зогсоод хөдлөхгүй байсан. Тэгээд хэсэг хүлээж байгаад сигналдахад хөдлөхгүй байсан. Тэгээд ард машинууд очерлоод сигналдаж эхэлсэн. Тэгээд манай ээж Найгал би гарч уулзчихаад ирье гээд гарсан. Тухайн үед Алтай хотхоны харуул уг машин дээр очоод шаардлага тавиад байх шиг байсан. Тэгэхэд манай ээж очоод машины цонх онгойлгосон жолоочтой нь юм яриад зогсож байсан. Би бууж очиход машины жолооч эмэгтэй, манай ээжтэй маргалдах гээд байсан. Тэгэхээр нь би цагдаад дуудлага өгнө гээд утсаараа яриад зогсож байхад нөгөө жолооч эмэгтэй бууж ирээд манай ээжийг хөл рүү нь өшиглөөд, бие биенийгээ үсдээд зууралдаад авсан. Тэгээд би очоод дундуур нь орж салгасан. Тэгэхэд тэр эмэгтэй ээж рүү дайраад доогуураа өшиглөөд байсан. Тэгээд удалгүй цагдаа нар ирээд тэр эмэгтэйд шаардлага тавьж машинаа холдуул гэхэд шаардлагыг нь хүлээж авахгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-н 15-16/,

 

Мөрдөн байцаалтад шинжээч Н.Туяагийн өгсөн:

“...Шилбэний цус хуралт гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Шилбэний цус хуралт гэмтэл нь 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой...” гэх мэдүүлэг /хх-н 42-43/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 489 тоот: 

  1. Н.Н-ын биед хацарт зөөлөн эдийн гэмтэл, шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

  2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.

  3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

  4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

  5. Дээрхи гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна гэх дүгнэлт /хх-н 26-27/,

 

  - хохирлын баримтууд /хх-н 46-55/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 66/,

- оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 67/

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 83/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Л.Д- нь 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Алтай хотхоны гадна зогсоол дээр иргэн Н.Н-тай маргалдан, улмаар түүнийг зодож, биед нь халдаж эрүүл мэндэд нь “хацарт зөөлөн эдийн гэмтэл, шилбэнд цус хуралт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

хохирогч Н.Н-ын “...Тэгээд тэр эмэгтэй өөрөө бууж ирээд надтай хэрүүл хийгээд байсан. Тэгээд тэр эмэгтэй миний зүүн хөлийн шилбэ рүү 2, 3 удаа өшиглөсөн. Тэгэхээр нь би үсдээд аваад доошоо дарахад намайг 2 хөл рүү ээлжлэн өшиглөөд байсан. Тэгээд бид 2 ноцолдож байхад нүүр лүү гараараа цохисон. ... Надтай зууралдаж байхдаа миний куртикыг урсан...” гэх мэдүүлэг,

 

гэрч Б.А-гийн “...жолооч эмэгтэй бууж ирээд манай ээжийг хөл рүү нь өшиглөөд, бие биенийгээ үсдээд зууралдаад авсан. ...тэр эмэгтэй ээж рүү дайраад доогуураа өшиглөөд байсан...” гэх мэдүүлэг,

 

шинжээч Н.Туяагийн “...Шилбэний цус хуралт гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Шилбэний цус хуралт гэмтэл нь 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 489 тоот дүгнэлт, хохирлын баримтууд зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Л.Д-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Л.Д-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

Хэргийн хохирогч Н.Н-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

 

Хавтаст хэрэгт гэмт хэргийн улмаас учирсан баримтын хүрээнд тогтоогдсоноор 1,711,989 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан хохирогч Н.Н-д олгож, хохирогч нь бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Л.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг гаргасан бөгөөд шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хуульд зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 /зургаан зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 /зургаан зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Л.Д-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Л.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Д-г 650 /зургаан зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 /зургаан зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Д-г торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирээгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Л.Д-гээс 1,711,989 төгрөг гаргуулж, хохирогч Н.Н-д олгож, хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлын нотлох баримтаа бүрүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Л.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ