Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 214

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Бямбасүрэн,

улсын яллагч Г.Сэндэнсүрэн,

  шүүгдэгч Г.О-, түүний өмгөөлөгч А.Очбадрал,

  хохирогч С.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.О-өд холбогдох эрүүгийн ____ тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, _____ дугаарын регистртэй, Г.О-.

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Г.О- нь 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Налайх дүүргийн нутаг дэвсгэрт С.Б-ээс “өсгөж өгнө” хэмээн хуурч 1,000,000 төгрөг залилж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,

Мөн 2020 оны 01 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө 04 цагийн үед Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Өргөө” кинотеатрын орчим байрлах АТМ-ээс иргэн С.Б-ийн итгэмжлэн хариуцуулсан Хаан банкны 5753802490 тоот данснаас 1,800,000 төгрөг завшиж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.О- мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч ____гийн өгсөн:

“...Би 2019 оны 12-р сарын 31-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Хархорин” захын төлбөртэй зогсоол дээр ажиллаж байхдаа С.Б- гэх эмэгтэй надаас Бор-Өндөр сум явах унаа хүлээж байхдаа миний ажилладаг пүткэн дотор орж ирж суугаад бид 2 хоорондоо юм ярилцаж танилцаад салахдаа гар утасны дугаараа солилцоод түүнээс хойш уулзалддаг болсон юм. Тэгээд 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр С.Б- бид 2 цаг товлож байгаад уулзалдаад дотно харилцаанд ороод цаашдаа бүр хамт амьдрах талаар ярилцаад нэгнийхээ гэрээр хүртэл орж гардаг болсон юм. Тэгээд Түргэн үйлчилгээний цэг нээх эсхүл цуг БНСУ руу явна гэж ярилцаж байтал 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Б- цалингийн зээл 4,200,000 төгрөг аваад түүнээс хойш ТҮЦ хайгаад олдохгүй байж байгаад машинд бензин хийх, ууж идэх зэрэгт нилээдгүй мөнгө үрэгдсэн юм. Тэгээд би 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр С.Б-ийн Хаан банкны карт надад байсан учраас түүнээс нь 1.000.000 төгрөгийг аваад цахим тоглоом тоглоод түүнийг нь өсгөөд хийчихнэ гэж хэлээд зөвшөөрөл аваад ашигласан.

Түүний дараа 2020 оны 01 дүгээр сарын 16-ны орой Баянгол дүүргийн 22-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гэгээ” зочид буудалд найз С-, Б- бид 3 орсон бөгөөд тухайн үедээ тооцоог би карт гаргаж ирж хийж байгаад 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 04 цагийн орчимд С.Б-ийн виза картыг авч гараад Баянгол дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Номин” их дэлгүүрийн АТМ-ээс данснаас нь зөвшөөрөлгүй 1.800.000 төгрөг аваад түүнийгээ байр түрээслэдэг эгч П.Б-гийн Хаан банкны 5076759917 тоот данстай картанд орлого болгож хийсэн. Б- бид 2 танилцаж хамт амьдрал зохионо гэж нилээдгүй хэд хоносон бөгөөд миний хувьд С.Б-ийн виза картны 8303 гэсэн нууц дугаарыг мэддэг байсан юм. Танилцснаас хойш ерөнхийдөө цуг явж байх үедээ тооцоо хийхдээ картыг нь ашигладаг байсан юм. Миний хувьд Б-ийн картнаас 1.800.000 төгрөгийг зөвшөөрөлгүй авсан.

Би С.Б-ээс авсан 1.000.000 төгрөгийг цахим тоглоомд оруулж өсгөж өгнө гэж хэлээд Налайх дүүргийн нутаг дэвсгэрт байхдаа авсан гэхдээ цахим тоглоом тоглолгүйгээр ломбарднаас гар утсаа буцаагаад авчихсан юм. Би өөрийн Галакси А5 маркийн гар утсыг 2020 оны 01 сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Сансарын тунелийн явган хүний гарцны эсрэг талд харалдаа ломбарданд 80.000 төгрөгөөр барьцаанд тавьсан юм. Харин үлдэгдэл мөнгөнөөсөө 550.000 төгрөгийг автомашины зээлэнд үлдсэнийг нь хэрэглээндээ үрчихсэн юм. Би С.Б-т учруулсан хохирлоо нөхөн төлсөн...” гэх мэдүүлэг /хх-н 31-35/,

Мөрдөн байцаалтад хохирогч С.Б-ийн өгсөн:

“...2019 оны 12-р сарын 31-ний өдөр Улаанбаатар хотын Хар хорин худалдааны төвөөс Төв аймгийн Борнуур суманд байх гэрлүүгээ явах гэж автомашин хүлээж байх үедээ О- гэх залуутай танилцсан юм. О- нь Хархорин зах дээр автомашины зогсоол дээр мөнгө хураадаг ажил хийдэг байсан. Энэ үедээ бид 2 танилцаж нэг нэгнийхээ гар утасны дугаарыг авцгаасан юм. Миний хувьд нөхөргүй бөгөөд 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр ажилдаа орж ажлаасаа тарах үедээ О-тэй утсаар холбогдож уулзалдсан юм. Ингээд бид 2 уулздаг болж хамт амьдарна гэх болсон юм. О-ийн гэрээр нь хүртэл очдог болсон бөгөөд О-ийн эгч нь Солонгос улс руу хүн гаргадаг хамт Солонгос улс руу явъя гэх мэтээр ярьсан учраас миний бие Солонгос улс руу явахаар шийдсэн. Ингээд би ажил 1 жил гаруй хугацаанд буюу удаан хугацаанд хийсэн учраас цалингийн зээл авахаар шийдэж Налайх дүүргийн Хаан банкнаас 4,200,000 төгрөгийн зээлийг авч өөрийн эзэмшдэг 5753802490 тоот дансанд мөнгийг байршуулсан. Зээл авах үед О- нь надтай хамт явж хөөцөлдсөн юм. Миний хувьд О- нь намайг Солонгос улс руу гаргаж амьдралаа сайхан болгоно гэж бодсон. О- бид 2 уг мөнгийг дэмий байлгаж байснаас гээд дэлгүүр, ТҮЦ түрээслэхээр шийдэж гадуур хайсан боловч олдохгүй олдсон газар нь үнэ тохирохгүй байсан миний бие ажилдаа өдөртөө явж байгаад 2020 оны 01-р сарын 16-ны өдөр О- бид 2 Баянгол дүүргийн Өргөө кино театрын орчимд О-ийн найз С-тай уулзалдаж Гэгээ нэртэй буудалд орсон. Ингээд буудлын караокед нь орж дуулж архи дарс ууж идэж байгаад буудалдаа хоносон юм. Харин миний Хаан банкны виза карт О--д байсан. Учир нь ямар нэгэн тооцоо хийх болох юм бол О- нь өөрөөсөө гаргаж ирээд тооцоог хийж байсан. Миний виза картаар тооцоо хийхэд миний хувьд зөвшөөрч байсан.

2020 оны 01-р сарын 14-ний өдөр О- нь намайг ажил дээр буулгахаар явахдаа чиний мөнгийг өсгөж өгье гэхээр нь зөвшөөрсөн чинь намайг ажил дээр буулгаж өгсний дараа Налайх дүүргийн АТМ-с 1,000,000 төгрөгийг авч байгаа мэдээлэл миний гар утсанд ирэхээр нь яагаад мөнгө авч байгаа юм гэхэд уг мөнгийг би доллар болгоод интернетээр тоглоом тоглох гэж байна өсгөөд буцаагаад хийчихнэ гэсэн. Миний хувьд зөвшөөрсөн учир нь мөнгийг өсгөж өгнө гэсэн учраас зөвшөөрсөн. Тэгтэл Г.О- нь миний мөнгийг аваад өрөндөө өгчихсөн байсан.

2020 оны 01-р сарын 16-наас 17-нд шилжих шөнийн 04 цагийн үед буюу Гэгээ зочид буудалд амарсан шөнө намайг унтаж байхад О- нь гарч яваад 1,800,000 төгрөгийг АТМ-р авсан байхаар нь яагаад миний данснаас мөнгө авч байгаа юм гэхэд эгч рүүгээ шилжүүлээд дараа нь өөрийнхөө данс руу хийх гэж байсан гэж хэлсэн. 4,200,000 төгрөгнөөс 2,800,000 төгрөгийг О- нь авчихсан үлдсэн 1,400,000 төгрөгийг өөрөө болон О-тэй үрээд дуусгасан. 1,000,000 төгрөгийг өсгөж өгнө гэж намайг хуурч аваад өрөндөө өгсөн байсан. Харин 1,800,000 төгрөгийг хулгайлж авсан. Намайг 4,200,000 төгрөгийн зээл авсны дараа О-ийн машинд бензин хийж өгсөн юм. Энэ үедээ би Г.О--д виза картаа нууц дугаартайгаа өгчихсөн юм. Үүнээс хойш Г.О- нь миний виза картыг өгөхгүй өөртөө авч яваад байсан. Картаа нэхэж авах гэхээр чи надад итгэхгүй байгаа юм уу гэх мэтээр хэлдэг байсан. Виза картаар ямар нэгэн гүйлгээ тооцоо хийх бүрт нь би хамт байж тооцоог хамт хийж явсан. Харин 2020 оны 01 дүгээр сарын 17-ны 04 цагийн үед Гэгээ нэртэй буудалд намайг согтоож орхиод миний данснаас надаас зөвшөөрөл авалгүй 1,800,000 төгрөгийг хулгайлж авсан байсан.

Г.О- нь надад 2,800,000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн...” гэх мэдүүлэг /хх-н 5-7, 36-38/,

 

- депозит дансны хуулга /хх-н 66-67/,

 

- хохирогч С.Б-ийн “...О-өд алдсан 2,800,000 төгрөг болох хохирлын мөнгөө бэлнээр авсан. Тийм учраас нэхэмлжжх зүйл болон гомдол санал байхгүй...” гэх хүсэлт /хх-н 68/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 43/,

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 46/,

- оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 49/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Г.О-өд холбогдуулан 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Налайх дүүргийн нутаг дэвсгэрт С.Б-ээс “өсгөж өгнө” хэмээн хуурч 1,000,000 төгрөг залилж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгт авагдсан хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг хэргийн үйл баримт зэргээс дүгнэхэд гэмт хэрэг үйлдэгдэх цаг хугацаанд шүүгдэгч Г.О- нь хохирогч С.Б-ийн виза картыг эзэмшиж хамтран ашиглаж байснаас үзэхэд шүүгдэгч нь хохирогчийн эд хөрөнгө, өмчлөх эрхийг өөртөө хууль бусаар олж авахын тулд хуурч мэхлэх идэвхитэй үйлдэл хийгээгүй учир нь хохирогч нь виза картаа ашиглах эрхээ шүүгдэгчид шилжүүлэн хамтран ашиглаж байсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан Залилах гэмт хэргийн шинжийг хангахгүй бөгөөд харин шүүгдэгч Г.О- нь 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Налайх дүүргийн нутаг дэвсгэрт С.Б-ийн итгэмжлэн хариуцуулсан Хаан банкны 5753802490 тоот данснаас 1,000,000 төгрөгийг хохирогчийн зөвшөөрөлгүйгээр авсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан Хөрөнгө завших гэмт хэргийн шинжийг хангаж байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх нь хуульд нийцнэ гэж үзлээ. Хэргийн үйл баримтаас үзэхэд шүүгдэгч Г.О- нь хохирогч С.Болоцэцэгт 2 удаагийн үйлдлээр хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хоёр удаагийн үйлдлээр хангаж байх тул үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Шүүгдэгч Г.О- нь 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Налайх дүүргийн нутаг дэвсгэрт С.Б-ийн итгэмжлэн хариуцуулсан Хаан банкны 5753802490 тоот данснаас 1,000,000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө 04 цагийн үед Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Өргөө” кино театрын орчим байрлах АТМ-ээс иргэн С.Б-ийн итгэмжлэн хариуцуулсан Хаан банкны 5753802490 тоот данснаас 1,800,000 төгрөг тус тус завшиж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Г.О-ийн “...Б-ийн картнаас 1.800.000 төгрөгийг зөвшөөрөлгүй авсан...” гэх мэдүүлэг,

 

хохирогч С.Б-ийн “...Г.О- нь миний виза картыг өгөхгүй өөртөө авч яваад байсан. Картаа нэхэж авах гэхээр чи надад итгэхгүй байгаа юм уу гэх мэтээр хэлдэг байсан. Виза картаар ямар нэгэн гүйлгээ тооцоо хийх бүрт нь би хамт байж тооцоог хамт хийж явсан. Харин 2020 оны 01 дүгээр сарын 17-ны 04 цагийн үед Гэгээ нэртэй буудалд намайг согтоож орхиод миний данснаас надаас зөвшөөрөл авалгүй 1,800,000 төгрөгийг хулгайлж авсан байсан...” гэх мэдүүлэг, депозит дансны хуулга зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Г.О-өд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Г.О-ийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хохирогч С.Б-т 2,800,000 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдож байх бөгөөд хохирогч Г.О- нь “...надад 2,800,000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн...” гэх мэдүүлэг /хх-н 5-7, 36-38/, шүүх хуралдаанд шүүгдэгчээс гаргаж өгсөн хохирол төлсөн баримт зэргийг харгалзан шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналыг, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс тухайн зүйл ангид заасан торгох ялын доод хэмжээгээр оногдуулж өгнө үү гэх саналыг тус тус гаргасан ба шүүгдэгчийн учруулсан хохирлыг нөхөн төлсөн, тогтвортой ажил хөдөлмөр эрхэлдэг санхүүгийн тогтмол эх үүсвэртэй зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2.700 /хоёр мянга долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Г.О-өд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19, 36.2, 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Г.О-өд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрчлөн зүйлчилсүгэй.

 

2. Шүүгдэгч Г.О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. Шүүгдэгч Г.О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2.700 /хоёр мянга долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

   4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.О-ийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

   5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.О-өд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ