Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 193

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өсөхжаргал,

улсын яллагч А.Дүүрэнбилэг,

шүүгдэгч Ч.А-, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан,

хохирогч С.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.А-т холбогдох эрүүгийн ____ тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ____дугаарын регистртэй, Ч.А-.

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Ч.А- нь 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Шинэ хотхоны 4-88 тоотод хохирогч С.Б-н гар болон толгой тус газарт гараараа цохисны улмаас биед нь баруун гарын 3 хурууны угийн шивнүүрийн далд хугарал, зүүн нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт гэмтэл үүсгэн, түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.А- мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.Б- мэдүүлэхдээ:

“...2019 оны 11 дүгээр сарын 31-ний шөнө манай эхнэр, А-, А-ын эхнэр бид 4 бааранд ороод үүрээр 5 цаг болж байхад дэлгүүрээс нэг шил архи аваад манайд очсон. Тэгтэл А- манай гэрт байсан муурыг шилдэж бариад муур 4 хөлтэй танай эхнэр 2 хөлтэй гэж доромжилж эхэлсэн, цагдаад мэдүүлэг анх өгөхдөө би тасарсан гэж хэлсэн. Цагдаа бид нарыг эвлэрүүлэх гэж байгаа юм шиг өдөржингөө дуудлагад аваад явсан. Миний нүд хавдсан цус гоожоод байсан. Тэгээд өдөржингөө цуг явчихаад надаас уучлалт гуйгаагүй. Би гэрээсээ өөрөө зугатааж гарсан. Б эхнэртэйгээ нийлээд манай эхнэр бид 2-ыг барьж идэх гэж байсан. Би гэрээсээ өөрөө зугатааж гарч цагдаа дуудаад энэ хүнийг манай гэрээс гаргаж өгөөчээ гэж дуудлага өгсөн. Би Бын хоолойг боож багалзуурдсан зүйл болоогүй...” гэв.

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Ч.А-ын өгсөн:

“...2019 оны 10 дугаар сарын 29-ний 23 цагийн орчим хөлсөлж байсан гэртээ ирэхэд манай эхнэр Н- Б-гийн эхнэрийн хамт гадагшаа гарчихсан байсан, тэгээд би эхнэртэйгээ ярихад Б- бид хоёрыг ирээд авчихсан байна, чи 3,4 хороололд хүрээд ирээч гэхээр нь би “очиж чадахгүй, чи эндээ ирж гэрийнхээ түлхүүрийг авчраад өг” гэхэд манай эхнэр Б-, Б-гийн эхнэр нар над дээр хүрч ирээд “бүгдээрээ нэг газар сууж байгаад хамт гэрлүүгээ оръё” гээд бид нар хорооллын эцэст байрлах “CROWN” нэртэй бааранд ороод нэг шил 0,75 литрийн авч уугаад 04 цагийн орчим баар хаах гэж байхад нь бид нар дахиад нэг шил 0,5 литрийн архи аваад гэртээ ирцгээсэн. Бид нар гэртээ ирээд Б-гийн эхнэр нь унтаад манай эхнэр, Б- бид гурав архиа хувааж уугаад ойр зуурын зүйл ярьж байгаад амьтны талаар ярьж байгаад Б- би амьтанд эхнэрээсээ илүү хайртай гэх ухааны юм ярихаар нь би манай гэрт байдаг Б-гийн тэжээдэг муурны нуруунаас нь барьж өргөөд “энэ дөрвөн хөлтэй амьтан, эхнэр чинь хоёр хөлтэй амьтан энэ хоёрын ялгаа нь юу байна” гэж хэлтэл Б- шууд миний нүүрлүү цохиход нь хойшоо саваад хоёр буйдангийн голд нь унатал Б- миний дээр гараад миний нүүр лүү цохиж байгаад миний хэвлий хэсэг рүү өшиглөөд байхаар нь би “болъё оо” гэтэл манай эхнэр бид хоёрыг салгах гэтэл манай эхнэрийг зайл гичий минь гээд орилоод байсан, тэгээд босч ирээд өрөө рүүгээ ортол Б- миний араас орж ирээд “чамайг би ална" гэж хэлээд бид хоёр хэрэлдсэн. Тэгээд бид хоёр хэрэлдэж байгаад би нойлын өрөө рүү орох гэтэл Б- миний араас боогоод угаалтуур луу миний толгойг хийж дарж байгаад миний араас цохиод байхаар нь би эргэж хараад Б-гийн нүүрлүү цохисон. Тэгтэл Б- цагдаа дуудчихсан, удалгүй цагдаа нар ирээд бид хоёрыг өргөдөл бичиж өг гээд бид хоёрын өргөдлийг аваад явсан.

Цагдаа нар гарч явсны дараа Б- намайг хэл амаар доромжлоод байхаар нь би эхнэрээ дагуулаад гарч яваад гадуур явж байгаад эд зүйлсээ авах гээд буцаад иртэл Б- дахиад бид хоёрлуу хэл амаар доромжилж байгаад дахиад цагдаад дуудлага өгчихсөн юм...” гэх мэдүүлэг /хх-н 38-40/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч С.Б-н өгсөн:

“...2019 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн байрынхаа нэг өрөөг Б гэх залууд түрээслүүлж эхэлсэн. Бын эхнэрийн хамт манай нэг өрөөг түрээслэж байсан юм, 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 20 цагийн орчим гэртээ ирээд байж байхад Бын эхнэр нь манай эхнэр Мыг хамт гадуур гарч явъя гээд тэр хоёр хамт гарцгаасан. 01 цагийн орчим Б гэртээ ирээд бид хоёр эхнэрүүдээ авах гээд хамт Улаанбаатар Палас-д байрлах “COCO BANANA” баарнаас авчихаад гэрлүүгээ харьж байхад Бын эхнэр нь бүгдээрээ хамт баарлуу орцгооё гээд бид нар 3,4-р хорооллын эцэст байрлах “CROWN” нэртэй бааранд ороод бид нар 0,75 литрийн архи аваад хуваагаад ууцгаасан, тэгээд бид нар 04 цагийн орчим баарнаас дахиад нэг шил архи аваад гэрлүүгээ харьцгаасан. Тэгээд бид нар гэртээ ороод Б, Бын эхнэр, бид гурав авчирсан архиа хуваагаад ууцгаасан, би гэртээ нэг муур, нохой хоёр тэжээдэг юм, тэгтэл Б энэ муур энэ гэрт байж болохгүй, энэ чинь олон нийт амьдарч байгаа газар гэхээр нь би “би өөрийнхөө худалдаж авсан байранд нохой муур тэжээх нь миний дур” гэж хэлтэл Б миний муурыг нуруун дээрээс нь бариад миний нүүрэн дээр авчраад “Энэ муур дөрвөн хөлтэй, эхнэр чинь хоёр хөлтэй” гэхээр нь би уурлаад босоод Быг түлхтэл Б босч ирээд миний нүүр лүү цохиод байхаар нь би гараараа хаахад Б миний баруун гарлуу цохиод миний баруун гарны гурван хурууны угийг хугалсан, тэгтэл миний гар хавдаад бамбайхаар нь би Быг түлхтэл Б дахиад миний нүд рүү нэг удаа цохихоор нь би цагдаа дуудсан юм...” гэх мэдүүлэг /хх-н 16-17/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.Н-ын өгсөн:

“...Би 2019 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн нөхөр Бын хамт Баянгол дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэр Шинэ Хотхоны 4-88 тоотод Б- гэх залуугийн хажуу өрөөг хөлсөлж эхэлсэн юм. 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 19 цагийн орчим гэртээ орж ирэхэд Б-гийн эхнэр М хоёулаа юм яръя гэхээр нь би өрөөндөө дуудаад бид хоёр ойр зуурын юм ярилцаж байгаад би гадагшаа гарах гэж байгаа гэтэл М би бас гадагшаа гарах юмсан гэхээр нь би “чи нөхрөөсөө асуучихаа, дараа нь би айлын эхнэр уруу татаж явсан хэрэгт орноо” гэж хэлтэл М би нөхрөөсөө асууя гээд удалгүй Б- ирээд Б- та хоёр хамт гарах гэж байгаа юм уу гэхээр нь би “би харин гарах гэсэн чинь М хамт гаръя гэсэн юм гэхэд Б- зөвшөөрөөд би та хоёрыг хүргээд өгье гэсэн. Тэгээд Б- М бид хоёрыг 3,4 хороололд хүргэж өгсөн юм, М, бас манай эгч Уранчимэг бид гурав уулзаад хороололд нэг газар сууж байгаад 23 цаг өнгөрч байхад Улаанбаатар Палас-д байрлах “COCO BANANA” нэртэй бааранд ороод байж байтал 30 орчим минутын дараа бид гурав баарнаас гартал Б- ирчихсэн байсан. Тэгээд бид нар хороолол руу явж байхад Б гэртээ ирчихсэн түлхүүр байхгүй гэрийнхээ үүдэнд байна гэхээр нь би “чи хүрээд ир” гэхэд Б-, М хоёр нөхрийг чинь очиж авъя хамт явъя гээд бид гурав Шинэ Хотхоны байрны гадаа ирээд би Бт гэрийн түлхүүр өгтөл М нөхрөө аваад явчихаа бөөндөө хамт явъя гээд Б зөвшөөрөөд бид нар бүгдээрээ 3,4 хорооллын эцэст байрлах “CROWN” нэртэй бааранд ороод 0,75 литрийн архи аваад би Мтой амсаад Б, Б- хоёр хувааж уусан.

Шөнийн 03 цагийн орчим баар хаалаа гэхээр нь бид нар дахиад 0,5 литрийн нэг шил архи аваад гэрлүүгээ явцгаасан. Бид нар гэртээ ороод би тэд нартай ширээ засч өгөөд архиа гаргаад Б-, Б хуваагаад уусан, М хэсэг сууж байгаад унтчихсан. Тэгээд өглөөний 07 цагийн орчим Б-, Б хоёр нилээн согтчихсон архиа хуваагаад ууж байтал Б- Б хоёр амьтны талаар ярьж байгаад Б- муураа явуулах гэж байгаа гээд уйлаад байхаар нь Б муурных нь нуруунаас нь өргөөд “энэ чинь дөрвөн хөлтэй амьтан эхнэр чинь хоёр хөлтэй амьтан, ийм учраас чи эхнэрээ хайрлах ёстой” гэтэл Б- гэнэт чи муу миний муурыг багалзуурдаж миний нүүрэн дээр тулгалаа гээд урдаа байсан ширээг өшиглөж босч ирээд дээгүүрээ өмсөж байсан цамцсаа тайлж шидэхээр нь Б “хөгшөөн чи юу яриад байгаа юм бэ, буруу ойлгоод байна” гэтэл Б- Быг багалзуурдаад нүүр лүү нь цохихоор нь Б буйдангийн завсар уначихсан. Тэгтэл Б- босч ирээд Бын нүүр болон цээж хэсэг рүү нь цохиод байхаар нь би босоод Б-г боль гээд эхнэрийг нь босгож ирээд би Быг босгоод явъя гэтэл Б- бид хоёрыг хэл амаар доромжлоод Б-, Б гал тогооны өрөөнд дахиж барьцалдаж байгаад Б- Бын толгойг нь угаалтуур луу чихчихсэн. Би тэр хоёрыг салгах гээд ойртож чадахгүй байтал Б Б-гийн нүүр лүү нэг удаа цохисон, тэгтэл Б- нүдээ худлаа бариад би сохорчихлоо, цагдаа дууд гээд Б- өөрөө цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг /хх-н 21-22/,

 

Мөрдөн байцаалтад гэрч М.Мын өгсөн:

“...2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр гэртээ байж байхад гаднаас Бын эхнэр орж ирээд бид хоёр гэрээ хамт цэвэрлээд байж байхад Бын эхнэр нь би орой эгчтэйгээ хамт гадагшаа гарах гэж байгаа, чи хамт гарахгүй юм уу гэхээр нь би нөхөртэйгөө ярилцаж байгаад болъё гээд байж байтал Б- 19-20 цагийн орчим байх Б- хүрч ирээд би Б-тэй ярилцаад Бын эхнэр бид хоёр хамт гарахаар болоод Б- Бын эхнэр бид хоёр 3,4 хороололд хүргэж өгсөн. Б- бид хоёрыг хүргэж өгчихөөд буцаад гэрлүүгээ явсан, би Бын эхнэртэй 2 цаг гаран хамт сууж байгаад Улаанбаатар Палас-т байрлах “COCO BANANA" бааранд ороод би Б-г дуудаад удалгүй Б- хамт хүрч ирээд бид хоёрыг авсан. Тэгэхэд Бын эхнэр нь Б түлхүүргүй байна гээд бид нар Быг очиж аваад 3,4 хорооллын эцэст байрлах “CROWN” бааранд ороод нэг шил 0,75 литрийн архи авч ууж байгаад 03 цагийн орчим бид нар баарнаас гарахдаа дахиад нэг шил архи аваад бид нар гэртээ ирцгээсэн. Бид нар гэртээ ороод Бын эхнэр нь ширээ засаад бид нар хэсэг сууж байгаад би өөрийнхөө өрөөнд ороод унтчихсан, тэгтэл гэнэт Бын эхнэр нь намайг босоорой гээд тэр хоёр зодолдоод байна гэхээр нь би босоод очтол Б Б- тус тусдаа зогсож байснаа гэнэт бие биенийгээ цохиод байсан...” гэх мэдүүлэг /хх-н 25-26/,

 

Мөрдөн байцаалтад шинжээч Ж.Энхцолмонгийн өгсөн:

“...Миний 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн дүгнэлтэд үзүүлэгч Б-н баруун гаранд учирсан шивнүүрийн ясны хугарал гэмтэл нь баруун гарын 3-р хурууны алганы шивнүүрийн суурь хэгсийн зөрүүгүй хөндлөн далд хугарал нь мохоо зүйлийн нэг болон олон удаагийн аль алинаар нь үүсгэгдэх боломжтой. Дээрхи гэмтэл нь дангаараа эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Үзүүлэгчийн биед учирсан зүүн нүдний ухархайн дотор хананы хугарал, тархи доргилт, зүүн нүдний дээд доод зовхины цус хуралт нь мохоо зүйлийн нэг болон олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой...” гэх мэдүүлэг /хх-н 54-55/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн шинжээчийн 13222 тоот: 

  1. С.Б-гийн биед баруун гарын 3 хурууны угийн шивнүүрийн далд хугарал, зүүн нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт бүхий шинэ гэмтэл тогтоогдлоо.

  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

  3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-н 28-29/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 41/

- оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 42/

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 44/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

Шүүгдэгч Ч.А- нь 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Шинэ хотхоны 4-88 тоотод хохирогч С.Б-н гар болон толгой тус газарт гараараа цохисны улмаас биед нь баруун гарын 3 хурууны угийн шивнүүрийн далд хугарал, зүүн нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт гэмтэл үүсгэн, түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Ч.А-ын “...Б- миний араас боогоод угаалтуур луу миний толгойг хийж дарж байгаад миний араас цохиод байхаар нь би эргэж хараад Б-гийн нүүрлүү цохисон...” гэх мэдүүлэг,

 

хохирогч С.Б-н “...би уурлаад босоод Быг түлхтэл Б босч ирээд миний нүүр лүү цохиод байхаар нь би гараараа хаахад Б миний баруун гарлуу цохиод миний баруун гарны гурван хурууны угийг хугалсан, тэгтэл миний гар хавдаад бамбайхаар нь би Быг түлхтэл Б дахиад миний нүд рүү нэг удаа цохихоор нь би цагдаа дуудсан юм...” гэх мэдүүлэг,

 

гэрч Б.Н-ын “...Б Б-гийн нүүр лүү нэг удаа цохисон, тэгтэл Б- нүдээ худлаа бариад би сохорчихлоо, цагдаа дууд гээд Б- өөрөө цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг,

 

гэрч М.Мын “...Б Б- тус тусдаа зогсож байснаа гэнэт бие биенийгээ цохиод байсан...” гэх мэдүүлэг,

 

шинжээч Ж.Энхцолмонгийн “...Миний 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн дүгнэлтэд үзүүлэгч Б-н баруун гаранд учирсан шивнүүрийн ясны хугарал гэмтэл нь баруун гарын 3-р хурууны алганы шивнүүрийн суурь хэсгийн зөрүүгүй хөндлөн далд хугарал нь мохоо зүйлийн нэг болон олон удаагийн аль алинаар нь үүсгэгдэх боломжтой. Дээрхи гэмтэл нь дангаараа эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн шинжээчийн 13222 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан “...гэмт хэрэг үйлдсэн нь хангалттай нотлогдон тогтоогдохгүй байх тул шүүгдэгч Ч.А-ыг цагаатгаж өгнө үү...” гэх хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ч.А-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Ч.А-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

Хэргийн хохирогч С.Б-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

 

  Хавтаст хэргийн 20 дугаар талд хохирогчоос нийт 45,000 төгрөгийн баримт гаргаж өгсөн байх бөгөөд шүүх хуралдаанд шүүгдэгчээс дээрх хохирлыг төлсөн гэх Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл баримт гаргаж өгсөн тул шүүгдэгчийг шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэж, хохирогч С.Б- нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч Ч.А-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялын саналыг, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс торгуулийн ялын доод хэмжээгээр ял оноож өгнө үү гэх саналыг туст ус гаргасан ба тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.А-ыг 1,000 /нэг мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Ч.А-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Ч.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.А-ыг 1,000 /нэг мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.А-ыг торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

   4. Хохирогч С.Б- нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ч.А-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ