Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Очирбатын Номуулин |
Хэргийн индекс | 110/2020/0069/з |
Дугаар | 221/МА2021/0341 |
Огноо | 2021-06-28 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 06 сарын 28 өдөр
Дугаар 221/МА2021/0341
Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын
Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч А.Сарангэрэл, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж, нэхэмжлэгч И.А, өмгөөлөгч С.А, хариуцагч З.М, өмгөөлөгч С.Н, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С нарыг оролцуулан, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 22 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн өмгөөлөгч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Хүүхдийн цэцэрлэгийн нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулин илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 22 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.8, 16 дугаар зүйлийн 16.5.2, 16.5.3, 16.5.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 06 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалын нэг дэх заалтын С.Г-г Хүүхдийн цэцэрлэгийн мэдэлд шилжүүлсэн хэсгийг хүчингүй болгож, үлдсэн хэсэг болох нэг дэх заалтын С.Г-г 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн албаны нягтлан бодогчийн үүрэгт ажлаас чөлөөлсөн хэсэг болон Хоёр дахь заалтыг хүчингүй болгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчиж нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй нэхэмжлэлийг хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Учир нь нэхэмжлэгчийн эрх ашгийг хөндөөгүй, шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаа өнгөрсөн, захиргааны актын хуульд заасан шинжгүй Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулсан харилцааны талаар анхан шатны шүүх дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн. Уг тушаалын 2 дугаар заалтаар “цэцэрлэгийн мэдэлд шилжүүлэв" гэж заасан нь захирамжилсан шийдвэр биш бөгөөд Баяннуур сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч Тамгын газрын даргын тушаалыг заавал биелүүлдэг албан тушаалтан биш.
Анхан шатны шүүхийн шүүгч нь “цэцэрлэгийн мэдэлд шилжүүлэв” гэснийг “заавал биелэгдэх захирамжилсан шинжтэй” гэж буруу дүгнэж захиргааны актын шинжүүдийг хангасан хэмээн үзсэн нь хуульд нийцээгүй байна. Сумын Засаг даргаас сумын Цэцэрлэгийн бүтэц орон тоонд нягтлан бодогчийн орон тоог нэмж баталж өгөөд төсвийг нь тодотголоороо тусгаж өгөхөөр болсон боловч цэцэрлэгийн эрхлэгч үүнийг аймгийн Засаг даргад гомдол гаргасаар байгаад хүчингүй болгосон байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шийдвэр гаргах ёстой байсан боловч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангасан шийдвэр гаргасан нь маш их алдаатай шийдвэр гэж үзэж байна. Нэхэмжлэгч маргаан бүхий тушаалыг хүлээн авч С.Гүлданааг Баяннуур сумын хүүхдийн цэцэрлэгийн нягтллан бодогчоор томилуулах тушаал гаргасан байна. Иймээс уг тушаалыг нэхэмжлэгч тухайн үед гардан авч улмаар хүлээн зөвшөөрсөн боловч 1 жил 11 сарын дараа уг тушаалыг хүчингүй болгуулахаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь шүүхэд гомдол мэдүүлэх хөөн хэлэлцэх хэтрүүлсэн байна гэж үзэж байна. Хариуцагч Баяннуур сумын ЗДТГ-ын даргын дээд шатны байгууллага нь Баяннуур сумын Засаг дарга С.Б бөгөөд нэхэмжлэгч маргаан бүхий гэх тушаалыг хүлээн зөвшөөрөөгүй байсан бол эхлээд Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Засаг даргад гомдол гаргах хуультай. Гэтэл нэхэмжлэгч дээд шатны байгууллагад гомдол гаргаагүй буюу урьдчилан шийдвэрлэх журмыг хангаагүй байхад түүний нэхэмжлэлийг анхан шатны шүүх шууд хүлээн авч захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан нь буруу гэж үзэж байна. Ажил олгогч шүүхийн шийдвэрийг биелүүлэн С.Гүлданаг Баяннуур сумын хүүхдийн цэцэрлэгийн нябогийн ажилд 2021 оны 1 дүгээр сард томилсон ба одоо хүртэл С.Г нь нябогийн ажлыг гүйцэтгэж байна. Ингэхээр анхан шатны шүүх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4 дэх заалтыг ноцтой зөрчсөн хууль ёсны бус шийдвэр гаргасан гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй тул түүнийг хүчингүйд тооцож, нэхэмжлэгчийн нэхэмжпэлийг хүлээн авахаас татгалзан, захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг ханган шийдвэрлэж өгөхийг хүсэж байна” гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч И.А нь “Баяннуур сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 06 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэл гаргажээ.
Анхан шатны шүүх дээрх нэхэмжлэлийг хүлээн авч хянан шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д “Шүүгч дараахь тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана”: 54.1.8. “энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн” гэж заасныг зөрчсөн байна.
Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Баяннуур сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 06 дугаар тушаалаар Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3 дахь заалтыг үндэслэн “Засаг даргын Тамгын газрын 2019 оны батлагдсан төсвөөс Хүүхдийн цэцэрлэгийг хариуцсан нягтлан бодогчийн цалингийн сан хасагдаж сумын Хүүхдийн цэцэрлэгийн төсөв нэмэгдэж батлагдсан тул Хүүхдийн цэцэрлэгийг хариуцсан нягтлан бодогч С.Г-г 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн албаны нягтлан бодогчийн үүрэгт ажлаас чөлөөлж, Хүүхдийн цэцэрлэгийн мэдэлд шилжүүлж” шийдвэрлэснийг үндэслэн Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Б/01 дүгээр тушаалаар гуравдагч этгээд С.Гүлданаг Хүүхдийн цэцэрлэгийн нягтлан бодогчоор авч ажиллуулсан, 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн Б/06 дугаар тушаалаар “нягтлан бодогчийн орон тоо байхгүй” гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн үйл баримт тогтоогджээ.
Ийнхүү нэхэмжлэгч нь гуравдагч этгээд С.Г-г ажлаас чөлөөлсөнөөр Баяннуур сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 06 дугаар тушаалыг хүчингүй болгуулахаар шаардах эрх үүссэн гэж үзэх бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараахь тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана”, 14.1.1 “дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн бол” гэж зааснаар дээд шатны албан тушаалтанд гомдол гаргах, дээд шатны албан тушаалтны шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.
Гэтэл 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэл гаргасан нь дээрх хуулийн зохицуулалтад нийцээгүй байх бөгөөд иргэний хэргийн шүүхээр маргаан шийдвэрлэгдэж байсан нь захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг тоолохгүй байх үндэслэл болохгүй.
Иймд гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ.
Хэргийг хэрэгсэхгүй болгон нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж байгаа тул маргаан бүхий захиргааны үйл ажиллагааны хууль зүйн үндэслэлтэй эсэхэд давж заалдах шатны шүүх дүгнэлт өгөхгүй бөгөөд нэхэмжлэгч нь хүүхдийн цэцэрлэгт нягтлан бодогчийн цалингийн төсөв хуваарилаагүй эрх бүхий захиргааны байгууллага, албан тушаалтны шийдвэрт болон нягтлан бодогчийн орон тоо, цалингийн төсөв хуваарилагдсан газарт холбогдуулан шаардлага гаргахад энэ шүүхийн шийдвэр саад болохгүйг дурьдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 22 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг баримтлан “Баяннуур сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” 06 дугаар тушаалыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Хүүхдийн цэцэрлэгийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, Баяннуур сумын Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.3 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг улсын төсвөөс гарган нэхэмжлэгчид буцаан олгож, хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдаж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ А.Сарангэрэл
ШҮҮГЧ О.НОМУУЛИН