Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 28

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

       Ш.Сд холбогдох эрүүгийн

     хэргийн тухай

       

 

Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч В.Цэцэнбилэг, шүүгч Н.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

            Прокурор                                                        Б.Батсайхан

            Насанд хүрээгүй хохирогчийн

хууль ёсны төлөөлөгч                                  Д.Ц

            Хохирогчийн өмгөөлөгч                               Г.Энхбаяр

            Шүүгдэгчийн өмгөөлөгч                               В.Удвал

            Нарийн бичгийн дарга                                  Б.Анхтуяа нарыг оролцуулан

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 54 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ц-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, Ш.Сд холбогдох 201703000009 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч В.Цэцэнбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1956 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Архангай аймгийн Батцэнгэл суманд төрсөн, 61 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Архангай аймгийн Батцэнгэл сумын Цац багийн нутаг дэвсгэр Хүйс гэх газар оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Боржигон овогт Ш.С  

 

Ш.С нь 2015 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Архангай аймгийн Батцэнгэл сумын Цац багийн нутаг дэвсгэр Чингэлтэйн дөрөлж гэх газарт хадлан хадах үйл ажиллагаа явуулж байхдаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.8 дахь хэсэгт заасан “Аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх”, мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.16-д заасан “Энэ хуулийн 4.1.2-т заасан /Xувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн/ этгээд нь өөрийн ажиллагсдын аюулгүй, эрүүл ажиллах нөхцөлийг бүрдүүлэх үүрэгтэй”, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т заасан “Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна”, Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.4-т “Насанд хүрээгүй хүнийг оюун ухааны хөгжил, эрүүл мэндэд нь харшлах хөдөлмөр эрхлүүлэхийг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас насанд хүрээгүй хохирогч Д.Т нь өвс хадагч тармуурт баруун гараа гэмтээж улмаар гарын 1/3 хэсгээрээ тайруулж түүний биед хүнд гэмтэл буюу хүнд хор уршиг учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Архангай аймгийн Прокурорын газраас Ш.Сд холбогдох хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлийн 138.2-т зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 54 дугаартай шийтгэх тогтоолоор:

Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ш.Сд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлийн 138.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1 болгон хөнгөрүүлэн өөрчилж,

Шүүгдэгч Боржигон овогт Ш.Сыг бусдын бие махбодид хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1-д зааснаар шүүгдэгч Ш.Сыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Ш.Сд оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж,

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, битүүмжлэгдсэн пад пад трактор, хадагч тармуурыг Архангай аймгийн Батцэнгэл сумын Цац багийн Хүйс гэх газар оршин суух Боржигон овогт Ш.Сд буцаан олгож,

Шүүгдэгч Ш.С нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдаж, хохирогч Д.Т нь цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч Ш.Сд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1-д зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллах үүргийг Архангай аймаг дахь Цагдаагийн газарт даалгаж,

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Сд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

Тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтыг түдгэлзүүлж шүүгдэгч Ш.Сд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ц-гийн гаргасан давж заалдах гомдолд:

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 54 тоот шийтгэх тогтоолоор Батцэнгэл сумын иргэн Ш.Сд холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлийн 138.2-т заасныг Эрүүгийн хуулийн 97 дугаар зүйл болгон өөрчилж ял шийтгэлийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ц миний бие эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Учир нь тухайн хэрэг болдог өдөр буюу 2015 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Батцэнгэл сумын Цац багийн Чингэлтэйн дөрөлж гэх газарт хадлан хадах үйл ажиллагааг зөвхөн Ш.С гэдэг хүний малын тэжээлийг бэлтгээгүй. Ш.С гуайн хүү Бямбажамц, Бямбадорж хүргэн Өлзий нарын өвсийг бөөндөж бэлтгэж байсан. Тэр үед тракторыг жолоодож явсан хүн нь Бямбадорж байхад адилхан малынхаа өвсийг бэлдэж байсан Бямбажамц, Өлзий нар болон трактор жолоодож явсан тухайн хэргийн гол буруутан Бямбадорж нар ямар ч хариуцлага хүлээхгүй, өндөр настан Ш.Сд хэргийг хариуцуулж үлдээж буйд гомдолтой байна. Ш.С гуай миний хүүг гэр лүү нь явуулахгүй өвсөө хадаж дуусаад яваарай гээд насанд хүрээгүй хүүхдээр хийх ёсгүй ажил хийлгэсэн нь буруутай хэдий ч тухайн тракторыг жолоодож явах үед хүүхэд нойр хүрээд байна. Унтая гэхэд унтуулахгүй ажлаа үргэлжлүүлээд хийлгээд байсан Бямбадорж шууд буруутай байхад түүнийг энэ хэрэгт холбогдуулж шалгаагүйд гомдолтой байна. Иймээс шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгон хэргийг Бямбадоржийг холбогдуулан дахин шалгуулахаар мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү. Давж заалдах шүүх хуралд өмгөөлөгчийн хамт оролцоно. Би шийтгэх тогтоолыг 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдөр гардаж авсан болно гэжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ:

Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Батсайхан би  Прокурорын тухай хуулийн 17 дугаар зүйл, 19 дүгээр зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.4, 39.5-т заасныг тус тус удирдлага болгон 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар  зүйлийн 97.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн Ш.Сд холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцож дараахь саналыг гаргаж байна. Шүүгдэгч Ш.С нь 2015 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Архангай аймгийн Батцэнгэл сумын Цац багийн нутаг дэвсгэрт Чингэлтэйн Дөрөлж гэх газар хадлан хадах үйл ажиллагаа явуулж байхдаа насанд хүрээгүй хохирогч Д.Т нь өвс хадагч тармуурт баруун гараа гэмтээж улмаар гарын 3/1 хэсгээр тайруулж, түүний биед хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугласан нотлох баримтаар тогтоогдсон. Уг хэргийг анхан шатны шүүх хянан хэлэлцээд 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 54 дугаартай шийтгэх тогтоол гаргаж Ш.Сыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн           97.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож түүнийг мөн энэ зүйлд зааснаар хоёр жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр зааж, оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4-т зааснаар тэнсэж хянан харгалзаж шийдвэрлэсэн. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс гаргасан гомдол нь гэмт хэргийн зүйлчлэл болон уг гэмт хэрэгт шалгавал зохих хүнийг шалгалгүй орхигдуулсан гэсэн гомдол гаргасан. Прокурорын зүгээс дээрх үйлдэл бүрэн нотлогдож тогтоогдсон гэж үзэж байна. Уг хэрэгт өөр хүнийг холбогдуулан шалгах үндэслэл мөрдөн байцаалтын шатанд байгаагүй. Хэргийн зүйлчлэлийн хувьд  Ш.Сын үйлдсэн гэмт хэрэгт тохирсон байна. Өөрөөр хэлбэл  хэргийн нөхцөл байдалд шүүх зөв үнэлэлт дүгнэлт хийж нотлох баримтанд үндэслэн шийдвэрээ гаргасан байна гэж үзэж байна. Прокурорын зүгээр Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 54 дүгээр дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон түүний өмгөөлөгчийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч В.Удвал шүүх хуралдаанд гаргасан саналдаа:

Хоёр зүйлийг орхигдуулсан байна. Бямбадоржыг энэ хэрэгт татан оролцуулах талаар гомдол дээр нь яригдаад байна. Бямбадоржын хувьд тухайн үед тармуур дээр сууж тракторыг жолоодож явсан нь үнэн. Гэхдээ Бямбадоржын ямар буруутай үйлдлээс болоод энэ хүүхэд унаад гараа гэмтээсэн талаарх асуудлыг шалгахад Бямбадоржын үйлдэлд ямар нэгэн болгоомжгүй үйлдэл харагдахгүй. Харин хүүхэд маань өөрөө нойрмоглож байгаад унаад гараа авч байгаа үйлдэл харагдаж байна. Ажил хөдөлмөр хийлгүүлж байгаад тухайн хүн маань бэртэж байгаа. Тэгэхээр Бямбадоржыг энэ хэрэгт холбогдуулан зайлшгүй  шалгах шаардлага байхгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.5-т Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит нөхцөл байдалтай нийцээгүй тохиолдолд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгоно. Хууль хэрэглээнийхээ хувьд шүүх анхаараад зөв шийдэх байх гэж үзэж байна. Гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зөв гэсэн санал гаргаж байна гэв.

 

Хохирогчийн өмгөөлөгч Г.Энхбаяр шүүх хуралдаанд гаргасан саналдаа:

Миний хувьд Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Хэргийн бодит болсон үйл явдалд үнэлэлт  дүгнэлт зөв хийж чадсангүй гэсэн үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулах саналтай байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3-т тус тус зааснаар Ш.Сд холбогдох хэрэгт гаргасан насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Цгийн гомдлыг хянан шийдвэрлэхдээ тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянан үзлээ.

 

  Анхан шатны шүүх мөрдөн байцаалтын явцад хууль зөрчиж цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтыг анхаарч үзэлгүй хэргийг шийдвэрлэн шийтгэх тогтоол гаргасан нь  үндэслэлгүй болжээ. Тухайлбал  

              Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Шинжээчийн дүгнэлтэд ...шинжээчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, боловсролын болон эрдмийн зэрэг, мэргэжил, мэргэшил, цол, албан тушаал, ажилласан хугацаа, шинжилгээний обьектын талаархи мэдээлэл, шинжилгээний аргачлал, явц, үр дүн... зэргийг тусгана гэж, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 18 дугаар зүйлд шинжилгээ хийсэн он, сар, өдөр, газар,шинжилгээ хийх болсон үндэслэл, шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн талаархи мэдээлэл, шинжилгээ хийсэн шинжээчийн талаархи мэдээлэл /овог, нэр, боловсрол, мэргэжил, ажилласан жил, эрдмийн зэрэг, цол, албан тушаал/, санаатайгаар худал дүгнэлт гаргасан тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг сануулсан тэмдэглэл, шинжилгээний объект ба хэргийн материалыг шинжилсэн явц, шинжилгээний явцад байлцсан хэргийн оролцогчийн талаархи мэдээлэл, шинжээчид тавьсан асуулт, түүнд өгсөн хариулт, түүний үндэслэлийг асуулт тус бүрээр...тусгана гэж тус тус заасан ба Ч.Мөнхбаярын 2017 оны 02 сарын 15-ны өдрийн шинжээчийн /дугааргүй/ дүгнэлт, Б.Эрдэнэдаваагийн 2017 оны 02 сарын 08-ны өдрийн /дугааргүй/ дүгнэлт зэрэг нь хууль зөрчсөн, хуульд заасан шаардлагыг хангаагүй байна.

 

Хууль зөрчиж гаргасан дээрх 2 шинжээчийн дүгнэлтийг анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо эдгээр нотлох баримт нь хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзэж шийтгэх тогтоолын үндэслэл болгосон нь анхан шатны шүүх хууль зөрчсөн зөрчлийг арилгалгүй үргэлжлүүлж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

            Иймд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 54 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

 

Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан тул давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Ш.Сд 2017 оны 7 дугаар 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөгдсөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1-ийн 1.1-т зааснаар хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсэн болно.

 

               Давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлээгүй тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолд дүгнэлт өгөх боломжгүй ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1-т хүсэлт гомдлыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед гаргаж болно гэж хуульчилсан байх тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гомдол, хүсэлтээ хэдийд ч гаргах эрхтэй юм.

 

               Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 54 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хэрэг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Ш.Сд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

3.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Т.ДАВААСҮРЭН
 

                                                 ШҮҮГЧИД                              Н.ЭНХМАА

 

            В.ЦЭЦЭНБИЛЭГ