Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 0085

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Бямбасүрэн,

улсын яллагч Б.Мөнгөншагай,

шүүгдэгч Б.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Тт холбогдох эрүүгийн __ тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, __ дугаарын регистртэй, Б.Т.

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Б.Т нь 2019 оны 12 дугаар сарын 20-ны 09 цаг 10 минутын орчимд Баянгол дүүргийн 11 дүгээр хороо “Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв”-ийн хашаан дотор замд “Toyota aqua” маркийн, 29-14 УБХ улсын дугаартай автомашиныг жолоодон ухрах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.14-т заасан “Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлын хангасан нөхцөл ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй.” гэснийг зөрчсөний улмаас явган зорчигч Э.С-ийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Т мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Б.Тын өгсөн:

“...2019 оны 12 дугаар сарын 20-ны өглөөний 09:10 цагийн орчим би эхнэр Нямсүрэн хүү нарынхаа хамт Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутагт байдаг Эх нялхасын хашаан дотор байдаг машины зогсоол дээр өөрийн унаж явсан Тоёота Акуа маркийн цагаан өнгийн 29-14 УБХ улсын дугаартай машинтай орж зогссон. Тэгээд хэсэг байж байгаад буцаад гарах гээд машинаа асаагаад уг зогсоол дээр ухарч байхдаа С-ийг санамсаргүйгээр мөргөсөн. Би тэр даруй бууж очоод С-ийг хажууд очиход тэр газарт унасан гарт нь нярай хүүхэд нь байсан. Би С-ийг хүүхэдтэй нь хамт өөрийнхөө машинд суулгаад гэмтлийн эмнэлэг рүү явъя гэж хэлсэн.

Гэтэл С-э нь эхлээд Эх нялхаст хүүхдээ үзүүлье цаг авсан байгаа гэж хэлэхээр нь би түүний хүүхдийг нь аваад Эх нялхас руу ороод эмчид нь үзүүлээд буцаж гарч ирээд хүүхдийг нь өгсөн. Тэр үед С-э надад би ерөнхийдөө жаахан өвдөж байна. Гэхдээ чи хүүхдээ үзүүлэх гэж ирсэн юм чинь орж хүүхдээ үзүүлчихээд гар ир гэж хэлэхээр нь би хүүхдээ орж үзүүлээд гарч ирээд бөөндөө Гэмтлийн эмнэлэг рүү өөрийнхөө машинаар явсан. Гэмтэл дээр очоод үзүүлэхэд С-ий яс нь хугарсан байсан ба тэр даруйдаа эмнэлэгт хэвтсэн. Би хохирогчид нийт 800,000 төгрөгийг өгсөн. Одоо С-э надаас цаашид эмчлүүлэх эмчилгээний зардалд 2 сая төгрөгийг нэхэмжилж байгаа. Би өгсөн байгаа мөнгөн дээрээ нэмж 2 сая төгрөгийг нь өгнө...” гэх мэдүүлэг /хх-н 67-68/,  

 

Мөрдөн байцаалтад хохирогч Э.С-ий өгсөн:

“...2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 09 цагийн орчим би бага охин 10 сартай Аялгуугаа тэврээд Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн хашаа руу баруун талын хаалгаар нь алхаж ороод машин зогсоол дээр явж байтал нэг машин ухарч ирээд намайг мөргөсөн. Би тэвэрч явсан хүүгийнхээ хамт газарт унасан. Миний ард явж байсан хүн уг машины жолооочийг хүүхэдтэй хүн мөргөчихлөө гарч ирээч гэж хэлж байсан. Тэр үед жолооч нь машинаасаа бууж ирээд намайг гайгүй юу гэж хэлээд намайг машиндаа суулгасан. Тэр жолооч тухайн үед урдаас нэг машин сигналдахаар нь гэнэт ухарчихлаа гэж хэлж байсан.

Тэгээд би уг залуугийн машинд суутал тэр жолооч эмнэлэг рүү явъя гэж хэлээд цаашаа жаахан хөдлөөд зогссон. Тухайн үед би хүүхдээ үзүүлэх гээд яараад явж байсан болохоор жолооч залуу манай хүүхдийг эмнэлэг рүү авч орж үзүүлчихээд гарч ирээд дараа нь өөрөө эхнэр хүүхдээ аваад эмнэлэг рүү орж хүүхдээ үзүүлчихээд гарч ирсэн. Тэгээд бид нар бөөндөө гэмтлийн эмнэлэг ороод үзүүлэхэд намайг хэвт гэж хэлсэн. Би гэмтлийн эмнэлэгт хэвтээд дунд чөмөгний хагалгаанд ороод эмнэлгээс гарсан. Би хөлөө даахгүй байгаа. Дасгал хөдөлгөөнөө хийж чадахгүй байгаа. Намайг 2 сар өвчтэй хөлөн дээрээ явж болохгүй, ачаалал өгч болохгүй гэсэн. Мөн 2 сар бүрт ирж рентген зураг авхуулж бай гэсэн. Тухайн үед машин намайг ухраад мөргөхөд би тэвэрч явсан хүүхдээ өөрийнхөө гар дээрээ авч унасан. Охин зүгээр байгаа. Т надад 2 удаа над руу 800,000 төгрөгийг шилжүүлж өгсөн байгаа. Би цаашид эмчилгээ хийлгэх 5 сая төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-н 13-14/,   

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 001 тоот: 

  1. Э.С-э-н биед зүүн дунд чөмөгт ясны хүзүү хэсгийн зөрөөгүй хугарал гэмтэл тогтоогдлоо.

  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

  3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-н 18/,

 

Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Техникийн 594 тоот:

1. Toyota Aqua маркийн 29-14 УБХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Б овогтой Т нь МУ-ын ЗХД-ийн 10.14 дэх заалт “Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2. Явган зорчигч Э овогтой С-э нь МУ-ын ЗХД-ийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна.

3. Зэм тээврийн осол гарахад замын тэмдэг тэмдэглэгээ болон замын бусад байгууламжийн эвдрэл, гэмтэл нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна гэх дүгнэлт /хх-н 34/,

 

- Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 7-10/,

- Хохирогчийн өвчний түүхийн хуулбар /хх-н 81-90/,

- Хохирогчийн “...хоорондоо эвлэрсэн, эмчилгээний зардалд 2,800,000 төгрөг авсан санал гомдол байхгүй...” гэх хүсэлт /хх-н 93/,  

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 38/

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 39/

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 45/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Б.Т нь 2019 оны 12 дугаар сарын 20-ны 09 цаг 10 минутын орчимд Баянгол дүүргийн 11 дүгээр хороо “Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв”-ийн хашаан дотор замд “Toyota aqua” маркийн, 29-14 УБХ улсын дугаартай автомашиныг жолоодон ухрах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.14-т заасан “Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлын хангасан нөхцөл ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй.” гэснийг зөрчсөний улмаас явган зорчигч Э.С-ийг мөргөж, биед зүүн дунд чөмөгт ясны хүзүү хэсгийн зөрөөгүй хугарал гэмтэл буюу эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Б.Тын “...машинаа асаагаад уг зогсоол дээр ухарч байхдаа С-ийг санамсаргүйгээр мөргөсөн...” гэх мэдүүлэг, 

 

хохирогч Э.С-ий “...2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 09 цагийн орчим би бага охин 10 сартай Аялгуугаа тэврээд Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн хашаа руу баруун талын хаалгаар нь алхаж ороод машин зогсоол дээр явж байтал нэг машин ухарч ирээд намайг мөргөсөн...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 001 тоот дүгнэлт, Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Техникийн 594 тоот дүгнэлт, Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогчийн өвчний түүхийн хуулбар зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Тээврийн прокурорын газраас шүүгдэгч Б.Тт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Б.Тыг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актын зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

Хэргийн хохирогч Э.С-ий эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

 

Хохирогчийн “...хоорондоо эвлэрсэн, эмчилгээний зардалд 2,800,000 төгрөг авсан санал гомдол байхгүй...” гэх хүсэлт /хх-н 93/-ийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Б.Тт холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарч байгаа, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг бүрэн хангасан, прокуророос Б.Тыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялын саналаа танилцуулж, гарын үсэг зуруулсан нь шүүгдэгч эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд заасан шаардлагад нийцсэн байх тул шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж дээрх торгуулийн ялыг оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Тт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыгтөлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Б.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актын зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тыг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тыг торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд хөрөнгө хураагдаж ирээгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Тт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ