Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 27

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

       Б.Бт холбогдох эрүүгийн

     хэргийн тухай

       

Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч В.Цэцэнбилэг, шүүгч М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

            Прокурор                                                        Н.Цогтбаяр

            Шүүгдэгчийн өмгөөлөгч                               Г.Э

            Хохирогч                                                        Ц.Б

            Хохирогчийн өмгөөлөгч                               Ц.Б

            Шүүгдэгч                                                       Б.Б

            Нарийн бичгийн дарга                                  Б.Анхтуяа нарыг оролцуулан

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 66 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Б, хохирогч Ц.Б нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн, Б.Бт холбогдох 201603000557 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч В.Цэцэнбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1988 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ургамал хамгаалал, хорио цээр, хяналт үнэлгээний мэргэжилтэн мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Архангай аймгийн Цэнхэр сумын Тамир баг, Чандмань хорооллын 3-36 тоотод оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Т овгийн Б-ны Б

 

Б.Б нь эхнэр Ц.Быг 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг, Төв номын сангийн хашаанд оршин суух иргэн Л.С-ын гэрт зодсон,

           2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг, Бор толгойн 49-16 тоотод оршин суух иргэн П.Б-н гэрт галын үлээвэр төмрөөр хөлийн өвдөг тус газар нь цохиж, зодсон,

2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар баг, “Үжин” үсчний газрын гадна зодож, бие махбодод нь хөнгөн гэмтэл учруулан зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн,

2016 оны 10 дугаар сард Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг, Бор толгойн 55-4 тоотод өөрийн эхнэр Ц.Бын хувцаснуудыг шатааж, санаатайгаар устгасан,

2016 оны 10 дугаар сарын 28, 11 дүгээр сарын 26-аас 27-нд шилжих шөнө 2 удаагийн үйлдлээр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг, Бор толгойн 55-4 тоотод байх иргэн Ж.Ц-ийн байшингийн цонхыг санаатайгаар хагалж, устгасан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Архангай аймгийн Прокурорын газраас Б.Бт холбогдох хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1201 дүгээр зүйлийн 1201.1, 153 дугаар зүйлийн 153.1-т зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 66 дугаартай шийтгэх тогтоолоор:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасан үндэслэлээр Архангай аймгийн Прокурорын газраас Б.Бт холбогдох хэргээс “2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр, 2016 оны 11 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө 2 удаагийн үйлдлээр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг Бор толгойн 55-04 тоотод байх иргэн Ж.Ц-ийн байшингийн цонхыг санаатайгаар хагалж гэмтээсэн” гэх үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож,

Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Бт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр батлагдсан Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж,

Шүүгдэгч Т овгийн Б-ны Быг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, бусдын эд хөрөнгийг устгасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

2002 оны Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д заасан үндэслэлээр шүүгдэгч Б.Бын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1201 дүгээр зүйлийн 1201.1-д заасан хэргийг хэрэгсэхгүй болгож,

2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр батлагдсан Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Быг 720 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 720.000 /долоон зуун хорин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Бт оногдуулсан торгуулийн 720 нэгж буюу 720.000 төгрөгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд тус тус 240.000 /хоёр зуун дөчин мянга/ төгрөгөөр хэсэгчилэн төлөхөөр тогтоож,

Шүүгдэгч Б.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлэхгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Б.Баас хохиролд 681.730 /зургаан зуун наян нэгэн мянга, долоон зуун гуч/ төгрөг гаргуулж, хохирогч Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар баг, 46 дугаар байр 29 тоотод оршин суух Т овогт Ц-ийн Бд /РД:АО88102924/ олгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д зааснаар Б.Быг хохирогч Ц.Бд хохиролын 681.730 /зургаан зуун наян нэгэн мянга, долоон зуун гуч/ төгрөгийг төлөх хугацааг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс 20 хоногт багтаан төлөхөөр тогтоож,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан үлээвэр төмөр 1 ширхэг, цагаан өнгийн куртик, 2 ширхэг рентген зургийг хохирогч Ц.Бд буцаан олгож,

Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдаж,

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бт хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авч,

Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Хохирогч Ц.Бын гаргасан давж заалдах гомдолд:

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 66 тоот шийтгэх тогтоолыг 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр гардан аваад эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Хохирогч Ц.Б би Б.Бтай гэр бүл болон хамтран амьдрах хугацаандаа түүний байнгын гэр бүлийн хүчирхийлэлд өртөж, эрүүл мэнд, сэтгэл санаа, эд хөрөнгөөрөө маш их хохирч байна. Эрүүгийн хэрэгт сүүлийн үед зодуулсан үйл баримтыг тогтоож, тэр талаар л шалгуулсан. Өмнө нь зодож, нүдүүлж байсан талаараа хэлж мэдүүлж шалгуулах болно. Б.Бын хувьд хийсэн гэмт хэрэгтээ гэмшдэггүй, намайг зодчихоод зодсон гэм буруугаа хүлээдэггүй, мөн миний болон эцэг Ц-ийн эд хөрөнгийг санаатай устгаж гэмтээж хохирол учруулснаа хүлээн зөвшөөрдөггүй. Харин ч ээжтэйгээ нийлж намайг худлаа гүтгэж байдагт маш их гомдолтой байна. Хохирогчийн хувьд Б.Бт хөнгөн ял оногдуулсан гэж бодож байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч надаас уучлалт гуйгаагүй. Мөн учруулсан хохирлоо одоог хүртэл нөхөн төлж барагдуулаагүйд маш их гомдолтой байна. Б.Б нь 2016 оны 11 сарын 05-ны өдөр “Үжин” үсчний газарт намайг зодож миний хуваарьт өмч болох Пит маркийн автомашиныг надад хэлэлгүй хулгайлж унаж яваад зам тээврийн осол гаргаж гэмтээсэн. Энэ асуудал дээр замын цагдаагийн тасгийн эрүүгийн хэрэг шалгах гэтэл Б.Бын эх Уртнасангийн хамт хохирол төлбөрийг барагдуулж машиныг чинь бид хэд авъя, машины үнэ 4 500 000 төгрөг өгье гэж тохироод 2016 оны 11 сарын 09-ний өдөр эх Уртнасан нь  миний дансанд машины үнэнд 500 000 төгрөг хийж намайг эрүүгийн хэрэг үүсгэх тухай гомдлоо буцааж авч ур гэж буцааж авахуулж уруулж буцаалгасан. 4 000 000 төгрөгөө өгөхгүй байсан тул Архангай аймгийн сум дундын шүүхэд нэхэмжлэл гаргасан. Б.Б шүүхэд хэлцэл хүчин төгс тооцуулах нэхэмжлэл гаргаж, эцэст нь машины үнэ болох 4 000 000 төгрөгийг эх Уртнасан төлж уг Пит маркийн машиныг эх Уртнасангийн нэр дээр шилжүүлж өгсөн. Гэтэл машины үнэд төлсөн 500 000 төгрөгийг эмчилгээний зардлаас дахин хасаж тооцсонд маш их гомдолтой байна. Машины үнэд төлсөн 500 000 төгрөг, миний эмчилгээний зардал, бусад зардлаас хасагдах учиргүй. Иймд хэргийг үнэн зөвөөр нь шийдвэрлэж, хохирол төлбөрийг бүрэн гаргуулж өгнө үү. Хохирогч миний хувьд Б.Бт зодуулаад байнга тархи толгой өвддөг, хамар нармайн таславч одоо хүртэл бүрэн эдгээгүй хагалгаанд орох шаардлагатай болно. Эрүүл мэнд, сэтгэл санаа, эд хөрөнгөөр хохирсон би маш гомдолтой байна. Шүүх хуралд өмгөөлөгчийн хамт оролцох хүсэлтэй байна гэжээ.

 

Шүүгдэгч Б.Бын гаргасан давж заалдах гомдолд:

Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 66 тоот шийтгэх тогтоолоор Б.Б намайг бусдыг эд хөрөнгийг устгасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсоныг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Миний бие нь хохирогч Бын хувцасыг шатаагаагүй. Намайг шатаасан гэх нотолгоо байхгүй зүйлд намайг ялласанд гомдолтой байна. Шүүх хуралд өмгөөлөгчийн хамт оролцож тайлбар хийх болно. Миний бие нь шүүхийн шийтгэх тогтоолыг 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авсан болно гэжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ:

Шүүгдэгч Б.Б  мөрдөн байцаалтын шатанд өөрийн эхнэр Ц.Быг удаа дараагийн үйлдлээр зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн. Мөн Ц.Бын хувцасыг санаатайгаар шатааж устгасан. Өөрийн хадам аав Ц-ийн байшингийн цонхыг хоёр удаагийн үйлдлээр хагалсан үйлдэлд гэм буруутайгаар тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж шилжүүлсэн. Анхан шатны шүүхийн шийдвэр хэд хэдэн зүйлээр дүгнэлт хийгээд гэм буруутай гэж тооцсон. Гэм буруугийн асуудал дээр Эрүүгийн хууль шинэчилсэнтэй холбоотойгоор хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхээс Б.Быг гэм буруутайд тооцсон эсэх асуудал үндэслэлтэй гэж прокурорын зүгээс үзэж байна. Гэмт хэргийн улмаар учирсан хохирлын хэмжээг тогтоох, шүүгдэгчээс тодорхой хэмжээний мөнгийг  хохирогч Ц.Бд  гаргуулахаар шийдвэрлэсэн зохих хэсэгт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэж байна. Энэ нь хэрэг шалгагдаж байх хугацаанд буюу 2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр  Архангай аймгийн Эрдэнэбулган сум 2-р баг “Үжин” үсчний газрын гадна шүүгдэгч Б.Б хохирогч  Ц.Быг зодож гэмтэл учруулсан үйл явдалтай давхцаад тухайн өдрөө хохирогч Ц.Бын “Хонда Пит” маркийн машиныг шүүгдэгч Б.Б нь унаж явж байхдаа зам тээврийн осол гаргаж эд хөрөнгөнд нь тодорхой хэмжээний хохирол учруулсан үйлдэл тогтоогдсон. Иймд замын цагдаа тухайн үедээ захиргааны зөрчилөөр шалгаж байсан нь хэрэгт авагдсан байгаа. Хохирлын хэмжээг 4 500 000 төгрөгөөр үнэлээд тухайн үедээ тодорхой хэсэг 500 000 төгрөгийг шүүгдэгч Б.Б болон түүний ээж нарын зүгээс өгч байсан нь хавтаст хэрэгт авагдсан байгаа. Тийм учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 66 дугаартай шийтгэх тогтоолын  9 дэх хэсэгт зохих өөрчлөлт оруулах 500 000 төгрөгийг Ц.Бд гаргуулан өгөх  нь үндэслэлтэй гэж үзэж байгаа. Шүүгдэгч Б.Бын тухайд гаргасан гомдолдоо тайлбар  хийсэн байдаг. Түүнийг 2016 оны 10 дугаар сард 16-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4-р баг Бор толгойн 55-04 тоотод өөрийн эхнэр Ц.Бын хувцасыг санаатайгаар устгаж хохирол учруулсан үйлдэлд нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-т зааснаар яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байдаг. Энэ үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогддог. Насанд хүрээгүй гэрч Солонгийн мэдүүлэг байгаа. Мэдүүлгийн агуулга нь тухайн үед Солонго хохирогч Ц.Бын гэрт амьдардаг байсан насанд хүрээгүй гэрч юм. Гаднаас гэрлүүгээ орж ирэхэд  Б.Б нь Ц.Бын хувцасыг шатааж байсан гэж ярьдаг. Насанд хүрээгүй гэрчийн мэдүүлэг өөрөө хуульд заасан үндэслэл журмын дагуу авч, цуглуулж бэхжигдсэн нотлох баримт юм.  Үүнийг үгүйсгэсэн буцаах нотлох баримт тогтоогдоогүй учир үнэн зөв гэж үзнэ. Нөгөө талаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан байгаа хохирогч Ц.Бын цагаан өнгийн нелон материалтай куртикыг эд мөрийн баримтаар хураан авсан байдаг. Эд мөрийн баримтын шинжийг ярих юм бол хэсэг хэсэг газар түлэгдэж, шатаагдсан байдалтай олдсон. Энэ эд мөрийн баримт насанд хүрээгүй гэрч Солонгийн мэдүүлгээр давхар нотлогдож байна. Тийм учраас түүний үйлдэл хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон гэж үзэж байгаа учраас шүүгдэгч Б.Бын гомдлыг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй гэж үзэж байна. Нөгөө талаар 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-т заасан бусдын эд хөрөнгийг устгаж гэмтээсэн үйлдэл нь хохирлын хэмжээ шаарддаггүй хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм. 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Эрүүгийн хуулиар уг гэмт хэрэгт хохирлын хэмжээ шаарддаг болсон учраас Ц-ийн цонхыг хагалсан үйлдэл нь гэмт хэргийн шинжийг агуулж чадахгүй байгаа учраас хэрэгсэхгүй болгосон байгаа. Гэхдээ Ц-ийн хохирлын хэмжээ тайлангаар тогтоогдсон байгаа. Хохирлын үнэлгээг Иргэний хуулийн 496 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.Баас гаргуулж хохирлыг барагдуулах нь зүйтэй гэсэн саналтай байна. Оролцогч нарын гомдлоор давж заалдах хурал болж байгаа. Эрүүгийн хэрэг хянан шйидвэрлэх тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.3-т заасны дагуу анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 66 дугаар шийтгэх тогтоолын зохих хэсэгт өөрчлөлт оруулах хүсэлттэй байна гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Э шүүх хуралдаанд гаргасан саналдаа:

Хэргийг хавтаст хэргийн нотлох баримтын хүрээнд шйидэх ёстой. Машины мөнгө гэсэн асуудал тусдаа шийдэгдсэн. Энэ хэрэгт хамаагүй. Машины мөргөлдсөн болон зодуулсан үйлдэл нэг цаг хугацаанд болсон асуудал юм. Холбогдон гарсан эмчилгээний зардал 500 000 төгрөгийг машины мөнгө 4 000 000 төгрөг нь тусдаа шийдэгдсэн хоёр өөр асуудал юм. Тусдаа захиргааны зөрчлийн хэрэг, иргэний хэргийн шүүхийн шийдвэр гарсан байхад өнөөдөр эрүүгийн хэрэгтэй хамтатгаж ярьж болохгүй. Хувцас шатаасан гээд байгаа үйлдэл холбогдлын хувьд хохирогч Ц.Б өөрөө харсан гэж мэдүүлдэг. Тэр цаг хугацаанд гэртээ байгаагүй учраас харсан байх боломжгүй юм гэв.  

 

Хохирогчийн өмгөөлөгч Ц.Б шүүх хуралдаанд гаргасан саналдаа:

Нэг зүйлийг тодруулан хэлэхэд 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр машины мөнгө 500 000 төгрөгийг ээж нь шилжүүлээд үлдэгдэл 4 000 000 төгрөгт хэлцэл хийсэн. Энэ нь хэрэгт байгаа. Үүнийг  2016 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр гээд буруу яриад байх шиг байна. Хувцас шатаасан асуудлыг хохирогч Ц.Б нүдээрээ харсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулах саналтай байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3-т тус тус зааснаар Б.Бт холбогдох хэрэгт гаргасан шүүгдэгч Б.Б, хохирогч Ц.Б нарын гомдлыг хянан шийдвэрлэхдээ тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянан үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасан үндэслэлээр Архангай аймгийн Прокурорын газраас Б.Бт холбогдох хэргээс “2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр, 2016 оны 11 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө 2 удаагийн үйлдлээр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг Бор толгойн 55-04 тоотод байх иргэн Ж.Ц-ийн байшингийн цонхыг санаатайгаар хагалж гэмтээсэн” гэх үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож, Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Бт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр батлагдсан Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж, шүүгдэгч Тангууд овгийн Батсайханы Быг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, бусдын эд хөрөнгийг устгасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

 

Харин анхан шатны шүүх шүүгдэгч Б.Бын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1201 дүгээр зүйлийн 1201.1-д заасан хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д заасныг баримталсан нь  хуулийг буруу хэрэглэж хэргийг хэрэгсэхгүй болгосон гэж үзэхээр байна.

 

2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх заалт нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш зургаан сар өнгөрсөн бол эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх тухай хуулийн зохицуулалт. Уг хуулийн зохицуулалтаар шүүгдэгч Б.Бт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох боломжгүй юм. Харин шүүгдэгч Б.Бт холбогдох хэргийг  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгсэхгүй болгож, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-т заасан  үндэслэлээр шүүгдэгч Б.Быг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь үндэслэлтэй.   

 

Хэдийгээр шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасан үндэслэлээр Архангай аймгийн Прокурорын газраас Б.Бт холбогдох хэргээс “2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр, 2016 оны 11 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө 2 удаагийн үйлдлээр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг Бор толгойн 55-04 тоотод байх иргэн Ж.Ц-ийн байшингийн цонхыг санаатайгаар хагалж гэмтээсэн” гэх үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэхэмжлэлийг шүүх уг хэргийн хамт хянан шийдвэрлэнэ гэж гэж заасан байх тул 68688 төгрөгийг шүүгдэгч Б.Баас гаргуулж Ж.Цэдэндоржид олгох нь зүйтэй байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

 

Харин шүүгдэгч, хохирогч нарын давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017

оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 66 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн

            4 дэх заалтын 2002 оны Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д заасан үндэслэлээр шүүгдэгч Б.Бын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1201 дүгээр зүйлийн 1201.1-д заасан хэргийг хэрэгсэхгүй болгосугай гэснийг, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-т заасан үндэслэлээр шүүгдэгч Б.Быг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шүүгдэгч Б.Бт холбогдох 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1201 дүгээр зүйлийн 1201.1-д заасан хэргийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

  8 дах заалтын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Б.Баас хохиролд 681.730 /зургаан зуун наян нэгэн мянга, долоон зуун гуч/ төгрөг гаргуулж, хохирогч Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар баг, 46 дугаар байр 29 тоотод оршин суух Тонгууд овогт Ц-ийн Бд /РД:АО88102924/ олгосугай гэснийг  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Б.Баас хохиролд 681.730 /зургаан зуун наян нэгэн мянга, долоон зуун гуч/ төгрөг гаргуулж, хохирогч Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар баг, 46 дугаар байр 29 тоотод оршин суух Т овогт Ц-ийн Бд /РД:АО88102924/ , 68688 төгрөг гаргуулж Архангай аймгийн Цэнхэр сумын Цэцэрлэг баг Өлтийн даваа гэх газар оршин суух Дампил овогт Жанчивын Цэдэндоржид  олгосугай гэж тус тус өөрчлөн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Т.ДАВААСҮРЭН
 

                                                 ШҮҮГЧИД                              М.МӨНХДАВАА

 

            В.ЦЭЦЭНБИЛЭГ