Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 106

 

“Монгол даатгал” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг  даргалж, шүүгч Т.Туяа, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 182/ШШ2016/00961 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Монгол даатгал” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Миг даатгал” ХХК-д холбогдох,

 

Даатгалын нөхөн төлбөрт 21 213 685 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй,

Даатгалын нөхөн төлбөрт олгосон 14 742 456 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: О.Нямаа 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Р.Янжинлхам  нар оролцов.

 

Нэхэмжлэгч Монгол даатгал ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нар сөрөг нэхэмжлэлд, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Монгол даатгал” ХХК-ийн эзэмшлийн 77-01 УНК улсын дугаартай Киа спортэж маркийн тээврийн хэрэгслийг тус компанийн ажилтан Ж.Сүхбаатар жолоодон зам тээврийн хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дахь хэсэгт "Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасч, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж заасныг зөрчсөний улмаас замаас гарч замын хажуугийн далан руу унаж онхолдон зам тээврийн осол гаргасан бөгөөд зам тээврийн ослын улмаас 35 356 141 төгрөгийн хохирол учирсан.

Уг хохирлын хэмжээг даатгалын хохирол үнэлэх эрх бүхий хөндлөнгийн байгууллага болох “Ухаа шүрт консалтинг” ХХК-ийн 2015 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 2076, 2079 дугаартай Автомашин техникийн хохирлын үнэлгээний тайлан, зам тээврийн осол гаргасан болохыг Замын цагдаагийн газрын 2015 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн акт, 7/128 тоот тодорхойлолт зэргээр тус тус тогтоосон.

“Монгол даатгал” ХХК нь 2015 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 15/114 тоот Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээг хариуцагчтай нэг жилийн хугацаатай байгуулсан. Бидний зүгээс ослын улмаас учирсан 35 356 141 төгрөгийг даатгалын гэрээний дагуу олгохыг хүссэн боловч “Миг даатгал” ХХК нь Автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын хүрээний зөвлөх инженер А.Цэцэгмаатай байгуулсан хамтран ажиллах гэрээгээ үндэслэн 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 15/04 тоот дүгнэлт гаргуулан Ж.Сүхбаатарыг 97,3 км/цагаас доошгүй хурдтай явсан гэж даатгалын гэрээний 6.6.2 дахь хэсэгт "Хурд хэтрүүлсэн нь мэргэжлийн эрх бүхий байгууллага болон экспертын дүгнэлтээр тогтоогдсон, мал, амьтан мөргөсөн зэрэг тохиолдлуудад гарсан хохирлын дүнгийн 40 хувь хүртэл хэмжээгээр нөхөн төлбөр олгоно гэж заасныг үндэслэн нийт учирсан хохирлоос 14 142 456 төгрөгийг олгосон.

“Миг даатгал” ХХК нь өөрсдийн хамтран ажиллах гэрээтэй Автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын хүрээний зөвлөх инженер А.Цэцэгмаагаар дүгнэлт гаргуулан нөхөн төлбөрийг 40 хувиар тооцож олгосон нь үндэслэлгүй байна. “Монгол даатгал” ХХК нь даатгалын хураамжийг цаг тухайд нь бүрэн төлсөн бөгөөд даатгалын тохиолдол бий болсон тул Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, Даатгалын гэрээний 6.2 дахь хэсэгт “Даатгагч нь даатгалын тохиолдол болсон үед дор дурьдсан баримт материалыг үндэслэн даатгалын гэрээ болон гэрээт баталгаанд заасны дагуу нөхөн төлбөр олгоно” гэж заасны дагуу “Миг даатгал” ХХК-иас нөхөн төлбөрийн үлдэгдэл болох 21 213 685 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Хариуцагч нь автомашины нөхөн төлбөрт олгосон 14 742 456 төгрөгийг буцаан шаардах эрхгүй тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Миг даатгал ХХК шүүхэд гаргасан тайлбар, сөрөг нэхэмжлэлд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.Сүхбаатар нь Киа спортэж 77-01 УНК автомашиныг жолоодож явсан гэх зам тээврийн ослын акттай танилцаж автомашины тоормосны мөрийн эхлэлээс онхолдсон газар хүртэлх зайг гаргаж үзэхэд 7,0 метр өнхөрсөн байгаа нь автомашин маш их хурдтай явсан гэдгийг илэрхийлж байсан.

Мөн актад замын байдлыг “шулуун тэгш, хуурай, суурингийн гаднах асфальт замд үзэгдэх орчин чөлөөтэй, цаг агаарын байдал тогтуун байсан” гэж тодорхойлсон атлаа ослын шалтгааныг Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дахь заалт буюу жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсөн гэж тэмдэглэж замд ямар аюул саад гарсан нь тодорхой биш, эргэлзээтэй байсан.

Ж.Сүхбаатарын ирүүлсэн энэ баримтаар даатгуулагч хохирол гарахад хэр хэмжээний гэм буруутай байсан эсэхийг тогтоож нөхөн төлбөрийг шийдвэрлэхэд учир дутагдалтай байсан тул даатгагчид олгосон эрхийн дагуу зам тээврийн осол хэргийн шийдвэр болон бусад холбогдох баримтыг ирүүлэхийг даатгуулагчаас хүсэхэд энэ шаардлагыг биелүүлэхээс татгалзсан учир бид ирүүлсэн баримт бичгийн хүрээнд нөхөн төлбөрийн асуудлыг шийдвэрлэхийн тулд даатгалын гэрээний 11.3.6 дахь заалт буюу даатгуулагчийн ирүүлсэн даатгалын нөхөн төлбөр хүссэн баримт материал эргэлзээтэй тохиолдолд эрх бүхий байгууллага албан тушаалтанд хандаж дүгнэлт, тодорхойлолт гаргуулах гэсэн заалтыг үндэслэн мэргэжлийн туслалцаа авч дүгнэлт гаргуулахаар автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын зөвлөх инженер-эксперт А.Цэцэгмаад хандан автомашины хурдыг тодорхойлуулахад Ж.Сүхбаатар нь хурд хэтрүүлсэн нь дүгнэлтээр тогтоогдсон тул хохирлын дүнгийн 40 хувь буюу 14 142 456 төгрөгийн нөхөн төлбөр, даатгалын гэрээнд заасан ачиж ирсэн зардал 600 000 төгрөгийг түүнд олгож даатгалын гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн.

Гэтэл Ховд аймгийн Прокурорын газрын 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 5/34 тоот албан бичигт Ж.Сүхбаатар нь 2015 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Ховд аймгийн Зэрэг сумын нутаг дэвсгэрт Киа Спортэж маркийн 77-01 УНК улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад зам тээврийн осол гаргасан гэх гомдол, мэдээлэл бүртгэгдэж, шалгаж шийдвэрлэсэн тохиолдол байхгүй гэсэн хариу ирүүлжээ. Цагдаагийн ахмад М.Алтангэрэлийн үйлдсэн гэх Зам тээврийн ослын акт нь даатгалын сангаас их хэмжээний нөхөн төлбөр авах зорилгоор хуурамч бичиг баримт бүрдүүлсэн тул даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзах нөхцөл бүрдээд байна.

Иймд “Монгол даатгал” ХХК-ийн эзэмшлийн Киа спортэж 77-01 УНК автомашины нөхөн төлбөрт олгосон 14 742 456 төгрөгийн буцаан гаргуулж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, даатгалын тухай хуулийн 8 джгаар зүйлийн 8.4, 9 дүгээр зүйлийн 9.1.4-т заасныг баримтлан “Миг даатгал” ХХК-иас   21 213 685 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Монгол даатгал” ХХК-д олгож, хариуцагч “Миг даатгал” ХХК-ийн 14 742 456 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн   7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 264 020 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч “Миг даатгал” ХХК-иас 264 020 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Монгол даатгал” ХХК-д олгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа урьдчилан төлсөн 231 662 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг дутуу үнэлсэн, нэг талыг барьсан шийдвэр боллоо гэж үзэж байна.

Ховд аймгийн прокурорын газрын 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 5/34 тоот албан бичигт "тус прокурорын газарт бүртгэгдэж байгаа холбогдох бүртгэл судалгаа, цахим бүртгэлийн программд тулгалт хийж үзэхэд Ж.Сүхбаатар нь 2015 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Ховд аймгийн Зэрэг сумын нутаг дэвсгэрт Киа Спортэж маркийн              7701 УНК улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад зам тээврийн осол гаргасан гэх гомдол, мэдээлэл бүртгэгдэж шалгаж шийдвэрлэсэн тохиолдол байхгүй" гэсэн хариу ирүүлснээр нотлогддог.

Мөн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 10 дугаар сарын      05-ны өдрийн 5409 дугаартай шинжээчийн дүгнэлтийн 1 дэх заалтад “2015 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн Ховд аймгийн цагдаагийн газрын байцаагч цагдаагийн ахмад М.Алтангэрэлийн үйлдсэн зам тээврийн ослын акт үндэслэлтэй эсэхэд хариулах боломжгүй" гэсэн дүгнэлт гаргаснаар няцаагдаж байхад тус актыг шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт заасныг зөрчиж байна.

Тусгай зөвшөөрөл бүхий автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын зөвлөх инженер А.Цэцэгмаагийн 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 15/04 тоот дүгнэлтэд "автомашины тоормосны мөрийн эхлэлээс онхолдсон газар хүртэлх зайг гаргаж үзэхэд 105,0 метр өнхөрсөн байгаа нь автомашин маш их хурдтай явсан, осолд орох үедээ 97,3 км/цаг-аас доошгүй хурдтай явсан байна" гэсэн дүгнэлтийг "мэргэжлийн эрх бүхий байгууллага болон экспертын дүгнэлт гэж үзэхгүй талаар нэхэмжлэгч маргаж байгааг буруутгах үндэсгүй байна "гэж шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгосныг хэрэгт цугларсан нотлох баримтад тал бүрээс нь бүрэн судалж үндэслэлтэй хандсангүй гэж үзэж байна.

Тухайлбал, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 5409 дугаартай шинжээчийн дүгнэлтийн 1 дэх заалтад “автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын зөвлөх инженер А.Цэцэгмаагийн 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 15/04 тоот дүгнэлт үндэслэлтэй эсэхэд хариулах боломжгүй" гэж А.Цэцэгмаагийн дүгнэлтийг буруу гээгүй, хүчингүй болгоогүй байхад энэхүү шинжээчийн дүгнэлтийн 2 дахь заалт буюу "77-01 УНК улсын дугаартай Kia Spoilage маркийн автомашин осолд орох үед зам дээр гарсан мөрийн тухай тодорхой бүрэн мэдээлэл уг иргэний хэрэгт авагдаагүй, автомашин буусан далангийн өндрийг тэмдэглээгүй байгаа тул хурдыг тодорхойлох боломжгүй" гэсэн: заалтыг үндэслэл болгосныг буруу гэж үзэж байна. А.Цэцэгмаа инженерийг шүүх хуралдаанд оролцуулан дээрх шинжээчийн дүгнэлтэд дурдсанаар өөрийнх нь тайлбарыг сонсох хүсэлт гаргахад хүлээн аваагүй.

Мөн Даатгалын гэрээний 11.3.4-т зааснаар даатгагчид олгосон эрхийн дагуу "зам тээврийн осол хэргийн шийдвэр болон бусад холбогдох баримт"-ыг ирүүлэхийг даатгуулагчаас хүсэхэд энэ шаардлагыг биелүүлэхээс татгалзсан учраас бид ирүүлсэн баримт бичгийн хүрээнд нөхөн төлбөрийн асуудлыг шийдвэрлэхийн тулд даатгалын гэрээний 11.3.6-д заасныг үндэслэн мэргэжлийн туслалцаа авч дүгнэлт гаргуулахаар автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын зөвлөх инженер-экспертэд хандан автомашины хурдыг тодорхойлуулахаас өөр аргагүй байдалд хүрсэн бөгөөд даатгалын гэрээний эдгээр заалт нь Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4.4 дэх заалтад үндэслэн 2 тал харилцан тохиролцож эдгээр заалтыг гэрээндээ оруулсан болно. Гэтэл шүүх даатгалын гэрээгээр даатгагчид олгосон эрхийн дагуу 15/04 тоот дүгнэлт гарсаныг харгалзан үзсэнгүй.

“Дамно” ХХК-ийн үнэлгээний тайлан нь 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдөр гарсан байхад 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдөр гэж буруу ойлгож бичсэн, энэ тайлангаар автомашинд учирсан хохирлыг 28 404 023 төгрөг, автомашины зах зээлийн үнийг 26 000 000 төгрөгөөр тогтоосон, энэ үнэлгээний тайланг эрүүгийн хэргээс Монгол Улсын Ерөнхий прокурорын газрын архив, хуулбар үнэн гэж баталгаажуулан гаргаж өгсөн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаж байхад нотлох баримтад тооцоогүйг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэж байна.

“Ухаа шүрт консалтинг” ХХК-ийн 2015 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 2076, 2079 дугаартай хохирлын үнэлгээний тайлангаар автомашины зах зээлийн үнийг                   31 662 000 төгрөг гэсэн атлаа хохирлыг 35 356 141 төгрөг гэж автомашины зах зээлийн үнээс давсан илт буруу үнэлгээ хийсэн, хариуцагч энэ тухай тайлбартаа дурдаж, шүүх хуралдаан дээр хэлсээр байхад үнэлж үзсэнгүй, даатгалын 15/114 тоот гэрээний 1 дүгээр хавсралтын 24 дугаарт бичигдсэн Kia Sportage маркийн 7701 УНК автомашины даатгалын үнэлгээ 31 662 000 төгрөг байхад шүүх автомашинд 35 356 141 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдсон гэж үзэж даатгалын үнэлгээнээс давсан нөхөн төлбөр төлүүлэхээр шийдвэрлэж Иргэний хуулийн 438 дугаар зүйлийн 438.6 дахь хэсэгт заасныг зөрчиж байна.

Шүүх сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо Ховд аймгийн Прокурорын газрын 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 5/11 дугаартай прокурорын шаардлагыг үндэслэл болгож "цагдаагийн ахмад М.Алтангэрэл мөрдөн байцаах ажиллагааны дээрх журам зөрчсөн үйлдэлд даатгуулагч буруугүй, хуурамч баримт бүрдүүлсэн гэх үндэслэл тогтоогдохгүй" гэсэн байна. Гэтэл хэрэгт даатгуулагч буруугүй биш харин ажлаа хийж байсан цагдаагийн ажилтныг гуйж ажлыг нь зохих журмаар хийлгэхгүй байх санаачилгыг эхлэн гаргасан, улмаар эрүүгийн хариуцлагаас зайлхийсэн, даатгалд нөхөн төлбөр төлөх үүрэг үүсгэх бичиг баримтыг албан ажлын байдлаа ашиглан хийж өгсөн байдаг нь Цагдаагийн Ерөнхий газрын ДХАБГ-ын хяналт шалгалт, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн албан бичиг болон 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Ховд аймгийн Цагдаагийн гарзын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасгийн дарга, цагдаагийн ахмад Б.Ганболдын ахмад-М.Алтангэрэлээс авсан тайлбарт дурдсанаар нотлогдож байхад шүүх эдгээр нотлох баримтыг авч үзсэнгүй.

Даатгуулагч “Монгол даатгал” ХХК-ийн ажилтан нь ноцтой зам тээврийн осол гаргаж байгууллагын эд хөрөнгөд хохирол учруулсан, энэ осолд жолооч буруутай атлаа зохих журмаар шалгуулалгүй хэргийг нуун дарагдуулж, цагдаагийн ажилтантай хуйвалдан даатгалд зориулан бичиг хийлгэж улмаар хохирлыг даатгалын үнэлгээнээс давуулан даатгалаар төлүүлэх шийдвэр гаргуулж байгааг манай зүгээс хууль, шударга ёсонд үл нийцлээ гэж үзэж байгаа бөгөөд даатгагч нь Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4.4, 8.5, даатгалын 15/114 тоот гэрээний 11.3.4, 11.3.6, 6.6.2-т заасан эрх хэмжээний хүрээнд шалгаж, даатгалын гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн гэж үзэж байгаа.

Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаж, хэрэгт авагдсан нотлох баримтуудад үнэлэлт өгч, шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох арга хэмжээ авна уу гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч “Монгол даатгал” ХХК нь хариуцач “Миг даатгал” ХХК-д холбогдуулж даатгалын нөхөн төлбөрт 21 213 685 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч даатгалын нөхөн төлбөрт төлсөн 14 742 456 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргажээ.

 

“Монгол даатгал” ХХК болон “Миг даатгал” ХХК-ийн хооронд 2015 оны 05 дугаар сарын 13-ны өдөр даатгалын гэрээ байгуулж, даатгуулагч нь өөрийн өмчлөлийн 77-01 УНК улсын дугаартай Киа спортэж маркийн тээврийн хэрэгслийг 1 жилийн хугацаатай даатгуулж, даатгалын хураамжийг төлсөн, даатгалын гэрээний хугацаанд зам тээврийн осол болсон талаар талууд маргаагүй.

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасан даатгалын гэрээний харилцаа үүссэн, талуудын хооронд байгуулсан даатгалын гэрээ хүчин төгөлдөр байна.

 

“Монгол даатгал” ХХК-ийн эзэмшлийн 77-01 УНК улсын дугаартай Киа спортэж маркийн тээврийн хэрэгслийг тус компанийн ажилтан Ж.Сүхбаатар жолоодон Ховд аймгийн Зэрэг сумын Гүвээ багийн нутагт 2015 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 16.20 цагт зам тээврийн хөдөлгөөнд оролцохдоо зам тээврийн осол гаргаж, замын хажуугийн далан руу унаж онхолдсон, улмаар уг тээврийн хэрэгсэлд эд хөрөнгийн хохирол учирсан нь тогтоогдсон гэж шүүх зөв дүгнэсэн байна.

 

Учир нь Ховд аймгийн Зэрэг суманд үйлдсэн Замын цагдаагийн газрын 2015 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн акт /хх 84 дэх тал/, уг актыг гаргасан замын цагдаагийн байцаагч М.Алтангэрэл, ослын газар очсон Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ахлах шинжээч ажилтай Б.Мөнхбаатар нарын мэдүүлгээр тухайн осол гарсан байдал  тогтоогджээ. Харин уг ослын талаарх гомдол, мэдээллийг холбогдох албан тушаалтан журмын дагуу бүртгээгүй зөрчил гаргасан нь Ховд аймгийн Прокурорын газрын 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 5/11 тоот прокурорын шаардлагаар тогтоогдож байх тул зам тээврийн ослыг бүртгүүлээгүй байдлыг уг осол гараагүй гэж дүгнэх үндэслэл болохгүй, энэ талаар гаргасан хариуцагчийн тайлбар үндэслэлгүй юм.

 

Ж.Сүхбаатар нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дахь хэсэгт "Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасч, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж заасныг зөрчсөний улмаас осол гарсан гэж нэхэмжлэгч тайлбарлах боловч зам тээврийн ослыг бэхжүүлсэн гэрэл зураг, шинжээч А.Цэцэгмаагийн  2015 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 15/04 тоот дүгнэлт /хх72 дахь тал/, зам тээврийн ослын актад замын байдлыг “суурийнгийн гаднах, асфальтан, шулуун тэгш, хуурай, үзэгдэх орчин чөлөөтэй, 2 эгнээ бүхий”, цаг агаарыг “тогтуун” гэж тодорхойлсон ба аливаа нэгэн хөндлөнгийн саад тотгор /мал, замын эвдрэл, гэмтэл гэх зэрэг/ байсан гэх үйл баримтыг нэхэмжлэгч тайлбарлаагүй зэргийг харьцуулан дүгнэвэл зам тээврийн ослын актад дурдсан Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дахь хэсэгт заасан хөдөлгөөнд аюул саад бий болсон гэх байдал үгүйсгэгдэж байна.

 

Харин жолооч Ж.Сүхбаатар нь автомашиныг жолоодож явахдаа хурд хэтрүүлсэн нь зам тээврийн ослын актад автомашины тоормосны мөрийн эхлэлээс онхолдсон газар хүртэлх зайг 7,0 метр өнхөрсөн байдалтай байгаа, автомашины хурд 97.3 км/цагаас доошгүй байсан гэх шинжээч А.Цэцэгмаагийн дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд энэ талаар гаргасан хариуцагчийн тайлбар илүү үндэслэлтэй болжээ.

Иймд жолооч хурд хэтрүүлж зам тээврийн осол гаргасан ба энэ нь даатгалын гэрээний 6.6.2-т заасан даатгалын тохиолдолд хамаарч байх бөгөөд хариуцагч уг гэрээний үүргийг гүйцэтгэж даатгуулагчид даатгалын нөхөн төлбөрт хэлэлцэн тохиролцсон үнэлгээ болох 31 662 000 төгрөг /хх18 дахь тал/-ийн 40 хувь болох                14 142 456 төгрөгийг төлсөн нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна. Харин нэхэмжлэгчээс гаргаж өгсөн үнэлгээ болох “Ухаа шүхэрт консалтинг” ХХК-ийн 2015 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 2076, 2079 тоот дүгнэлтээр автомашинд учирсан хохирлыг 35 356 141 /10 961 151+24 394 99/ төгрөгөөр тодорхойлж, автомашины өөрийн үнэлгээ болох 31 662 000 төгрөгөөс 3 694 141 төгрөгөөр илүү тооцсон байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар уг баримтыг үнэн зөв, эргэлзээгүй гэж дүгнэх боломжгүй байна.   

 

Иргэний хуулийн 439 дүгээр зүйлийн 439.1 дэх хэсэгт зааснаар даатруулагч нь даатгалын тохиолдол бий болсон тухай даатгуулагчид нэн даруй буюу 2015 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 08.22 цагт мэдэгдсэнийг хариуцагч байгууллага ослын бүртгэлийн дэвтэрт тэмдэглэсэн /хх 67 дахь тал/ ба энэ баримтаа хариуцагч байгууллага нь нэхэмжлэгч байгууллагад хуулбарлаж өгсөн, нэхэмжлэгч талаас нотлох баримтаар гаргаж өгснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасан бичгийн нотлох баримтад тавигдах шаардлага хангасан тул шүүх үнэлэх нь зөв юм. Уг тэмдэглэлээс үзвэл хариуцагч байгууллага нь ослын газрын зураг ав гэж зөвлөгөө өгсөн нь тэмдэглэгдсэн байх бөгөөд даатгалын гэрээг талууд Улаанбаатар хотод байгуулсан, даатгалын гэрээний 11.1.11 дэх хэсэгт даатгалын тохиолдлын талаар даатгагчид Шуурхай албаны 24 цагийн үйлчилгээтэй 7000 3000 утсаар, ажлын цагаар 330130 утсаар нэн даруй мэдэгдэх үүргийг нэхэмжлэгч тал биелүүлсэн тул осол гарсан талаар орон нутагт байгаа хариуцагч байгууллагын даатгалын салбарт мэдэгдээгүй гэх хариуцагч талын тайлбар үндэслэлгүй болжээ.

 

Шүүхээс 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 182/ШЗ2016/03213 тоот захирамжаар томилогдсон Шүүхийн үндэсний хүрээлэнгийн шинжээчийн бүрэлдэхүүнтэй 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 5409 тоот дүгнэлтэд шинжилгээнд ирүүлсэн иргэний хэргийн материалын хүрээнд шинжээч А.Цэцэгмаагийн 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 15/04 тоот дүгнэлт үндэслэлтэй эсэх, Замын цагдаагийн газрын 2015 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн Ховд аймгийн цагдаагийн газрын байцаагч, цагдаагийн ахмад М.Алтангэрэлийн үйлдсэн зам тээврийн ослын акт үндэслэлтэй эсэхэд хариулт өгөх боломжгүй, 77-01 УНК улсын дугаартай Киа спортэж маркийн автомашины ослын үед зам дээр гарсан мөрийн тухай тодорхой бүрэн мэдээлэл уг иргэний хэрэгт авагдаагүй, автомашин буусан далангийн өндрийг тэмдэглээгүй байгаа тул хурдыг тодорхойлох боломжгүй гэсэн дүгнэлтээр шинжээч А.Цэцэгмаагийн дүгнэлт, зам тээврийн ослын актыг үгүйсгэх үндэслэл болохгүй юм.

 

Даатгалын гэрээний нөхөн төлбөрийг 100 хувь гаргуулах үндэслэлтэй, үүнээс төлсөн төлбөрийг хасч зөрүү нөхөн төлбөрийг гаргуулахаар шаардсан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, даатгалын тохиолдлыг бүртгүүлээгүйгээс нөхөн төлбөрт төлсөн мөнгөн хөрөнгийг буцаан шаардсан хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус тус үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдлийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрт өөрчлөлт оруулж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв тул хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

 

Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэгт даатгалын нөхөн төлбөр олгоход үндэслэх баримтын жагсаалтыг даатгалын нөхөн төлбөр шаардах эрх гэж тодорхойлсон нь хууль хэрэглээний хувьд алдаатай болсон ба Даатгалын тухай хуулийн нэрийг жижиг үсгээр бичсэн, хуулийн зүйлийг орхигдуулсан зэрэг алдаа гаргасныг дурдаж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож байгаа тул даатгагчийн мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4 дэх хэсэгт даатгалын тохиолдол болсон үед нөхөн төлбөрийг хууль болон гэрээгээр тохиролцсон хугацаа, хэмжээнд олгох үүргийг зохицуулсан заалтыг баримтлах шаардлагагүй гэж шүүхийн шийдвэрийн 1 дэх заалтын найруулгыг өөрчлөх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 182/ШШ2016/00961 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул “Миг даатгал” ХХК-иас 21 213 685 төгрөг гаргуулах тухай “Монгол даатгал” ХХК-ийн нэхэмжлэлийг, “Монгол даатгал” ХХК-иас 14 742 456 төгрөг гаргуулах тухай “Миг даатгал” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж, 2 дахь заалтын “хариуцагч “Миг даатгал” ХХК-иас 264 020 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Монгол даатгал” ХХК-д олгож,” гэснийг хасч, шүүхийн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Миг даатгал” ХХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 264 020 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

                                                                

                                                                

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    М.НАРАНЦЭЦЭГ

 

       ШҮҮГЧИД                                    Т.ТУЯА

 

                                                            Э.ЗОЛЗАЯА