Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 0067

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Сарантуяа,

улсын яллагч Н.Энхболд,

шүүгдэгч Г.М, түүний өмгөөлөгч А.Очбадрал,

хохирогч Б.Ц-н өмгөөлөгч Д.Мөнхтуяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн прокурорын газраас Г.Мд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ___ дугаартай, 1 хавтас хэргийг 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ____ дугаарын регистртэй, Г.М.

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Г.М нь Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Алтан төгрөг худалдааны төвийн хүүхдийн хувцасны тасагт худалдагчаар ажиллаж байхдаа 2018 оны 02 дугаар сарын 06-наас 2018 оны 5 дугаар сарын 26-ны өдөр хүртэл хугацаанд 19.283.300 сая төгрөгийн дутагдал гаргаж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.М мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Г.Мгийн өгсөн:

“...Би 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Алтан төгрөг дэлгүүрийн нэг давхарт байрлах хүүхдийн хувцасны дэлгүүрт кассчинаар ажилд орсон. Хөдөлмөрийн гэрээ байгуулаагуй, анкет бөглөж ажилд орсон. Ажиллаж байх хугацаандаа хөдөлмөрийн гэрээ байгуулах талаар удаа дараалан хэлсэн боловч гэрээ байгуулаагүй. Тэгтэл 2018 оны 2 сард цагаан сарын дараа би тооцоогоо нэгтгээд тооцооны нягтланд тушаах гэтэл мөнгө илүү гараад байсан. Тэгэхээр нь би илүү гарсан мөнгийг нь аваад баримтаар тулгаад мөнгөө тушаасан, тэгэх үед тооцоо яг таарсан. Тэгээд би цаашид ингээд мөнгө аваад байж болох юм байна гэж бодсон. Би Төрийн банкинд 10 сая төгрөг, Э-ын 3 сая төгрөгийн зээл зэргийг сар сард нь төлөх ёстой байсан. Гэтэл миний цалин хүрэлцдэггүй байсан тул орлогын мөнгөнөөс мөнгө хэрэг болсон үедээ өдөрт багадаа 80.000 төгрөг ихдээ 300.000 төгрөгөөр аваад өр ззэлээ төлөөд, хувьдаа ашигладаг байсан. Энэ байдал 3 сар гаран үргэлжилж сүүлдээ тооцоо шахсан чинь надад 300.000 төгрөг дутаасан асуудал гараад үүнээс үүдэлтэй миний мөнгө тушаасан баримтуудыг шалгаж үзнэ гэхээр нь нягтлан Мөнхзулд миний цалин, хоолны мөнгөнөөс суутгаарай гэж хэлээд ажлаасаа гараад дахиж ажил дээрээ очоогүй. Миний тооцоогоор би хувьдаа 15 орчим сая төгрөг завшсан. Орлогын мөнгө над дээр цуглараад орой дэлгүүр хаах үед би орлогоо тооцооны няравдаа тушаадаг ба тушаахаасаа өмнө надад хэдэн төгрөг хэрэгтэй байгаа, тэрийгээ аваад үлдэгдлийг нь биллэндээ тааруулж бичээд тушаадаг байсан.

Би завшсан мөнгөөрөө Төрийн банкны зээлээсээ 3 сарын төлбөр төлсөн, Э-ын зээлнээс 4 сарын төлбөр төлөөд 2-3 сая төгрөг хасуулсан. Миний энэ үйлдлийг Э- мэддэг байсан ба сүүлдээ би завшсан мөнгөө Э-т өгдөг байсан. Ажлын цаг дуусахаар бид 2 тэр мөнгөөр хоолонд ороод хувцас авч өмсөөд дэлгүүр хэсдэг байсан.

Цээлээ эгч намайг 21.000.000 төгрөгийг хувьдаа авч ашигласан гээд байсан. Харин миний хэрэглэж байсан тооцооны дэвтэр бусад худалдагч нарын тооцооны дэвтэртэй харьцуулан үзлэг хийснээр би 19.283.300 төгрөгийг авсан гэж гарсан. Миний хувьд үзлэг хийхэд хамт байсан учраас тухайн хохирлын хэмжээг хүлээн зөвшөөрч байгаа юм. Мөн миний хувьд Цээлээ эгчид нийт 1.500.000 төгрөгийг эргүүлэн өгсөн, одоогоор үлдэгдэл мөнгийг нь өгч чадаагүй байгаа. Тэгэхдээ миний хувьд бусад учруулсан хохирлоо ажил хөдөлмөр хийж төлж барагдуулах болно...” гэх мэдүүлэг /хх-н 51-52, 58-59/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Б.Ц-н мэдүүлэхдээ:

“...Би 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс Баянгол дүүргийн 18-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Алтан төгрөг дэлгүүрийн 1 давхрын хүүхдийн хувцасны тасгийг түрээслэж ажиллуулж эхэлсэн ба шуурхай зар сонинд худалдагч, кассчин авах зар тавьж зарын дагуу ирсэн 5 эмэгтэйг ажилд авсан ба кассчинаар Г.Мг, худалдагчаар Н, А, Б, Э гэх хүмүүсийг ажилд аваад 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс уг хүмүүсийг дэлгүүр дээрээ ажиллуулж эхэлсэн ба гэрээ хийгээгүй, анкетыг бөглүүлж авч байсан. Ажил үүргийн хувиар гэж цаасан дээр буусан зүйлгүй би өөрөө амаар үүрэг даалгавар, хэрхэн ажиллах талаар чиглэл өгдөг байсан ба 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлээд 4 худалдагчид өөрийн хариуцсан хэсгийн барааг зарсан үедээ мөнгөө тухай бүрт нь кассчин М-д өгдөг байсан ба жишээ нь 10 ширхэг барааг 10 өөр хүнд зарахад мөнгөө 10 удаа М-д өгнө гэх жишээний ажилладаг байсан ба манай дэлгүүр өглөө 10 цагаас орой 20 цаг хүртэл ажилладаг ба ажлын цаг дуусахаар кассчин бүх орлогоо орлогын падан дээр тусгаж кассын няравт өгдөг байсан ба энэ жишгээр 2018 оны 5-р сарын 22-ны өдрийг хүртэл ажилласан. Тухай бүрт манай орлогын нярав худалдагч нарын орлоготой М-гийн өгсөн орлогын мөнгийг тулгаж байгаагүй юм байна лээ. Гэтэл 2018 оны 5-р сарын 26-ны өглөө би ажил дээрээ ирээд 5 дугаар сарын 25-ны өдөр танай хэсэг дээр хэдэн төгрөгийн орлого орсон бэ гээд худалдагч Нгээс асуутал Н 1.033.000 төгрөг орсон гэсэн ба орлогоо хартал Нгийн хэсгээс М- 826.100 төгрөг тушаасан байхаар нь гайхаад М-гаас асуух гэтэл М- байхгүй байсан. Гэтэл удалгүй нөхөртэйгөө хамт ороод ирсэн байсан. Тэгэхээр нь би М-гаас үлдэгдэл мөнгө нь хаана байгаа юм гэхэд 26-ны өдрийн орлогонд оруулна мөнгө нь кассанд байгаа гэсэн. Тэгэхээр нь би кассаа нээгээд хартал ямар ч мөнгө байгаагүй. Тэгэхээр нь би үлдэгдэл мөнгө нь хаана байгаа юм гэхэд М- мэдэхгүй гэсэн. Тэгэхээр нь би чи яахаараа мэддэггүй юм, мөнгөнийхөө учрыг ол гэж хэлэхэд нөхөр нь манай эхнэр хулгайч биш миний эмзэг эхнэрийг хулгайд хардлаа, би өөрөө цагдаагийн газар ажиллаж байсан хүн та нар ингэж болохгүй манай эхнэр ийм юм мэдэхгүй гэх мэтээр над руу дайрсан. Би эхнэрээ ажлаасаа гар гэж удаа дараалан хэлэхэд манай захирал надад сайн байдаг би гарахгүй гэж хэлээд байсан гэх мэтээр яриад байсан. Тэр зуур би дэлгүүрийнхээ лангууг үзчихээд буцаад касс дээр иртэл М- нөхөртэйгөө байхгүй байсан ба лангууны доор үлдээсэн байсан гар утас, цүнх, надаас зээлээр авсан бараанууд зэргээ аваад явсан байсан. Би ирэхийг нь хүлээсэн боловч ирээгүй ба зугатсан байсан. Тэгээд би М-г ирэх болов уу гэсэн боловч ирээгүй. Тэгэхээр нь өмнөх сарын орлогуудыг хөөж худалдагчийн өгсөн мөнгө М-гийн тушаасан мөнгөтэй тулгаж үзээд камер шүүж үзтэл М- орлогын мөнгөнөөс өөрийн юм шиг халаасандаа хийж, Ариг банк руу орж мөнгө тушааж байгаа, мөн худалдагч нарын тушаасан мөнгөнөөс өдөр бүр мөнгө хувьдаа авч орлогын няравт мөнгө дутуу тушаадаг зэрэг байдлууд илэрсэн тул цагдаагийн байгууллагад хандсан.

Би 2018 оны 01-р сарын 01-ний өдрөөс 2018 оны 5-р сарын 25-ны өдрийн хоорондох М-гийн худалдагч нараас авсан мөнгөний баримт, тооцооны няравт тушаасан баримт зэргийг хөөж тулгаж үзэхэд 19.349.300 төгрөгийн хохирол учирсан байна. М- худалдагч нараас мөнгө авсан баримт, М- тооцооны няравд мөнгө хүлээлгэж өгсөн баримт зэргийг бид жагсаалтаар нэг бүрчлэн гаргаж өгнө. Энэ баримтуудаар М- хэдэн төгрөг хэрхэн хувьдаа завшсан нь тодорхой гарч ирнэ. Мөн үүнээс гадна М- надаас хүүхдийн хувцас зээлээр авсан үүний жагсаалтыг гаргаж өгнө. Гомдолтой байна. Мөнгөө яаралтай гаргуулж авмаар байна. М- утасны дугаараа солиод. хөдөөний хаягтай хаяг дээрээ амьдардаггүй юм байна лээ. Тиймд түүнийг олж тогтоож хорьж шалгаж өгнө үү. Мөн уг хэрэгт түүний нөхөр холбоотой байхыг үгүйсгэхгүй.

2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр танай дэлгүүрийн худалдагч нарын хөтөлж байсан дэвтэр дээр өдөр тутмын зарсан барааны мөнгөн дүнг тэмдэглэн бичсэн тооцоог, нягтланд хүлээлгэж өгсөн бэлэн мөнгөний орлогын баримтуудтай харьцуулан үзлэг хийсэн тэмдэглэлээр Г.М нь ажиллаж байх хугацаандаа 19.283.300 төгрөгийг хувьдаа завшсан байна. Г.Мг ажиллуулах хугацаанд ямар нэгэн хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй...” гэх мэдүүлэг /хх-н 34-36/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Д.М-ын өгсөн:

“...Би 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр Баянгол дүүрэг 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Алтан төгрөг худалдааны төвийн 1 давхарт байдаг хүүхдийн хувцасны тасагт бэлэн мөнгөний няраваар ажилд орсон. Тухайн үед ажиллаж байсан кассын ажилтан М- нь худалдагч нараас зарагдсан барааны баримтыг мөнгөтэй нь хурааж аваад өдөр өдөртөө орлогыг баримттай нь хамт надад гарын үсэг зурж өгдөг байсан юм. Тэгээд 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдөр надад 700.000 төгрөг тушаасан. Тэгээд маргааш нь захирал Цээлээ ирээд өчигдөр хэдэн төгрөгийн орлого орсон юм бэ гээд худалдагч Нгээс асуухад 1,079.000 төгрөг орсон гэхээр нь би надад өчигдөр 700.000 төгрөг л тушаасан шүү дээ гэсэн чинь юу яриад байгаа юм бэ гээд М-гаас асуусан чинь өчигдөр орлого тушааснаас хойш орсон орлого гэсэн чинь худалдагч Н, О хоёр юу яриад байгаа юм бэ? чамайг өчигдөр орлого тушаахаас өмнө 1.079.000 төгрөг орчихсон байсан шүү дээ тэгвэл одоо чиний кассанд үлдэгдэл мөнгө нь байгаа юм байна гээд очоод үзэхэд өчигдрийн үлдэгдэл ямар нэгэн мөнгө төгрөг байгаагүй.

Г.Мгаас бэлэн мөнгө авахдаа тухайн өдрийн орсон орлогыг бэлэн мөнгө, карт, мобайл банк гэж 3 хуваагаад хооронд нь нэмээд орлого баримт хоёр таарч байвал гарын үсгийг нь зуруулаад авдаг. Бүх баримтандаа нягталж худалдагчид хадгалагддаг баримт надад М-гийн тушаасан баримт миний мөнгө хүлээж авсан баримт зэрэг бүгд зөрүүтэй байсан. Ингээд М-гийн худалдагч нараас орлогын мөнгийг аваад гарын үсэг зуруулдаг дэвтрийг нь хартал бүгдийг засварласан байсан ба худалдагч нараас асуухад өглөө болгон ажил эхлэхэд М- өмнөх орой нь бид нараас авсан мөнгөн дүнтэй дэвтэр дэзр бид нараар гарын үсэг зуруулдаг байсан гэсэн боловч худалдагч нараар гарын үсэг зуруулчихаад дүнг нь өөрчилж засдаг байсан байна лээ. М-гийн ажиллаж байх үеийн бүх баримтанд тулгалт хийхэд 9-1-р тасгийн орлогоос 3.275.400 төгрөг, 9-2-р тасгийн орлогоос 7.116.400 төгрөг, 9-3-р тасгийн орлогоос 1.666.600 төгрөг, 9-4-р лангууны орлогоос 7.230.500 төгрөг нийт 19.451.300 төгрөгийг М- надад тушаалгүйгээр хувьдаа авсан. Мөн том хүний хувцасны тасгийн худалдагч хувцас зараад 162.400 төгрөгийн барааны төлбөрийг картаар уншуулсныг М- баримтыг нь устгаж бас л хувьдаа завшсан. Энэ бүгд нийлээд 19.451.300 төгрөг болж байна. Тиймд М-г олж тогтоож өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-н 41-42, 46/,

 

Мөрдөн байцаалтад гэрч О.Э-ын өгсөн:

“...М- бид хоёр 2017 оны 11 дүгээр сард танилцаад хамтран амьдардаг болсон ба М- зээлтэй, би зээлтэй хоёулаа ажилгүй байсан тул зээлээ төлөх боломжгүй байсан. М- аргагүй байдлаар ийм гэмт хэрэг үйлдсэн. Би М-г их мөнгөн дээр ажиллаж байж боломжоороо баригдахгүй амьжиргаа залгуулах мөнгө авчир гэж хэлсний дагуу М- мөнгө авчирдаг болсон. Энэ гэмт хэргийг үйлдэхэд би илүү түлхэц болсон. Миний тооцоогоор М- ажлаасаа 5-7 сая орчим төгрөг ажлаасаа авчирч надад өгсөн гэж тооцоолж байна. Хохирлоо ойрын хугацаанд барагдуулна. М-г гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн зүйл надад байхгүй. Би бодохдоо М-гийн үйлдсэн гэмт хэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдал үүсэх байх гэж бодоод би нөлөөлсөн гэж мэдүүлсэн юм...” гэх мэдүүлэг /хх-н 43, 49-50/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Д.Нгийн өгсөн:

“...Би Баянгол дүүргийн 18-р хороо Алтан төгрөг дэлгүүрийн 1 давхрын хувцасны дэлгүүрт 2017 оны 12-р сарын 20-ны өдрөөс худалдагчаар ажиллаж эхэлсэн ба 2018 оны 01-р сарын 01-ний өдрөөс М- гэх эмэгтэй кассчинаар ажиллаж эхэлсэн юм. Манай дэлгүүр 4 тасагтай ба би 9-2-р тасгийг хариуцаж ажилладаг. Орсон орлогоо тухай бүрт нь кассчин М-д хүлээлгэн өгч тооцооны хуудсан дээр касс 2 гэсэн тэмдгийг М- өөрөө мөнгөө тоолж аваад дардаг байсан. Гэтэл нэг өдөр дарга надаас өчигдөр хэдэн төгрөгийн орлого орсон гэхээр нь би орсон орлогоо хэлтэл яахаараа М-гийн тушаасан мөнгө нь бага байгаа юм гээд дарга тооцоонуудаа нягталж үзэж байгаад М-гаас асуутал М- мөнгө кассанд байгаа гэсэн ба кассаа үзтэл мөнгөгүй байсан. Тэгээд дарга М-г наад асуудлаа шийдээрэй гэж хэлсэн боловч М- алга болчихсон. Тэгээд дахиад дэлгүүр дээр ирээгүй. Үүнээс хойш би М-г хараагүй...” гэх мэдүүлэг /хх-н 45/,

 

Мөрдөн байцаалтад гэрч М.Эын өгсөн:

“...Би Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Алтан төгрөг дэлгүүрийн 1 давхарт байх хүүхдийн хувцасны дэлгүүрт 2017 оны 12-р сарын 10-ны өдөр худалдагчаар ажилд орсон. Би 9-4 дүгээр тасгийг хариуцдаг худалдан авагч миний тасгаас бараа худалдан авахад би тооцооны баримтан дээр худалдаж авах гэж буй барааны нэрийг үнэтэй нь бичиж худалдан авагчийг касс дээр очих үед уг баримтаа касс М-д өгдөг. М- уг баримтны 2 хувь дээр Касс-2 гэсэн тэмдгээ дараад нэг хувийг нь надад өгөөд нөгөө хувийг нь өөртөө авч үлддэг байсан ба маргааш өглөө нь ажил эхлэхэд М- надаас авсан бүх баримтуудаа нийлүүлж бодоод нийлбэр дүн дээр нь надаар гарын үсэг зуруулаад бэлэн мөнгөний няравт мөнгөө тушаадаг байсан. Гэтэл 2018 оны 5-р сарын 26-ны өдөр байх Цээлээ эгч М-г мөнгө тушаалаа гээд байсан ба М- нөхөртэйгө ирчихсэн байж байгаад явчихсан байсан. Түүнээс хойш харагдаагүй. Гэтэл бэлэн мөнгөний нярав Цээлээ эгч 2 тооцоо гаргаад танай тасаг дээр 7.230.500 төгрөгийн зөрүү гарч байна гэсэн ба М-гийн дэвтрийг Цээлээ эгч бидэнд үзүүлэхэд М- бид нараар гарын үсэг зуруулчихаад дараа нь мөнгөн дүн дээр бүгд дээр нь засалт хийчихсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-н 48/,

 

- Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 17-32/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 122/

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 138/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч  Г.М нь Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Алтан төгрөг худалдааны төвийн хүүхдийн хувцасны тасагт худалдагчаар ажиллаж байхдаа 2018 оны 02 дугаар сарын 06-наас 2018 оны 5 дугаар сарын 26-ны өдөр хүртэл хугацаанд 19.283.300 сая төгрөгийн дутагдал гаргаж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Г.Мгийн “...Орлогын мөнгө над дээр цуглараад орой дэлгүүр хаах үед би орлогоо тооцооны няравдаа тушаадаг ба тушаахаасаа өмнө надад хэдэн төгрөг хэрэгтэй байгаа, тэрийгээ аваад үлдэгдлийг нь биллэндээ тааруулж бичээд тушаадаг байсан.

...миний хэрэглэж байсан тооцооны дэвтэр бусад худалдагч нарын тооцооны дэвтэртэй харьцуулан үзлэг хийснээр би 19.283.300 төгрөгийг авсан гэж гарсан...” гэх мэдүүлэг,

 

хохирогч Б.Ц-н “...2018 оны 5-р сарын 26-ны өглөө би ажил дээрээ ирээд 5 дугаар сарын 25-ны өдөр танай хэсэг дээр хэдэн төгрөгийн орлого орсон бэ гээд худалдагч Нгээс асуутал Н 1.033.000 төгрөг орсон гэсэн ба орлогоо хартал Нгийн хэсгээс М- 826.100 төгрөг тушаасан байхаар нь гайхаад М-гаас асуух гэтэл М- байхгүй байсан. Гэтэл удалгүй нөхөртэйгөө хамт ороод ирсэн байсан. Тэгэхээр нь би М-гаас үлдэгдэл мөнгө нь хаана байгаа юм гэхэд 26-ны өдрийн орлогонд оруулна мөнгө нь кассанд байгаа гэсэн. Тэгэхээр нь би кассаа нээгээд хартал ямар ч мөнгө байгаагүй.

...2018 оны 01-р сарын 01-ний өдрөөс 2018 оны 5-р сарын 25-ны өдрийн хоорондох М-гийн худалдагч нараас авсан мөнгөний баримт, тооцооны няравт тушаасан баримт зэргийг хөөж тулгаж үзэхэд 19.349.300 төгрөгийн хохирол учирсан байна...” гэх мэдүүлэг,

 

гэрч Д.М-ын “...М- нь худалдагч нараас зарагдсан барааны баримтыг мөнгөтэй нь хурааж аваад өдөр өдөртөө орлогыг баримттай нь хамт надад гарын үсэг зурж өгдөг байсан юм. Тэгээд 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдөр надад 700.000 төгрөг тушаасан. Тэгээд маргааш нь захирал Цээлээ ирээд өчигдөр хэдэн төгрөгийн орлого орсон юм бэ гээд худалдагч Нгээс асуухад 1,079.000 төгрөг орсон гэхээр нь би надад өчигдөр 700.000 төгрөг л тушаасан шүү дээ гэсэн чинь юу яриад байгаа юм бэ гээд М-гаас асуусан чинь өчигдөр орлого тушааснаас хойш орсон орлого гэсэн чинь худалдагч Н, О хоёр юу яриад байгаа юм бэ? чамайг өчигдөр орлого тушаахаас өмнө 1.079.000 төгрөг орчихсон байсан шүү дээ тэгвэл одоо чиний кассанд үлдэгдэл мөнгө нь байгаа юм байна гээд очоод үзэхэд өчигдрийн үлдэгдэл ямар нэгэн мөнгө төгрөг байгаагүй.

...М-гийн ажиллаж байх үеийн бүх баримтанд тулгалт хийхэд 9-1-р тасгийн орлогоос 3.275.400 төгрөг, 9-2-р тасгийн орлогоос 7.116.400 төгрөг, 9-3-р тасгийн орлогоос 1.666.600 төгрөг, 9-4-р лангууны орлогоос 7.230.500 төгрөг нийт 19.451.300 төгрөгийг М- надад тушаалгүйгээр хувьдаа авсан. Мөн том хүний хувцасны тасгийн худалдагч хувцас зараад 162.400 төгрөгийн барааны төлбөрийг картаар уншуулсныг М- баримтыг нь устгаж бас л хувьдаа завшсан. Энэ бүгд нийлээд 19.451.300 төгрөг болж байна...” гэх мэдүүлэг,

 

гэрч О.Э-ын “...Би М-г их мөнгөн дээр ажилладаг байж боломжоороо баригдахгүй амьжиргаа залгуулах мөнгө авчир гэж хэлсний дагуу М- мөнгө авчирдаг болсон. Миний тооцоогоор М- ажлаасаа 5-7 сая орчим төгрөг ажлаасаа авчирч надад өгсөн гэж тооцоолж байна...” гэх мэдүүлэг,

 

гэрч Д.Нгийн “...2018 оны 01-р сарын 01-ний өдрөөс М- гэх эмэгтэй кассчинаар ажиллаж эхэлсэн юм. Манай дэлгүүр 4 тасагтай ба би 9-2-р тасгийг хариуцаж ажилладаг. Орсон орлогоо тухай бүрт нь кассчин М-д хүлээлгэн өгч тооцооны хуудсан дээр касс 2 гэсэн тэмдгийг М- өөрөө мөнгөө тоолж аваад дардаг байсан. Гэтэл нэг өдөр дарга надаас өчигдөр хэдэн төгрөгийн орлого орсон гэхээр нь би орсон орлогоо хэлтэл яахаараа М-гийн тушаасан мөнгө нь бага байгаа юм гээд дарга тооцоонуудаа нягталж үзэж байгаад М-гаас асуутал М- мөнгө кассанд байгаа гэсэн ба кассаа үзтэл мөнгөгүй байсан...” гэх мэдүүлэг,

 

гэрч М.Эын “...2018 оны 5-р сарын 26-ны өдөр байх Цээлээ эгч М-г мөнгө тушаалаа гээд байсан ба М- нөхөртэйгө ирчихсэн байж байгаад явчихсан байсан. Түүнээс хойш харагдаагүй. Гэтэл бэлэн мөнгөний нярав Цээлээ эгч 2 тооцоо гаргаад танай тасаг дээр 7.230.500 төгрөгийн зөрүү гарч байна гэсэн ба М-гийн дэвтрийг Цээлээ эгч бидэнд үзүүлэхэд М- бид нараар гарын үсэг зуруулчихаад дараа нь мөнгөн дүн дээр бүгд дээр нь засалт хийчихсэн байсан...” гэх мэдүүлэг, Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Г.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Г.Мг итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

Хавтаст хэргийн 17-32 дугаар талд авагдсан эд зүйлд үзлэг хийсэн баримтаар шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогчид нийт 19.283.300 төгрөгийн хохирол учирсан нь тогтоогдож байх бөгөөд шүүх хуралдаанд хохирлоо 1,500,000 төгрөг төлсөн гэж шүүгдэгч мэдүүлж, хохирогчийн өмгөөлөгч маргаагүй тул хохирлоос хасч Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Мгаас 17,783,300 /арван долоон сая долоон зуун наян гурван мянга гурван зуун/ төгрөг гаргуулж хохирогч Б.Ц-д олгож шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгчид  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах саналыг тус тус гаргасан ба шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангиллын гэмт хэрэг, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа үйлдсэн, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байгаа, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэлээ.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Г.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.

 

  4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Мгаас 17,783,300 /арван долоон сая долоон зуун наян гурван мянга гурван зуун/ төгрөг гаргуулж хохирогч Б.Ц-д олгосугай.

 

  5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ