Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 157

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхтуул,

улсын яллагч Б.Мөнгөншагай,

шүүгдэгч Ц.О-, түүний өмгөөлөгч Б.Шихихутаг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ц.О-т холбогдох эрүүгийн 2003000580066 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ___ дугаарын регистртэй, Ц.О-.

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Ц.О- нь 2020 оны 01 дүгээр сарын 04-ний 16 цаг 00 минутын орчимд Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Ахуйн үйлчилгээний зүүн талын “МТ” ШТС-ын зүүн талын гарц дээр “Тоёота Пробокс” маркийн, 64-37 УБҮ улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.3-т заасан “Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө.” Гэснийг зөрчсөний улмаас явган зорчигч Т.Ч-ыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.О- мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Ц.О-ын өгсөн:

“...2020 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 16 цаг өнгөрч байхад би гэрлүүгээ “Toyota probox” маркийн 64-37 УБҮ улсын дугаартай машинтай Баянгол дүүргийн 11 дүгээр хороо Ахуйн үйлчилгээний зүүн талын “МТ” ШТС-ын зам дээр явж байтал куртикны малгайгаа өмсчихсөн 2 охин гэнэт гараад ирэхээр нь би нэг охины зүүн хөлөн дээгүүр нь машинтайгаа гараад буцаж ухраад зогссон. Би машинд дайруулсан охиныг тэр даруй гэмтлийн эмнэлэг авч яваад зүүн хөлний зургийг авахуулахад дунд хурууны савхан яс хугарсан байна гэсэн. Би мөн тэр өдрөө бүсэлхийн рентген, нурууны рентген зураг авахуулчихаад замын цагдаа гэмтсэн охиныг дагуулаад ирсэн. Замын цагдаагаас цагдаа нартай хамт буцаад хэргийн газар очиж үзлэгт оролцсон...” гэх мэдүүлэг /хх-н 49-50/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Т.Ч-ын өгсөн:

“...2020 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 15 цагийн үед Герман хэлний сургалт тараад 13-р хороололд байх сургуулиасаа гараад гэртээ харьсан. Тэгээд гэрээсээ хамт амьдардаг М-ын хамт 3,4-р хороололд байрлах дэлгүүр орох гээд 15 цаг 50 минутын орчим гараад Гандангийн ертөнцийн зүгээр хойд талын автобусны буудал дээр буугаад 3,4-р хороолол орох гээд ертөнцийн зүгээр хойд талын явган хүний замаар зүүнээс баруун чиглэлд алхаад явж байгаад хороололын ахуйн үйлчилгээний зүүн талд байрлах МТ шатахуун түгээх станцын зүүн гарцаар ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлд зам хөндлөн гарах гээд 2 тал руугаа харахад ямар нэг машин байхгүй байхаар нь замаар гарах үед миний зүүн талаас нэг машин орж ирээд миний зүүн ташаа хэсэг рүү мөргөхөд би газарт унах үед зүүн хөлийн тавхай хэсэг дээр баруун урд талынхаа дугуйгаар гараад зогсчихсон юм. Тэр үед манай найз М- миний баруун гар талд явж байгаад намайг мөргүүлээд газарт унах үед над дээр ирээд босгох гэтэл миний хөл машины дугуйн доор орчихсон байсан учраас би босож чадахгүй байсан. Тэгээд М- жолоочийг ухраачээ хүний хөл дээр гарчихсан байна гэхэд жолооч ухраад миний хөлийг гаргасан. Тэгээд жолооч бууж ирээд зүгээр үү гэхээр нь би гэмтлийн эмнэлэг рүү явъя гээд жолооч найз хоёроор өргүүлээд машинд нь орж суугаад бид 3 гэмтлийн эмнэлэг рүү явсан. Тэр үед би хөл дээрээ гишгэж чадахгүй байсан. Тэгээд гэмтлийн эмнэлэгт очоод эмчид үзүүлээд зургаа авхуулсан чинь шивнүүр яс хугарсан гээд гипс тавьж өгсөн. Зүүн хөлний шивнүүр яс хугарсан, сарвуу хэсэгтээ зөөлөн эдийн гэмтэл, баруун өвдөгт зөөлөн эдийн гэмтэлтэй гэсэн.

1 сая төгрөг нэхэмжилж байна. Би хувиараа хүнд бариа хийж байрны хоол унааны мөнгөө олдог байсан...” гэх мэдүүлэг /хх-н 15-16/,

            Мөрдөн байцаалтад гэрч Э.М-ын өгсөн:

            “...2020 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 16 цагийн үед би оюутны байрандаа хамт байдаг охин Ч-ын хамт 3,4-р хорооллын дэлгүүр орох гээд гэрээсээ 16 цагийн үед гараад автобусанд суугаад Гандангийн хойд талын автобусны буудал дээр автобуснаас буугаад ертөнцийн зүгээр замын хойд хэсгээр явган хүний замаар ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлд явж байгаад МТ шатахуун түгээх станцын зүүн талын ордог гарцаар зүүнээс баруун чиглэлд зам хөндлөн гарсан юм. Тухайн үед манай найз миний зүүн гар талд 2-лаа зэрэгцээд алхаж байхад бид 2-н зүүн гар талаас нэг машин орж ирээд манай найзыг нөгөө машин урд хэсгээрээ мөргөөд газарт унагаасан юм. Тэгээд би найзыгаа татаад босгох гэтэл найзын зүүн хөлний тавхай хэсэг дээр нь машиныхаа баруун урд дугуйгаараа гараад зогсчихсон байсан. Тэр үед манай найзын хөл мушиграад дугуйн доор даруулчихсан байсан. Тэгээд би хүүе та хойшоо ухраачээ гэсэн чинь өөдөөс юм хэлэхгүй хараад суугаад байснаа хэсэг хугацааны дараа цонхоо онгойлгоод яасан бэ гэхээр нь хүн дайраад хөл дээр нь гараад зогсчихсон байна шүү дээ гэсэн чинь хойшоогоо ухарсан. Тэгээд жолооч бууж ирээд гэмтлийн эмнэлэг рүү явъя гээд жолооч бид 2 найзыг өргөөд машинд нь суулгаад гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлээд байж байхад найзын эгч ах нь ирээд гэмтлийн цагдаад мэдэгдсэн...” гэх мэдүүлэг /хх-н 21/,

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 1169 тоот: 

  1. Т.Ч--н биед зүүн хөлийн 2-р хурууны угийн шивнүүрийн далд хугарал, баруун хөлийн өвдөгний цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

  3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-н 26-27/,

 

  - хохирогч Т.Ч-ын “...эмчилгээний зардал 1,100,000 төгрөг авч байгаа тул цаашид миний зүгээс ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх хүсэлт /хх-н 81/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 57/

- оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 58/

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 62/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Ц.О- нь 2020 оны 01 дүгээр сарын 04-ний 16 цаг 00 минутын орчимд Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Ахуйн үйлчилгээний зүүн талын “МТ” ШТС-ын зүүн талын гарц дээр “Тоёота Пробокс” маркийн, 64-37 УБҮ улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.3-т заасан “Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө.” Гэснийг зөрчсөний улмаас явган зорчигч Т.Ч-ыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Ц.О-ын “...2020 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 16 цаг өнгөрч байхад би гэрлүүгээ “Toyota probox” маркийн 64-37 УБҮ улсын дугаартай машинтай Баянгол дүүргийн 11 дүгээр хороо Ахуйн үйлчилгээний зүүн талын “МТ” ШТС-ын зам дээр явж байтал куртикны малгайгаа өмсчихсөн 2 охин гэнэт гараад ирэхээр нь би нэг охины зүүн хөлөн дээгүүр нь машинтайгаа гараад буцаж ухраад зогссон...” гэх мэдүүлэг,

 

хохирогч Т.Ч-ын “...М-ын хамт 3,4-р хороололд байрлах дэлгүүр орох гээд 15 цаг 50 минутын орчим гараад Гандангийн ертөнцийн зүгээр хойд талын автобусны буудал дээр буугаад 3,4-р хороолол орох гээд ертөнцийн зүгээр хойд талын явган хүний замаар зүүнээс баруун чиглэлд алхаад явж байгаад хороололын ахуйн үйлчилгээний зүүн талд байрлах МТ шатахуун түгээх станцын зүүн гарцаар ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлд зам хөндлөн гарах гээд 2 тал руугаа харахад ямар нэг машин байхгүй байхаар нь замаар гарах үед миний зүүн талаас нэг машин орж ирээд миний зүүн ташаа хэсэг рүү мөргөхөд би газарт унах үед зүүн хөлийн тавхай хэсэг дээр баруун урд талынхаа дугуйгаар гараад зогсчихсон юм...” гэх мэдүүлэг,

 

            гэрч Э.М-ын “...2020 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 16 цагийн үед ... манай найз миний зүүн гар талд 2-лаа зэрэгцээд алхаж байхад бид 2-н зүүн гар талаас нэг машин орж ирээд манай найз нөгөө машин урд хэсгээрээ мөргөөд газарт унагаасан юм. Тэгээд би найзыгаа татаад босгох гэтэл найзын зүүн хөлний тавхай хэсэг дээр нь машиныхаа баруун урд дугуйгаараа гараад зогсчихсон байсан...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 1169 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Тээврийн прокурорын газраас шүүгдэгч Ц.О-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Ц.О-ыг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актын зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

Хэргийн хохирогч Т.Ч-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

 

Хавтаст хэргийн 81 дүгээр талд хохирогч Т.Ч-ын “...эмчилгээний зардал 1,100,000 төгрөг авч байгаа тул цаашид миний зүгээс ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх хүсэлт авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Ц.О-т холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарч байгаа, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг бүрэн хангасан, прокуророос Ц.О-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялын саналаа танилцуулж, гарын үсэг зуруулсан нь шүүгдэгч эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд заасан шаардлагад нийцсэн байх тул шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж дээрх торгуулийн ялыг оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Ц.О-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Ц.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актын зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.О-ыг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.О-ыг торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд хөрөнгө хураагдаж ирээгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.О-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ