Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 176

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өсөхжаргал,

улсын яллагч Н.Энхболд,

шүүгдэгч Д.Ц-, түүний өмгөөлөгч Д.Баттөмөр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Д.Ц-д холбогдох эрүүгийн ____тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ____ дугаарын регистртэй, Д.Ц-.

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Д.Ц- нь 2019 оны 12 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 38а байрны 1209 тоотод гэртээ хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч А.Д-ий биед халдаж улмаар баруун нүдний дотор булан, доод зовхи, цээж, баруун, зүүн бугалга, зүүн гуя, баруун өвдөг, зүүн өвдөг, шилбэний цус хуралт, зүүн гарын 1, 2-р хурууны бүхий гэмтэл буюу хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Ц- мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Д.Ц-гийн өгсөн:

“...2019 оны 12 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө 01 цагийн үед би ажлаа тараад гэртээ ирэхэд манай эхнэр Д- архи уучихсан согтуу байсан. Тэгээд түүнээс болж бид хоёр маргалдаж байтал манай эхнэр Д- миний зүүн хацар луу гараараа нэг удаа алгадаад шүүгээн дээр байсан гоо сайхны бүтээгдэхүүнүүдээ авч газар луу шидээд байсан. Би болиулах гээд хоёр гарынх нь бугуйнаас нь гараараа атгаж байгаад орон дээр унагаагаад дээрээс нь дараад хэвтсэн. Тэгээд би дээрээс нь бостол эхнэр маань орны хажууд байрлах жижиг шүүгээн дээр байдаг ширээний гэрэл аваад намайг цохих гэхэд нь би тухайн ширээний гэрлийг эхнэрийнхээ гарнаас булааж аваад газар луу шидсэн. Тэгээд би том өрөө рүүгээ ороод байж байтал эхнэр маань гал тогооны өрөө рүү гүйж очоод гал тогооны тавиур дээр байсан шилэн усны сав аваад намайг цохих гэхэд нь би зүүн гараараа хаасан чинь тухайн усны шилэн сав нь газар унаад хагарчихсан. Тэгээд би эхнэрийнхээ бугуйнаас нь гараараа атгаад угзарч татахад эхнэр маань газар унасан. Би эхнэрийнхээ бугуйнаас нь атгаатай чигээрээ газраар чирээд унтлаганы өрөө рүү оруулаад гарнаас нь тавихад эхнэр маань босоод ирсэн. Би эхнэрийнхээ нүүр лүү баруун гараараа нэг удаа алгадсан. Тэгсэн чинь манай эхнэр орилж хашгираад дахиад гартаа таарсан юмнуудаа авч шидэх гээд байхаар нь толгойноос нь баруун гараараа үсдэж доош нь дараад нүүрээр нь буйдан дээр дарсан. Тэгээд орилж хашгирах нь чимээгүй болчихоор нь тэнд нь орхиод би гал тогооны өрөөнд очиж нөгөө хагарсан усны шилэн савны хагархайнуудыг цэвэрлэж байтал манай гэрийн хаалга тогших чимээ гарахаар нь хаалгаа онгойлоготол хоёр цагдаа зогсож байсан. Хөнгөн гэмтлийг А.Д-д би учруулсан. Би тухайн үед нүүр лүү нь нэг удаа гараараа алгадсан. Хоёр гарын бугуйнаас нь гараараа атгаж хөхрүүлсэн нь үнэн...” гэх мэдүүлэг /хх-н 27-28/,    

 

Мөрдөн байцаалтад хохирогч А.Д-ий өгсөн:

“...2019 оны 12 дугаар сарын 06-нд манай байгууллагын санхүүчдийн баяр болоод ажлынхантайгаа нэг газар сууж бага зэргийн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад 23 цагийн үед гэртээ харихад манай нөхөр гэртээ байхгүй хоёр хүүхдээ гэрт нь гаднаас нь цоожлоод ажилдаа явсан байсан. Би гэртээ ороод хоёр хүүхэдтэйгээ хамт унтлаганыхаа өрөөнд унтаж байтал манай нөхөр шөнийн 01 цагийн орчимд гэртээ ирсэн. Тэгээд манай нөхөр орж ирэнгүүтээ унтлаганы өрөөнд орж ирээд намайг ”Чи архи уулаа. Би чамайг 09 цаг гэхэд гэртээ ир гээ биз дээ. Чи хэдэн цагт ирсэн юм.” гээд уурлаад байсан. Тэгээд бид хоёр маргалдаж байтал хоёр хүүхэд сэрчихээр нь бид хоёр унтлаганы өрөөний гэрлийг унтраагаад унтлаганыхаа өрөөнөөс гараад том өрөө рүү орж үргэлжлүүлж маргалдаж байтал манай нөхөр миний баруун хацар луу зүүн гараараа нэг удаа алгадсан. Тэгээд би унтлаганыхаа өрөө рүү ороод шүүгээн дээр байсан пүдр аваад газар луу шидээд үргэлжлүүлээд уурандаа шүүгээн дээр байсан гоо сайханы бүтээгдэхүүнүүдийг авч газар луу бүгдийг нь шидэж байтал манай нөхөр унтлаганы өрөө рүү орж ирээд миний цээж рүү гараараа түлхэж ор луу унагахаар нь би орны хажуу талын шүүгээн дээр байдаг ширээний гэрлийг аваад нөхрийнхөө зүүн гуя руу нь ширээний гэрлээр цохитол манай нөхөр нөгөө гэрлийг миний гарнаас булааж аваад цаашаа шидсэн юм. Тэр хооронд би орон дээрээс босох гэтэл нөхөр маань “Чи ямар овоо юм, чамайг ална” гээд миний хойноос хүзүүгээр минь гараараа ороож хоолойг минь боогоод байсан. Миний амьсгал боогдоод би “Аллаа, туслаарай” гээд орилоход хүүхдүүд маань ’’Ааваа та болиоч, ээжийг аллаа шүүдээ, ээжгүй болчихвол яах юм бэ?” гээд уйлаад аавыгаа болиулах гэж оролдоод байсан. Би нөхрийнхөө гарыг нь тавиулах гэж хумсаараа гарыг нь хумсалтал боолтын хүч нь бага зэрэг сулрах шиг болсноо дахиад үргэлжлүүлээд хүчтэй боогоод эхэлсэн. Тэгээд миний чих дүнгэнээд нүд харанхуйлаад бие сулраад явсан. Тэр үед нөхөр намайг боохоо больсон. Би боолт тавингуут нь газар унаад өгсөн. Нөхөр шууд том өрөө рүү яваад орчихсон. Тэгээд би хэсэг уйлж байгаад гал тогоо руу орж шилэн савнаас ус уучихаад буцаагаад тавих гэж байгаад алдаад газар унагаагаад хагалчихсан. Хагарсан зүйлсийг хамаж авахаар тонгойж байтал нөхөр гал тогоо руу орж ирээд “Чи муу одоо яагаад байгаа юм бэ? юм шидэж хагалаад” байх юм гээд намайг толгойноос үсдэж газар унагааж байгаад тэр үсдсэн чигтээ үснээс чирээд коридороор яваад унтлаганы өрөө рүү орсон. Би үснээсээ гарыг нь тавиулаад босоод иртэл баруун гараараа миний хоолойноос багалзуурдаж байгаад тавихад нь би газар унасан. Тухайн үед би унахдаа орны буланг нүүрээрээ мөргөж унасан. Тэгээд нойлын өрөө рүү ороод толинд хартал миний хамарны нүхнээс цус гарч байсан. Тэгээд би цусаа угаачихаад нойлоос гарч ирэхэд гаднаас хоёр цагдаа манай гэрт орж ирчихсэн байсан. Тэгээд тэр хоёр цагдаа намайг дагаад яв асуух зүйл байна гэхээр нь машинд нь суутал намайг эрүүлжүүлэхэд аваачиж хийсэн.  

Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Эрүүлжүүлэхэд ороход намайг согтолтын зэрэг шалгах драйгер багаж үлээлгэсэн. Үлээсний дараа цагдаа нар эрүүлжүүлэхэд орох хэмжээний согтуу байна гэж ярьж байсан. Нөхөр эрүүл байсан. Уг дүгнэлтэнд дурьдагдсан гэмтлүүдийг манай нөхөр учруулсан. Маргалдаж байхад баруун талын хацар луу зүүн гараараа нэг удаа алгадсан. Тэгээд ихэвчлэн хоолойноос боогоод байсан. Намайг гал тогоонд усны шилэн сав алдаж газар унагааж хагалаад хагарсан зүйлсийг газраас хамах гээд тонгойгоод байж байтал нөхөр гал тогоо руу орж ирээд үсдэж газар унагахад би тухайн хагарсан шилэн дээр гараараа тулж унаад зүүн гарын долоовор хуруугаа шилний хагархайд зүссэн. Тэгээд үсдсэн чигтээ коридороор чирээд унтлаганы өрөө рүү оруулаад гарыг нь тавиулаад босоод ирэхэд нэг гараараа миний хоолойноос багалзуурдаад тавихад нь би унах явцдаа орны ирмэг нүүрээрээ мөргөсөн.

Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Намайг зодож цохисон асуудалд хуулийн дагуу арга хэмжээ авхуулмаар байна...” гэх мэдүүлэг /хх-н 27-28, 50-51/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Д-ий өгсөн:

“...2019 оны 12 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө 12 цаг өнгөрч байх үед би орцныхоо давхруудыг шалгахаар нэгээс арван хоёр давхар хүртэл шалгаад явж байтал арван хоёр давхрын 1209 тоотоос эмэгтэй хүн авраарай гэх чимээ гарсан. Тэгэхээр нь би гайхаад тухайн айлын хаалган дээр очиход тухайн 1209-н тоотын хажуу талын 1208 тоот айлын эмэгтэй хаалганых нь үүдэнд зогсож байсан. Тэр эмэгтэй энэ айлын эмэгтэй авраарай туслаарай гээд орилоод байна гэхээр нь бид хоёр хамт тухайн айлын хаалгыг тогшиход нэг эрэгтэй хаалга онгойлгоход нь би "Наана чинь юу болоод байгаа юм” гэхэд тэр эрэгтэй “Пизда минь чамд хамаагүй зайл” гэж хэлээд хаалгаа хаасан. Тэгээд би болон нөгөө эмэгтэй бид хоёр цагдаад дуудлага өгсөн. Тэгээд удалгүй хоёр цагдаа ирээд тэр айлын эмэгтэйг аваад явсан. Би тэр эрэгтэйн хажуу талаар нь гэр доторхи байдлыг харахад коридорын шалан дээр нэг эмэгтэй хэвтэж байсан. Цаана нь хоёр жаахан хүүхэд уйлаад байсан...” гэх мэдүүлэг /хх-н 31-32/,

 

Мөрдөн байцаалтад гэрч У.А-ын өгсөн:

“...Би 2019 оны 12 дугаар сарын 06-ны орой би 3-н хүүхдийн хамт гэртээ байж байтал шөнийн 01 цагийн үед манай хажуу талын айлд газар юм унах чимээ сонсогдоод байсан. Тэгээд удалгүй эмэгтэй хүн бас хүүхдүүд нь уйлалдаад эхэлсэн. Би гэрийнхээ хаалгыг онгойлгоод сонсоход манай хажуу талын 1209 тоот айлаас тухайн чимээ гараад байсан. Би гэрээсээ гараад тухайн 1209 тоот айлын хаалгыг нүдэхэд дотроос нь эмэгтэй хүн туслаарай гэж хашгирч байсан. Тэгэхээр нь би гэртээ орж гадуураа хувцас өмсөөд буцаад гараад иртэл манай орцны жижүүр залуу коридорт зогсож байхаар нь би энэ айлд эмэгтэй хүн туслаарай гээд байна хоёулаа хамт хаалгыг нь тогшоод юу болоод байгаа талаар асууя гэхэд манай орцны жижүүр залуу за гээд бид хоёр хамт хаалгыг нь нүдэхэд тухайн айлын гэрийн эзэн нь хаалгаа онгойлгохоор нь орцны жижүүр залуу “танайд юу болоод байгаа юм" гэхэд нөгөө залуу “зайл пизда минь чамд хамаагүй” гээд хаалгаа хаахаар нь орцны жижүүр бид хоёр цагдаагийн 102 дугаар луу залгаж болсон асуудлын талаар дуудлага өгсөн. Удалгүй цагдаа ирээд нөгөө айлд орохоор нь би хаалганых нь гадаа зогсож байгаад тухайн айлын эрэгтэй болон цагдаа нарын яриаг сонсоход тухайн айлын эрэгтэй би эрүүл манай эхнэр согтуу агсам тавиад байна гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-н 33-34/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 206 тоот: 

  1. А.Д-ий биед баруун нүдний дотор булан, доод зовхи, цээж, баруун зүүн бугалга, зүүн гуя, баруун өвдөг, зүүн өвдөг, шилбэний цус хуралт, зүүн гарын 1,2-р хурууны гэмтэл тогтоогдлоо.

  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

  3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

  4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

  5.6. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна гэх дүгнэлт /хх-н 37-38/,

 

  - хохирогч А.Д-ий “...сайн дурын үндсэн дээр эвлэрсэн, хохирол нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх хүсэлт /хх-н 77/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 52/,

- оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 55/,

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 68/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Д.Ц- нь 2019 оны 12 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 38а байрны 1209 тоотод гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч А.Д-ий биед халдаж улмаар биед баруун нүдний дотор булан, доод зовхи, цээж, баруун, зүүн бугалга, зүүн гуя, баруун өвдөг, зүүн өвдөг, шилбэний цус хуралт, зүүн гарын 1, 2-р хурууны бүхий гэмтэл буюу хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Д.Ц-гийн “...би эхнэрийнхээ бугуйнаас нь гараараа атгаад угзарч татахад эхнэр маань газар унасан. ... Би эхнэрийнхээ нүүр лүү баруун гараараа нэг удаа алгадсан. ...толгойноос нь баруун гараараа үсдэж доош нь дараад нүүрээр нь буйдан дээр дарсан. ... Хөнгөн гэмтлийг А.Д-д би учруулсан. Би тухайн үедээ уурласандаа нүүр лүү нь нэг удаа гараараа алгадсан. Хоёр гарын бугуйнаас нь гараараа атгаж хөхрүүлсэн нь үнэн...” гэх мэдүүлэг,

 

хохирогч А.Д-ий “...би орон дээрээс босох гэтэл нөхөр маань “Чи ямар овоо юм, чамайг ална” гээд миний хойноос хүзүүгээр минь гараараа ороож хоолойг минь боогоод байсан. ... Би нөхрийнхөө гарыг нь тавиулах гэж хумсаараа гарыг нь хумсалтал боолтын хүч нь бага зэрэг сулрах шиг болсноо дахиад үргэлжлүүлээд хүчтэй боогоод эхэлсэн. ... Хагарсан зүйлсийг хамаж авахаар тонгойж байтал нөхөр гал тогоо руу орж ирээд “Чи муу одоо яагаад байгаа юм бэ? юм шидэж хагалаад” байх юм гээд намайг толгойноос үсдэж газар унагааж байгаад тэр үсдсэн чигтээ үснээс чирээд коридороор яваад унтлаганы өрөө рүү орсон. Би үснээсээ гарыг нь тавиулаад босоод иртэл баруун гараараа миний хоолойноос багалзуурдаж байгаад тавихад нь би газар унасан. Тухайн үед би унахдаа орны буланг нүүрээрээ мөргөж унасан...” гэх мэдүүлэг,

 

гэрч Д-ий “...2019 оны 12 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө 12 цаг өнгөрч байх үед би орцныхоо давхруудыг шалгахаар нэгээс арван хоёр давхар хүртэл шалгаад явж байтал арван хоёр давхрын 1209 тоотоос эмэгтэй хүн авраарай гэх чимээ гарсан. ... Би тэр эрэгтэйн хажуу талаар нь гэр доторхи байдлыг харахад коридорын шалан дээр нэг эмэгтэй хэвтэж байсан. Цаана нь хоёр жаахан хүүхэд уйлаад байсан...” гэх мэдүүлэг,

 

гэрч У.А-ын “...Би 2019 оны 12 дугаар сарын 06-ны орой би 3-н хүүхдийн хамт гэртээ байж байтал шөнийн 01 цагийн үед манай хажуу талын айлд газар юм унах чимээ сонсогдоод байсан. Тэгээд удалгүй эмэгтэй хүн бас хүүхдүүд нь уйлалдаад эхэлсэн. Би гэрийнхээ хаалгыг онгойлгоод сонсоход манай хажуу талын 1209 тоот айлаас тухайн чимээ гараад байсан...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 206 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Д.Ц-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Д.Ц-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

Хэргийн хохирогч А.Д-ий эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

Хохирогч А.Д- хавтаст хэргийн 51 дүгээр талд “...гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Д.Ц-д холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарч байгаа, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг бүрэн хангасан, прокуророос Д.Ц-г 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялын саналаа танилцуулж, гарын үсэг зуруулсан нь шүүгдэгч эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд заасан шаардлагад нийцсэн байх тул шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж дээрх торгуулийн ялыг оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Д.Ц-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Д.Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ц-г 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ц-г торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирээгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Ц-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ