Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 158

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Бямбасүрэн,

улсын яллагч Г.Эрдэмбаатар,

шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Бт холбогдох эрүүгийн 1905047401358 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1988 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эцэг, эх, эгчийн хамт Сүхбаатар дүүрэг 17 дугаар хороо Дамбадаржаа 79 гудамж 1017б тоотод оршин суух хаягтай, урьд

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 2019/ШЦТ/302 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, УХ88072573 дугаарын регистртэй, Б.Б.

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 11 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Кристал бааранд маргааны улмаас А.М-ийн баруун гуянд ир үзүүртэй зүйлээр хатгаж гуянд шарх бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Б.Бийн өгсөн:

“...2019 оны 11 дүгээр сарын 24-ний орой 20 цагийн орчим Б гээд найз маань намайг ирж аваад гэрт нь очсон юм. Гэрт нь очиход А гээд манай найз ирчихсэн байсан. Бид нар ойрд уулзаагүй гээд хоёр шил 1 литрийн савалгаатай архи аваад уусан. Уг хоёр архиа уугаад бараг дуусах дөхөөд байж байхад манай найз Б-ийн дүү У- Б луу залгаад намайг хороололд хүмүүс зодчихлоо баарны хамгаалагч нар нь тоохгүй байна гэсэн юм яриад уйлаад байсан. Тэгээд бид нар хэртэй бол уйлаад байх хүн биш очиж авч ирнэ хаана байгаа талаар нь асууна гээд гарсан. Биднийг гарахад цаг ойролцоогоор нэг цаг өнгөрч байсан байх. Бид нар нөгөө газар нь очиход манай найзын дүү Б- гадаа бид нарыг хүлээж байсан. Бид нар уулзаад доошоо подвальд байдаг баар байсан болохоор буугаад орох гээд манай найз А түрүүлээд орсон араас нь Б тэгээд би, ард Б- гээд ортол манай найз Аг ороход нөгөө баарны нэг хамгаалагч зуураад авсан тэгээд маргаан болоод эхлэхээр нь би түлхүүрийн оосорт байдаг тонгорого мэт жижиг зүйл байдаг юм тэрүүгээр гуя руу нь нэг удаа хатгаад тоож байгаа шинжгүй байхаар нь болиод учраа олъё гээд өөр бусад хүмүүс маргаан салгаад манай найз Б нөгөө баарны зохион байгуулагчтай хамт камер шүүхээр болоод дүүгээ зодсон хүмүүсийг хараад ирнэ гээд дотогшоо орсон би нөгөө залуу тоохгүй байсан болохоор гэмтэл учирсан гэж бодоогүй гадаа хаалган дээр зогсож байхад цагдаа нар ирээд дотогшоо орчихсон. Би нилээд удаан хүлээсэн удаад байхаар нь А бид хоёр Б-ийн гэрт очоод унтаад өгсөн. Өглөө сэрэхэд Б ирчихсэн байсан. Тэгээд намайг нөгөө залууг хутгалсан байна гэж байсан. Дараа нь цагдаагийн байгууллагаас намайг дуудахаар нь би ирж мэдүүлэг өгсөн. Намайг ирэхэд нөгөө хохирогч гэх залуу надтай таараад надад 4,500,000 төгрөг өгөх юм бол би гомдолгүй гэж мэдүүлэг өгнө гээд байсан. Би надад тийм мөнгө байхгүй байгаа учир найзаа эмчилгээ хийлгээд гарсан зардал мөнгийг нь би өгье гээд гуйхад намайг шоронд хатаана гээд байсан. Тэгээд байцаагч дээр орж мэдүүлэг өгсөн...” гэх мэдүүлэг /хх-н 47-48/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч А.М-ийн өгсөн:

“...Би 2019 оны 11 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө 03 цагийн үед манай бааранд үйлчлүүлж байсан нэг залуу нэг найз залуу болон нэг охины хамт ирж үйлчлүүлсэн юм. Өөр ширээнд сууж байсан 4-н залуутай маргаад зодоон болсон. Би тухайн хүмүүсийг салгаад хаалгаа бариад хаахаар болсон. Нөгөө зодоон хийсэн хүмүүсийн зодсон гэх 4-н залуу гараад явсан араас нь нөгөө зодуулсан залуу хамт байсан нэг эрэгтэй нэг эмэгтэйн хамт гараад явсан. Тэгээд нэг их удаагүй нэг цаг орчимын дараа нөгөө зодуулсан гэх залуу ах нартайгаа хамт орж ирээд үүдэнд байсан манай нэг зөөгч Ууганаа бид хоёрыг цохиод байсан намайг цохисон залуу өндөр биетэй нүдний шилтэй залуу байсан. Тэгээд шилбэ рүү өшиглөөд тэврээд автал толгой руу хэд хэдэн удаа цохисон. Энэ үед миний баруун гуя орчим цахилгаан бороохойгоор хүрчих шиг болсон. Би гуяа бариад эргээд харсан чинь гепикэн малгайтай 170 см орчим өндөр шардуу царайтай эрэгтэй зогсож байсан. Тэгээд би анзаараагүй цагдаа дуудаад нөгөө хүмүүсийг гаргах гээд байж байхад дүү нь зодсон хүмүүсээ олно гээд байсан. Тэгээд хөл бадайраад байхаар нь үзэхэд миний хөл цус болоод, өмд урагдсан байсан. Тэгээд өмдөө тайлаад харахад 1 см орчим урттай нилээд ангайсан байдалтай нэг шарх байсныг нь анзаарч харахад хутгалсан байж болохоор харагдаж байсан. Тэгээд би надад хэн ингэж халдсан талаар дахин камер харахад нөгөө кепикен малгайтай эрэгтэй байх нь камерт харагдаж байсан. Тэгээд нөгөө хүнийг хайгаад гарахад гадаа байж байснаа яваад өгсөн байсан. Тэгээд би намайг зодсон хүмүүсийн нэгэнтэй нь хамт нөгөө өмнө зодуулсан гэх залуугийн хамт Баянгол дүүргийн цагдаа дээр ирээд мэдүүлэг байцаалт өгсөн.

Надад одоо 8 хоног ажилдаа яваагүй, мөн эмчилгээнд ганц нэг эм авсан 30,000 төгрөг орчим болсон. Эдгээр зардал мөнгөө гэм буруутай хүнээр нь гаргуулж авмаар байна. Хууль зөрчсөн гэмт үйлдэлд нь хуулийн дагуу арга хэмжээ авхуулмаар байна...” гэх мэдүүлэг /хх-н 36-37/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Г.С-ын өгсөн:

“...Би тухайн өдөр өрөөндөө сууж байхад хэрэг маргаан гарсан гээд манай бааранд үйлчлүүлж байсан нэг иргэн хүнд зодуулсан гээд байсан. Тэгээд би нөгөө залуутай уулзаад байж байхад гэнэт утсаар яриад энэ баарны хамгаалагч нар намайг өмөөрсөнгүй гээд байсан тэгээд байж байхад нэг их удаагүй ойролцоогоор 30 орчим минут болсны дараа үл таних 3-н залуу манай хаалгаар ороод ирсэн үүдэнд тасалбар тасдаж байсан гэх хамгаалагч тооцоо хийгээд ороод ирсэн тэгээд би өөдөөс нь яваад очиход манай хамгаалагч Мижиддорж нэг хүнтэй зууралдаад байгаа харагдсан. Би бас манай нэг зөөгч очоод салгахад нэг нүдний шилтэй өндөр залуу манай хамгаалагчийг зуураад газар унагаах гээд байгаа харагдсан.  Тэгээд би нөгөө хүмүүсээс ямар хэргээр яваа талаар асуухад манай бааранд дүү нь зодуулсан тэр хүмүүс нь хаана байна гээд байсан тэгээд би нөгөө ах нь гэх махлаг шар залууг дагуулаад камер орж шүүх үед манай хамгаалагч хөл нэг биш болоод байна гэж хэлсэн бөгөөд нөгөө зодоон салгах үед манай хамгаалагчийн зүүн хөлөнд хамт ирсэн нэг залуу нь юмаар хатгаж байгаа харагдсан. Тэгээд манай хамгаалагч цагдаа дуудсан тухайн үеийн камерын бичлэгт манай хамгаалагчийн нэг намхавтар биетэй залуу нь хөлрүү нь хүрч байгаа бичлэг байсан...” гэх мэдүүлэг /хх-н 83-84/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 14320 тоот: 

  1. А.М--н биед баруун гуянд шарх гэмтэл тогтоогдлоо.

  2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна.

  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-н 28-29/,

 

  - хохирогчийн хүсэлт /хх-н 93/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 54/

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 55/

- оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 58/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 11 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Кристал бааранд маргааны улмаас А.М-ийн баруун гуянд ир үзүүртэй зүйлээр хатгаж гуянд шарх бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Б.Бийн “...Бид нар уулзаад доошоо подвальд байдаг баар байсан болохоор буугаад орох гээд манай найз А түрүүлээд орсон араас нь Б тэгээд би, ард Б- гээд ортол манай найз Аг ороход нөгөө баарны нэг хамгаалагч зуураад авсан тэгээд маргаан болоод эхлэхээр нь би түлхүүрийн оосорт байдаг тонгорого мэт жижиг зүйл байдаг юм тэрүүгээр гуя руу нь нэг удаа хатгасан...” гэх мэдүүлэг, 

 

хохирогч А.М-ийн “...Тэгээд нэг их удаагүй нэг цаг орчимын дараа нөгөө зодуулсан гэх залуу ах нартайгаа хамт орж ирээд үүдэнд байсан манай нэг зөөгч Ууганаа бид хоёрыг цохиод байсан намайг цохисон залуу өндөр биетэй нүдний шилтэй залуу байсан. Тэгээд шилбэ рүү өшиглөөд тэврээд автал толгой руу хэд хэдэн удаа цохисон. Энэ үед миний баруун гуя орчим цахилгаан бороохойгоор хүрчих шиг болсон. Би гуяа бариад эргээд харсан чинь кепикэн малгайтай 170 см орчим өндөр шардуу царайтай эрэгтэй зогсож байсан. ...хөл бадайраад байхаар нь үзэхэд миний хөл цус болоод урагдсан байсан тэгээд өмдөө тайлаад харахад 1 см орчим урттай нилээд ангайсан байдалтай нэг шарх байсныг нь анзаарч харахад хутгалсан байж болохоор харагдаж байсан. Тэгээд би надад хэн ингэж халдсан талаар дахин камер харахад нөгөө гепикен малгайтай эрэгтэй байх нь камерт харагдаж байсан...” гэх мэдүүлэг,

 

гэрч Г.С-ын “...камер орж шүүх үед манай хамгаалагч хөл нэг бүш болоод байна гэж хэлсэн бөгөөд нөгөө зодоон салгах үед манай хамгаалагчийн зүүн хөлөнд хамт ирсэн нэг залуу нь юмаар хатгаж байгаа харагдсан. Тэгээд манай хамгаалагч цагдаа дуудсан. Тухайн үеийн камерын бичлэгт манай хамгаалагчийн нэг намхавтар биетэй залуу нь хөл рүү нь хүрч байгаа бичлэг байсан...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 14320 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Бт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Б.Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

Хэргийн хохирогч А.М-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

 

Хавтаст хэргийн 93 дугаар талд хохирогчоос “...хохирол болох 300,000 төгрөгийг бүрэн барагдуулсан...” гэх хүсэлт гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хариуцлага оногдуулах шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Б.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргасан бөгөөд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн ял хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг түлхүүрийн оосорыг устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгаж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө үгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бийг 400 /дөрвөн зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг түлхүүрийн оосорыг устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгаж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ