Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 130

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга Т.Сарантуяа,

улсын яллагч Б.Батнасан,

шүүгдэгч Г.Э-, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан,

хохирогч Х.Х-, түүний өмгөөлөгч Ц.Ариунсанаа,

гэрч О.Т-, Б.Ш-, Ш.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүхийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Г.Э-д холбогдох эрүүгийн ,,тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ___ дугаарын регистртэй, Г.Э-.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Э- нь 2019 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Цагдаа хотхоны 30в байрны 110 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Х.Х-гийн биед халдан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь баруун гуя, өвдөг, зүүн шуунд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан,  мөн 2019 оны 5 дугаар сарын 11, 2019 оны 6 дугаар сарын 07, 2019 оны 6 дугаар сарын 15-ны өдрүүдэд Баянзүрх, Баянгол дүүргүүдийн нутаг дэвсгэрт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Х.Х-г байнга зодсон гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

                                           

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Э- мэдүүлэхдээ:

“...Хтай 2012 онд танилцаад Х Солонгос улс руу яваад 2016 онд ирээд түүнээс хойш хэд хэдэн удаа Солонгос улс руу явж байсан. Тухайн үед бид хоёр үерхэж байсан. Хамтран амьдарсан зүйл байхгүй. 5 дугаар сард Хтай маргалдаж явахгүйн үүднээс маргалдахгүйг хичээж явж байсан. Хгийн өгсөн мэдүүлэгтэй танилцаж байгаагүй шүүх хурлын өмнө өмгөөлөгч хэлсэн. 2019 оны 5 дугаар сарын 11-нээс өмнө Хтай харилцаагаа тасалсан байсан. 2019 оны 5 дугаар сарын 11-нд Х хаалга тогшоод орж ирсэн. 2018 оноос хойш бид хоёрын харилцаа маш муу байсан. Үерхлээ үргэлжлүүлэх үед хэцүү болж эхэлсэн. 2019 оны 5 дугаар сарын 11-нд Х өөрөө хутга аваад над руу дайрсан. Миний хувцсыг ураад гитар руу хутга зоохоор нь уур хүрээд хувцсыг нь урсан. Миний утас хэтэвчийг булааж авчихаад өгөхгүй байсан тул би хэтэвчээ хүчээр авсан. Энэ бүхнийг аль болох эвээр шийдэх байр сууринаас ярилцаж байсан. Нөүтбүүкээ авах гэж л тиймэрхүү зүйл болсон. Миний машиныг хаа байгааг мэдээд юмыг эвдээд байдаг учраас гэр лүү нь дагуулж очоод нөүтбүүкээ авах гэж очсон. 6 дугаар сард байргүй болоод дүүгийндээ байхад Х гаднаас орж ирээд маргаан эхлүүлсэн. Хүмүүс байх үед хүч хэрэглэхгүйг хичээсэн боловч айлын гэрт дураараа байгаад байхаар нь үйлдлийг нь хориглосноос биш гэмтээх санаагүй байсан...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Х.Х- мэдүүлэхдээ:

“...Э-тэй 2012 онд танилцаад би 2012 оноос хойш Солонгос улс руу суралцахаар явсан. Би 2016 оноос Монгол Улсад амьдарч эхэлсэн. Энэ хугацаанд би Э-ийн байранд хамт байдаг байсан. Манай эцэг, эх Э-д дургүй сал гэдэг байсан болохоор би Э-ийнд очиж байдаг байсан. 2018 оны 01 дүгээр сараас 02 дугаар сарын хооронд бид хоёрын харилцаа гайгүй байдаг ч гэсэн 2018 онд би Э-ийг надад хүндэвтэр гэмтэл учруулсан гэдгээр цагдаад өгсөн. Цагдаад өргөдөл өгсний дараа Э- намайг гуйгаад байхаар нь би өргөдлөө буцааж авч байсан. 2019 оны 4 дүгээр сараас эхлээд бид хоёр хамт байж байгаад 2019 оны 5 дугаар сард намайг Э-тэй хамт Э-ийн гэрт байж байхад Танан гэх охин ирээд хаалга тогшоод онгойлгож өгөхгүй болохоор намайг ална гэх зэргээр олон зүйл ярьж байгаад явснаас болоод бид хоёр маргалдсан. Тэгээд 2019 оны 5 дугаар сарын 11-ний үйл явдал болоод тэрнээс хойш бид хоёр холбоогүй байж байгаад 2019 оны 6 дугаар сарын 02-ны өдөр бид хоёр бааранд тааралдаад тэрнээс хойш Э- над руу залгаад буцаад нийлэх талаарх мессежүүдийг явуулдаг байсан. Би Э-ийн мууг үзэх гэж цагдаад барьж өгөөгүй, 2018 онд миний нүүр аймар болсон байсан учраас цагдаад мэдэгдэж байсан. 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдөр Э- Эрхүү рүү явах болсон миний гэрийн түлхүүрийг Танан гэх охин аваад явчихаж нэг түлхүүрийг чамд үлдээе гэж хэлээд надад гэрийн түлхүүрээ үлдээгээд явсан. Тэгээд буцаж ирээд надаас нөүтбүүкээ авах гэж байхад Танан гэх охин над руу залгаад намайг ална гэж сүрдүүлснийг Э- өөрөө сонссон. Үүнээс болж бид хоёрын дунд хэрүүл гарсан. 2019 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Номингийн гэрт очиход Э-ийг байгаа гэж мэдээгүй тэгээд Э-ийн гутлыг хараад байна гэж мэдсэн. Тэгээд намайг ороход Э- насанд хүрээгүй охин Танантай байж байсныг хараад миний уур хүрсэн...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч О.Т- мэдүүлэхдээ:

“...2017 онд Э- надад Хгаас салсан гэж хэлсэн. Үерхдэггүй байсан. Би Э-тэй 2019 оны 4 дүгээр сараас хойш үерхэж эхэлсэн. 2019 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Э, Номин хоёрын гэрт Э- бид хоёр унтаж байхад Х орж ирээд дээрээс пиво цацаад орилж хашгирах үед Э- босоод тэр хоёр ноцолдоод би унтаж байсан өрөөнийхөө хаалгыг хаагаад болсон үйл явдлыг хараагүй. 2019 оны 6 дугаар сарын 15-нд Эын гэрээс Хг гарсны дараа Э-тэй хамт гарсан. Би Э-ийг Хтай хамтран амьдарч байсан талаар мэдэхгүй. 2019 оны 5 дугаар сарын 11-нд Э-ийн гэрийн гадаа очоод хаалгыг нь тогшсон боловч хаалгаа тайлахгүй байсан. Тухайн үед Э-тэй үерхэж байсан. Э- надад Хтай харилцаагаа дуусгасан гэж 2019 оны 3 дугаар сард хэлсэн...” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт Б.Ш- мэдүүлэхдээ:

“...Хг 2014 оноос, Э-ийг 2012 оноос хойш таньдаг болсон. Х, Э- хоёр нэг нэгнийхээ гэрт байдаг байсан. Хгийн гэрт Э-, Х хоёр хамт амьдардаг байсныг сайн мэдэхгүй. 2019 оны 6 дугаар сарын 15-нд Хгийн биед Э- гэмтэл учруулсан. 2019 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Х Э-ийн гэрээс гарч ирэхдээ Э-ийн гэрийн өмд, цамцыг өмсчихсөн гадуур нь өөрийн гадуурх хувцсыг өмсчихсөн гарч ирсэн. Хгийн гар нь цус болчихсон байсан. 2019 оны 6 дугаар сарын 07-нд Х гэрийн гадаа ирчихсэн байна гараад ир гэсэн. Тэгээд намайг гарахад Э-тэй хамт байсан. Энэ хоёр нөүтбүүк яриад байсан. Тэгээд бид гурав хамт яваад юм идсэний дараа Э-ийг макс молл худалдааны төвийн гадаа буулгахад Хгийн гар утсыг Э- авсан байна гээд тэгээд Х Э-ийг дуудаад Э- буцаж гарч ирээд Х гар утсаа авна гээд энэ хоёр маргалдсан. Тухайн үед Э- Хг боогоод машин руу хийгээд машины хаалгыг хүчтэй савсан. Х эсэргүүцэл үзүүлж хөлөө гаргасан. Э- зодох үед эсрэг талаас хариу үйлдэл үзүүлсэн. 2019 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Х над руу Шижирээ намайг авраарай гэж мессеж бичсэн. 2019 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Номингийн гэр лүү ороход Э-ийн биед шарх сорви байгаагүй. 2019 оны 6 дугаар сарын 15-нд Номингийн гэрт Хтай хамт очсон. Намайг гэр лүү ороход шалаар хагарчихсан шил болчихсон. Э-, Х хоёр маргалдаад Э Э-, Х хоёрыг салгах байдалтай байж байсан...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт Ш.Э мэдүүлэхдээ:

“...Э-ийг 2018 оны өвлөөс хойш таньдаг болсон. Би Э- ахынд дуугаа бичүүлэх гэж их очдог байсан. Э- ах Х эгчийнд очоод Х эгч Э- ахынд очдог байсан. 2019 оны 6 дугаар сарын 15-нд би шөнө нэг газар дуулчихаад хүрч ирээд унтаж байхад өглөө унтлагын өрөөнд чанга чимээ гараад түр тар гээд юм унах чимээ гарахаар нь би босоод харахад Х эгч орж ирээд асуудал гарсан. Х эгч орж ирээд юм шидээд Э- ахыг өшиглөж авахаар нь Х эгчийг болио гэж хэлээд том өрөөнд оруулахад намайг түлхээд буцаж очоод Э- ахтай маргалдаад Э- ах Х эгчийг дарж унагаагаад Х чи больчих гэж хэлсэн. Х эгч балкон дээр гарчихсан байхаар нь балконыг түгжих гэтэл Э- ах, Х эгч хоёр дахин маргалдаад Э- ах Х эгчийн хүзүүнээс нь бариад доош нь дараад больчих гэж хэлэхэд нь би Э- ахыг болиулаад том өрөө рүү оруулаад Х эгчийг балкон дээр тайвшруулаад манай гэрт битгий маргалдаад бай миний амьдардаг газар гэж хэлсэн. Х эгч Э- ахын эмзэг эрхтэн рүү өшиглөсөн...” гэв.

 

Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Г.Э-ийн өгсөн:

“...Би 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Э, Эын гэрт нүүж очиход надад жаахан дургүй байсан. Тэгээд гэрт нь амьдарч байх хугацаанд буюу 2019 оны 6 дугаар сарын 15-ны өдөр би Э-йн гэрт унтаж байхад гаднаас Х эхлээд ганцаараа орж ирээд араас нь Ш, Э орж ирсэн. Хгаас би салсан байсан болохоор уурлаж намайг элдвээр доромжилж шоронд хийж хошногодуулна гэсэн. Тэгээд намайг маажиж, бүхэл биеэр цохисон. Тэгэхээр нь би Х.Х-гаас биеэ хамгаалж хариу үйлдэл үзүүлж алийг нь мэдэхгүй байна өшиглөсөн. Тэгээд Х.Х- миний хувцаснуудыг урж, төгөлдөр хуурыг эвдэлж, гуталнуудыг цонхоор шидээд явахаар нь би гарч гуталнуудаа аваад орж ирэхэд Х.Х- буцаж гараад пиво авч орж ирээд Номин- Эрдэнийн гэрт байсан миний нөүтбүүкийг аваад тагтан дээр нуугаад би авах гээд бөөн юм болж байж аваад гараад зугтаасан. Тэгээд би буцаад орж ирэхэд миний гуталнууд байхгүй байсан түүнээс хойш би мэдэхгүй байна. Би Х.Х-гийн аль хөлийг нь санахгүй байна 2 удаа хөлөөрөө өшиглөсөн.

Би хохирогч Х.Х-тай хоёулахнаа нэг гэрт орон хамтран амьдраад байсан юм байхгүй. Харин нэг нэгнийхээ гэрт 7 хонох, эсхүл нэг хонох зэргээр уулздаг байсан. Яг нэг гэрт ороод амьдрал зохиох гээд байсан удаа байхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 64-65, 99-100/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Х.Х-гийн өгсөн:

“...2019 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 08-09 цагийн үед Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр 30В байрны 110 тоотод найз эмэгтэй Э-йд найз Шгийн хамтаар очиход унтлагын өрөөнд Э-й найз залуу Ж ганцаараа унтаж байхаар нь хажуугийн унтлагын өрөөнд ороход Э-, Танан гэх эмэгтэйгийн хамтаар нэг орон дээр хэвтэж байхаар нь би барьж явж байсан хуванцар савтай ундааг Э-ийн зүг цацахад Э- ганцаараа босож ирээд том өрөөнд ороод бид 2 маргалдаад байж байхад Э-й найз залуу Ж орж ирээд салгаад тэгтэл Э- намайг түлхээд би газар унаад босч ирээд Э- бид 2 нэг нэгнийхээ хувцаснаас зулгаагаад байж байхад Э, Ш 2 гаднаас орж ирээд салгаад бид нар бүгд том өрөөнд ороход Э- миний зүүн талын хөл рүү хавсарч би унахад миний дээр гарч гараараа хүзүүг боож 2 гарын гадна булчин хэсэгт цохиж мөн 2 гуяны гадна хэсэгт хөлөөрөө өшиглөхөд Э, Ш, Ж нар намайг салгаад тагтан дээр авч гарахад Э- араас гарч ирээд миний хувцаснаас зулгаахад Э урдуур орж салгаж байхад Э- миний үснээс зулгаагаад тавихгүй татаад би унахад Ж, Ш Э-ийн араас татаад салгаад тэгээд Э- унтлагын өрөөндөө орохоор нь би цагдаагийн 102 дугаарт залгаж дуудлага өгчихөөд би уурандаа өөрийн авч өгч байсан кетийг галын өрөөнөөс хутга авч ураад тэгээд цонхоор шидээд байж байхад унтлагын өрөөнөөс Э- хувцсаа өмсөөд гарах гэхээр нь би чи байж бай цагдаа ирэхээр нь гар. Цагдаа ирэхээс өмнө гарах юм бол чиний Нөүтбүүкийг чинь цонхоор шиднэ гэж хэлээд тагтан дээр тавьсныг Э Э-д авч өгөөд тэгээд гарахдаа би танай аав, ээжийг чинь ална гэж хэлээд цагдаа ирэхээс өмнө гараад явсан. Тэгээд би Баянгол дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст ирж өргөдөл гаргаж өгчихөөд буцаад Э-й гэрт очиход Э-д авч өгч байсан бүх хувцаснуудаа аваад явсан.

Би Э-тэй 6 дугаар сарын 01-ний өдрөөс хойш бид 2 хамтран амьдарч байгаад 6 дугаар сарын 15-ны өдөр найз Э-йд очиход Танан гэх эмэгтэйтэй хамт нэг өрөөнд орон дээр хэвтэж байхаар нь би уурлахад намайг зодсон. 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдөр Э-ээс зугатаагаад өөрийн эзэмшлийн машинтайгаа Шг гэрээс нь авах гээд хүлээгээд Зайсангийн Оргил худалдааны төвийн орчимд байж байхад Э- таксинаас буугаад миний машины хажууд ирээд зогсох үед Ш гарч ирэхэд Э- суугаад тэгээд бид 3 хоолонд орчихоод 3, 4 дүгээр хороололд явж байхад Танан гэх эмэгтэй миний гар утас руу удаа дараа залгаад мөн мессеж бичээд байхад Э- надад би наад охинтой уулзахгүй байгаа гэж хэлээд наад залгаад байгаа дугаарыг блоколчих гэж хэлэхээр нь чи Танантай уулзахгүй байхад яагаад над руу дахин дахин залгаад байгаа юм гээд бид 2 маргалдахад Э- би гэрт чинь байгаа Нөүтбүүкээ авна гэхээр нь би үгүй гэхэд миний машинаас буухдаа гар утсыг аваад явчихсан тул би гар утсаа авах гээд хүлээгээд байж байхад Э- гарч ирэхэд нь би жолоочийн хажуугийн урд суудалд сууж байгаад би Э-ээс машинаа авч явъя гэхэд жолоочийн суудал дээр суучихаад миний машиныг асаагаад явах гээд байхаар нь би явуулахгүй гээд машинаас буугаад урд талд хаагаад зогсоход хажуугаар явахдаа миний гар утсыг өгөөд яваад өгөхөөр нь би Э-ийн гар утас руу залгаад миний машиныг авчирч өгөхгүй бол чиний машины цонхыг хагалчихна шүү гэхэд удаагүй Э- ирээд тэгээд хүчээр миний үснээс зулгааж машины жолоочийн эсрэг талын урд суулгаад машины хаалга хаах гээд байхаар нь би хаалгахгүй хөлөө машинаас гаргаад байхад хаалгаар миний 2 хөлийг цохиж байгаад Э- хүчээр ирж хаалгаад тэгээд миний машиныг Э- бариад манай гэрт очсон. Тухайн үед Ш хамт байсан.

Энэ оны 5 дугаар сарын 10-11-ний шилжих шөнийн 03-04 цагийн үед би Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Г.Э-ийн гэрт уулзахаар очоод би гэрт нь хоносон. Тэгээд маргааш өглөөний 08 цагийн үед байх Г.Э-ийн гэрийн хаалгыг хүн нүдээд байхаар нь би очиж хаалганы дурангаар харсан чинь Танан гэх эмэгтэй ганцаараа байхаар нь би Г.Э-ийг сэрээгээд би Танантай уулзъя гэхэд Г.Э- намайг гэрээсээ гаргаагүй юм. Тэгээд бид 2 хэрэлдэж мөн хаалганы гадна Танан наад эмэгтэйг чинь ална гэрийн чинь цонхыг хагалаад орно гэх зэргээр орилоод байсан. Тэгтэл Г.Э- намайг зодоод миний баруун гарын алгыг галын өрөөнөөс хутга авчирч ирээд зүссэн. Тэгээд би цагдаад дуудлага өгөхдөө хаана байгаа хаягаа зааж өгч чадахгүй байсан тул найз Шгийн гар утас руу мессеж бичээд тэгтэл Ш ганцаараа ирэхэд Г.Э- гэрийнхээ хаалгыг нээж өгөхгүй байхаар нь би Шд хаалга нээж өгөөд гараад миний баруун гарнаас цус гараад байж байхад Г.Э- гэрээсээ гарч ирээд Шгийн хажууд намайг хавсарч унагааж толгой руу хэд хэдэн удаа цохиход миний гарнаас цус гараад тогтохгүй байсан тул Г.Э- гэртээ оруулж миний гарыг угаалгаж тэгээд би Шгийн хамтаар явсан. 2019 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Г.Э- өөрийн 13 дугаар хороололд байдаг гэртээ миний биеийн бүх л биед гар хүрч зодсон. Тухайн үед миний хөл гаранд хөхрөлт үүссэн байсан. Тэгээд дараа нь 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдөр Г.Э- намайг машинд суугаагүй байхад машины хаалгаар зүүн хөлний булчин орчим хэд хэдэн удаа цохиод, тэгээд машин дотор суусан байхад миний хоолойг боож хойшоо дараад толгой руу маш их цохисон. Тэр үед миниий зүүн шилбэнд болон гуянд машины хаалгаар цохисноос болоод хөхрөлт, машин дотор оруулж байгаад миний зүүн гар орчим маш олон удаа цохисноос болж зүүн гарны булчингийн гадна хөхрөлт үүссэн байсан шиг санагдаж байна. Тэгээд сүүлд 2019 оны 6 дугаар сарын 15-ны өдөр манай найз Номингийн гэрт намайг газар унагаад миний биеийн баруун, зүүн гарны булчин орчим, хоёр хөлийн гуяны арын хэсэг рүү их олон удаа өшиглөсөн. 2018 оны 01 дүгээр сард Солонгос улс яваад 2018 оны 3 дугаар сард Монгол улсад ирсэн. Тэгээд 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдөр хавьцаа Г.Э- орой ирнэ гээд студи рүүгээ яваад ирээгүй. Тэгэхээр нь би гэрээсээ гараад Г.Э-ийн студи рүү явах гэсэн чинь Г.Э- би очиж явна, ирээд хэрэггүй... гэхээр нь би буцаад гэрлүүгээ орсон. Тэгээд Г.Э- ирээгүй. Тэгээд би Г.Э-ийн Жуков дахь гэрт нь яваад очтол Г.Э-ийн машин нь байрных нь гадаа байхаар нь би Г.Э-ийн гэрт яваад ортол Танан гээд охинтой байж байснаар хэрүүл маргаан болоод Г.Э- намайг зодсон. Тэгээд тэр асуудлыг нь би цагдаад өгч шалгуулж байтал Г.Э- намайг гуйсаар байгаад би гомдолгүй гээд хэргийг хялбаршуулсан журмаар шийдүүлж байсан. Тэгээд түүнээс хойш бид хоёр Жуков дахь гэрт нь хамт амьдарч байгаад 2019 оны 8 дугаар сард Г.Э-ийн аав нь Жуков дахь байраа зарна гээд Г.Э- бид хоёр манай гэрт 2019 оны 5 дугаар cap хүртэл амьдарсан. Тэгээд 2019 оны 5 дугаар сарын 10-ны шөнө би Г.Э-ийн гэрт нь очиж хоносон. Г.Э- 13 дугаар хороолол халдвартын эмнэлгийн хойд талд шинээр баригдсан орон сууцанд зодсон. Тэгээд тэр өдрөөс хойш бид хоёр хамтран амьдрахаа болиод тусдаа амьдарч байхад 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдөр Г.Э- өөрийн зөөврийн компьютерээ надад үлдээсэн байсныгаа авах гэж ирээд манай найз Б.Ш-гийн хамт явж байхад Баянгол дүүргийн нутаг дэвсгэр Макс молл дэлгүүрийн гадна зодсон. Тэгээд 2019 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 30/в байрны 110 тоотод дахин Танан гэх охины хамт байхдаа зодсон. Би Г.Э-тэй 2017 оноос хойш байнга хамтран амьдарсан. Тэр үед би үе үе цөөхөн хоногоор гадагшаа явдаг байсан. Би Г.Э-тэй 2019 оны 5 дугаар сарын 10-наас хойш хамтран амьдраагүй. 2019 оны 5 дугаар сарын 10-наас өмнө Г.Э- 2-3 хоног Солонгос улс руу тоглолтоор явчихаад ирсэн. Би 2019 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 30/в байрны 110 тоотод намайг зодчихоод гараад зугтах гээд байхаар нь би Г.Э-ийн өмсөж явсан шар өнгийн кетийг хутгаар зүсэж байсан. Тэр кетийг Г.Э-д өөрөө авч байсан. Би тэр хүнд гомдолтой байна, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 24-28, 103-104/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Ш.Эын өгсөн:

“...Тухайн өдрийн өмнө Г.Э- ах би гэрээсээ нүүж байгаа юм танайд юмнуудаа оруулаад тавьчихъя гэхээр нь би зөвшөөрсөн юм. 2019 оны 6 дугаар сарын 15-16-нд шилжих шөнө манай студи өөр байранд нүүж ороод би гэртээ ирээд өрөөнүүдээ шалгаагүй шууд унтаад өгсөн. Тэгээд маргааш өглөөний 07 цагийн үед байх гэнэт гэрт дуу чимээ гараад эхлэхээр нь би гайхаад сэрээд харахад Х.Х- эгч жижиг өрөөний хаалгыг хөлөөрөө өшиглөж байхаар нь би юу болоод байгаа талаар асуухад энэ өрөөнд Г.Э- юу хийж байгаа юм гэж надаас асуухаар нь би өчигдөр оройтож ирээд шууд унтаад өгсөн Г.Э- ах байсан эсэхийг мэдээгүй намайг орой гэрт ирэхэд Г.Э- ахын хувцаснууд байсан. Би Г.Э- ахыг жижиг өрөөнд байгааг мэдээгүй гэж хэлсэн. Тэгтэл Г.Э- ах жижиг өрөөний хаалгыг дотроос нь дараад Х.Х- чи бид 2 одоо хамаагүй шүү дээ гээд намайг тайван байлга чи миний хувийн амьдралд битгий оролцоод бай гэхэд Х.Х- эгч жижиг өрөөнд ороод Г.Э- ахыг гараараа нүүр, нуруу орчимд нилээд хэдэн удаа цохиод мөн эмзэг эрхтэн рүү нь өшиглөж тавиур дээр байсан стакан авч Г.Э- ах руу шидээд харин оноогүй. Тэгээд би Х.Х- эгчийг Г.Э- ахаас салгаад тагтан дээр гаргасан. Тэгтэл Х.Х- эгч Г.Э- ахын гуталнуудыг урж тагтны цонхоор авч шидээд байсан.

Тагтан дээр байхад Г.Э- ах Х.Х- эгчийг 1 гараараа үснээс нь зулгааж толгойг нь доошоо дараад байсан. Намайг харахад ямар ч байсан цохиогүй. Мөн Х.Х- эгчийг жижиг том өрөөний тагтны хажуугийн буйдан дээр биеэрээ дараад байсан. Х.Х-гийн биед учирсан гэмтлүүд Г.Э- ах Х.Х-г барьж авч боож, унагааж, ноцолдож байхад учирсан байх гэж би бодож байна...” гэх мэдүүлэг /хх-н 32-33/,

 

Мөрдөн байцаалтад гэрч О.Т-гийн өгсөн:

“...2019 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн өглөө Г.Э-ийн хамт Э, Эын гэрт байж байхад гаднаас Х.Х- ганцаараа хаалга өшиглөж орж ирээд унтаж байсан Г.Э- бид 2-н дээрээс хуванцар савтай пиво цацаад орилоод байхаар нь Г.Э- босоод болиулах гээд Х.Х- өрөөнөөс гаргахад гэхэд 2 хөлөөрөө хаалгыг тулаад гарахгүй байсан тул Г.Э- хувцсаа өмсөөд хамт өрөөнөөс Х.Х-гийн хамт гарахаар нь би хаалгаа түгжсэн. Түүнээс хойш миний байсан өрөөнд Г.Э-, Х.Х- ч орж ирээгүй тэгээд 1 цаг гарангийн дараа байх Г.Э- ирээд би хаалгаа нээж өгсөн. Тэр үед Х.Х- том өрөөнд Э, Э, Ш гэх хүмүүсийн хамт байсан. Тэгээд хэсэг байж байхад Х.Х- манай өрөөнд ороод ирэхээр нь Г.Э- бид 2 гараад дахин хэсэг гадаа байж байгаад Ээс Х.Х-г асуухад гараад явчихсан гэхээр нь буцаж Э-йн гэрт байж байхад Х.Х- дахин орж ирэхдээ цагдаад дуудлага өгчихлөө гэсэн. Тэгээд том өрөөнд пиво ууж байгаад тагтан дээр Х.Х- тамхи татаж байхаар нь Г.Э- бид 2 гараад орой Э-йн гэрт ирэхэд Х.Хупан байхгүй байсан. Г.Э- бид 2-н байсан өрөөнд Х.Х- орж ирэхэд Г.Э- цохисон зүйл байхгүй. Тэгээд Х.Х-г Э- аваад гараад юу болсон эсэхийг нь мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-н 34-35/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.Ш-гийн өгсөн:

“...Миний сонссоноор 2018 оны цагаан сараар Хгийн нүд нь зодуулсны улмаас болоод хөхөрсөн байсан бөгөөд хар тени тавин цагаан cap хийж байсан гэсэн. Бас Э-, Хгийн гарыг хугалаад цагдаа дээр шалгагдаж байгаад Х гомдолгүй гээд салж байсан юм шиг байсан.

2019 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Х надруу гар утсаараа ...Э-ийн гэрийг Номингоос асуугаад хүрээд ирээч... гэсэн. Тэр үед би Э-ийн гэрийн хаалгыг мэддэг болохоор гэрээсээ гараад 13-р хороололд байдаг Э-ийн гэрт очоод хаалгыг нь тогшсон боловч дотор талд нь Э-, Х нар байгаа мөртлөө хаалгаа тайлахгүй байсан. Тэгээд би Э-ийн гэрийн гадаа хэдэн цаг хүлээсэн боловч Х гарч ирэхгүй байсан болохоор би Хгийн гар утас руу ...найз нь явлаа, чамайг нилээн удаан хүлээлээ.. гэсэн мессеж бичсэн чинь Х ...одоо найз нь гарч байна... гэсэн хариу бичсэн байсан. Тэгээд удаагүй Х гарч ирсэн бөгөөд гарч ирэхдээ Х уйлчихсан, нүүр нь улайчихсан, хамаг хувцас нь урагдаад гадуураа өөрийнхөө пальтог өмссөн, дотуур нь Э-ийн хувцаснаас өмсчихсөн байсан. Тэгээд би Хг аваад явах гэж байхад Э- гараад ирсэн. Тэр үед Х өөртөө Э-ийг ойртуулахгүй гээд гартаа чулуу бариад машин руу шиднэ гээд өөрөөсөө холдуулаад байсан. Тэгээд жаахан маргаан болж байх үед Э-, Хг барьж аваад гар цүнхийг булаан авах гэж байхдаа нэг хөлөөрөө Х өшиглөн унагаад газар унасан хойно нь заамдаж байгаад дээрээс нь цохиод байсан. Тэр үед хажуугаар явсан хүмүүс болон Х цагдаа дуудна гэж байж Э-ийг салгасан. Тэгээд Хг цагдаа дуудна гэсэн чинь Э- гэнэт сонин болоод ...за одоо больё, хоёулаа хоолонд орох уу... гэх зэргээр сонин юм яриад байсан. Тэгээд дараа нь 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдөр Х над руу залгаад манайд ирж байна гэж яриад удаагүй манай гадаа ирчихлээ гэхээр нь би гараад очтол Э-, Х хоёр хамт байж байсан. Тэр үед би гайхаад тэр хоёроос ...та хоёр юу хийж байгаа юм... гэж асуусан чинь Х ...Э- харин намайг өөрийнхөө машинтай дагаж байгаад энд хүрээд ир... гэсэн. Тэгээд би Х, Э- нартай зайсан орж хоол идсэн бөгөөд Х, Э-ийг яв гэсэн боловч Э- явахгүй байсан. Учир нь Э-, Хтай үерхдэг мөртлөө Танан гээд охинтой давхар уулздаг байгаад, тэр охиндоо Э- өөрийн зөөврийн компьютерээ өгөхгүй гээд Хд хадгалуулсан байсан юм байна лээ. Тэгээд Хгаас Э- өөрийн компьютерээ аваад явна гээд бид хоёртой хамт байхдаа Хгийн машины түлхүүрийг Э- авчихсан байсан. Тэгээд бид гурав хоолонд орчихоод гартал Э-, Хгийн машины түлхүүрийг өгөхгүй Макс молл хүргээд өг гэсээр байгаад Хгийн машиныг бариад бид гурав Макс молл явсан. Тэгээд Макс моллын гадна ирээд Х бид хоёр Э-ийг буулгаад явах гэсэн чинь Э-, Хгийн машинаас буухдаа Хгийн гар утсыг бас машиных нь түлхүүртэй нь аваад буучихсан байсан. Тэгээд бид хоёр Э-ээс Хгийн гар утсыг авах гэж машинаасаа буун Э-ээс гар утас, түлхүүр зэргийг нь нэхтэл Э- өгөхгүй гэж маргаж байхдаа Хг хоолойгоор нь боож байгаад нилээн хол газар чирж, Хгийн машины урд сандал руу түлхэж суулгасан. Тэр үед Х эсэргүүцэл үзүүлэн хөлөө машиныхаа хаалгаар гаргачихсан байхад Э- машиных нь хаалгаар хөлийг нь хавчаад албаар хэд хэдэн удаа хаалгыг нь хаах гэж байгаа юм шиг түлхэж цохисон. Тэр үед би хажуу талаас нь Э-д боль гэж хэлсэн. Хгийн гэрийн түлхүүр надад байгаа би болохгүй бол Хгийн гэрээс компьютерийг чинь аваад өгье гэж хэлсэн боловч Э- ...та нарт итгэнэ гэж бодоо юу... гээд маргаад байсан. Тэгээд гурав дахь удаагаа 2019 оны 6 дугаар сарын 15-ны өглөө Х надтай уулзаад байсан бөгөөд Номинтой уулзах тухай бид хоёр ярилцаад Номингийн найз Жтай амьдардаг Нарны хорооллын урд талын цагдаа хотхон дахь гэрлүү нь явсан. Тэгээд Номингийн гадаа очоод Х бид хоёр Номинг дуудсан чинь Номин удалгүй гарч ирсэн. Тэгээд бид гурав юм яриад сууж байхад Х бие засах хэрэгтэй байна гэсэн чинь Номин ...манай гэрт Э- нөгөө Танан гээд охинтойгоо байгаа... гэсэн. Тэгээд бид гурав Номингийн гэрлүү орохоор болоод Х Номин бид хоёроос түрүүлээд орсон. Араас нь Номин бид хоёр орсон. Номин бид хоёрыг яваад ортол Х уйлчихсан, Э-тэй маргалдаад Номингийн том өрөөнд байсан, хажууд нь Ж салгаад байж байсан. Тэр үед нөгөө Танан гээд охин жижиг өрөөнөөс гарч ирэх гээд байхаар нь би хаалгыг нь дараад байж байхад Номин, найз залуутайгаа Х, Э- нарыг салгаад байсан. Тэр өдөр Хгийн биед Э- яаж халдсан талаар Ж, Номин нар сайн харсан. Харин сүүлд нь бид нар Номингийн гэрийн балкон дээр гарчихсан байхад хэрэв Номин татаагүй бол Э-, Хг балкон дээрээс түлхэж унагаах гэж байсан.

Миний харснаар хамгийн анх Э-ийн гэрээс Х гарч ирэхдээ гар нь энд тэндээ зүсэгдсэн юм шиг байсан бөгөөд тэр газруудаас нь цус гарчихсан байсан. Бас нүүрнийх нь зүүн хацар нь хавдаад улайчихсан байсан. Тэгэхдээ бас Хгийн хувцсыг Э- хайчаар юм уу, хутгаар сийчсэнээс болон хамаг хувцас нь урагдаад Х, Э-ийн томдчихсон хувцсыг өмсөж гарч ирсэн. Тэр өдөр намайг анх очих үед Э-тэй уулзаад байдаг Танан гэх охины ээж нь бас Э-ийн гадаа ирчихсэн байсан бөгөөд би анхандаа тэр эгчийг танихгүй болохоор гайхаад ...та хэн бэ гэж... асуусан чинь тэр эгч надад ...Х харин намайг энд хүрээд ир гэсэн юм, Тэгээд охин чинь Э-ийн гэрийн хаалгыг нүдэж байгаад... явсан гэнэ гээд зогсож байсан. Дараа нь 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдөр Э-, Хг хоолойноос нь боосон бөгөөд энэ талаараа Х яриагүй, харин хөлийг нь Э- машины хаалгаар цохиод байснаас болж хөл явж болохгүй байна гээд байсан. Харин сүүлийн удаагийнх нь асуудалд би өөрөө хамт явж шүүх эмнэлэгт үзүүлсэн бөгөөд Хгийн биеийн энд тэнд хөхөрчихсөн байсан. Бас толгой нь хөдөлчихсөн байсан...” гэх мэдүүлэг /хх-н 36-37/,

 

Мөрдөн байцаалтад шинжээч Г.Ханхүүгийн өгсөн:

“...Х.Х-гийн биед учирсан баруун гуя, өвдөг, зүүн шуунд үүссэн гэмтэл нь бүхэлдээ гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Баруун, зүүн гуяны цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Хуучин гэмтэл байна...” гэх мэдүүлэг /хх-н 45-46/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 7557 тоот:

1. Х.Х-гийн биед баруун гуя, өвдөг, зүүн шуунд цус хуралт, баруун, зүүн гуянд хуучин цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Баруун гуя, өвдөг, зүүн шуунд цус хуралт гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ, баруун, зүүн гуяны цус хуралт нь хуучин гэмтэл байна.

4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-н 42/,

 

            Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

            - эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 67/,   

            - иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 85/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Г.Э- нь 2019 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Цагдаа хотхоны 30в байрны 110 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Х.Х-гийн биед халдан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь баруун гуя, өвдөг, зүүн шуунд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Г.Э-ийн “...2019 оны 6 дугаар сарын 15-ны өдөр би Э-йн гэрт унтаж байхад гаднаас Х эхлээд ганцаараа орж ирээд араас нь Ш, Э орж ирсэн. Хгаас би салсан байсан болохоор уурлаж намайг элдвээр доромжилж шоронд хийж хошногодуулна гэсэн. Тэгээд намайг маажиж, бүхэл биеэр цохисон. Тэгэхээр нь би Х.Х-гаас биеэ хамгаалж хариу үйлдэл үзүүлж алийг нь мэдэхгүй байна өшиглөсөн...” гэх мэдүүлэг,

 

хохирогч Х.Х-гийн “...2019 оны 6 дугаар сарын 15-ны өдөр манай найз Номингийн гэрт намайг газар унагаад миний биеийн баруун, зүүн гарны булчин орчим, хоёр хөлийн гуяны арын хэсэг рүү их олон удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг,

гэрч Ш.Эын “...2019 оны 6 дугаар сарын 15-16-нд шилжих шөнө манай студи өөрөө байранд нүүж ороод би гэртээ ирээд өрөөнүүдээ шалгаагүй шууд унтаад өгсөн. Тэгээд маргааш өглөөний 07 цагийн үед ...Х.Х- эгч жижиг өрөөнд ороод Г.Э- ахыг гараараа нүүр, нуруу орчимд нилээд хэдэн удаа цохиод мөн эмзэг эрхтэн рүү нь өшиглөж тавиур дээр байсан стакан авч Г.Э- ах руу шидээд харин оноогүй. Тэгээд би Х.Х- эгчийг Г.Э- ахаас салгаад тагтан дээр гаргасан. Тэгтэл Х.Х- эгч Г.Э-ийн ахын гуталнуудыг урж тагтны цонхоор авч шидээд байсан.

Тагтан дээр байхад Г.Э- ах Х.Х- эгчийг 1 гараараа үснээс нь зулгааж толгойг нь доошоо дараад байсан. Мөн Х.Х- эгчийг жижиг том өрөөний тагтны хажуугийн буйдан дээр биеэрээ дараад байсан. Х.Х-гийн биед учирсан гэмтлүүд Г.Э- ах Х.Х-г барьж авч боож, унагааж, ноцолдож байхад учирсан байх гэж би бодож байна...” гэх мэдүүлэг,

 

шинжээч Г.Ханхүүгийн “...Х.Х-гийн биед учирсан баруун гуя, өвдөг, зүүн шуунд үүссэн гэмтэл нь бүхэлдээ гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 7557 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар, мөн Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дүгээр зүйлийн 5.1.6 дахь хэсэгт “...“хамтран амьдрагч” гэж гэрлэлтээ бүртгүүлээгүй ч харилцан тохиролцсоны үндсэн дээр гэр бүлийн харилцаа үүсгэн хамтран амьдарч байгаа этгээдийг ойлгоно...” гэж заасан. Түүнчлэн мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт зааснаар “...3.2.Энэ хуулийн зохицуулалтад ... хамтран амьдарч байсан, эсхүл хамтран амьдарч байгаагүй ч гэр бүлийн харилцаатай байсан... этгээд нэгэн адил хамаарна...” гэж заасан. Гэмт хэрэг үйлдэгдэх үед шүүгдэгч, хохирогч нар нь хамтран амьдарч байгаагүй ч гэсэн гэр бүлийн хамаарал бүхий этгээд гэдэгт хамаарахаар байх тул нотлогдон тогтоогдсон байна.

 

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг нь гэр бүлийн харилцаа бүхий хамааралтай хүнийг өөрийн эрхшээлд байлгах, бие махбодид нь халдах, эсхүл айлган сүрдүүлэх, заналхийлэх, доромжлох, нэр төр алдар хүндийг нь гутаах, ах дүү, хамт олноос нь тусгаарлах, хүсэл зоригийнх нь эсрэг үйлдэл хийлгэхийг албадах, тулган шаардах зэргээр үг яриа, үйл хөдлөлөөрөө сэтгэл санааны дарамтад оруулах байдлаар байнгын шинжтэй идэвхитэй үйлдлээр илэрдэг бөгөөд эрүүгийн эрх зүйн шинжлэх ухаанд гэмт үйлдлийн байнгын шинж гэдэгт хууль бус үйлдлийг гурав ба түүнээс дээш удаа хийсэн байхыг ойлгодог.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлгүүдээр 2019 оны 5 дугаар сарын 11, 2019 оны 6 дугаар сарын 07, 2019 оны 6 дугаар сарын 15-ны өдрүүдийн үйлдлүүдээс үзэхэд сүүлийн үйлдлээрээ гэр бүр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн бие даасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул 2019 оны 5 дугаар сарын 11, 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдрүүдийн үйлдэл нь байнга зодсон гэх гэх гэмт хэргийн шинжийг хангахгүй байна. Түүнчлэн тухайн үйлдлүүдээс дүгнэхэд хоёр тал хоёулаа маргалдаж бие биенийхээ эсрэг чиглэсэн үйлдлүүдийг хийж байсан жишээ нь шүүгдэгчийн эд зүйлийг хохирогч аваад өгөхгүй байх улмаар шүүгдэгч хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн мөн хохирогч шүүгдэгч рүү аяга шидэж хагалах зэрэг зүй бус үйлдэл хийсэн зэрэг нь тодорхой хэмжээнд гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байна.  

 

Иймд Баянгол дүүргийн прокурорын газраас Г.Э-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Хохирлын талаар

Хэргийн хохирогч Х.Х-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

 

Шүүх хуралдаанд хохирогч Х.Х- нь “...гомдолтой байна, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хариуцлага оногдуулах шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч Г.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 нэгжээр торгох ял оногдуулах, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс улсын яллагчийн санал болгосон ялыг биелүүлэх боломжтой гэсэн саналыг тус тус гаргасан. Шүүхээс шүүгдэгч Г.Э-д ял оногдуулахдаа шүүгдэгчийг урьд энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж байсан боловч засарч, хүмүүжлийг олохгүй байгаа нь түүний хувийн байдлыг харуулж буй шалгуур үзүүлэлтийн нэг юм гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 300 /гурван зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Г.Э-ийн үйлдэлд ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгүй үгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

 

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

          ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Г.Э-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Шүүгдэгч Г.Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

 

3. Шүүгдэгч Г.Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 300 /гурван зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ