Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 104

 

Ө.Саранцэцэгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг  даргалж, шүүгч Т.Туяа, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 101/ШШ2016/06473 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ө.Саранцэцэгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ч.Бурмаад холбогдох,

 

Гүйцэтгэсэн ажлын хөлсөд 6 784 000 төгрөггаргуулах тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Ө.Саранцэцэг 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Л.Бурмаа

Хариуцагч: Ч.Бурмаа

Хариуцагчийн өмгөөлөгч: Л.Золзаяа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Шинэцэцэг  нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ө.Саранцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би өөрийн нөхөр Ж.Отгонбатын хамт барилгын засал чимэглэлийн ажил хийдэг бригад удирдаж ажилладаг. 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдөр "Мөнхийн үргэлжлэл" ХХК-ийн инженер Ч.Бурмаатай гэрээ хийж Дундговь аймгийн Гурвансайхан сумын шинэ сургуулийн засварын ажлыг хийхээр амаар гэрээ хийсэн. Гэтэл ажлын хөлсний үлдэгдэл 6 784 000 төгрөгийг өнөөдрийг хүртэл өгөөгүй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж хохирлыг барагдуулна уу гэжээ.

 

Хариуцагч Ч.Бурмаагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.Бурмаа нь 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээг амаар байгуулан 1 болон 2 дугаар давхрын ажил хийхээр тохиролцсон ажлын хөлсөд 10 000 000 төгрөг өгсөн. Нийтдээ ажил гүйцэтгүүлэхтэй холбоотойгоор 14 000 000 төгрөг өгсөн байна. Нэхэмжлэгч өөрөө ажил үүргээ бүрэн гүйцэд хийж гүйцэтгээгүй орхисон байгаа. Хийж гүйцэтгэсэн ажлын хөлсийг бүхэлд нь төлсөн гэж үзэж байгаа тул хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, 43 дугаар зүйлийн 43.4, 351 дүгээр зүйлийн 351.1.1-д заасныг баримтлан хариуцагч Ч.Бурмаагаас 4 201 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ө.Саранцэцэгт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2 583 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 123 494 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч Ч.Бурмаагаас 82 166 төгрөг гаргуулан нэхэмжпэгч Ө.Саранцэцэгт олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хариуцагч Ч.Бурмаагаас 4 201 000 төгрөг гаргаж нэхэмжлэгч Ө.Саранцэцэгт олгохоор шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, маргааны үйл баримтад бүрэн дүүрэн дүгнэлт хийгээгүй байх тул дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

Хариуцагч нь Дундговь аймгийн Гурвансайхан сумын 320 хүүхдийн сургуулийн барилгын талбайн инженерээр ажиллаж байхдаа 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Ө.Саранцэцэгтэй тус барилгын 3 давхрын заслын ажлыг 7 000 000 төгрөгөөр хийж гүйцэтгүүлэхээр харилцан тохиролцсон. Улмаар 7 000 000 төгрөгөөс гадна 3 давхрын заслын ажилд хүн хүч муутай байсан тул 6 туслах ажилчин ажиллуулж цалинд 2 800 000 төгрөг, хоолны зардалд 1 280 000 төгрөг, нийт 4 080 000 төгрөгийн зардал гаргасан. Спорт залны 4 984 680 төгрөг, агааржуулалт 1 000 000 төгрөг, хаалга тусгаарлахад 100 000 төгрөгөөр харилцан тохиролцож тухайн ажлын хөлсийг төлж дуусгасан.

Шүүх талуудын хооронд Спорт заалны ажлын хөлсний үнэлгээ 8 500 000 төгрөг гэх үнэлгээг ямар аргаар яаж тооцож гаргасан талаар тодорхой үнэлэлт дүгнэлт өгөөгүй. Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1-д заасны дагуу бидний хоорондын тохиролцоо 4 984 680 төгрөг байсан ба энэ тухай шүүхэд мэдүүлсэн харин 8 500 000 төгрөг гэдэг тухайн Спорт залны цахилгааны ажил, заслын ажлын нийт үнэлгээ нь 9 000 000 төгрөг ба цахилгааны ажлыг дагнан гүйцэтгэсэн Г.Эрдэнэбаяр 3 000 000 төгрөг хоолны зардалд 1 000 000 төгрөг, нийт 4 000 000 төгрөг төлсөн. Мөн шүүхийн хэлэлцүүлэгт Спорт залны ажлыг хийж гүйцэтгэсэн хүмүүс ажлын хөлсөө бүрэн авсан ба Ө.Саранцэцэг ч бас хийж гүйцэтгэсэн ажлын хөлсөө бүрэн авсан болохоос биш тухайн ажил 8 500 000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр Ө.Саранцэцэгтэй тохиролцсон зүйл байхгүй тийм үнэлгээ, төсөв ч байхгүй. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т заасны дагуу нэхэмжлэлийн үндэслэл шаардлага тодорхой бус байсан. Улмаар шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж нэр бүхий 11 шаардлага гаргасан ба энэхүү шаардлагаа хариуцагч талд танилцуулах, нотлох баримт цуглуулах боломжоор хангаагүй атлаа тухайн үйл баримттай холбоотой нотлох баримт гаргаж нотлоогүй зэргээр шүүхийн шийдвэрт үндэслэж шийдвэрлэсэн байна.

Улмаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4, 6 дугаар зүйлд заасан шүүхийн өмнө эрх тэгш байх, мэтгэлцэх, мөн хуулийн 25, 26 зүйлд заасан татгалзах, үгүйсгэх үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой нотлох баримт гаргаж өгөх эрхээр хангаагүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

                                                                     ХЯНАВАЛ:

                                                                                                    

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Ө.Саранцэцэг нь хариуцагч Ч.Бурмаад холбогдуулж ажил гүйцэтгэх гэрээний ажлын хөлс 6 784 000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдөр “Мөнхийн үргэлжлэл” ХХК-ийн инженер Ч.Бурмаатай гэрээ байгуулж Дундговь аймгийн Гурвансайхан сумын шинэ сургуулийн засварын ажил хийхээр тохирсон гэж тайлбарласан нэхэмжлэлийг хариуцагч Ч.Бурмаагийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр гардуулан өгсөн бөгөөд энэ нэхэмжлэлийн хүрээнд хариуцагч тайлбар гаргажээ.

 

Нэхэмжлэгч нь 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн үндэслэлийг ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь сургуулийн 3 давхрын ажил, агааржуулагч хаалга, спорт заалны заслын зэрэг ажил хийсэн гэж нэрлэн зааж, тухай бүрийн үнэлгээний талаар амаар тайлбар гаргасныг шүүх мөн өдөртөө шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэрт нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг тусгасан байх, нэхэмжлэлийг бичгээр гаргах шаардлагыг хангаагүй байхад хэргийг шийдвэрлэсэн буруу болжээ.

 

Өөрөөр хэлбэл, бичгээр гаргасан нэхэмжлэлд дурдагдаагүй үндэслэлийг нэхэмжлэгч тал гаргаж байгаа бол үүнийг нэхэмжлэлийн үндэслэлд өөрчлөлт оруулсан гэж үзэх бөгөөд бичгийн хэлбэрээр гаргуулж, хариуцагчид гардуулж өгөх, хариуцагчид эсрэг талынхаа гаргасан тайлбартай танилцах, тайлбар гаргах эрхийг зохицуулсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасныг зөрчжээ. Улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгжүүлээгүй байна.

 

Түүнчлэн нэхэмжлэгч нь хариуцагчийг тодорхойлох боловч нэхэмжлэлдээ  хариуцагчийг Ч.Бурмаа, “Мөнхийн үргэлжлэл” ХХК-ийн инженер Ч.Бурмаа гэж зөрүүтэй тодорхойлсон байхад шүүх тодруулах ажиллагаа хийгээгүй.

 

Өөрөөр хэлбэл, талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь сургуулийн барилгын засварын ажил нь хариуцагч иргэнийхээ хувьд хувиараа гүйцэтгүүлж байгаа эсхүл хуулийн этгээдийг төлөөлж байгаа эсэх тодорхойгүй байна.

 

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 101/ШШ2016/06473 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 82 166 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      М.НАРАНЦЭЦЭГ

 

                                          ШҮҮГЧИД                                     Т.ТУЯА

 

                                                                                                Э.ЗОЛЗАЯА