Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 148

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхтуул,

улсын яллагч Г.Ганхөлөг,

шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Бд холбогдох эрүүгийн ____ тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ___ дугаарын регистртэй, Б.Б.

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хороо И март худалдааны төв дотор иргэн Д.О-ийн цүнхнээс биет 650,000 төгрөг, банкны виза карт, иргэний үнэмлэх зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 650,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Б.Бын өгсөн:

“...Би 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хороо И-март худалдааны төвд гэр бүлийн хэрэгцээний зүйлс болох саван шампуниа аваад явж байсан, тухайн үед 16 цаг болж байсан. 1 давхрын баруун талын хаалгаар гарах гээд явж байтал урд талд нэг эмэгтэй хүний цүнх нь онгорхой хаалгаар гарч байсан ба түрийвч нь харагдаж байхаар нь тэр эмэгтэйд өөрт нь мэдэгдэлгүй түрийвчийг нь авсан. Тэгээд шууд тэндээсээ гэрлүүгээ Сонгинохайрхан дүүргийн тийшээ явсан. Тэгсэн 2 хоногийн дараа цагдаагаас залгахаар нь би өөрөө очоод хохирлоо барагдуулсан, би цаашид дахин гэмт хэрэг үйлдэхгүй, би өөрөө хоёр хүүхдийн эх хүн надад хөнгөн ял шийтгэл оноож өгөөч гэж хүсэж байна, надад гэм буруугийн тал дээр ямар нэг маргах зүйл байхгүй сайн дураар хийсэн хэргээ хүлээж байна...” гэх мэдүүлэг /хх-н 44-45/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Д.О-ийн өгсөн:

“...2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах И март худалдааны төвийн 4 давхарт гар утасны төлбөрөө төлчихөөд 2 давхарт хүнсний хэсэгт орж хүнсний зүйл аваад 1 давхрын баруун талын хаалгаар гараад гадна автомашины зогсоол дээр очоод өөрийн цүнхнээс түрүүвчээ алдсанаа мэдсэн. Тухайн үедээ хүнс авахдаа кассанд унагаасан гэж бодоод буцаж ороод асуутал байхгүй байсан. Соло молл худалдааны төвийн нэг давхрын хяналтын камерыг шүүхэд намайг толинд хувцсаа янзалж байхад араас нэг эмэгтэй хараад миний араас дагаад гарсан байсан. Тэгээд цагдаад хандсан. Надад одоо гомдол санал байхгүй, алдсан эд зүйлээ бүрэн бүтэн хүлээж авсан...” гэх мэдүүлэг /хх-н 14-15/,

- Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-н 8/,  

- Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 35-38/

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 21/

- оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 31/,

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 32/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хороо И март худалдааны төв дотор иргэн Д.О-ийн цүнхнээс биет 650,000 төгрөг, банкны виза карт, иргэний үнэмлэх зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 650,000 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Б.Бын “...Би 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хороо И-март худалдааны төвд гэр бүлийн хэрэгцээний зүйлс болох саван шампуниа аваад явж байсан, тухайн үед 16 цаг болж байсан. 1 давхрын баруун талын хаалгаар гарах гээд явж байтал урд талд нэг эмэгтэй хүний цүнх нь онгорхой хаалгаар гарч байсан ба түрийвч нь харагдаж байхаар нь тэр эмэгтэйд мэдэгдэлгүй түрийвчийг нь авсан...” гэх мэдүүлэг,

 

хохирогч Д.О-ийн “...2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах И март худалдааны төвийн 4 давхарт гар утасны төлбөрөө төлчихөөд 2 давхарт хүнсний хэсэгт орж хүнсний зүйл аваад 1 давхрын баруун талын хаалгаар гараад гадна автомашины зогсоол дээр очоод өөрийн цүнхнээс түрүүвчээ алдсанаа мэдсэн...” гэх мэдүүлэг, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Бд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Б.Быг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

  Хэргийн хохирогч Д.О-д бэлэн 650,000 төгрөгийн хохирол учирсан болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч дээрх хохирлыг төлж хохирогч хохиролгүй болох нь хохирогчийн “...Надад одоо гомдол санал байхгүй, алдсан эд зүйлээ бүрэн бүтэн хүлээж авсан...” гэх мэдүүлэг /хх-н 14-15/, Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-н 8/ зэргээр нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

 Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Б.Бд холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарч байгаа, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг бүрэн хангасан, прокуророос Б.Быг 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын саналаа танилцуулж, гарын үсэг зуруулсан нь шүүгдэгч эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд заасан шаардлагад нийцсэн байх тул шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж дээрх торгуулийн ялыг оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыгтөлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн Сиди 1 ширхэгийг хэрэгт хадгалан үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Быг 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд хөрөнгө хураагдаж ирсэн Сиди 1 ширхэгийг хэрэгт хадгалж, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ