Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Готовдоржийн Цагаанцоож |
Хэргийн индекс | 102/2017/04203/И |
Дугаар | 001/ХТ2018/00134 |
Огноо | 2018-01-23 |
Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2018 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 001/ХТ2018/00134
Г.Ж-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбяар даргалж, шүүгч Б.Ундрах, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2017/01721 дүгээр шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 2064 дүгээр магадлалтай,
Г.Ж-ийн нэхэмжлэлтэй,
Ц.Э т холбогдох,
14.682.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагч Ц.Э ийн гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.Ж-, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Энхболд, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.
Нэхэмжлэгч Г.Ж- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: би Ц.Э ээс 2005 онд үйлдвэрлэгдсэн, 2012 оны 8 дугаар сарын 03-ны өдөр Монгол улсад орж ирсэн 14-33 УНЯ улсын дугаартай, “Хюньдай верна” маркийн цагаан өнгийн суудлын автомашиныг 20.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохирч, урьдчилгаанд 1.500.000 төгрөгийг дансаар шилжүүлэн өгч, 2012 оны 8 дугаар сарын 27-ны өдөр 14/33 дугаар “Авто машины түрээсийн гэрээ”-г байгуулсан. Уг гэрээгээр 18.500.000 төгрөгийг 3 жил 2 сарын хугацаанд багтаан төлөхөөр тохиролцож, 2014 оны 12 дугаар сарын байдлаар нийт 13.182.000 төгрөгийг төлсөн. 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Ц.Э нь “яаралтай мөнгө хэрэг болоод байна. Би машиныг чинь 7 хоногийн хугацаанд ломбарданд тавиад буцаагаад өгнө туслаач” гэж гуйсан. Ийнхүү хүлээлгэн өгснөөс хойш өнөөдрийг хүртэл машиныг буцаан өгөөгүй бөгөөд тус барьцааны газар нь манай машиныг зарсан. Иймд Ц.Э ээс гэрээний төлбөрт төлсөн 13.182.000, урьдчилгаа төлбөрт төлсөн 1.500.000 төгрөг, нийт 14.682.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ц.Э шүүхэд гаргасан тайлбартаа: Г.Ж-той 2012 оны 8 дугаар сарын 27-ны өдөр автомашин түрээслэх гэрээ байгуулсан бөгөөд гэрээний явцад Г.Ж- нь түрээсийн гэрээний 3.4 заалтыг удаа дараа зөрчиж орлогыг байнга дутуу тушааж байсан. Уг автомашины анхны үнэ 10.500.000 төгрөг бөгөөд Эрэл банкны лизингийн зээлээр авсан. Тухайн автомашиныг барьцаанд тавьж уг машины үлдэгдэл үнийг төлсөн. Г.Ж-ийн тушаасан урьдчилгаа болон орлого нь тухайн автомашины үнэ болон банкны хүүнд төлөгдсөн. 2012 оны 8 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн 2014 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүртэл ажлын 604 хоног байгаа бөгөөд энэ хугацаанд Г.Ж- нь 36.240.000 төгрөгийн орлого олж үүнээс автомашины түрээсийн орлого болох 12.12.000 төгрөгийг хасахад 23.328.000 төгрөгийг 2 жил гаруйн хугацаанд өөртөө олсон. Иймд нэхэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2017/01721 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1, 205 дугаар зүйлийн 205.1, 225 дугаар зүйлийн 225.1-д заасныг баримтлан хариуцагч Ц.Э ээс 13,372,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Ж-ид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,310,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 231,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 224,810 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 2064 дүгээр магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2017/01721 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1, 313 дугаар зүйлийн 313.3, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Ц.Э ээс 5.810.307 /таван сая найман зуун арван мянган гурван зуун долоон/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Ж-ид олгож, нэхэмжлэлээс үлдэх 8.871.693 /найман сая найман зуун далан нэгэн мянга зургаан зуун ерэн гурван/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтын “224.810” гэснийг “10.910” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 224.810 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.
Хариуцагч Ц.Э хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 2064 дүгээр магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.
Би Г.Ж-той түрээсийн гэрээ байгуулж, нотариатаар батлуулсан. Тухайн түрээслэгчийн тушаасан орлого машины лизингийн зээл, хүүнд төлөгдсөн. Г.Ж- нь гэрээний үүргээ зөрчиж байсан болох нь нотлогдсон, гэрээний үүргийн биелэлт бүхэлдээ төлөгдөөгүй учраас автомашиныг бүрэн шаардах эрхгүй. Одоо тухайн машины зах зээлийн үнэ нь 2.000.000 төгрөг гаран байгаа /2 жилийн өмнө 4.000.000 төгрөг/ тул үнийн дүнг буруулах буюу давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 2064 дүгээр магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ
Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна
Нэхэмжлэгч Г.Ж- нь хариуцагч Ц.Э т холбогдуулан 14.682.000 төгрөг нэхэмжлэхдээ шаардлагын үндэслэлийг “...түрээсийн машинаа буцаан авсан” гэжээ. Хариуцагч нэхэмжлэлээс татгалзахдаа “...гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, машиныг 2 жил гаруй хугацаанд ашиглаж орлого олсон” гэсэн тайлбар гаргаж, маргажээ.
Зохигчид 2012 оны 8 дугаар сарын 27-ны өдөр автомашины түрээсийн гэрээ байгуулж, хариуцагч нь Верна маркийн 14-33 УНЯ улсын дугаартай автомашиныг шилжүүлэх, нэхэмжлэгч урьдчилгаанд 1.500.000 төгрөг төлж, үлдэх 18.500.000 төгрөгийг 3 жил 2 сар 5 хоногийн хугацаанд өдөрт 22.000 төгрөг буюу сард 484.000 төгрөг төлөхөөр харилцан тохирчээ.
Дээрх гэрээний дагуу нэхэмжлэгч машиныг шилжүүлэн авч, 27 сарын хугацаанд эзэмшиж ашиглаж, урьдчилгаа болон сарын төлбөрт нийт 14.682.000 төгрөг төлсөн, хариуцагч 2014 оны 12 дугаар сарын 10-ний өдөр машинаа буцаан авсан нь тогтоогдсон, энэ талаар маргаагүй байна.
Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1-т зааснаар санхүүгийн түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь гэрээнд заасан хугацаагаар түрээслэгчийн ашиглалтад эд хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь тогтмол хугацаанд түрээсийн төлбөр төлөх үүргийг тус тус хүлээх бөгөөд гэрээнд гэрээний нийт үнэ, түрээсийн төлбөр, түүнийг төлөх журам, хугацаа, гэрээ хугацаанаас өмнө дуусгавар болох тохиолдолд гэрээний үнийг төлж дуусах журмыг заах, энэхүү журмыг зөрчсөн санхүүгийн түрээсийн гэрээ хүчин төгөлдөр бус байхаар мөн хуулийн 313 дугаар зүйлийн 313.2, 313.3-т тус тус зохицуулжээ.
Ц.Э нь автомашиныг тодорхой хугацаагаар Г.Ж-ийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэх, нэхэмжлэгч тогтмол хугацаанд түрээсийн төлбөр төлөх үүрэг хүлээсэн нь санхүүгийн түрээсийн гэрээний шинжтэй боловч гэрээнд түрээсийн үнэ хэд болох мөн гэрээг хугацаанаас өмнө дуусгавар болох тохиолдолд гэрээний үнийг төлж дуусгах журмыг заагаагүй тул гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хууль зөрчөөгүй байна.
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-т “энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй” гэж заасан. Зохигчдын хоорондох гэрээ хүчин төгөлдөр бус тохиолдолд талууд хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцаах үүрэгтэй боловч нэхэмжлэгч автомашиныг ашигласан хугацааны хөлсийг шаардах эрхгүй.
Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн, зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, нэхэмжлэлээс 5.810.307 төгрөгийн шаардлагыг хангахдаа Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1, 313 дугаар зүйлийн 313.2, 313.3, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх зохицуулалтыг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 2064 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч Ц.Э ийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр төлсөн 107.915 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Г.ЦАГААНЦООЖ