Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 236

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхтуул,

улсын яллагч Н.Анхбаяр,

шүүгдэгч Б.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Д-д холбогдох эрүүгийн 2,,,тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ___дугаарын регистртэй, Б.Д-.

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Б.Д нь 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 18 цагийн үед Нийслэлийн Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Түмэн плаза дэлгүүрийн орчим иргэн Э.А-г таарамжгүй харьцааны улмаас үүдэн “гражны хаалга ямар нүдтэй юм уу” гэх шалтгаанаар зодож, түүний биед “уруулын салсад цус хуралт, шарх, уруул зөөлөн эдийн няцрал, зүүн дээд 1-р шүдний сулрал, хүзүүнд цус хуралт, зулгаралт, цээж, зүүн гуянд цус хуралт, баруун тохой, шуу, баруун гарын чигчий хуруу, баруун өвдөгт зулгаралт, цээжний зөөлөн эдийн няцрал” бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Д мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Б.Дгийн өгсөн:

“...2020 оны 01 дүгээр сарын 07-ны оройн 18 цаг 30 минутын үед Баянгол дүүргийн 14-р хороо Түмэн плазагийн ард барйлах өөрийн найз ах Бандийн гражнаас Банди ах бид хоёр хамт гарсан. Би Банди ахаас түрүүлээд гражнаас гарсан. Гражнаас гараад ирсэн чинь Гранд марк 2 маркийн цагаан өнгийн автомашинаас нэг залуу бууж ирээд чи наад гражныхаа хаалгыг аятайхан онгойлгооч машин эвдэллээ гэсэн. ....нэг удаа алгадаж нэг удаа цохисон. Тэгээд тэр Аранжин гэх залуу намайг Түмэн плазагийн Арк орчим араас хөөж ирээд намайг өшиглөсөн. Би Аранжин гэгчийн цээж рүү нь нэг удаа түлхэж, гараараа нүүр лүү нь хоёр удаа цохиж зодсон...” гэх мэдүүлэг /хх-н 38-41/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Э.А-гийн өгсөн:

“...2020 оны 01 дүгээр сарын 07-ны оройн 18 цаг 30 минутын үед Баянгол дүүргийн 14-р хороо Түмэн плазагийн ар талд байрлах гражны орчим би өөрийн автомашинаа жолоодоод гражны хажуугаар ухарч байтал миний машины жолооч талын хаалгыг гражны хаалга савагдаж ирээд мөргөхөөр нь би өөрийнхөө машинаас буугаад тэнд байсан 2 хүнийг түр байж бай л даа машин ухарч байна шүү дээ гэтэл нөгөө 2 хүний арай залуухан эрэгтэй нь гражны хаалга ямар нүдтэй юм уу пизда минь гэсэн. Тэгэхээр нь би нөгөө залууд хандаж юу гэсэн үг юм бэ машин цохилоо шүү дээ гэтэл нөгөө залуу намайг 2 гараараа хүзүү цээж орчим руу түлхсэн. Тэгтэл хамт явж байсан настайдуу эрэгтэй нь салгах гэж оролдсон боловч нөгөө залуу надаас салахгүй байсан. Тэгээд нөгөө залуу нүдийг чинь ухна шүү, камергүй газар ална шүү нүдийг чинь ухаад хаячихъя ахаа гээд хамт явж байсан хүндээ хэлээд над руу дайраад намайг зодоод байсан. Тэгээд би өөрийнхөө утсаар цагдаа дуудсан чинь нөгөө хамт явж байсан эрэгтэй нь намайг зодсон залууг зугатаалгах гээд байсан.

Намайг Д гэгч махлаг биетэй залуу дээд уруул руу гараараа цохисон, зүүн нүд, хамрын зүүн тал орчим руу гараараа цохиж, зүүн нүд рүү гарын хуруугаараа хатгасан, цээжин хэсэг рүү хөлөөрөө өшиглөж зодсон. Миний цээж амьсгалж чадахгүй гэмтсэн, дээд уруул язарч дээд үүдэн шүд хөдөлсөн, миний гар хөл өвдөг, тохой, гуя гээд бүхий л хэсэгт хөхөрсөн байсан...” гэх мэдүүлэг /хх-н 10-12/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.Б-ийн өгсөн:

“...2020 оны 01 дүгээр сарын 07-ны орой 18 цаг 30 минутын үед Баянгол дүүргийн 14-р хороо Түмэн плаза дэлгүүрийн ард талд байрлах миний гражинд Д бид 2 байж байгаад Д түрүүлж гражнаас гараад би араас нь гарч гражны хаалгаа түгжиж байтал Д танихгүй залуутай гэнэт хэрэлдэж маргалдаад байсан. Тэгээд би дундуур нь ороод салгах гэсэн боловч Д нөгөө залуу 2 салж өгөхгүй маргалдаад бие биенийгээ түлхэлцээд байсан. Тэгээд би Дг салгаад цаашаа яв гэтэл нөгөө залуу Дг явуулахгүй хоргоогоод цагдаа нар иртэл явуулаагүй зууралдаад байсан...” гэх мэдүүлэг /хх-н 13-15/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 1241 тоот: 

  1. Э.А-гийн биед уруулын салстад цус хуралт, шарх, уруул зөөлөн эдийн няцрал, зүүн дээд 1-р шүдний сулрал, хүзүүнд цус хуралт, зулгаралт, цээж, зүүн гуянд цус хуралт, баруун тохой, шуу, баруун гарын чигчий хуруу, баруун өвдөгт зулгаралт, цээжний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

  2. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

  3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

  4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

  5. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэх дүгнэлт /хх-н 22-23/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 42/,

- оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 44/

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 46/,

- Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 517 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-н 48-51/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Б.Д нь 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 18 цагийн үед Нийслэлийн Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Түмэн плаза дэлгүүрийн орчим иргэн Э.А-г таарамжгүй харьцааны улмаас үүдэн “гражны хаалга ямар нүдтэй юм уу” гэх шалтгаанаар зодож, түүний биед “уруулын салстад цус хуралт, шарх, уруул зөөлөн эдийн няцрал, зүүн дээд 1-р шүдний сулрал, хүзүүнд цус хуралт, зулгаралт, цээж, зүүн гуянд цус хуралт, баруун тохой, шуу, баруун гарын чигчий хуруу, баруун өвдөгт зулгаралт, цээжний зөөлөн эдийн няцрал” бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Б.Дгийн “...Би Аранжин гэгчийн цээж рүү нь нэг удаа түлхэж, гараараа нүүр лүү нь хоёр удаа цохиж зодсон...” гэх мэдүүлэг,

 

хохирогч Э.А-гийн “...Намайг Д гэгч махлаг биетэй залуу дээд уруул руу гараараа цохисон, зүүн нүд, хамрын зүүн тал орчим руу гараараа цохиж, зүүн нүд рүү гарын хуруугаараа хатгасан, цээжин хэсэг рүү хөлөөрөө өшиглөж зодсон. Миний цээж амьсгалж чадахгүй гэмтсэн, дээд уруул язарч дээд үүдэн шүд хөдөлсөн, миний гар хөл өвдөг, тохой, гуя гээд бүхий л хэсэгт хөхөрсөн байсан...” гэх мэдүүлэг,

 

гэрч Б.Б-ийн “...2020 оны 01 дүгээр сарын 07-ны орой 18 цаг 30 минутын үед Баянгол дүүргийн 14-р хороо Түмэн плаза дэлгүүрийн ард талд байрлах миний гражинд Д бид 2 байж байгаад Д түрүүлж гражнаас гараад би араас нь гарч гражны хаалгаа түгжиж байтал Д танихгүй залуутай гэнэт хэрэлдэж маргалдаад байсан...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 1241 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Дд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Б.Дг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

Хэргийн хохирогч Э.А-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

 

Хохирогч Э.А- нь хавтаст хэрэгт гэмт хэргийн улмаас учирсан хохирлын баримт гаргаж өгөөгүй байх тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Б.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг гаргасан бөгөөд шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахдаа шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй, урьд энэ төрлийн гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдож торгуулийн ял авч байсан хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Дд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн Сиди 1 ширхэгийг хэрэгт хавсаргаж, битүүмжилсэн хөрөнгө үгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Б.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дг 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Сиди 1 ширхэгийг хэрэгт хавсаргаж, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ