Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 149

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Бямбасүрэн,

улсын яллагч А.Дүүрэнбилэг,

шүүгдэгч Э.Т, түүний өмгөөлөгч Б.Хонгорзул нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Тод холбогдох эрүүгийн ___ тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ____ дугаарын регистртэй, Э.Т.

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Э.Т нь Баянгол дүүргийн 4 дүгээр хороо “Ти Жи Эс” караокед 2019 оны 7 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө Филлипин улсын иргэн Кадампок Родены нүүр болон цээж, баруун шуу, бугуй, бүсэлхий тус газарт гараараа цохиж, тархи доргилт, зүүн чамархай, духны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, духанд шарх, тархи доргилт, зүүн чамархай, духны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, духанд шарх, зүүн нүдний доод зовхи, хацар, хүзүү, зүүн эгэм, мөр, баруун шуу, бугуй, бүсэлхийд цус хуралт гэмтэл үүсгэн түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Т мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Э.Тын өгсөн:

“...2019 оны 7 дугаар сарын 30-ны орой 19 цагийн үед БГД-5 хороо 10 xopooллын замын хойно Рояал Лоунж дотор найз нарын хамт сууж байгаад 00 цагийн үед гараад БГД-4 хороо “Ти Жи Эс” караокед ЦэрэнД гадаадын иргэн Роден болон бас нэг хүүхэн бид дөрөв орсон. Тэгээд сууж байхад араас Т найзын хамт орж ирсэн. Бид бүгдээрээ сууж байгаад морь яриад сууж байхад Роден гэдэг хүн өөрөө архи ууж уугаад тэр хавиар дуулаад явж байсан. Роден болон бусад хүмүүс гарч ороод явж байгаад Роден тэнд байсан хүмүүс рүү архи аваад цацаж эхэлсэн. Би Родены гараас нь бариад боль гээд суулгах гэхэд Роден архины шил бариад намайг цохисон. Тэгээд л бид хоёр хоорондоо ноцолдоод хоёр биенээ ганц нэг цохисон. Роден бид хоёрын зодоон болиод хоёулаа 00 руу орж нүүр гараа угаагаад Роден түрүүлээд гараад явсан. Би араас нь явсан...” гэх мэдүүлэг /хх-н 97-98/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч К.Родений өгсөн:

“...2019 оны 7 дугаар сарын 30-ны орой 23 цагт Филлиппин улсад багш хийж байх үед шавь байсан О нь найз Ц-той ирж хамт хоол идэхээр гадагшаа гэр болох СБД-ийн 1-р хороо үйлдвэрчдийн хорооллын 61 байрны 60 тоотоос гараад Баянгол дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 10 хорооллын “IRISH” ресторанд хоол идэх гээд ортол дотор Т, Д гэх нэртэй Оын найз нартай хамт хоол идэх хугацаанд О, Ц-гийн хамт бид гурав 700 граммтай 1 шил виво уусан. Мөн Оын найз гэх Т, Д нар 500 граммтай 4 шил задгай пиво ууж дуусгаад “IRISH” ресторанаас гараад Баянгол дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ти Жи Эс” гэх нэртэй зочид буудал дотор байрлах караокед ороод сул өрөө байгаагүй. Бид нар сул өрөө гартал 5-10 минут хүлээж байгаад ороод Оын найз Т, Д нар 750 граммтай Эдэн гэх нэртэй 1 шил архи, 500 граммтай Сэнгүр нэртэй 4-5 шил пиво, 300 граммтай 4-5 ус захиалаад байж байхад Оын найз Ц- гэртээ харих гээд явсан. Тэгээд Оын найз Т, Д нар захиалсан архиа нэг хундагаар Т хундагалж эхлэхэд эхний хундага архийг би уугаад хамт байсан О нь архи уухгүй байж байхад Т, Д нар авсан 1 шил архиа ууж байхад би караокед 10 гаран дуу захиалж ганцаараа дуулж дуусаад 00-ийн өрөө орж бие засаад буцаад ирэхэд үл таних 3 эрэгтэй хүн өрөөнд ороод ирсэн байсан. Тэр үл таних 3 хүн архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан ба орж ирээд 1 литрийн Абсолют гэх нэртэй архи авч тэд нар дуу дуулсан. Энэ үед би Оад гэртээ харъя гэж хэлээд Оыг чи эхлээд гараад гэрлүүгээ явж бай гэж хэлсэн. О гараад явахаар нь би Оын араас босоод гарах гэсэн чинь Т гэх залуу гаргахгүй суу гэж захирангуй хэлэхээр нь би сандал дээр суусан. Энэ үед Д гэх залуу Оыг явуулахгүй эргүүлж авчирна гээд араас нь гарсан. Би Д, О хоёрыг хүлээгээд сууж байгаад орж ирэхгүй байхаар нь араас нь гарах гэтэл Т намайг “суу, суу” гээд гараараа зангаад зандраад байсан. Т намайг архи уу гээд шахаж 1 хундага архи өгөхөөр нь би уусан тэгтэл дахин нэг хундага архи өгөөд би тэрийг нь мөн уусан. Ингээд байж байтал тэнд байсан залуучууд Монгол хэлээр нэг юм яриад байсан тэрийг нь би ойлгоогүй байж байтал Т уурлаад миний баруун гарын бугуйнаас бариад авсан.

Энэ үед Д Оын хойноос яваад олсонгүй гэж өрөөнд орж ирсэн. Ингээд намайг сандал дээр сууж байхад Т нэг гараараа баруун гарыг бариад нөгөө гараараа нүүр лүү цохисон. Энэ үед Д бид хоёрын дэргэд ирээд зогсож байсан. Энэ үед Т нүүр лүү гараараа цохих үед хамраас цус гараад духны баруун хэсгээс цус гарсан. Тэгэхээр нь би Тын хоёр хөлнөөс нь гараараа бариад намайг уучлаарай гээд сөгдөж суугаад гуйсан /англиар хэлсэн/ тэгтэл намайг тавьсан, би босоод өрөөнөөс гараад бие засах өрөөнд орж хамрын болон духны цусаа угаахад хамрын цус тогтоод, духны цус тогтохгүй байсан. Тэгээд зогсож байтал Т араас бие засах өрөөнд орж ирээд өмсөж явсан цамцаа тайлаад энэ цус болсон байна угаа гээд угаалтуур луу шидэхээр нь би цамцыг нь угааж сэгсэрч өгсөн, тэгтэл Тын баруун талын гутал нь цус болсон байсныг хуруугаараа заагаад арч цэвэрлэ гэхээр нь би гар арчдаг нойлын цаасыг аваад гутлыг нь арчиж цэвэрлэж өгсөн. Тэр үед баарны бармен зөөгч нар нь бие засах өрөөний хаалгаар шагайж харж байсан. Тэгээд бие засах өрөөнөөс гарч ирэх үед Т уг баарны зөөгч, бармен нартай юм ярихаар нь би хажуугаар нь гараад явсан. Ингээд баарнаас гараад 10 дугаар хороололын автобусны буудал дээр очоод хамт ажилладаг Ц- руу залгаад дуудсан. Ц-гийн гэр ойрхон учир маш хурдан гарч ирээд намайг гэртээ авч орсон. Ингээд цус болсон хувцсаа тайлаад цагдаагийн хэлтэст гомдол гаргахаар ирсэн. Миний хувьд шүүх эмнэлэгт үзүүлэх үедээ толгойн томографийн зураг авхуулсан уг төлбөр нь 120,000 төгрөг болсон. Уг мөнгийг би нэхэмжлэх хүсэлттэй байна. Өөр надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 46-51/,

 

Мөрдөн байцаалтад гэрч М.М-ын өгсөн:

“...2019 оны 7 дугаар сарын 30-ны өдөр би Ти Жи Эс караокед зөөгч ажил хийж байсан. Тухайн өдөр 00-01 цагийн орчим манай караокед эрэгтэй гадаад иргэн нүдний шилтэй жижиг ах, биеэрхүү том биетэй нэг ах 2 эмэгтэйн хамт орж ирээд 2 дугаарын өрөөнд орсон. Ороод 4 тайгер 0,5 граммтай 1 литрийн Эдэн нэртэй архи авсан. Ингээд захиалгаа оруулж өгөөд хундагалаж байхад гадаад иргэн /эрэгтэй/ нилээд халамцуу дууны цаг хийгээд өг гэж дохихоор нь би цагийг нь хийж өгөөд архийг хундагалаж өгөөд өрөөнөөс нь гарсан. Тэр үед уг гадаад иргэн дуулж үлдсэн. ХХхХХХБӨЙДОБРӨЙЬБӨЙДӨӨӨӨэсэг хугацааны дараа бараг 1 цаг орчим болж байхад нэг нүдний шилтэй эрүүл уугаагүй шинжтэй ах утсаар яриад гарч орж явж байснаа зохион байгуулагч С бид хоёрт одоо дуучин Т нэг залуутай орж ирнэ, 2 дугаарын өрөөнд оруулчихаарай гэж хэлсэн. Ингээд удаагүй Т,  нэг залуутай орж ирэхээр нь өрөөг нь зааж өгсөн үүнээс хойш 1 цаг орчимын дараа гэнэт өрөөнд нь юм хагараад цохих чимээ гарахаар нь би 2 дугаарын өрөөнд ортол нөгөө жижиг гадаад эрэгтэй баруун гартаа 1 литрийн архины шил барьсан том биетэй эрэгтэйн /Т гэж нэрийг нь цагдаагийн байгууллагаас мэдсэн/ толгой руу тэр шилээрээ цохисон. Тэр үед цус гарсан ба гадаад иргэн Т хоёр зууралдаад цохилцоод ноцолдсон. Тэр үед тэр хоёрын хэн хэнийх нь толгой, хувцас нь цус болсон байсан. Энэ үед нөгөө гадаад иргэний гарт байсан архины шилийг нь хажууд нь зогсож байсан жижигхэн биетэй нүдний шилтэй ах /ЦэрэнД гэж сүүлд цагдаагийн байгууллагаас нэрийг нь мэдсэн/ нь дундуур нь ороод салгахад нөгөө гадаад иргэн ширээн дээр байсан хундагатай архийг аваад Тын нүүр лүү цацсан. Тэгээд Т гэх залуу нь нөгөө гадаад иргэн хоёр барилцаж аваад заамдалцсан тэр үед дэргэд нь зогсож байсан ЦэрэнД болон дэргэд нь сууж байсан Т хоёр дундуур нь орж бид гурав салгасан. Тэгээд би ширээн дээрхи юмыг авах үед хүмүүсийн сууж байсан ширээний доогуур маш их бөөлжсөн бас шингэн зүйл нилээд асгасан байсан. Тэр үед ЦэрэнД, Т хоёр өрөөнөөс гараад явсан ба нөгөө гадаад иргэн дахиад Т руу эргэж хараад дайрах үедээ ширээний доор асгарсан зүйл дээрээ хальтраад баруун талын ширээний булан дээр нүүр, цээжээрээ мөргөөд уначихсан. Тэгээд ширээний араас босож ирэх үедээ ёо ёо гээд дуу алдаад босоод ирсэн. Тэр үед нь би хараад та нар цусаа угаа, бөөлжсөн бөөлжсөө цэвэрлэ гэж хэлсэн. Тэгтэл тэр хоёр өрөөнөөс хамт гараад бие засах өрөө рүү ороод тэндээ өөрсдийнхөө өмд нүүр гарынхаа цусыг угааж арчаад зогсож байгаад 04 цагийн орчим бие засах өрөөнөөс гарч ирээд Т нь шууд гараад явсан харин гадаад иргэн нь эргэж өрөө рүүгээ орж юмаа шалгаж байгаад гараад явсан...” гэх мэдүүлэг /хх-н 52-55/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Т.Ц-гийн өгсөн:

“...2019 оны 7 дугаар сарын 31-ний 04 цаг 30 минутын орчим миний утсанд хамт Хөдөлмөрийн дээд сургуульд багшаар ажиллаж байсан Роден утсаар яриад чи хаана байна би 10 дугаар хорооллын автобусны буудал дээр байна, чиний тусламж хэрэгтэй байна гэхээр нь би гэртээ байна гэхэд чи хурдан хүрээд ир гэж хэлээд утсаа салгасан. Тэгээд би гэрээс гарах хооронд Роден 2-3 удаа утсаар залгасан ба чи хурдлаарай би хүнд зодуулчихлаа гэхээр нь би 10 орчим минутын дараа гараад очоод уулзтал 10 хорооллын автобусны буудлын ойролцоо туслах зам дээр байдаг ТҮЦ-ний дэргэд зогсож байсан ба тухайн үед Родин толгойгоо цагаан өнгийн даавуугаар боосон, куртик хувцас нь цус болсон өөрөө айсан уйлсан бүх бие нь чичирсэн байдалтай байсан...” гэх мэдүүлэг /хх-н 56-58/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 9342 тоот: 

  1. Кадампок Родены биед тархи доргилт, зүүн чамархай, духны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, духанд шарх, зүн нүдний доод зовхи, хацар, хүзүү, зүүн эгэм, мөр, баруун шуун бугуй, бүсэлхийд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

  2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.

  3. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

  4. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн ХӨНГӨН зэрэгт хамаарна.

  5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-н 76/,

 

- камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 15-24/,

- Хохирогч Родений “...120,000 төгрөгийн хохирлоо нэхэмжилж авсан бөгөөд Ттой холбоотой өөр гомдол санал байхгүй...” гэх хүсэлт /хх-н 102/,

- хохирлын мөнгө хүлээлцсэн тэмдэглэл /хх-н 103/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 80/,

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 90/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Э.Т нь Баянгол дүүргийн 4 дүгээр хороо “Ти Жи Эс” караокед 2019 оны 7 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө Филлипин улсын иргэн Кадампок Родены нүүр болон цээж, баруун шуу, бугуй, бүсэлхий тус газарт гараараа цохиж, тархи доргилт, зүүн чамархай, духны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, духанд шарх, тархи доргилт, зүүн чамархай, духны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, духанд шарх, зүүн нүдний доод зовхи, хацар, хүзүү, зүүн эгэм, мөр, баруун шуу, бугуй, бүсэлхийд цус хуралт гэмтэл үүсгэн түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Э.Тын “...Би Роден гараас нь бариад боль гээд суулгах гэхэд Роден архины шил бариад намайг цохисон. Тэгээд л бид хоёр хоорондоо ноцолдоод хоёр биеэ ганц нэг цохисон...” гэх мэдүүлэг,

 

хохирогч К.Родений “...намайг сандал дээр сууж байхад Т нэг гараараа баруун гарыг бариад нөгөө гараараа нүүр лүү цохисон. Энэ үед Д бид хоёрын дэргэд ирээд зогсож байсан. Энэ үед Т нүүр лүү гараараа цохих үед хамраас цус гараад духны баруун хэсгээс цус гарсан...” гэх мэдүүлэг,

 

гэрч М.М-ын “...би 2 дугаарын өрөөнд ортол нөгөө жижиг гадаад эрэгтэй баруун гартаа 1 литрийн архины шил барьсан том биетэй эрэгтэйн /Т гэж нэрийг нь цагдаагийн байгууллагаас мэдсэн/ толгой руу тэр шилээрээ цохисон. Тэр үед цус гарсан ба гадаад иргэн Т хоёр зууралдаад цохилцоод ноцолдсон. Тэр үед тэр хоёрын хэн хэнийх нь толгой, хувцас нь цус болсон байсан...” гэх мэдүүлэг,

 

гэрч Т.Ц-гийн “...Роден 2-3 удаа утсаар залгасан ба чи хурдлаарай би хүнд зодуулчихлаа гэхээр нь би 10 орчим минутын дараа гараад очоод уулзтал 10 хорооллын автобусны буудлын ойролцоо туслах зам дээр байдаг ТҮЦ-ний дэргэд зогсож байсан ба тухайн үед Роден толгойгоо цагаан өнгийн даавуугаар боосон, куртик хувцас нь цус болсон өөрөө айсан уйлсан бүх бие нь чичирсэн байдалтай байсан...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 9342 тоот дүгнэлт камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Э.Тод холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Э.Тыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

Хэргийн хохирогч К.Родены эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

 

Хавтаст хэргийн 102 дугаар талд хохирогчоос “...зураг авахуулсан 120,000 төгрөгийн хохирлоо нэхэмжилж авсан, Ттой холбоотой өөр гомдол санал байхгүй...” гэх хүсэлтийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Э.Тод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс тухайн зүйл ангид заасан торгуулийн ялын хамгийн доод хэмжээгээр нь оногдуулах саналыг тус тус гаргасан бөгөөд шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн болон шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 /долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүхээс шүүгдэгч Э.Тод эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн 1 ширхэг DVD-г хэрэгт хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгө үгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Э.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Тыг 700 /долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 /долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Тыг торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд хөрөнгө хураагдаж ирээгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Тод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ