Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 239

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өсөхжаргал,

улсын яллагч Б.Батсайхан,

шүүгдэгч А.Н-, түүний өмгөөлөгч Н.Төгсбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Н-д холбогдох эрүүгийн ___________ тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, _________ дугаарын регистртэй, А.Н-.

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч А.Н- нь 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Өргөө” кино театрын орчим иргэн Б.Б-г явж байхад нь түүний эзэмшлийн Айфоне-7 загварын гар утсыг халааснаас нь хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлан авч 1.144.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Н- мэдүүлэхдээ:

“...Эрхэм шүүгчээ би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Энхэртэйгээ хамт 2-лаа амьдардаг. Надад хөнгөн ял оногдууулж өгөөч...” гэв.

           

Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч А.Н-н өгсөн:

“...2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр би Өргөө 1 кино театрын урд талын ТҮЦ-нээс тамхи авчихаад гараад явж байтал үл таних эмэгтэй миний хажуугаар зөрсөн бөгөөд гар утас нь куртикных нь баруун талын халаасанд нь байгаа харагдсан. Тэгэхээр нь би түүний араас дагаад Өргөө 1 кино театрын урд талын машины зогсоол дээр явж байхад нь куртикных нь баруун талын халааснаас гар утсыг нь нууцаар хулгайлж авчихаад эргээд явж байтал намайг араас дуудахаар нь ойролцоо байсан машины дугуйн дээр утсыг нь сэмхэн тавьчихаад яваад очсон. Эмэгтэй дээр очоод намайг нэгжээд үзээ гэж хэлэхэд тэр намайг нэгжиж үзээд явуулсан. Удалгүй тэр эмэгтэйгээс салаад машины дугуйн дээр тавьсан Хар өнгийн Айфоне 7 загварын гар утсыг аваад явсан.

Би хулгай хийсэн өдрөө Тэди төв орох гэж явж байгаад Тэди төвийн баруун талын хаалган дээр урьд нь зүс таньдаг байсан, одоо хаана юу хийж байгаа, ямар утастайг нь бүрэн овог нэр, гэрийн хаягийг мэдэхгүй, Б- гэдэг нэртэй залуутай тааралдсан. Тэгэхэд би жаахан архи уусан согтуу байсан учраас Б-д нэг гар утас байна, надад зараад өгөөч гэж хэлсэн. Тэгээд бид хоёр 4 давхар луу гараад нэрийг мэдэхгүй гар утас авдаг хүнд Б- уг утсыг 200,000 төгрөгөөр өгсөн...” гэх мэдүүлэг /хх-н 32-33/,  

 

Мөрдөн байцаалтад хохирогч Б.Б-гийн өгсөн:

            “...2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 17 цаг өнгөрч байхад Өргөө 1 кино театр орж билет авах гээд Өргөө 1 кино театрын урд талын машины ил зогсоол дээр байгаад халаасанд байсан айфоне 7 маркийн гар утсаа хулгайд алдсан. Тухайн үед гар утсаараа чихэвчээр яриад явж байсан бөгөөд гэнэт дуугүй болчихоор нь шууд эргэж хойш хартал миний ард нэг залуу явж байхаар нь очоод утас өг гэж хэлээд түүнийг нэгжиж үзтэл гарч ирээгүй. Тэгээд тэр залууг явуулчихсан. Гэтэл яг тэр дороо Өргөө 1 кинотеатрын болон хажуугийн дэлгүүрийн камерийн бичлэгийг шүүж үзтэл миний ард явж байсан нэгжиж үзсэн залуу утсыг маань халааснаас хулгайлж авсан дороо надаас нуугаад тэр дороо хажуугийн машины дугуйн дээр тавьж байгаа бичлэг харагдсан. Өөрт учирсан хохирлоо барагдуулж авсан, өөр хохирол гомдол санал шалгуулах зүйлгүй...” гэх мэдүүлэг /хх-н 21-25/,

 

            Мөрдөн байцаалтад гэрч Г.Г-ийн өгсөн:

            “...Би Мобикомын Тэди төв дээр 5-6 жилийн өмнөөс эхэлж гар утас зарж борлуулдаг ажил хийдэг. Би он сар өдрийг нь санахгүй байна, 2018 оны 01 сард байх ажил дээрээ байж байхад Б- нь үл таних залуутай хамт ирсэн. Б- нь архи уучихсан жаахан халамцуу байсан ба гар утас барьцаанд үлдээх гэсэн юм, мөнгөний хэрэг гараад байна гар утас барьцаанд аваад 200,000 төгрөг зээлээч гэхээр нь ямар учиртай гар утас талаар асуухад гар утас нь цэнэггүй болчихсон, Б-тай хамт явж байсан хүний гар утас гэж хэлсэн. Тэгэхээр нь би гар утсыг нь 200,000 төгрөгийн барьцаанд авч үлдээд явуулсан. 200,000 төгрөгийг бэлнээр өгөөд явуулсан. Тэр өдрөөс хойш Б-тай ерөөсөө таараагүй, уулзах гээд нилээдгүй хайсан боловч олдохгүй байсан учир гар утсыг нь задалж 2018 оны 06 сард зарсан. Ингээд сүүлд цагдаагийн байгууллагад ирсний дараа хулгайн гар утас гэдгийг мэдээд, анх авч байсан Хар өнгийн Айфоне 7 загварын 128 гв багтаамжтай гар утсыг задалж зарчихсан учраас өөр ижил гар утас хохирогчид өгсөн. Миний хувьд гаргах гомдол санал, хүсэлт байхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 29-30/,

 

            Эд зүйлийн үнэлгээ хийсэн баримт /хх-н 26-27/,

             

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 45/,

- оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 95/

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 96/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

Шүүгдэгч А.Н- нь 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Өргөө” кино театрын орчим иргэн Б.Б-г явж байхад нь түүний эзэмшлийн Айфоне-7 загварын гар утсыг халааснаас нь хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлан авч 1.144.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч А.Н-н “...2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр би Өргөө 1 кино театрын урд ... үл таних эмэгтэй ...халааснаас гар утсыг нь нууцаар хулгайлж авсан...” гэх мэдүүлэг, 

 

хохирогч Б.Б-гийн “...2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 17 цаг өнгөрч байхад Өргөө 1 кино театр орж билет авах гээд Өргөө 1 кино театрын урд талын машины ил зогсоол дээр явж байгаад халаасанд байсан айфоне 7 маркийн гар утсаа хулгайд алдсан. ...камерийн бичлэгийг шүүж үзтэл миний ард явж байсан нэгжиж үзсэн залуу утсыг маань халааснаас хулгайлж авсан дороо надаас нуугаад тэр дороо хажуугийн машины дугуйн дээр тавьж байгаа бичлэг харагдсан...” гэх мэдүүлэг,

 

гэрч Г.Г-ийн “...Б- нь архи уучихсан жаахан халамцуу байсан ба гар утас барьцаанд үлдээх гэсэн юм, мөнгөний хэрэг гараад байна гар утас барьцаанд аваад 200,000 төгрөг зээлээч гэхээр нь ямар учиртай гар утас талаар асуухад гар утас нь цэнэггүй болчихсон, Б-тай хамт явж байсан хүний гар утас гэж хэлсэн. Тэгэхээр нь би гар утсыг нь 200,000 төгрөгийн барьцаанд авч үлдээд явуулсан. 200,000 төгрөгийг бэлнээр өгөөд явуулсан...” гэх мэдүүлэг, Эд зүйлийн үнэлгээ хийсэн баримт зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч А.Н-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, бодит байдалд нийцсэн, шүүгдэгч А.Н-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

Хохирогч Б.Б- нь “...Өөрт учирсан хохирлоо барагдуулж авсан, өөр хохирол гомдол санал шалгуулах зүйлгүй...” гэх мэдүүлэг /хх-н 21-25/ өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хариуцлага оногдуулах шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч А.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс улсын яллагчийн гаргасан саналыг дэмжсэн ба тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг хуульд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа болон шүүхийн шатанд оргон зайлсан хувийн байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Н-д 06 /зургаан/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч А.Н-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Н-н цагдан хоригдсон 14 хоногийг түүний эдлэх ялд оруулан тоолсугай.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч А.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Н-д 06 /зургаан/ сар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар А.Н-д оногдуулсан 06 /зургаан/ сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Н-н цагдан хоригдсон 14 хоногийг түүний эдлэх ялд оруулан тоолсугай.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол А.Н-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ