Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 202

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхтуул,

улсын яллагч С.Батнасан,

шүүгдэгч Н.Ш нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Н.Шд холбогдох эрүүгийн ____ тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ____ дугаарын регистртэй, Н.Ш.

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Н.Ш нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хороо СВД 3 дугаар байрны 6 тоотод иргэн Г.Б-той хэрүүл маргаан үүсгэн улмаар цээж, хэвлий хэсэгт нь хутгалж эрүүл мэндэд нь “цээж, хэвлийд хатгагдаж, зүсэгдсэн шарх гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Ш мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Н.Шгийн өгсөн:

“...Би 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүргэн Б-ын хамт Хархорин худалдааны төвд очиж хүнс цуглуулаад буцаад гэртээ ирээд нэг литрийн “Нутаг” нэртэй архийг манай гэрт түр амьдарч байсан Б-гийн хамт бид гурав хувааж уусан. Б- бид хоёр архиа ууж байгаад би Б-ыг чи байнга архи уулаа гээд маргалдсан, тэгтэл Б- миний өөдөөс хэрэлдээд миний ам руу гараа хийгээд намайг цохихоор нь би уурлаад цүнхнээсээ хутга аваад цээж рүү нь хоёр удаа хатгасан. Би тухайн өдөр бариул нь улбар шар өнгөтэй, дунд зэргийн хутга байсан, хавтаст хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хутга мөн байна...” гэх мэдүүлэг /хх-н 55-58/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Г.Б-ын өгсөн:

“...2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн өглөө хадам аав Ш бид хоёр гэртээ байж байгаад “Хар Хорин” худалдааны төв рүү очиж хүнс цуглуулчихаад буцаж гэртээ ирээд гэрээ цэвэрлэж байгаад 1 литрийн “Нутаг” нэртэй архийг хувааж уусан. Б- бид гурав архиа хувааж ууж байгаад би унтах гээд хэвтээд байж байтал Ш гуай үглээд байхаар нь би “...маргааш ажилтай, унтах хэрэгтэй байна...” гээд бид хоёр хэрэлдсэн. Тэгээд би Шг ор луу нь хэвт гээд түлхтэл Ш унаад босч ирэнгүүтээ хаанаас хутга авсныг нь мэдэхгүй байна гартаа байсан хутгаар шууд миний цээжин тус газар хоёр удаа хатгасан. Миний цээжнээс цус гараад байхаар нь би алчуураар дараад байж байтал Ш гуай “би чамайг гүйцээнэ” гээд орилоод байхаар нь би гэрээсээ гараад хүү Анхбаярын гэрт нь ороод “өвөө чинь намайг хутгалчихлаа” гээд эхнэрээр нь түргэн дуудуулаад удалгүй түргэн ирээд намайг аваад явсан. Би шүүх эмнэлгийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-н 17-18/,

 

Мөрдөн байцаалтад гэрч П.Б-гийн өгсөн:

“...2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хороо СБД-ийн 3 дугаар байр 1 давхарт 6 тоотод Ш ах, Ш ахын хүргэн Б- нартай архи уусан. Бид гурав 2 шил архи уугаад би унтаж байхад Ш ах хүргэн Б-тойгоо маргалдаад Б- агсам тавиад байсан. Нэг мэдсэн чинь хутгалчихлаа гээд би сэрээд харахад Б- цээжээ нүүр гарын алчуураар дарчихсан цус нь урсаад байсан. Тэгээд 103-т дуудлага өгсөн. Тэр хутга нь дунд зэргийн шар иштэй хутга байсан...” гэх мэдүүлэг /хх-н 6-7/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Э.А-ын өгсөн:

“...2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр би эхнэр Хоролсүрэнгийн хамт гэртээ байж байхад цагийг нь сайн санахгүй байна, нилээн орой болж байхад манай хойд аав Г.Б- нь дээгүүрээ хувцасгүй нүцгэн цээжнийх нь хоёр хэсгээс цус гарчихсан цээжээ алчуураар дарчихсан орж ирээд “Түргэн дуудаад өг, өвөө чинь намайг хутгалчихлаа” гэхээр нь би түргэн дуудаад доошоо хойд аавынд ороход гэрийнх нь шал ор, орчмоор нилээн цус болчихсон, өвөө Ш гуай согтуу хэвтэж байсан...” гэх мэдүүлэг /хх-н 23-24/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Э.Х-гийн өгсөн:

“...2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр би нөхөртэйгөө хамт гэртээ байж байхад цагийг нь сайн санахгүй байна, нилээн орой болж байхад манай нөхрийн хойд аав Г.Б- нь дээгүүрээ хувцасгүй, цээжний хоёр хэсгээс цус гарчихсан тэр хэсгийг алчуураар дарчихсан орж ирээд “Түргэн дуудаад өг, өвөө чинь намайг хутгалчихлаа” гэхээр нь би түргэн дуудаад, удалгүй түргэн ирээд нөхрийн аав Б-ыг аваад би эмнэлэг рүү аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-н 25/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 340 тоот:

1. Г.Б--н цээж, хэвлийд хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл хурц иртэй зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шинэ гэмтэл байна.

4. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-н 27-28/,

 

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 3-5/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 59/,

- оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 60/

-иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 63/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Н.Ш нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хороо СВД 3 дугаар байрны 6 тоотод иргэн Г.Б-той хэрүүл маргаан үүсгэн улмаар цээж, хэвлий хэсэгт нь хутгалж эрүүл мэндэд нь “цээж, хэвлийд хатгагдаж, зүсэгдсэн шарх гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Н.Шгийн “...Б- миний өөдөөс хэрэлдээд миний ам руу гараа хийгээд намайг цохихоор нь би уурлаад цүнхнээсээ хутга аваад цээж рүү нь хоёр удаа хатгасан...” гэх мэдүүлэг,

 

хохирогч Г.Б-ын “...би Шг ор луу нь хэвт гээд түлхтэл Ш унаад босч ирэнгүүтээ хаанаас хутга авсныг нь мэдэхгүй байна гартаа байсан хутгаар шууд миний цээж нь тус газар хоёр удаа хатгасан...” гэх мэдүүлэг,

 

гэрч П.Б-гийн “...би сэрээд харахад Б- цээжээ нүүр гарын алчуураар дарчихсан цус нь урсаад байсан...” гэх мэдүүлэг,

 

гэрч Э.А-ын “...аав Г.Б- нь дээгүүрээ хувцасгүй нүцгэн цээжнийх нь хоёр хэсгээс цус гарчихсан цээжээ алчуураар дарчихсан орж ирээд “Түргэн дуудаад өг, өвөө чинь намайг хутгалчихлаа” гэхээр нь би түргэн дуудаад би доошоо хойд аавынд ороход гэрийнх нь шал ор орчимоор нилээн цус болчихсон, өвөө Ш гуай согтуу хэвтэж байсан...” гэх мэдүүлэг,

 

гэрч Э.Х-гийн “...хойд аав Г.Б- нь дээгүүрээ хувцасгүй, цээжнээс хоёр хэсгээс цус гарчихсан тэр хэсгийг алчуураар дарчихсан орж ирээд “Түргэн дуудаад өг, өвөө чинь намайг хутгалчихлаа” гэхээр нь би түргэн дуудаад, удалгүй түргэн ирээд нөхрийн аав Б-ыг аваад би эмнэлэг рүү аваад явсан...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 340 тоот дүгнэлт, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Н.Шд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Н.Шг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

Хэргийн хохирогч Г.Б-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

  Хохирогч Г.Б- нь хавтаст хэрэгт гэмт хэргийн улмаас учирсан хохирлын баримт хавтаст хэрэгт гаргаж өгөөгүй байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Н.Шд холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарч байгаа, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг бүрэн хангасан, прокуророос Н.Шг 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ялын саналаа танилцуулж, гарын үсэг зуруулсан нь шүүгдэгч эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд заасан шаардлагад нийцсэн байх тул шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж дээрх торгуулийн ялыг оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Н.Шд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн улбар шар өнгийн гадартай 1 ширхэг хутгыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Н.Шг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Шг 550 /таван зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Шг торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн улбар шар өнгийн гадартай 1 ширхэг хутгыг устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгаж, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Шд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ