| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Мөнхтулга |
| Хэргийн индекс | 128/2017/0512/З |
| Дугаар | 906 |
| Огноо | 2017-12-11 |
| Маргааны төрөл | Татвар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 12 сарын 11 өдөр
Дугаар 906
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга би даргалж, тус шүүхийн “3” дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Б” ХК
Хариуцагч: Татварын ерөнхий газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Л.Н, Р.Д нарт
Нэхэмжлэлийн шаардлага: “...Татварын ерөнхий газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Л.Н, Р.Д нарын 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 2******* дугаар актыг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж, хариуцагч Л.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярдулам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
“Б” ХК-ийн гүйцэтгэх захирал Ш.Э******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Баянгол дүүргийн Прокурорын газрын 2016 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 267 дугаар тогтоолоор Татварын ерөнхий газрын 2012 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 980047 дугаартай Татварын улсын байцаагчийн дүгнэлтийн 2015260000225 дугаартай хэргийг Анхны Ардчилсан Сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан гарсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2, 10.10 дахь хэсгийг баримтлан 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгосон байтал улсын байцаагчийн 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 2******* дугаар актыг дахин гаргасныг эс зөвшөөрч татварын маргаан таслах зөвлөлд хандаж гомдол гаргасан юм. Гэтэл уг маргаан таслах зөвлөлийн хуралдаанд Улсын төсвийн хяналтын газрын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Л.Н г, оролцуулан 2017 оны 2 дугаар сарын 17-ны өдөр хийсэн ба ингэхдээ гомдол гаргагч тал буюу “Б” ХК-нд мэдэгдээгүй улсын байцаагчийн актыг хэвээр баталсан шийдвэр гаргасан. Татварын улсын байцаагчийн акт нь эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болсон хэрэгт дахин акт тавьж “Б” ХК-ийн эрх ашгийг хохироож байгаа. Дээрх актаар манай компанид 749.842.160 төгрөгийн төлбөр ногдуулсан бөгөөд үүнийг манай компани хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Дээрх акт хүчингүй болсноор манай компани давхардуулан ногдуулсан татварын төлбөрөөс чөлөөлөгдөх юм” гэв.
Хариуцагч Л.Н нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Улсын төсвийн орлого хяналтын газартай харьцдаг, 2069822 тоот регистрийн, дугаартай Б” ХК-ийн Татварын ерөнхий газрын Хяналт шалгалт, арга зүйн хэлтсийн татварын улсын байцаагчийн 2012 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 980047 тоот дүгнэлт, Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газрын 2016 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 267 тоот тогтоол, УТОХГ-ын Хяналт шалгалтын хэлтсийн даргын 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 21160600334 тоот томилолтын дагуу улсын байцаагч Р.Д*******, Л.Н бид тус компанид хэсэгчилсэн шалгалтыг хийж 2016 оны 8 дугаар сарын 21-ний өдөр 2******* тоот акт үйлдсэн. Улсын мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтсийн ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн хошууч Б.Э******* 980047 тоот дүгнэлтийг үндэслэн Монгол Улсын Эрүүгийн хуулийн 166 дугаар зүйлд заасны дагуу эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсныг Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Б******* хянаад, “Чингэлтэй дүүргийн татварын хэлтэстэй харьцдаг Татварын ерөнхий газрын 2012 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 980047 дугаартай татварын улсын байцаагчийн дүгнэлт 201201000065 тоот хэрэгт яллагдагч нарын мэдүүлэг зэргийг үндэслэн “Б” ХК-ийн гүйцэтгэх захирал Ш.Э******* нь “В*******”, “Сэлэнгийн төгөл”, “Ий Би Си”, “Херагрупп”, “Юу Эм Жи”, “Пластиккапитал”, “Медиазол”, “Хид” гэсэн ХХК-иас бариаа материал худалдан аваагүй байтал эдгээр компанийн НӨАТ-ын падаан дээр 7 498 421 600.0 төгрөгийн хий бичилт хийлгэн авч ашиглаж, 749 842 160 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвар төлөхөөс зайлсхийсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн 166 дугаар зүйлийн 166.2 дахь хэсэгт зааснаар сэжигтнээр тооцон мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахад дээрх аж ахуй нэгжүүдийн НӨАТ-ын падаан хий бичилттэй хуурамч байсан гэж тогтоогдсон. “... 434 530 000 төгрөгийг сайн дураараа төлсөн, үйлдэгдэлд төлбөрөө төлөхөө илэрхийлж, Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн дагуу тайлагнаж гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байх тул...” үндэслэлээр “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 166 дугаар зүйлийн 166.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэсэн, ...сэжигтэн яллагдагчаар татагдсан нэр бүхий хүмүүсийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгууллагдсаны 25 жилийн ойг тохиолдолуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.10 дахь хэсгийг баримтлан 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай ...” гэж “Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 2016 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 267 тоот тогтоолыг гаргасан байх тул Монгол Улсын Татварын ерөнхий хуулийн 35 дугаар зүйлийн 35.3-д “Энэ хуулийн 33.2.6-д заасан дүгнэлтийг эрх бүхий байгууллага, албан тушаалтан хүчингүй болгосон нь зөрчил гаргасан этгээдийг захиргааны хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй...” гэсэн заалт болон Монгол Улсын татварын ерөнхий хуулийн 34 дүгээр зүйлийг үндэслэн Монгол Улсын татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 1, 2, .3 дугаар заалтуудаар тус компани нь нэр бүхий 8 компанитай холбоотой нэмэгдсэн өртгийн албан татварын падаан хуурамчаар бичүүлэн авч, нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох орлогоос хасч төлөх татвараа санаатайгаар бууруулсан нийт 7 498 421 600 төгрөгийн зөрчилд 749 842 160 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын нөхөн ногдуулахаар акт тогтоосон болно...” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Б” ХК-иас Татварын ерөнхий газрын Хяналт шалгалтын хэлтсийн Татварын улсын байцаагч Л.Н , Р.Д нарт холбогдуулан “...Татварын ерөнхий газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Л.Н , Р.Д нарын 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 2******* дугаар актыг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.
Шүүх нэхэмжлэгч, хариуцагч болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Улсын мөрдөн байцаах газар, Эрүүгийн цагдаагийн газар, Татварын ерөнхий газрын дэд дарга нарын 2012 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн хамтран баталсан “Хяналт шалгалт хийх удирдамж”-ийн дагуу Татварын ерөнхий газрын Татварын улсын байцаагч О.Бямбасүрэн, Л.М******* нар нь “Б” ХК-ийн 2010, 2011 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийн, улсын байцаагчийн 2012 оны 6 дугаар сарын 04-ны өдрийн 980047 дугаар дүгнэлт гарган “Б” ХК-ийг Татварын Ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.2.6-д заасны дагуу цагдаагийн байгууллагаар шалгуулахаар шийдвэрлэжээ.
Үүний дагуу Улсын мөрдөн байцаах газраас “Б” ХК-ийн захирал Ш.Э*******ад холбогдуулан Эрүүгийн хуулийн 166 дугаар зүйлийн 166.2-д хэсэгт зааснаар 2015260000225 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, “Б” ХК-ийн захирал Ш.Э******* нь “В*******” ХХК, “Сэлэнгийн төгөл” ХХК, “Ий Би Си” ХХК, “Херагрупп” ХХК, “Юу Эм Жи” ХХК, “Пластиккапитал” ХХК, “Медиазон” ХХК, “ХИД” ХХК-ийн НӨАТ-ын падааныг ашиглан 7.498.421.600.0 төгрөгийн хий бичилт хийн, 749.842.200 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвар төлөхөөс зайлсхийсэн гэм буруутай болохыг тогтоосныг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч, Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн дагуу холбогдох тайлангаа гаргаж, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн тул Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газрын Прокурорын 2016 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 267 дугаар тогтоолоор Анхны ардчилсан сонгууль явагдаж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 10 дугаар зүйлийн 10.10-д заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Улмаар, Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газрын 2016 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 267 тоот тогтоол, Улсын төсөв орлого хяналтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн даргын 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 21160600334 тоот “Татварын хяналт шалгалт хийх томилолт”, “Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж”-ийн дагуу Татварын улсын байцаагч Р.Д*******, Л.Н нараас “Б” ХК-ийн 2010 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2011 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийжээ.
Шалтгалтын хүрээнд 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Улсын төсөв орлого хяналтын газрын 207 тоот өрөөнд явагдсан ярилцлагаар “Б” ХК-ийн захирал Ш.Э******* нь “...бид 7.498.421.600 төгрөгийн зөрчилд ногдох татварын 400 гаруй сая-г төлсөн бөгөөд үлдсэнийг төлөхөд эдийн засгийн хувьд маш хүндрэлтэй байна. ...үлдсэн төлбөрийг ... хувааж төлмөөр байна” хэмээн мэдүүлсэн байх бөгөөд 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 2******* дугаар “Татвар ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” Улсын байцаагчийн актаар “Б” ХК-аар 749.842.160 төгрөгийн нөхөн татвар, 0 төгрөгийн торгууль, 0 төгрөгийн алданги, 0 төгрөгийн хүү төлүүлэхээр шийдвэрлэснийг нэхэмжлэгч “Б” ХК-ийн захирал Ш.Э******* 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр танилцан, “тус актаар ногдуулсан актын дүнг төлсөн дүнгээр бууруулж, эдийн засгийн хямралын үед үлдэгдэл график гаргаж төлөх хүсэлттэй байна” хэмээн тэмдэглэл үйлдэж, актыг зөвшөөрч гарын үсэг зурсан байна.
Улсын Ерөнхий прокурорын орлогчийн “Хэрэгсэхгүй болгосон хэргийг сэргээж, мөрдөн байцаалт явуулах хугацаа тогтоох тухай” 2017 оны 1/12 дугаар тогтоолоор нэхэмжлэгч “Б” ХК-ийн захирал Ш.Э*******ад холбогдох 2015260000225 дугаартай эрүүгийн хэргийг сэргээн шалгасан байх бөгөөд яллагдагч Ш.Э******* нь 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдөр өгсөн байцаалтад “...манай “Б” ХК-ийн зүгээс улсад төлөх ёстой татварыг төлөөд явж байгаа тийм учраас татварын актаар тогтоосон 749.842.160 төгрөгөөс 434.000.000 төгрөгийг нь төлсөн байгаа одоо үлдэгдэл 315.842.160 төгрөгийн татварын ... ямар нэгэн байдлаар улсад төлөх ёстой татварын хохирлыг дуусгана” хэмээн мэдүүлж, эрүүгийн хэргийн мөрдөн байцаалтын шатанд нэхэмжлэгч “Б” ХК-ийн эрх бүхий албан тушаалтанууд өөрсдийн үйлдсэн, хууль зөрчсөн үйлдлийнхээ гэм бурууг дээрх байдлаар хүлээн зөвшөөрснийг харгалзан үзэж Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2, 10.10 дахь хэсгийг баримтлан мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үйл баримт хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай, тодорхой тогтоогдож байх ба энэ талаар талууд маргаагүй байна.
Харин нэхэмжлэгчийн зүгээс “...нэгэнт өршөөлийн хуульд хамруулж эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсээр байхад дахин татварын байцаагчийн акт гаргаж, өмнө нь илрүүлсэн зөрчилд акт тогтоосон нь бидний эрх, хууль ёсны ашиг сонирхолыг зөрчсөн” гэж маргаж байх боловч хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгчийн гаргасан дээрх зөрчилтэй холбогдуулан татварын улсын байцаагчаас акт тавьж байгаагүй,
Татварын улсын байцаагч Л.Н , Р.Д нар нь Татварын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.2.6-д “татварын алба нь татварын хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн, эсхүл их хэмжээний татвар ногдох орлогыг нуусан буюу бусад хэлбэрээр татвар төлөхөөс зайлсхийсэн этгээдэд эрүүгийн хэрэг бүртгэлт хийлгэхээр дүгнэлт бичих бөгөөд түүнд эрүүгийн хэрэг үүсгүүлэх болсон зөрчлийн тухай тэмдэглэл, холбогдох баримтууд, татварын албаны даргын болон татварын улсын байцаагчийн овог, эцэг /эх/-ийн нэр, нэр, гарын үсэг тухайн зөрчилд холбогдох этгээдийн тайлбар, уг дүгнэлтийг үйлдсэн болон холбогдох этгээдэд нь танилцуулсан он, сар, өдрийг тусгана” гэж заасан журмын дагуу “Б” ХК-ийн татварын хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн, эсхүл их хэмжээний татвар ногдох орлогыг нуусан буюу бусад хэлбэрээр татвар төлөхөөс зайлсхийсэн гэх нөхцөл байдалд эрүүгийн хэрэг бүртгэлт хийлгэхээр дүгнэлт гарсан байх ба уг дүгнэлтийг татварыг нөхөн төлүүлэх тухай акт гэж үзэх үндэслэлгүй юм.
Татварын улсын байцаагчийн тус дүгнэлтийг үндэслэж явагдсан эрүүгийн хэргийн мөрдөн байцаалтын явцад нэхэмжлэгч нь татвар төлөхөөс зайлсхийж, НӨАТ-ын баримтад хуурамч бичилт хийсэн болох нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон, Татварын улсын байцаагчийн 2016 оны 8 дугаар сарын 21-ний өдөр 2******* тоот актаар 749,842,160 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг нөхөн ногдуулсан, ингэхдээ нэхэмжлэгчээс төсөвт төлсөн 434,530,000 төгрөгийг хасч, үлдэх 315,312,160 төгрөгийн төлбөрийг ногдуулсныг мөрдөн байцаалтын явцад нэхэмжлэгч зөвшөөрсөн байх ба энэхүү маргаан бүхий актыг нэг зөрчилд давхар хариуцлага хүлээлгэсэн гэх нэхэмжлэгчийн тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй байна.
Тодруулбал, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4-д зааснаар аливаа байгууллагын нягтлан бодох бүртгэлд санхүүгийн тайлан нь үнэн, зөв баримт материал, бодитой мэдээнд үндэслэх зарчимд нийцэх ёстой бөгөөд Татварын ерөнхий хуулийн 35 дугаар зүйлийн 35.3-д “Энэ хуулийн 33.2.6-д заасан дүгнэлтийг эрх бүхий байгууллага, албан тушаалтан хүчингүй болгосон нь зөрчил гаргасан этгээдийг захиргааны хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй...” гэж заасан.
Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газрын 2016 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 267 тоот тогтоол, Улсын төсөв орлого хяналтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн даргын 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 21160600334 тоот томилолтын дагуу Татварын ерөнхий газрын Улсын төсөв, орлого хяналтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Р.Д*******, Л.Н нар “Б” ХК-ийн 2010 - 2011 оны нэмэгдсэн өртгийн албан татвар, аж ахуйн нэгж орлогын албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хэсэгчилсэн хяналт шалгалт хийн 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 2******* тоот актаар 7,498,421,600.0 төгрөгийн хий бичилтэд 749,842,160 төгрөгийн нөхөн татвар, 0 төгрөгийн торгууль, 0 төгрөгийн алданги, 0 төгрөгийн хүү төлүүлэхээр шийдвэрлэж, уг татвараас төлөгдсөн 434,530,000 төгрөгийн төлбөрийг хасахаар шийдвэрлэсэн нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Татварын ерөнхий хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “Татварын улсын байцаагч энэ хуулийн 47.1, 48.1, 67, 74 дүгээр зүйлд заасан үндэслэлээр акт, 33.2.6-д заасан үндэслэлээр дүгнэлт бичих бөгөөд тэдгээр нь тэмдэглэх болон тогтоох хэсгээс бүрдэнэ”, 74 дүгээр зүйлийн 74.1-д “Хуульд заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 20 хувиас хэтэрхээргүй байна” гэж заасантай тус тус нийцсэн байна.
Иймд Татварын ерөнхий газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Л.Н , Р.Д нарын 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 2******* дугаар актыг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т заасныг тус тус үндэслэн Татварын ерөнхий газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Л.Н , Р.Д нарт холбогдох “Татварын ерөнхий газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Л.Н , Р.Д нарын 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 2******* дугаар актыг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий “Б” ХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчид энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА