Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 155

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхтуул,

улсын яллагч Н.Мөнхцэцэг,

шүүгдэгч Г.О, түүний өмгөөлөгч Т.Даваажав нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.От холбогдох эрүүгийн ____ тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ____ дугаарын регистртэй, Г.О.

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Г.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Т” нэртэй бааранд үйлчлүүлж байхдаа зүй бус авир гаргаж байгааг анхааруулж шаардлага тавьсан иргэн Ш.Нын хамран тус газар цохих, бие рүү нь өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь “чамархай, уруулын няцарсан шарх, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, хамрын ясны хугарал, зовхины цус хуралт, бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.От мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Г.Оын өгсөн:

“...Би сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. 2020 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр манай найз нар уулзахаар болсон. Н над руу 12 цаг болж байхад утсаар залгаад нөгөө хэдтэй ярьчихсан хэдүүлээ уулзацгаая гэж хэлсэн. Ингээд би гэрээс гараад 12 цаг 30 минутын үед Цамбагаравын “М" март худалдааны төвийн урд очиход Б.О байсан. Н араас ирсэн. Бид 3 нийлээд ярилцаж байгаад 3-р эмнэлгийн тэнд Нын таньдаг пабд очихоор болоод явсан. Нын таньдаг газар очиход хаалттай байсан учир хажууханд нь байх Т гэх нэртэй пабд орж суусан. Суугаад байж байтал Ц, Б, Г нар ирсэн. Ингээд бид нар 1 шил архи уусан. Хүн тус бүр 1 шил пиво уусан. Хэсэг сууж байгаад дахиад 1 шил архи аваад уусан. Хэсэг байж байтал Г, Б.О, Б нар яваад өгсөн. Ц Н бид 3 суугаад юм ярьж байгаад Нтой юунаас болж маргалдсанаа сайн мэдэхгүй байна. Нэг мэдэхэд цагдаа ирчихсэн байж байсан. Би Нын эмчилгээний зардал болох 300,000 төгрөгийг төлж барагдуулсан. Бид 2 сайн дураараа эвлэрсэн...” гэх мэдүүлэг /хх-н 29-30/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Ш.Нын өгсөн:

“...Би Барилга корпорацид ажилд ороод 4 cap болж байна. Манай ажил томилолтоор хөдөө явж ажилладаг бөгөөд Өмнөговь аймагт ажил гүйцэтгэж байгаад 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод ирсэн. Ингээд 2020 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хамт ажилладаг Б.О нь уулзах санал гаргаад уулзахаар болсон. Ингээд бид нар цуглахаар болоод 14 цагийн үед Цамбагаравын автобусны буудал дээр цуглахад Г.О, Б.О бид 3 уулзаад 3-р эмнэлгийн урд байх таньдаг найзынхаа пабд очтол хаалттай байсан. Ингээд хажуу талд нь байрлах Т нэртэй пабд орсон. Пабд сууж байхад Б, Г, Ц нар цуварч ирсэн. Ингээд бид нар 1 шил архи авчирсан байснаа задлаад уусан. Бас хүн тус бүр 2 шил пиво уусан. Ингээд сууж байтал Б.О, Б, Г нар яваад өгсөн. Ц, Г.О бид 3 үлдээд архиа үргэлжлүүлж ууж байтал Г.О агсраад, согтуурхаад байхаар нь нэг газрын /ажлын/ хүмүүс байж битгий агсраад бай гэж хэлээд маргалдсан. Тэгтэл Г.О хамар хэсэгт мөргөсөн. Хамраас цус гарсан бөгөөд хамраа дараад газар суугаад хэвтсэн. Тэгтэл баруун чамархай хэсэгт 1 удаа өшиглөсөн. Тэр үед Ц бид 2-ыг салгасан. Би 00 орж цусаа угаачихаад гэмтлийн эмнэлэг орж уруул, зүүн чамархайд нийт 5 оёдол тавиулсан. Г.О намайг зодох үед Ц л байсан. Би томографикийн зураг авахуулсан, ерөнхий шилжилгээ өгсөн. Надад баримт нь байгаа. Миний эмчилгээний зардалд 300.000 төгрөг зарцуулагдсан. Миний эмчилгээний зардлыг Г.О бүрэн төлж барагдуулсан. Эмчилгээний баримтуудаа цуглуулаагүй бүгдийг нь хаячихсан. Ямар нэг гаргаж өгөх баримт байхгүй. Одоо надад ямар нэг санал гомдол нэхэмжлэх зүйл байхгүй. Би найз Отгонбаяртай сайн дураараа эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгөхийг хүсэж байна...” гэх мэдүүлэг /хх-н 17-18/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Г.О-ын өгсөн:

“...2020 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр би ажил дээрээ байж байтал гаднаас 14 цагийн үед 5 эрэгтэй хүн орж ирээд үйлчлүүлсэн. Тэр хүмүүс надаас асууж байгаад өөрсдийн авч явсан архиа гаргаж уусан. Тэр ах нараас 2 нь эхлээд яваад өгсөн. Тэгээд хэсэг байж байтал нэг өндөр туранхай ах нь нэг махлаг ахтай маргалдаад байсан. Тэгснээ махлаг ахын нүүр хэсэгт мөргөсөн. Нөгөө ах нь шалан дээр унасан. Тэгтэл толгой хэсэгт нь 1 удаа өшиглөсөн. Би очоод салгаад холдуулсан...” гэх мэдүүлэг /хх-н 12-13/,  

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 1446 тоот: 

  1. Ш.Н-н биед чамархай, уруулын няцарсан шарх, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, хамрын ясны хугарал, зовхины цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.

            3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-н 20-21/,

 

  - Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 867 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-н 43-50/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 35/

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 36/

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 40/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

Шүүгдэгч Г.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Т” нэртэй бааранд үйлчлүүлж байхдаа зүй бус авир гаргаж байгааг анхааруулж шаардлага тавьсан иргэн Ш.Нын хамран тус газар цохих, бие рүү нь өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь “чамархай, уруулын няцарсан шарх, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, хамрын ясны хугарал, зовхины цус хуралт, бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Г.Оын “...Нтой юунаас болж маргалдсанаа сайн мэдэхгүй байна. Нэг мэдэхэд цагдаа ирчихсэн байж байсан. Би Нын эмчилгээний зардал болох 300,000 төгрөгийг төлж барагдуулсан. Бид 2 сайн дураараа эвлэрсэн...” гэх мэдүүлэг,

 

хохирогч Ш.Нын “...Г.О хамар хэсэгт мөргөсөн. Хамраас цус гарсан бөгөөд хамраа дараад газар суугаад хэвтсэн. Тэгтэл баруун чамархай хэсэгт 1 удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг

 

гэрч Г.О-ын “...2020 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр би ажил дээрээ байж байтал гаднаас 14 цагийн үед 5 эрэгтэй хүн орж ирээд үйлчлүүлсэн. ...хэсэг байж байтал нэг өндөр туранхай ах нь нэг махлаг ахтай маргалдаад байсан. Тэгснээ махлаг ахын нүүр хэсэгт мөргөсөн. Нөгөө ах нь шалан дээр унасан. Тэгтэл толгой хэсэг нь 1 удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 1446 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Г.От холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Г.Оыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

Хэргийн хохирогч Ш.Нын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

 

  Хавтаст хэргийн 51 дүгээр талд хохирогчоос “...гомдол санал байхгүй, шүүх хуралд оролцохгүй...” гэж хавтаст хэргийн материал танилцуулсан тухай баримтад бичсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

   Эрүүгийн хариуцлага оногдуулах шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Г.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 867 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорх ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож 7 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжийн 15 нэгжийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялд шилжүүлэн 30 хоног хорих ялыг нэмж түүний эдлэх ялыг 8 сарын хугацаагаар тогтоох саналыг гаргасан ба шүүхээс гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзан 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Оыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар урьд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 867 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож 7 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар дээрх ялуудыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Г.От эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Г.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Оыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.От урьд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 867 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож 7 сарын хугацаагаар хорих ял оногдуулсугай.

 

   4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Г.От оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 867 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож 7 сарын хугацаагаар хорих ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.

 

   5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Оыг торгох ялыг шийтгэх тогтоол хүчин Т болсон үеэс хойш хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

   6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.  

 

7. Шүүгдэгч Г.От авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин Т болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин Т болтол Г.От авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ