Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 846

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга даргалж, тус шүүхийн “2” дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,  

Нэхэмжлэгч: “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох, 

Нэхэмжлэлийн шаардлага: “Б” ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын МV-******  дугаартай тусгай зөвшөөрлийг цуцалсан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 200 дугаар шийдвэрийн “Б” ХХК-нд холбогдох хэсгийг хүчингүй болгож, ашигт малтмал ашиглалтын MV-******  дугаартай тусгай зөвшөөрлийг сэргээхийг цуцалсан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад даалгах” тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч А.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уранчимэг нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Б” ХХК-ийн захирал Д.Б  нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Манай компани ашигт малтмалын ашиглалтын МV-*****  дугаартай тусгай зөвшөөрлийг 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдөр “Ш” ХХК-аас Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу шилжүүлэн авсан. “Б” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд болох захирал Д.Б  миний бие 2017 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд биеийн эрүүл мэндийн байдал муудсан тул БНСУ-д эмчилгээ хийлгэсэн болно. Ингээд 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Монгол Улсад буцаж ирсэн. Монголд буцаж ирсний дараа Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсээс манай “Б” ХХК-ийн 2016 оны 4 дүгээр сард буюу 1 жилийн өмнө шилжүүлэн аваад холбогдох төлбөрийг төлсөн МV-*******, М\/-******  дугаартай тусгай зөвшөөрлүүдийн ээлжит жилийн төлбөрөө төлж барагдуулах тухай Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 7/1390 тоот албан бичгийг манай хаягаар хүргүүлсэн байсныг БНСУ-аас Монголд ирсэн хойноо буюу 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч мэдсэн. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т “Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана” гэж заасны дагуу Ашигт малтмал, газрын тосны газраас дээрх 7/1390 тоот албан бичгийг ирүүлсэн гэж ойлгож байна.

Түүнчлэн, Ашигг малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-т “Энэ хуулийн 56.2-т заасан мэдэгдэлд заасан үндэслэлийг зөвшөөрөхгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч түүнийгээ нотлох баримт бичгийг төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ” гэж заасан байдаг. Дээрх хуулийн зохицуулалтын хүрээнд Ашигт малтмал, газрын тосны газрын 2017 оны 7/1390 тоот албан бичиг нь манай компанид тусгай зөвшөөрлийн төлбөрөө төлөх боломж олгох тухай мэдэгдэл байсан.

Иймд уг мэдэгдлийг гардаж авсны дараа, МV-*******, М\/-*****  дугаартай тусгай зөвшөөрлүүдийн ээлжит жилийн төлбөрийг 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр төлж барагдуулсан болно.

Түүнчлэн тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөн баримтыг Ашигт малтмал, газрын тосны газарт авч очоод хугацаандаа төлж барагдуулаагүй талаарх хүндэтгэн үзэх шалтгаантай байсан талаар буюу БНСУ-д эмчилгээ хийлгэж байсан талаарх баримтуудыг тусгай зөвшөөрлийн төлбөрөө төлсөн баримтын хамт Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн төлбөр хариуцсан ахлах мэргэжилтэн н.Батхүүд мэдэгдэж, холбогдох баримтуудаа бүгдийг авч очоод танилцуулахад “за ойлголоо, төлбөрөө төлсөн бол болно, холбогдох баримтуудаа өгөөрэй” гэж хэлсэн.

Бид ахлах мэргэжилтэн н.Батхүүд танилцуулсан бүх баримтууд болох Д.Б  миний бие Монгол Улсын хилээр орсон, гарсан тухай гадаад паспортын хуулбар, БНСУ-д эмчилгээ хийлгэсэн баримтууд, мөн тусгай зөвшөөрлийн төлбөр төлсөн баримтуудаа “албан ёсоор өгчөөрэй” гэж хэлсний дагуу 2017 оны 89 тоот албан бичгээр Ашигт малтмал, газрын тосны газарт өгсөн.

Ингээд төлбөрөө төлсөн тухайгаа болон хүндэтгэн үзэх шалтгаантай байсан тухайгаа Кадастрын хэлтэст биечлэн очиж албан ёсоор баримттайгаар танилцуулж, холбогдох албан тушаалтнаас амаар зөвшөөрсөн шийдвэр авсан тул бид тусгай зөвшөөрлийн төлбөр дээр ямар ч асуудал үүсэхгүй юм байна гэж баттай ойлгосон.

Түүнчлэн энэ үед манай тусгай зөвшөөрлүүдийг цуцлах тухай ямар ч шийдвэр гараагүй байсан. Гэтэл Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 7/2591 дугаартай албан бичгээр манай компанийн 89 тоот хүсэлтийн хариуг өгсөн байх бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох заалтуудыг дурдсан байсан. Бид уг албан тоотыг аваад Ашигт малтмал, газрын тосны газарт очиж уулзахад уг бичгийг явуулсан Кадастрын хэлтсийн мэргэжилтэн н.Сүхбаатар нь “би танай хүсэлтийн хариуг л явуулсан, цуцлах шийдвэр гараагүй байгаа биз дээ” гэж амаар хариу хэлсэн. 

Нэгэнт тусгай зөвшөөрлийн төлбөр төлсөн, төлбөр төлсөн талаар Кадастрын хэлтсийн ахлах мэргэжилтэнд мэдэгдсэн, өөрийн хүндэтгэн үзэх шалтгаантай байсан тухайгаа танилцуулж, хэдий амаар ч гэсэн холбогдох албан тушаалтнуудаас ямар нэгэн байдлаар манай тусгай зөвшөөрлийг цуцлахгүй юм байна гэсэн хариуг авсан тул Ашигт малтмалын тухай хуулийн 56.4-т зааснаар тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэрийг төрийн захиргааны байгууллага гаргахгүй гэдгийг хүлээн зөвшөөрсөн гэж үзээд үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэхэд анхаарч ашиглалтын үйл ажиллагаа явуулах бэлтгэл хангаж байсан.

Гэтэл 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 7/2910 дугаартай Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн албан бичгийг М\/-*****  дугаартай тусгай зөвшөөрлийн төлбөр төлөөгүй гэсэн үндэслэлээр цуцалсан тухай албан бичгийг ирүүлсэн байсан. Энэ бичгийг аваад бидний хувьд үнэхээр цочирдсон. Учир нь Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс дээр очиж бүхий л нөхцөл байдлыг тодруулж, тусгай зөвшөөрлийг цуцлахгүй, бидний хүндэтгэн үзэх шалтгааныг хүлээн авсан гэж ойлгож байсан билээ.

Ингээд энэ мэдэгдлийг аваад Кадастрын ахлах мэргэжилтэн Батхүүтэй уулзаж, танд учир байдлаа тайлбарлаад, холбогдох баримтуудаа гаргаж өгөөд, өөрөөс чинь цуцлахгүй юм байна гэсэн хариу авсаар байтал яагаад цуцалсан тухай асуусан. Гэвч ахлах мэргэжилтэн Батхүү “төлбөр төлөөгүй аж ахуйн нэгжүүд нилээн хэд байсан, тэдэнтэй хамт шийдвэрийн төсөл хэлтсийн дарга руу ороод зурагдчихаж, үнэндээ би анзаарсангүй” гэсэн хариу өгсөн. Ингээд манай компаниас Кадастрын даргын дээд шатны албан тушаалтан болох Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Б.Баатарцогтод 2017 оны 02/61 тоот албан бичгээр Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу гомдол гаргасан боловч нэгэнт цуцалсан шийдвэр гарсан тул яах ч боломжгүй гээд 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 1/14551 тоот албан бичгээр боломжгүй гэсэн хариу өгсөн.

Монгол Улсын Захиргааны ерөнхий хуулийн Гуравдугаар бүлэгт захиргааны байгууллага аливаа захиргааны акт /шийдвэр/ гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд мэдэгдэж, тухайн этгээдийн тайлбар, санал гаргах боломж олгосны үндсэн дээр шийдвэрлэхээр заасан. Захиргааны ерөнхий хуулийн 24, 25 дугаар зүйлд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоохоор заасан бол мөн хуулийн 26 дугаар зүйлд оролцогчийг сонсох талаар зохицуулсан.

Энэ дагуу манай компани тухайн асуудлын талаар холбогдох баримт, материалаа хангалттай өгсний үндсэн дээр холбогдох албан тушаалтнаас амаар бидний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн шийдвэр гарахгүй тухай хариу авсан. Манай компанийн хувьд тухайн тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөх хугацааг зайлшгүй хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтрүүлсэн бөгөөд энэ талаар захиргааны байгууллагад тайлбарлаж, төлбөрөө төлсний дараа хүлээн зөвшөөрсөн шинжтэй хариу сонссон байсан тул цуцалсан шийдвэрийг огтхон ч хүлээн зөвшөөрөх боломжгүй байна захиргааны байгууллагад тайлбарлаж, төлбөрөө төлсний дараа хүлээн зөвшөөрсөн шинжтэй хариу сонссон байсан тул цуцалсан шийдвэрийг огтхон ч хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Манай компани 1 жилийн өмнө л уг тусгай зөвшөөрлийг бөөн хөрөнгө зардал болж байж шилжүүлж авсан бөгөөд тухайн жил үйл ажиллагаа явуулах санхүүгийн боломжгүй байсан тул 2017 оноос үйл ажиллагаа эхлүүлэхээр аж ахуйн нэгж иргэдтэй гэрээ, хэлцэл хийгээд өчнөөн зардал чирэгдэл, ажил төлөвлөсөн байсан.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.1-д заасны дагуу манай компанийн ашигт малтмалын ашиглалтын МV-*****  дугаартай тусгай зөвшөөрлийг цуцалсан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 200 дугаар шийдвэрийн “Б” ХХК-нд холбогдох хэсгийг хүчингүй болгож, ашигт малтмалын ашиглалтын М\/-*****  дугаартай тусгай зөвшөөрлийг сэргээхийг цуцалсан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад даалгаж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс болон тус газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б ээс шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг Шар хөтөл нэртэй 210 гектар бүхий талбайд ашигт малтмалын ашиглалтын МV-******  тоот тусгай зөвшөөрлийг анх 2006 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр “Ш” ХХК-нд олгосон байна. Кадастрын албаны даргын 2013 оны 25 дугаар шийдвэрээр ашигт малтмалын ашиглалтын МV-******  тоот тусгай зөвшөөрлийн талбайн 25.83 гектар талбайг буцаан хүлээлгэн өгснийг бүртгэсэн. Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 414 дүгээр шийдвэрээр ашигт малтмалын ашиглалтын МV-******  тоот тусгай зөвшөөрлийг “Б” ХХК-нд шилжүүлсэнийг бүртгэсэн байна. Ийнхүү шилжүүлэн авахдаа төрийн захиргааны байгууллагаас баталсан маягт К-7-д шилжүүлэн авч буй нэхэмжлэгч компанийн захирал Д.Б  нь нотолгоо гаргасан байна. Нотолгоонд “МV-******  тоот тусгай зөвшөөрлийг шилжүүлж авах хүсэлттэй байгаагаа батламжилж байна. Тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авахдаа уг тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа одоогийн эзэмшигч “Ш” ХХК нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийнхээ хувьд Монгол Улсын хууль тогтоомж болон энэхүү нотолгоо гаргахаас өмнө бусад этгээдтэй байгуулсан гэрээгээр хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж ирсэн талаар бүрэн дүүрэн ойлгож байна. Иймд уг тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авмагц дээрх тусгай зөвшөөрөл эзэмшигчийн Ашигт малтмалын тухай хуульд заасан бүхий л үүргийг нь залгамжлан биелүүлэхээ бүрэн хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж энэхүү нотолгоог гаргав” гэж гарын үсгээ зурж тэмдэг дарж баталгаажуулсан байна. Нэхэмжлэгч компанид Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө” гэж заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй тул мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцлах нөхцөл бүрдсэн тул холбогдох нотлох баримтыг ирүүлэх тухай мэдэгдлийг Кадастрын хэлтсээс 7/1390 “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан тоотоор хүргүүлсэн. Улсын дээд шүүхийн 2010 оны 9 дүгээр тогтоолд 5-д “Хуулийн ... бичгээр мэдэгдэх гэж төрийн захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтны гаргасан шийдвэр эсхүл түүний утгыг агуулсан албан бичгийг өргөдөл гаргасан этгээдэд ... хүргүүлснийг хэлнэ”, 6-д “Хуулийн ... 56.2, 56.4, ... заасан мэдэгдэл гэдэгт төрийн захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэр эсхүл түүний утгыг агуулсан албан бичгийг өргөдөл гаргагчид болон тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээдэд гардуулах буюу хүргүүлж, түүнийгээ баримтжуулсан байхыг ойлгоно” гэж тус тус тайлбарласан байна. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсгийг үндэслэн мөн хуулийн 34.7-д заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт төлөөгүй тул Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 200 тоот шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь заалтыг үндэслэн ашигт малтмалын ашиглалтын МV-******  тоот тусгай зөвшөөрлийг цуцалж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болно. Улмаар тусгай зөвшөөрлийг цуцалсан тухай мэдэгдлийг 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 7/2910 тоотоор хүргүүлж байсан. Хуулиар хүлээсэн үүргийг биелүүлээгүй атал бусдад алдааг тохох зэргээр санаатайгаар буруу хаягаар мэдэгдлийг явуулж хүргүүлээгүй гэж буй нь үндэслэлгүй байна. Иймд “Б” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв. 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 200 дугаар шийдвэрээр “Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7-д заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт төлөөгүй” гэх үндэслэлээр “Б” ХХК-ийн МV-******  дугаар бүхий ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалсныг нэхэмжлэгч “Б” ХХК-иас эс зөвшөөрч, тус шүүхэд хандан “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 200 дугаар шийдвэрийн “Баян талын өв” ХХК-нд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, МV-******  дугаар бүхий ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг сэргээхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ. 

Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримт, хэргийн оролцогчдын тайлбар, гэрчийн мэдүүлэг зэрэгт үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ. 

Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2006 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 146 дугаар шийдвэрээр “Ш” ХХК-нд Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг Шар хөтөл нэртэй 210 гектар талбайд ашигт малтмалын ашиглалтын MV-******  дугаартай тусгай зөвшөөрлийг анх олгожээ. Улмаар “Ш” ХХК-ий захирал Ц.Амараас гаргасан хүсэлтийг үндэслэн Кадастрын хэлтсийн даргын 2013 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 25 дугаар шийдвэрээр ашигт малтмалын ашиглалтын MV-******  тоот тусгай зөвшөөрлийн талбайгаас 25.83 гектар талбайг буцааж өгснийг бүртгэж, үлдэх 184.15 гектар талбайг MV-******  тоот тусгай зөвшөөрлийн хавсралтад бичиж, бүртгэсэн байна.

“Ш” ХХК нь MV-******  дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлөө “Б” ХХК-нд шилжүүлэхээр харилцан тохиролцон, 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэст хандан өргөдөл гаргасныг Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 414 дүгээр шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн  49 дүгээр зүйлийн 49.3-т заасныг үндэслэн “Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Шарынгол, Баянгол сумын нутаг дахь Шар хөтөл нэртэй 184.15 гектар талбай бүхий MV-******  тоот ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг тус компаниас “Б” ХХК-нд шилжүүлснийг бүртгэхээр” шийдвэрлэсэн ба уг шийдвэрийг Ашигт малтмалын газрын 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 6/3561 дугаар албан бичгээр “Б” ХХК-нд мэдэгджээ.

Нэхэмжлэгч “Б” ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 200 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч тус шүүхэд хандан гаргасан нэхэмжлэлдээ “...миний бие 2017 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүртэл гадаад улсад эмчилгээ хийлгэж байсан учир төлбөрөө хугацаанд нь төлж чадаагүй,... цуцлах үндэслэл бүрдсэн тухай 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 7/1390 дугаар мэдэгдлийг аваад төлбөрөө алдангийн хамт төлж, баримт, эмнэлгийн магадлагааг хавсаргаж, өргөдөл гаргасныг хүлээж аваагүй, аргагүй байдлыг харгалзан үзээгүй” гэж, харицагчаас “...нэхэмжлэгчийн өргөдөлд дурдсан хүндэтгэн үзэх шалтгааныг төрийн захиргааны байгууллагаас тогтоох боломжгүй, ...хуульд заасан хугацаа хэтэрсэн нь тогтоогдсон тул хүсэлт, төлбөр төлсөн байдлыг харгалзан үзэх ажлын ачаалалаас хамаараад нарийн шалгах шаардлагагүй, ...хуулиар хүлээсэн үүрэг учир хуульд нийцсэн гэж” тус тус маргаж байна.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон хэргийн оролцогчид, гэрчийн шүүхэд гаргасан тайлбар, мэдүүлгээс үзэхэд, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 7/1390 дугаар албан бичгээр “танай компани Ашигт малтмалын тухай хуулийн 34.2 дахь хэсэгт заасан хугацаанд дараах тусгай зөвшөөрлийнхөө ээлжит жилийн төлбөрөө төлсөн тухай нотлох баримтаа ирүүлээгүй тохиолдолд  уг хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-д зааснаар тусгай зөвшөөрөл цуцлагдах үндэслэл бүрдэхийг мэдэгдэж байна. ...Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6-д заасан хувь хэмжээний алдангийг мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7-д заасан хугацаанд төлөх боломжтойг мэдэгдэж байна” хэмээн тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх тухай мэдэгдлийг нэхэмжлэгч “Б” ХХК-нд хүргүүлсэн байх боловч, бодит байдал дээр энэхүү мэдэгдлийг нэхэмжлэгч хүлээн аваагүй, Ашигт малтмал, газрын тосны газарт буцаан хүргэгдсэн болох нь хариуцагчаас шүүхэд ирүүлсэн баримт бичиг хүлээлцэх дэвтэр, заасан хаягт байхгүй, утас салгаатай гэсэн тэмдэглэл бүхий шуудангийн дугтуй зэргээр,  хүлээн авах боломжгүй байсан болох нь нэхэмжлэгч “Б” ХХК-ийн захирал Дагва овогтой Б гийн  E-0553798 дугаартай гадаад паспорт дээрх 2017 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр Монгол Улсын хилээр гарсан, 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Монгол Улсын хилээр орсон тухай тэмдэглэгээ болон БНСУ-д эмчилгээ хийлгэсэн талаарх холбогдох бусад баримтаар тогтоогдож байна. 

Улмаар нэхэмжлэгч “Б” ХХК-ийн захирал Д.Б  нь 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн мэргэжилтэн О.Батхүүтэй уулзаж, “лицензийн төлбөр төлөх хугацаа хэтэрсэнтэй холбоотой асуудлаар зөвлөгөө авч”, 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр ашигт малтмалын ашиглалтын MV-******  тоот тусгай зөвшөөрлийн төлбөрт 4.005.263 төгрөг, алдангид 600.800 төгрөгийг тус тус төлж,  2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр 89 тоот албан бичгээр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст хүсэлт гаргасан байна.

  Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “...хууль дээдлэх нь төрийн албаны үндсэн зарчим мөн”, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, 4.2.6-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” тусгайлсан зарчим захиргааны үйл ажиллагаанд мөрдөгдөх ёстой. 

Хэдийгээр Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан үндэслэлээр шийдвэр гаргах эрх хэмжээ хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад хуулиар олгогдсон боловч хариуцагч энэхүү бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-д заасанчлан “бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх”, тухайн шийдвэрийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах зэрэг хуульд заасан журмыг баримтлах учиртай.

Нэхэмжлэгчийн зүгээс Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-т заасан журмын дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 7/1390 дугаар “тусгай зөвшөөрөл цуцлах үндэслэл бүрдэх” тухай мэдэгдэлд заасан үндэслэлтэй холбоотой асуудлаарх хүсэлт, тусгай зөвшөөрлийн төлбөрийг алдангийн хамтаар төлсөн баримт болон холбогдох бусад баримтыг 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр төрийн захиргааны байгууллагад ирүүлсэн байхад хариуцагч “тусгай зөвшөөрөл цуцлах тухай” шийдвэрийнхээ үндэслэл, бодит нөхцөлд тохирсон эсэхийг нь шалган тогтоолгүй, тусгай зөвшөөрлийн төлбөр төлөгдснөөс хойш 21 хоногийн дараа буюу 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр маргаан бүхий акт болох 200 дугаар шийдвэрээр гаргаж, нэхэмжлэгчийн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалсан нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.6, 24 дүгээр зүйлийн 24.2 болон Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-д “Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 56.3-т заасан баримт бичгийг хянаж үндэслэлтэй бол тусгай зөвшөөрлийг цуцлах тухай мэдэгдлийг хүчингүй болгох ба үндэслэлгүй бол тусгай зөвшөөрлийг цуцалж эдгээр шийдвэрийг эзэмшигчид нь мэдэгдэнэ” гэж заасныг тус тус зөрчсөн, зорилгодоо нийцээгүй, бодит нөхцөлд тохироогүй байна гэж шүүх үзлээ.

Түүнчлэн, энэхүү тусгай зөвшөөрөл нь ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл бөгөөд нэхэмжлэгч “Б” ХХК нь “...ихээхэн хэмжээний хөрөнгө, мөнгө зарцуулан байж Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 414 дүгээр шийдвэрээр тус MV-******  дугаар тусгай зөвшөөрлийг “Ш” ХХК-аас шилжүүлж авсан, тус байгууллагаас ашиглалтын үйл ажиллагааг явуулж амжаагүй, эрүүл мэндийн хүндэтгэн үзэх шалтгааны улмаас тусгай зөвшөөрлийн төлбөрийг хугацаа хожимдуулсан ч гэсэн алдангийн хамт төлсөн” гэх нэхэмжлэгчийн тайлбар хүлээн авах үндэстэй, Татварын ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.8 б-д зааснаар “эмчилгээ хийлгэж байгаа” гэх үндэслэл нь хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарч байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.6, 24 дүгээр зүйлийн 24.2, Татварын ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.8 б, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 56.8 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн “Б” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 200 дугаар шийдвэрийн “Б” ХХК-нд холбогдох хэсгийг хүчингүй болгож, Ашигт малтмалын ашиглалтын MV-*****  дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах асуудлыг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг Ашиг малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчид энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                 Г.МӨНХТУЛГА