Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 240

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өсөхжаргал,

улсын яллагч Ц.Оюун-Эрдэнэ,

шүүгдэгч Б.Б-, түүний өмгөөлөгч Д.Ганхуяг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б-д холбогдох эрүүгийн ___ тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ____ дугаарын регистртэй, Б.Б-.

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Б.Б- нь 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 08 цаг 50 минутын үед Замын-Үүд Улаанбаатар чиглэлийн суудлын 275 дугаар галт тэрэгний 16 дугаар вагоноос Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Улаанбаатар Төмөр замын Зорчигч үйлчилгээний төв буудалд буухдаа иргэн Х.О-гийн мартаж буусан 506,220 төгрөгийн үнэ бүхий Орра-А11 загварын гар утсыг завшсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б- мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Б.Б-ын өгсөн:

“...2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр өөрийн төрсөн охин 4 настай Буяндэлгэрийн Солонгыг Эрээн хотод амьдардаг эгчийндээ хүргэж өгөхөөр Улаанбаатар Замын-Үүд чиглэлийн суудлын галт тэргэнд сууж яваад охиноо хүргэж өгчихөөд 2019 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Замын-Үүд Улаанбаатар чиглэлийн суудлын 275 дугаар галт тэрэгний 16 дугаар вагоны 47 дугаар местэнд зорчин явсан. Тухайн үед би 2 том цүнх, үүргэвчтэй явж байсан, том цүнхээ нимгэн торонд хийчихсэн байсан чинь оосор нь тасарчихсан, би ачаа ихтэй явж байгаа юм чинь сүүлд бууя гэж бодоод хажуу талынхаа местэн дээр цүнхнийхээ оосрыг скочоор янзалчихаад дээшээ хартал 2 давхрын местэн дээр цагаан өнгийн ОРРО гэсэн бичигтэй хятад утас байхаар нь асаалттай байна уу гэж үзтэл унтраачихсан байсан, эргэн тойронд гар утасны эзэн байна уу гэж хартал хүн байхгүй байхаар нь шууд аваад куртикнийхээ халаасанд хийгээд ачаагаа аваад буусан. Манай нөхөр болох гэж байгаа залуу намайг тосож авах байсан боловч ирэхгүй удаад байсан тул би ачаагаа өөрөө аваад автобусны буудал хүртэл явсан.

Тэгээд 2-3 хоногийн дараа нөгөө олсон утсаа асаах гэтэл код нэхээд байхаар нь ахиж оролдоогүй, түүнээс хойш 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр мөнгөний хэрэг болоод монтел дээр очоод нэг ченж ахад энэ гар утсыг хэдээр авах юм бэ гэж асуутал олсон юм уу гээд шууд асуучихаар нь тийм олсон гэхэд кодгүй юм уу гэхээр нь кодтой гэж хэлэхэд тэгвэл 100,000 төгрөгөөр л авна гэж хэлэхэд Амартүвшингийн данс руу мөнгийг нь шилжүүлж авсан...” гэх мэдүүлэг /хх-н 44-46/,  

 

Мөрдөн байцаалтад хохирогч Х.О-гийн өгсөн:

“...Би БНХАУ-ын Эрээн хотод дотоодын компанид оёдолчин хийдэг. Одоо 2020 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр БНХАУ руу яваад 2 сард ирнэ...” гэх мэдүүлэг /хх-н 6-7/,

 

Мөрдөн байцаалтад иргэний нэхэмжлэгч Б.О-ын өгсөн:

“...2020 оны 01 дүгээр сарын 08-ны 19 цаг өнгөрч байхад 20 гаран насны охин, банди хоёр орж ирээд “гар утас авах уу” гэхээр нь “ямар утас юм бэ” гэж асуутал ОРРО-А-11 маркийн гар утас гаргаж ирээд “код нь гарахгүй байгаа юмаа ахаа” гэж хэлэхээр нь “олсон юм уу” гэж асуутал тийм гэж хариулсан. Би хэдээр зарах юм бэ гэтэл “150,000 төгрөг” гэхээр нь “ах нь 100,000 төгрөгөөр л авбал авъя” гэж хэлэхэд зөвшөөрөөд би өөрийнхөө Хаан банкны 5028635365 дугаарын данснаас 100,000 төгрөгийг мобайл банкаар шилжүүлсэн. Би 1 найзаараа кодыг нь гаргуулах гээд өгчихсөн байсан чинь Төмөр замын цагдаагаас над руу ярьсан, би гар утас нь байгаа гээд утсыг нь авчираад хүлээлгэн өгсөн. Гар утас худалдаж авсан 100,000 төгрөгөө хүлээж авлаа надад ямар нэгэн санал гомдол нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 9-10/,

Мөрдөн байцаалтад гэрч М.Н-н өгсөн:

“...Би 2019 оны 12 дугаар сарын 22-23-ны өдөр Замын-Үүдээс Улаанбаатар чиглэлд галт тэрэгний 16-р вагонд үүрэг гүйцэтгэж явсан. Тэр өдөр Улаанбаатар хотод 8 цаг өнгөрч байхад ирсэн. Хүмүүсээ буулгасны дараа 41-р местэнд сууж явсан эмэгтэй гар утсаа мартсан гэж нэг цагдаатай орж ирж шалгатал байхгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-н 15-16/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.А-гийн өгсөн:

“...Би 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр өглөөний 08 цаг 50 минутанд эхнэр Б.Б-ыг тосохоор Улаанбаатар төмөр замын зорчигч үйлчилгээний төв буудал дээр очоод тосож авахад манай эхнэр гал тэргэн дотроос сая буухдаа нэг гар утас олсон гээд барьчихсан гарч ирсэн. Тэгээд тэр гар утсыг байлгаж байгаад 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр эхнэрийн хамт Монтел худалдааны төвд очиж 100,000 төгрөгөөр зарсан...” гэх мэдүүлэг /хх-н 25-26/,

 

- эд зүйлийн үнэлгээ хийсэн баримт /хх-н 31-33/,

- эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-н 80/,

- хохирогч Х.О-гийн “...гар утас маань олдсон учир надад ямар нэгэн санал гомдол нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх хүсэлт /хх-н 82/

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 48/,

- оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 51/,

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 68/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Б.Б- нь 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 08 цаг 50 минутын үед Замын-Үүд Улаанбаатар чиглэлийн суудлын 275 дугаар галт тэрэгний 16 дугаар вагоноос Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Улаанбаатар Төмөр замын Зорчигч үйлчилгээний төв буудалд буухдаа иргэн Х.О-гийн мартаж буусан 506,220 төгрөгийн үнэ бүхий Орра-А11 загварын гар утсыг завшсан гэмт хэргийг үйлдсэн үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Б.Б-ын “...хажуу талынхаа местэн дээр цүнхнийхээ оосрыг скочоор янзалчихаад дээшээ хартал 2 давхарын местэн дээр цагаан өнгийн ОРРО гэсэн бичигтэй хятад утас байхаар нь асаалттай байна уу гэж үзтэл унтраачихсан байсан, эргэн тойронд гар утасны эзэн байна уу гэж хартал хүн байхгүй байхаар нь шууд аваад куртикнийхээ халаасанд хийгээд ачаагаа аваад буусан...” гэх мэдүүлэг, 

 

иргэний нэхэмжлэгч Б.О-ын “...2020 оны 01 дүгээр сарын 08-ны 19 цаг өнгөрч байхад 20 гаран насны охин, банди орж ирээд “гар утас авах уу” гэхээр нь “ямар утас юм бэ” гэж асуутал ОРРО-А-11 маркийн гар утас гаргаж ирээд “код нь гарахгүй байгаа юмаа ахаа” гэж хэлэхээр нь “олсон юм уу” гэж асуутал тийм гэж хариулсан. Би хэдээр зарах юм бэ гэтэл “150,000 төгрөг” гэхээр нь “ах нь 100,000 төгрөгөөр л авбал авъя” гэж хэлэхэд зөвшөөрөөд би өөрийнхөө Хаан банкны 5028635365 дугаарын данснаас 100,000 төгрөгийг мобайл банкаар шилжүүлсэн...” гэх мэдүүлэг,

 

гэрч М.Н-н “...Би 2019 оны 12 дугаар сарын 22-23-ны өдөр Замын-Үүдээс Улаанбаатар чиглэлд галт тэрэгний 16-р вагонд үүрэг гүйцэтгэж явсан. Тэр өдөр Улаанбаатар хотод 8 цаг өнгөрч байхад ирсэн. ...хүмүүсээ буулгасны дараа 41-р местэнд сууж явсан эмэгтэй гар утсаа мартсан гэж нэг цагдаатай орж ирж шалгатал байхгүй байсан...” гэх мэдүүлэг,

 

гэрч Б.А-гийн “...Би 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр өглөөний 08 цаг 50 минутанд эхнэр Б.Б-ыг тосохоор Улаанбаатар төмөр замын зорчигч үйлчилгээний төв буудал дээр очоод тосож авахад манай эхнэр гал тэргэн дотроос сая буухдаа нэг гар утас олсон гээд барьчихсан гарч ирсэн...” гэх мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ хийсэн баримт, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Тээврийн прокурорын газраас шүүгдэгч Б.Б-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Б.Б-ыг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

Хавтаст хэрэгт авагдсан эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-н 80/, хохирогч Д.Очмаагийн “...гар утас маань олдсон учир надад ямар нэгэн санал гомдол нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх хүсэлт /хх-н 82/ зэргийг харгалзан шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжээр торгох ял оногдуулах саналыг, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс торгуулийн ялын доод хэмжээгээр ял оногдуулах саналыг тус тус гаргасан ба шүүхээс эрүүгийн хариуцлага оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн хуульд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа хувийн байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ыг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэж, торгуулийн ял биелэгдэх боломжийг харгалзан дээрх торгуулийн ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ыг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ыг торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирээгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ