Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 0096

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга Н.Зулаа,

улсын яллагч Б.Бямбадагва,

шүүгдэгч Ж.М, түүний өмгөөлөгч А.Очбадрал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Ж.Мд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн __ дугаартай, 1 хавтас хэргийг 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ____ дугаарын регистртэй, Ж.М. 

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Ж.М нь 2019 оны 4 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 45 дугаар байрны “Новел” салонд Б.Ныг хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож, биед нь тархи доргилт, зүүн хацар, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учруулан, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.М мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Ж.Мын өгсөн:

“...2019 оны 4 дүгээр сарын 28-нд манай өмнө нь танилцаж байсан Н гэх хүүхэн надаас хүүхэдтэй болсон гээд байдаг юм тэр хүүхэн тухайн өдөр манай аав ээж хоёр луу залгаад та хоёр үхэж далд ор гээд хараагаад байна гэж манай ээж даралт нь нилээд өгсөөд харвахаа шахсан ээжтэй чинь нэг хүүхэн яриад танай хүүхэд чинь намайг хүүхэдтэй болгоод хаяад явсан гэх мэт худлаа зүйл ярьж дайраад байна гэсэн. Би тийм зүйл байхгүй гээд Н над руу залгаад байдаг байсан. Дугаараа раа залгаад чи яах гээд ингээд байгаа юм гээд хэлсэн. Мөн ээжийн бие муудаад байна гээд хэлсэн. Тэгээд хаана байгаа талаар нь асуухад ажил дээрээ байна гэж надад хэлсэн. Тэгээд би машинтай гараад тухайн ажил гэх саун дээр нь яваад очсон. Намайг тухайн газар очиход Н согтуу байсан бөгөөд нилээд олон пивоны лааз уугаагүй уусан гээд хэлээд байсан. Би тухайн газар очоод чи яах гээд хөгшин настай хүмүүс рүү залгаад ингээд байгаа юм гэж асуухад надад чи муу ямар юмны тожиго гээд хараасан тэгээд өөдөөс дайраад маажаад байсан тэгээд би чамайг ахиад ингэвэл зүгээр байхгүй шүү шүүх цагдаад хэлнэ чи солиотой юм уу гээд хэлсэн чинь солиотой хүнийг чи яах юм гээд дайраад байсан. Гэтэл над руу дайрч байгаад миний цээж хэсэгт хумсаараа урсан. Тэгээд би тэсгэл алдаад нэг удаа гараараа алгадаад гарах гээд алхтал араас ирээд зуураад хөл гараараа өшиглөөд байхаар нь нэг удаа толгой орчим нь цохисон байх тэгээд би бараг зугтаагаад гарсан. Тэгээд би утсаа унтраасан байж байгаад тухайн үед Өмнөговь аймаг Гашуунсухайт боомт дээр том тэрэг барьж байсан болохоор тэнд очиж ажлаа хийгээд улмаар Н залгаад байхаар нь дугаараа сольсон юм. Тэгээд сая 8 дугаар сарын 20-д гаргаж Улаанбаатар хотод ирээд барилга дээр гагнуурчин хийж байгаад 10 дугаар сарын 20-нд Тавантолгой ТӨХК-д ажилд орсон. Дотор нь нилээд ажил өөрчилж байгаад яг одоогоор 441 дүгээр хорих ангийн хангамжийн баазын ахлах нярав хийж байгаа.

Шинжээчийн дүгнэлттэй холбоотой гомдол санал хүсэлт байхгүй. Буруу зүйл хийсэндээ гэмшиж харамсаж байна...” гэх мэдүүлэг /хх-н 33-36/,    

 

Мөрдөн байцаалтад хохирогч Ө.Нын өгсөн:

“...2019 оны 4 дүгээр сарын 28-нд 01 цагийн үед манай хамтран амьдарч байсан Махвалыг нэг өдөр хүүхэд хараад өгөөч гэж хэлсэн юм. Гэтэл зөвшөөрөөгүй тэрнээс болоод утсаар хэрүүл маргаан хийж байх үед найз нь гэх Банзрагч гээд найз нь хүүхдийг чинь хана савж ална гээд байсан. Тэгээд Махвал намайг ална гээд байсан тэгээд би хүүхдээ орхиод ажил дээрээ ирсэн юм. Гэтэл шөнө 01 цаг өнгөрч байхад манай ажил дээр Махвал ганцаараа ороод ирсэн. Тэгээд намайг сандал дээр сууж байхад шууд нүүрэн тус газар гараараа цохиод газар татаж унагаагаад миний хажууд байсан сандал аваад миний толгойн дагз хэсэг рүү нэг удаа цохиод миний хөл хэсэгт нэг удаа нөгөө сандлаараа цохисон. Тэгээд би газар дээшээ хараад нүүрээ хаагаад байсан чинь миний гэдэс рүү нэг удаа өшиглөөд тэгээд миний хөл нуруу зузаан гуя орчим хэд хэдэн удаа дэвссэн тэгээд надад ямар нэг юм хэлээгүй шууд гараад явсан. Тэр үед би цагдаа дуудаарай гээд орилсон юм.

Миний толгойн зүүн тал хавдсан зүүн шанаа нүдний орчим хавдаж хөхөрсөн байсан өөр бусад нь гайгүй байсан миний хөл жаахан хөндүүр байсан. Би хэвтэж эмчлүүлсэн зүйл байхгүй, томографи авхуулсан, надад энэ хүнээс нэхэмжлэх зүйл байхгүй. Надад учирсан гэмтлийг Махвал учруулсан. Хуулийн дагуу шийдэж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-н 22-24/,

  

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний шинжээчийн 5263 тоот:

1. Ө.Нын биед тархи доргилт, зүүн хацар, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-н 17/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 40/,

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 42/,

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 59/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Ж.М нь 2019 оны 4 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 45 дугаар байрны “Новел” салонд Б.Ныг хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож, биед нь тархи доргилт, зүүн хацар, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зулай хуйхны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учруулан, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Ж.Мын “...над руу дайрч байгаад миний цээж хэсэгт хумсаараа урсан. Тэгээд би тэсгэл алдаад нэг удаа гараараа алгадаад гарах гээд алхтал араас ирээд зуураад хөл гараараа өшиглөөд байхаар нь нэг удаа толгой орчим нь цохисон...” гэх мэдүүлэг,   

 

хохирогч Ө.Нын “...Махвал ганцаараа ороод ирсэн. Тэгээд намайг сандал дээр сууж байхад шууд нүүрэн тус газар гараараа цохиод газар татаж унагаагаад миний хажууд байсан сандал аваад миний толгойн дагз хэсэг рүү нэг удаа цохиод миний хөл хэсэгт нэг удаа нөгөө сандлаараа цохисон. Тэгээд би газар дээшээ хараад нүүрээ хаагаад байсан чинь миний гэдэс рүү нэг удаа өшиглөөд тэгээд миний хөл нуруу зузаан гуя орчим хэд хэдэн удаа дэвссэн...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний шинжээчийн 5263 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ж.Мд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Ж.Мыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

Хэргийн хохирогч Б.Нын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

 

Хавтаст хэргийн 23 дугаар талд хохирогч Ө.Н нь “...надад энэ хүнээс нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 22-24/ өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.  

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч нараас шүүгдэгч Ж.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг тус тус гаргасан бөгөөд шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хуульд зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Ж.Мд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Ж.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.Мыг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Мын торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

4.  Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ж.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ