Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 156

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхтуул,

улсын яллагч А.Марал,

шүүгдэгч О.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

                     

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Б-т холбогдох эрүүгийн ____ тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ____ дугаарын регистртэй, О.Б-.

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч О.Б- нь 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “HR” фитнесийн 5 давхарт байрлах гутал хийдэг шүүгээнд байсан иргэн Ш.Ч-ын годон гутлыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад бага хэмжээнээс дээш хохирол болох 720,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Б- мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалты шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй харамсаж байна...” гэв.

           

Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч О.Б-ийн өгсөн:

“...эхнэр маань төрөх гээд гутал муутай байсан болохоор эхнэртээ өмсүүлэх гээд 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 17-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “HR” фитнесийн 5 давхарт байрлах гутал хийдэг шүүгээнд байсан иргэн Ш.Ч-ын годон гутлыг авсан. Тэгээд удалгүй намайг цагдаагийн байгууллагаас дуудсан. Би хохирлоо төлсөн, гутлыг нь буцааж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-н 63-64/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Ш.Ч-ын өгсөн:

            “...Би 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 19 цагт Баянгол дүүргийн 17-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Твин хорс зочид буудлын 5 давхарт байрлах HR фитнесийн шатан дээр байрлах гутал хийдэг шүүгээнд өөрийн годон гутлаа хийгээд орхисон. Тэгээд дасгалаа дуусаад 21 цагийн үед гарч ирээд гутлаа өмсөх гээд гутлаа хийсэн шүүгээг онгойлготол тухайн газар миний гутал байхгүй байсан. Тэгээд ресепшинг дуудаж хэлээд бусад шүүгээнээс хайхад байхгүй байсан. Би гутлаа Бөмбөгөр худалдааны төвөөс 800,000 төгрөгөөр 2019 оны 9-р сард худалдаж авч байсан. Надад гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 18/,

 

            Мөрдөн байцаалтад гэрч Б.Б-ийн өгсөн:

            “...Намайг ажлаа хийж байхад 21 цагийн үед манай эмэгтэй үйлчлүүлэгчийн годон гутал фитнесээс алга болсон гэж хэлж байсан. Тэгээд захирлын дугаарыг авч ярьж байсан...” гэх мэдүүлэг /хх-н 27-28/,

 

            Мөрдөн байцаалтад гэрч А.П-ын өгсөн:

            “...Б- гутал байна авчих уу гэж асуухаар нь би мэдэхгүй ээ өөрөө мэд гэж хэлээд түрүүлээд гараад явсан. Араас Б- гарч ирээд машинд суучихаад би годон гутал авчихлаа гэж хэлэхээр нь ээ чи дэмий юм хийждээ буцаагаад хийчих юм уу гэж хэлтэл Б- сандраад одоо яаж хийхэвдээ нэгэнт авсан юм чинь гээд хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-н 41-42/,

 

            - эд зүйлийн үнэлгээ хийсэн баримт /хх-н 47-49/,

 

            Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 65/

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 70/

- оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 71/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

Шүүгдэгч О.Б- нь 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “HR” фитнесийн 5 давхарт байрлах гутал хийдэг шүүгээнд байсан иргэн Ш.Ч-ийн годон гутлыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад бага хэмжээнээс дээш хохирол болох 720,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч О.Б-ийн “...2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 17-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “HR” фитнесийн 5 давхарт байрлах гутал хийдэг шүүгээнд байсан иргэн Ш.Ч-ын годон гутлыг авсан...” гэх мэдүүлэг,

 

хохирогч Ш.Ч-ын “...Би 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 19 цагт Баянгол дүүргийн 17-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Твин хорс зочид буудлын 5 давхарт байрлах HR фитнесийн шатан дээр барйлах гутал хийдэг шүүгээнд өөрийн годон гутлаа хийгээд орхисон. Тэгээд дасгалаа дуусаад 21 цагийн үед гарч ирээд гутлаа өмсөх гээд гутлаа хийсэн шүүгээг онгойлготол тухайн газар миний гутал байхгүй байсан...” гэх мэдүүлэг,

 

гэрч Б.Б-ийн “...Намайг ажлаа хийж байх үед манай эмэгтэй үйлчлүүлэгчийн гутал 21 цагийн үед фитнесээс годон гутал алга болсон гэж хэлж байсан. Тэгээд захирлын дугаарыг авч ярьж байсан...” гэх мэдүүлэг,

 

            гэрч А.П-ын “...Б- гарч ирээд машинд суучихаад би годон гутал авчихлаа гэж хэлэхээр нь ээ чи дэмий юм хийждээ буцаагаад хийчих юм уу гэж хэлтэл Б- сандраад одоо яаж хийхэв дээ одоо нэгэнт авсан юм чинь гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ хийсэн баримт зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч О.Б-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, бодит байдалд нийцсэн, шүүгдэгч О.Б-ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

Хавтаст хэргийн 47-49 дүгээр талд авагдсан эд зүйлийн үнэлгээгээр хохирогчид 720,000 төгрөгийн хохирол учирсан нь тогтоогдож байх бөгөөд хохирогч Ш.Ч- “...Надад гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 18/ өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хариуцлага оногдуулах шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч О.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналыг гаргасан ба тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг хуульд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэлээ.  

 

Шүүхээс шүүгдэгч О.Б-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч О.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч О.Б-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол О.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ