Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 07

 

 

 

                            

 

     2020             01                06                                                    2020/ШЦТ/07                                                             

 

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гантирмаа,

улсын яллагч Б.Сувд-Эрдэнэ,

өсвөр насны шүүгдэгч А.С, түүний хууль ёсны төлөөлөгч Д.Б,

өсвөр насны шүүгдэгч Н.Т, түүний хууль ёсны төлөөлөгч Л.Ц,

шүүгдэгч Б.Д,

шүүгдэгч Б.Д, өсвөр насны шүүгдэгч А.С, Н.Т нарын өмгөөлөгч Н.Н,

шүүгдэгч Л.Т, түүний өмгөөлөгч Хүрэлбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.С нарт холбогдох эрүүгийн 1934006580436 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.

           

Шүүгдэгч, өвсөр насны шүүгдэгчдийн биеийн байцаалт:

С овгийн А.С /Регистрийн дугаар: УХ/, Монгол улсын иргэн, 2002 оны 11 дугаар сарын 14-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн,  17 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 71 дүгээр сургуулийн сурагч, ам бүл 3, ээж дүүгийн хамт Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 16 дугаар хороо, Бэлхийн 37-10 тоотод оршин суух, ял шийтгэл эдэлж байгаагүй гэв.

 

Б овогт Н.Т/Регистрийн дугаар:УХ , Монгол улсын иргэн, 2002 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, ам бүл 3, эмээ, өвөөгийн хамт Улаанбаатар хот, Барилгын технологийн коллежийн оюутан, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 16 дугаар хороо, Бэлхийн 33-6-20 тоотод оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй гэв.

 

Б овогт Б.Д/Регистрийн дугаар:УИ , Монгол улсын иргэн, 1999 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Улаанбаатар хотын Чингис хаан зочид буудалд зөөгч ажилтай, ам бүл 2, эмээгийн хамт Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 16 дугаар хороо, Бэлхийн 33-6-85А тоотод оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй гэв. 

 

Б овогт Л.Т /Регистрийн дугаар:УХ, Монгол улсын иргэн, 2001 оны 02 дугаар сарын 01-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Улаанбаатар хотод КFC сансарын салбарт тогтооч ажилтай, ам бүл 3, аав, ээжийн хамт Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 16 дугаар хороо, 25-549 тоотод оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй гэв. 

 

Хэргийн товч агуулга:

Өсвөр насны шүүгдэгч А.С, Н.Т, шүүгдэгч Б.Д, Л.Т нар нь бүлэглэн 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын Баянгол 3 дугаар багийн нутагт Сөгнөгөр гэх газраас НҮБ-ийн 1971 онд сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтад багтдаг Делта-9 тетрагидраоканнабинолын агууламж бүхий өвс гэх нэршилтэй бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өсвөр насны шүүгдэгч А.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин нэмж ярих зүйл байхгүй” гэв.

Өсвөр насны шүүгдэгч Н.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин нэмж ярих зүйл байхгүй” гэв.

Шүүгдэгч Б.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин нэмж ярих зүйл байхгүй” гэв.

Шүүгдэгч Л.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин нэмж ярих зүйл байхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудаас дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-03 тал/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-4-5 тал/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-6-8 тал/, хүний биеэс шинжилгээнд зориулж биологийн дээж авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх-10-15 тал/, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-18 тал/, эд мөрийн баримтыг хураан авсан тэмдэглэл /хх-20 тал/, иргэний нэхэмжлэгч Ш.Лхагваас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-22-23 тал/, гэрч Б.Д-аас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-24-25 тал/, гэрч О.Түвшинтөгсөөс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-26-27 тал/, гэрч С.Тэмүүжингээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-28-29 тал/, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2019 оны 08 дүгээр сарын 26-ний өдрийн №984 дугаар шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт /хх-38-39 тал/,  Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2019 оны 08 дүгээр сарын 26-ний өдрийн №985 дугаар шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт /хх-41-42 тал/, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2019 оны 08 дүгээр сарын 27-ний өдрийн №983 дугаар шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт /хх-44-46тал/,  Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2019 оны 08 дүгээр сарын 26-ний өдрийн №997 дугаар шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт /хх-48-49 тал/, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2019 оны 08 дүгээр сарын 26-ний өдрийн №996 дугаар шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт /хх-51-52тал/,  Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2019 оны 08 дүгээр сарын 27-ний өдрийн №982 дугаар шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт /хх-54-55 тал/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 08 дүгээр сарын 14-ний өдрийн 4569 дугаар шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-63-65 тал/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 08 дүгээр сарын 22-ны өдрийн №4570 дугаар шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-73-77 тал/, “ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК”-ийн 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн №09/442 дугаартай тээврийн хэрэгслийн үнэлгээний тайлан /хх-84-94 тал/, өсвөр насны яллагдагч А.С-оос мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-124-126 тал/, өсвөр насны яллагдагч Н.Т-аас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-128-129 тал/, яллагдагч Б.Д-аас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-130-131 тал/, яллагдагч Л.Т-гээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-132-133 тал/, шүүгдэгч Л.Т, Б.Д, өсвөр насны шүүгдэгч А.С, Н.Т нарын хувийн байдлыг тогтоосон баримт /хх-134-146 тал/, шүүгдэгч Н.Т,  А.С нарын нас тоолсон тэмдэглэл /хх-147-148 тал/ зэрэг болно.

 

Шүүгдэгч А.С, Н.Т, Б.Д, Л.Т нар нь бүлэглэн 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын Баянгол 3 дугаар багийн нутагт Сөгнөгөр гэх газраас НҮБ-ийн 1971 онд сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтад багтдаг Делта-9 тетрагидраоканнабинолын агууламж бүхий өвс гэх нэршилтэй бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

иргэний нэхэмжлэгч Ш.Лхагвагийн: ...Уг тээврийн хэрэгсэл нь миний өмчлөлд байдаг ба би уг тээврийн хэрэгслийг 2016 онд хүнээс 3.500.000 төгрөгөөр худалдан авч  байсан юм... ...Л.Т нь миний төрсөн хүү байгаа юм. Гэр бүлийн харилцаа холбоотой ба миний хүү ээж, аавтайгаа хамт амьдардаг... ...Би тэр талаар мэдээгүй байж байгаад цагдаа дуудахаар нь мэдсэн... ...нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй... гэх мэдүүлэг /хх-22-23 тал/,

 

гэрч Б.Д-ын: ...Буцаад явж байх замд голын эрэг дагаад өвс гээд хар тамхины ургамал ургасан байна гээд надтай хамт явж байсан хүмүүс машинаас буусан. Тэгэхээр нь би араас нь буугаад тэр ургамалыг хараад энэ кинон дээр гардаг биз дээ гэж хэлээд нэг том хэсгийн нь тасдан авсан. Тэгтэл бүгдээрээ түүж авъя хүүхдүүдэд гайхуулъя гээд Тгийн аавын машины ард дугуйн доор байсан шар торнуудыг гаргаж ирээд бид нар бүгдээрээ түүгээд шар тороо дүүргээд машиндаа хийгээд явж байтал Т энэ бид нарт хэрэггүй байх эндээ хаячихъя гээд байсан. Тэгэхээр нь бид нар байж байг гээд хаяагүй бид нар явж байгаад нэг рашааны ойролцоо зогсоод гялгар ууттай өвснөөс хэсгийг тастаж гаргаж ирээд надад байсан хайрцагтай тамхинаас 3 ширхгийг гаргаж ирээд тамхины доторх хэсгийг нь үйрүүлж гаргаж хаяад нөгөө ургамалаа тамхиндаа хийж байгаад тойруулаад татсан бид нар тамхи татаж рашаанаас ус аваад засмал замтай нийлээд хотруу явж байтал бид нарын араас тоёота приус болон ланд круйзер 80 маркийн тээврийн хэрэгсэлүүд шахаж орж ирээд бид нарыг зогсоосон. Тэгтэл цагдаа бууж ирээд бид нарын бичиг баримтыг шалгаад бүгдийг машинаас буулгаад машинд үзлэг хийгээд тортой өвсийг хараад бид нарыг саатуулж шалгасан... ...би сонирхоод татсан ба фейсбүүкээр өвс татаж байгаа бичлэг гараад байхаар нь татаж үзсэн юм... ...Т Батсүмбэр сумын Сөгнөгөрийн гол явах санааг гаргаад бид нар бүгд зөвшөөрөөд цуг явсан юм... ... Би энэ талаар мэдээгүй ирсэн ба тэнд очиход ургасан байсан өвсийг хараад Т хар тамхины ургамал кинон дээр гараад байдаг өвс байна гээд байсан. Би очоод хартал бас кинон дээр гардаг шиг өвс том томоороо ургасан байсан... ...Би хэрэглэж үзсэн тамхины ишинд ороож хийж байгаад татсан юм... ...Би өмнө хар тамхины ургамал каннабис хэрэглэж байгаагүй. Каннабис гэж ямар ургамал байдгийг ч мэдэхгүй. Харин кинон дээрээс бол үзэж харж байсан Компонгийн одууд гээд кинон дээрээс харж үзэж байсан... ...Гялгар уут машины ард багаажинд байж байсан юм... ...Тэмүүжин хэрэглээгүй байх би татахгүй гээд байсан... гэх мэдүүлэг /хх-24-25 тал/

 

гэрч О.Түвшинтөгсийн: ...Би машин дотор зүүрмэглэж байсан чинь манайхаан энэ Каннабис өвс мөн үү гэж орилоод бүгд бөөнөөрөө очиж үзсэн. Тэгээд өмнө фэсбүүкээр харж байсан болохоор мөн байсан. Ууттай хоёроос гурван ширхгийг хаячихсан байсан тэгээд манай хэд машиндаа суугаад дахиад байгаа болов уу гээд хайсан. Тэгээд ургаад байж байсан газрыг нь олоод өөрсдөө авах юм байвал аваарай гээд түүж эхэлсэн. Гуталгүй байсан болохоор машинд сууж байсан түүж дуусаад бид хэд тамхины доторх дүнсийг нь гаргаж байгаад тийшээ хийж байгаад сорсон юм. Би анх удаа сорж байсан болохоор нөлөө байгаагүй. Тэгээд за больё наа чинь худлаа юм байна гээд болисон. Тэгээд бөөнөөрөө хот орох гэж байгаад цагдаад баригдсан юм... ...Бид нар сонирхоод сорох гээд хар тамхины ургамал каннабисийг түүсэн юм... ...Бид нар уулзаж байгаад бөөнөөрөө ярилцаад гол руу явсан... ...Би тухайн ургамалаас хэрэглэсэн. Тэмүүжин хэрэглээгүй байсан. Бид 5 тамхины дүнсийг унагааж байгаад дүнсний оронд хийгээд сорж хэрэглэсэн... ...Би өмнө хар тамхи хэрэглэж байгаагүй анх удаа хэрэглэж байна... гэх мэдүүлэг /хх-26-27 тал/,

 

гэрч С.Тэмүүжингийн: ...голын хажуугаар явж байтал халгай шиг шигүү их ургасан өвс байсан. Тэрийг урд сууж явсан Түвшинтөгс наанаа зогсчих гэсэн. Тэгээд бид нар машинаас бууж тэр өвсийг үзчихээд машины араас гялгар уут гаргаж ирээд тэр ургамалыг түүсэн ба түүж дуусаад машиндаа суугаад хэсэг явж байгаад нэг хашаатай рашааны тэнд зогсоод бид нар бүгд машинаас буугаад тамхинд нөгөө өвсөө хийж татаад байсан ба би 5 литрийн усны саванд рашаан хийж аваад бид нар цааш явж байтал араас цагдаа нар хөөж урдуур хашиж зогсоод бид нарыг машинаас буулгаж тээврийн хэрэгсэл болон биед үзлэг хийгээд бид нарыг саатуулаад Төв аймаг дах цагдаагийн газарт авч ирсэн... ...Намайг машинд суухад Т, Д хоёр Төв аймгийн Батсүмбэр суманд өвс ургадаг байх тийшээ явъя гээд явсан юм. Намайг хамт явъя гэсээр байгаад дагуулаад явсан... ...Гялгар уутыг тоосгоны эцсээс 33 гээд автобусны буудлын ойролцоо байдаг дэлгүүрээс гялгар уут, тамхи, 5 литрийн ус Т орж зээлж авч гарч ирсэн. Тэгээд цаашаа явсан... ...Би хүүхдүүд болон интернетээс  бас харж байсан юм тэгээд мэддэг болсон...” “...Би өмнө нь энэ төрлийн ургамалыг хэрэглэж байгаагүй ээ...” “... Би энэ ургамалаас хэрэглэж чадаагүй машинд нөгөө хэд миний хажууд татаад машин дүүрэн утаа болгоод байсан... гэх мэдүүлэг /хх-н 28-29 тал/,

 

өсвөр насны яллагдагч А.С-ын: ...Амарч зугаалах, усанд сэлэх, жимсэнд явах зорилгоор л явсан юм... ...Би интернет, дууны клип, кинон дээрээс л харж байсан... ...Би өмнө энэ ургамалыг огт хэрэглэж, түүж бэлтгэж байгаагүй анх удаагаал хэрэглэж түүсэн... ...Зорилго гээд байх юм нэг их байхгүй зүгээр сонирхоод л түүсэн юм. Мөн хэрэглэж үзэх гээд... ...Бид нар дөрвүүлээ түүсэн ба Л.Т, Н. Т, Б.Д бид дөрөв түүсэн машин дотор С.Тэмүжин, О.Түвшинтөгс нар байж байсан ба бууж ирж бид нартай хамт түүгээгүй... ...Би өөрийн үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна уг зүйлээс бол хол байна гэдгээ амлаж байна. Миний буруу би буруу зүйл хийсэндээ маш их гэмшиж  байна, миний ярьсан зүйл үнэн... гэх мэдүүлэг /хх-н 125-126 тал/

 

өсвөр насны яллагдагч Н.Т-ын: ...Гол орж усанд сэлэх, жимс түүж, амарч зугаалах явах зорилгоор л явсан юм... ...Шөнөдөө очиж хоноод өглөө нь жимсээ түүх гээд орой явсан юм... ...Би интернет, хэвлэл мэдээлэл, сишиалаар энэ төрлийн мэдээлэл болон зургийг нь харж байсан... ...Би өмнө энэ ургамалыг огт хэрэглэж, түүж бэлтгэж байгаагүй ба анх удаагаал хэрэглэж түүсэн юм...  ...Өөрсдөө хэрэглэх гэж л түүсэн өөр ямар нэгэн зорилго байгаагүй... ...Тийм өөрсдөө хэрэглэх гэж түүсэн юм... ...Бид нар дөрвүүлээ түүсэн ба би Л.Т, Н. Т, Б.Д бид дөрөв түүсэн машин дотор С.Тэмүжин, О.Түвшинтөгс нар байж байсан ба бууж ирж бид нартай хамт түүгээгүй... ...Энэ хэрэгт холбогдсондоо маш их харамсаж гэмшиж байна дахиж энэ хэрэгт холбогдох уг ургамалтай холбоотой зүйлд орооцолдохгүй гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний ярьсан зүйл үнэн... гэх мэдүүлэг /хх-н 128-129 тал/

 

яллагдагч Б.Д-ын: ...машиндаа суугаад бүгдээрээ явж байтал голын жалга дагаад өндөр ургасан ургамалыг Л.Т, А.С хоёр кинон дээр гараад байдаг нөгөө өвс мөн юм биш үү гэж хэлсэн ба бид нар уутанд уг ургамалаас түүж авсан. Уг ургамалыг Л.Т, Н.Т, А.С бид дөрөв түүсэн ба нийт 9 уут ургамалыг түүгээд Л.Тгийн жолоодож явсан 82-21 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн ард ачаад Улаанбаатар хот руу явж байх замдаа Төв аймгийн Батсүмбэр сумын пост өнгөрөөд явж байхад цагдаа нар араас ирж зогсоож шалгаад саатуулсан... ... Бид нар Сөгнөгөрийн гол орж жимс түүж, усанд сэлэх зорилготой явсан юм... ...Тээврийн хэрэгсэлийг Л.Т жолоодож явсан ба жолооны үнэмлэхгүй байсан учраас цагдаад баригдахаас айгаад оройн цагаар цагдаа нар нэг их байхгүй байх гэж бодоод явсан юм... гэх мэдүүлэг /хх-130-131 тал/

 

яллагдагч Л.Т-гийн: ...бид нар хоорондоо ярилцаж тохиролцож байгаад явахаар тохиролцоод явсан ба Сөгнөгөрийн гол орж жимс түүж, усанд сэлнэ гэсэн зорилгоор явсан... ...Тээврийн хэрэгслийг би жолоодож явсан ба би жолооны үнэмлэхгүй учир шөнө хулгайн замаар явсан юм. Маргааш орой болсон хойно цагдаа байхгүй үед хотод орж ирнэ гэсэн зорилготой байсан юм... ...Интернет, Фэйсбүүк, кино, дууны клип, бичлэгүүдээс үзэж ийм ургамал байдаг юм байна гэсэн ойлголт авч байсан юм... ...Би өмнө энэ ургамалыг хэрэглэж, түүж бэлтгэж байгаагүй...  ...Би сонирхоод түүсэн юм ямар нэгэн зорилго байгаагүй юм... ...Бид нар дөрвүүлээ түүсэн ба би А.С, Н.Т, Б.Д бид дөрөв түүсэн машин дотор С.Тэмүүжин, О.Түвшинтөгс нар байж байсан ба бууж ирж бид нартай хамт түүгээгүй... ...Би өөрийн үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний ярьсан зүйл үнэн... гэх мэдүүлэг /хх-н 132-133 тал/

 

хүний биеэс шинжилгээнд зориулж биологийн дээж авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх-10-15 тал/,

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2019 оны 08 дүгээр сарын 26-ний өдрийн №984 дугаар шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт /хх-38-39 тал/, 

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2019 оны 08 дүгээр сарын 26-ний өдрийн №985 дугаар шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт /хх-41-42 тал/,

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2019 оны 08 дүгээр сарын 27-ний өдрийн №983 дугаар шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт /хх-44-46тал/, 

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2019 оны 08 дүгээр сарын 26-ний өдрийн №997 дугаар шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт /хх-48-49 тал/,

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2019 оны 08 дүгээр сарын 26-ний өдрийн №996 дугаар шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт /хх-51-52тал/,

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2019 оны 08 дүгээр сарын 27-ний өдрийн №982 дугаар шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт /хх-54-55 тал/,

шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 08 дүгээр сарын 14-ний өдрийн 4569 дугаар шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-63-65 тал/,

шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 08 дүгээр сарын 22-ны өдрийн №4570 дугаар шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-73-77 тал/,

“ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК”-ийн 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн №09/442 дугаартай тээврийн хэрэгслийн үнэлгээний тайлан /хх-84-94 тал/,

эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-18 тал/, эд мөрийн баримтыг хураан авсан тэмдэглэл /хх-20 тал/ зэргээр нотлогдож тогтоогдож байна.

 

Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн гэмт хэргийн нөхцөл байдлын талаар:

Өсвөр насны шүүгдэгч А.С, Н.Т, шүүгдэгч Б.Д, Л.Т нар нь бүлэглэн 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын Баянгол 3 дугаар багийн нутагт Сөгнөгөр гэх газраас НҮБ-ийн 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтад багтдаг Делта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий өвс гэх нэршилтэй бодис”-ыг түүж бэлтгэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив шинжүүдийг бүрэн хангасан байна.

 

Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.

Санаатай гэдэгт өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэснийг ойлгоно.Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг

Өсвөр насны шүүгдэгч А.С, Н.Т, шүүгдэгч Б.Д, Л.Т нар нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас үүдэн гарах үр дагаврыг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй.  

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотловол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, А.С, Н.Т, Б.Д, Л.Т нар нь бүлэглэн 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын Баянгол 3 дугаар багийн нутагт Сөгнөгөр гэх газраас НҮБ-ийн 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтад багтдаг Делта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий өвс гэх нэршилтэй бодис”-ыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн” гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Төв аймгийн Прокурорын газраас ирүүлсэн хэргийн зүйл, хэсэг, заалт тохирсон байна. 

  

            “Бэлтгэсэн” гэж байгальд ургадаг мансууруулах бодис бүхий ургамалыг түүж цуглуулсан зэргийг ойлгохоор хуульчлагджээ.

 

           Мансууруулах эм, сэтгэцэт нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3.1.1 дэх хэсэгт “ мансууруулах эм, сэтгэцэт нөлөөт бодис” гэж донтуулах болон сэтгэцэт бусад хүчтэй нөлөө үзүүлдэг, “мансууруулах эмийн тухай” 1961 оны Конвенц, “Сэтгэцэт нөлөөт бодисын тухай” 1971 оны НҮБ-ын Конвенцийн жагсаалтад заасан, хууль тогтоомжийн дагуу Монгол улсад хяналтад байлгавал зохих эм, байгалийн болон нийлэгжүүлсэн бэлдмэлийг” ойлгоно.

           НҮБ-ийн 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтад багтдаг Делта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий өвс гэх нэршилтэй бодис” гэжээ.

             

   Өсвөр насны шүүгдэгч А.С, Н.Т, шүүгдэгч Б.Д, Л.Т нарын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна. 

            Шүүх өсвөр насны шүүгдэгч А.С, Н.Т, шүүгдэгч Б.Д, Л.Т нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ мөрдөн байцаалтын шатнаас эхлэн гэм буруугийн талаар маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэм хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна... гэсэн шудрага ёсны зарчимд нийцүүлж, шүүгдэгч нарийн хувийн байдлыг харгалзан өсвөр насны шүүгдэгч А.С, Н.Т нарт хорих ял оногдуулан, тус хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж, шүүгдэгч Б.Д, Л.Т нарт хорих ял оногдуулахгүйгээр, тэнсэж хянан шийдвэрлэсэн болно.

        

           Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 8 тор ургамалыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Төв аймгийн шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгах нь зүйтэй байна. 

 

              Өсвөр насны шүүгдэгч А.С, Н.Т, шүүгдэгч Б.Д, Л.Т нар нь уг гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болно.

 

Өсвөр насны шүүгдэгч А.С, Н.Т, шүүгдэгч Б.Д, Л.Т нарыг гэмт хэрэг үйлдэхдээ 82-21 дугаартай тээврийн хэрэгслийг ашигласан болохыг хууль ёсны эзэмшигч Ш.Лхагваа нь мэдээгүй болох нь иргэний нэхэмжлэгчийн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 72 дугаартай “82-21 УБҮ дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн” Прокурорын тогтоолыг хүчингүй болгож, 82-21 УБҮ дугаартай тээврийн хэрэгсэл хууль ёсны эзэмшигч Ш.Лхагваад буцаан олгох нь зүйтэй.

 

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 82-21 УБҮ дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 1893000 төгрөгийг буюу өсвөр насны шүүгдэгч А.С, Н.Т, шүүгдэгч Б.Д, Л.Т нараас тус бүр хувь тэнцүүлэн 473250 төгрөгийг тус тус гаргуулж, Улсын орлогод оруулах нь хэргийн бодит байдалтай нийцнэ.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1, 31.3, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Өсвөр насны шүүгдэгч А.С, Н.Т, шүүгдэгч Б.Д, Л.Т нарыг бүлэглэн хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, мөн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч А.С, Н.Т нарыг 1 /нэг/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг, мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д, Л.Т нарыг хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссүгэй. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан өсвөр насны шүүгдэгч А.С, Н.Т нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг, мөн хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч А.С, Н.Т нарыг 1 /нэг/ жилийн хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолы биелүүлэхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар тус тус хойшлуулсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч А.С, Н.Т, шүүгдэгч Б.Д, Л.Т нарт ажил, оршин суугаа газраа өөрчлөн зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх /хойшлуулсан, тэнссэн  хугацаанд/  албадлагын арга хэмжээ авсугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч А.С, Н.Т, шүүгдэгч Б.Д, Л.Т нар нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах болохыг сануулсугай.

 

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Д, Л.Т нар нь шүүхээс тэнссэн 2 /хоёр/ жилийн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

9. Хэрэгт өсвөр насны шүүгдэгч А.С, Н.Т, шүүгдэгч Б.Д, Л.Т нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1, 6 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 8 тор ургамалыг устгахыг Төв аймаг дахь шүүхийн тамгын газарт даалгасугай. 

11. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 82-21 УБҮ дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн” Прокурорын тогтоолыг хүчингүй болгож, 82-21 УБҮ дугаартай тээврийн хэрэгслийн хууль ёсны эзэмшигч Ш.Лхагваад буцаан олгосугай.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 1.3 дахь хэсэгт тус тус зааснаар өсвөр насны шүүгдэгч А.С, Н.Т, шүүгдэгч Б.Д, Л.Т нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Ш.Лхагваагийн эзэмшлийн 82-21 УБҮ дугаартай тээврийн хэрэгслийн үнэлгээ болох 1893000 төгрөгийг гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны шүүгдэгч А.С, Н.Т, шүүгдэгч Б.Д, Л.Т нараас хувь тэнцүүлэн 473250 төгрөгийг тус тус гаргуулж, улсын орлого болгосугай.

13. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор  шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

14. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.

 

15. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл өсвөр насны шүүгдэгч А.С, Н.Т, шүүгдэгч Б.Д, Л.Т нарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ тус тус үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                   Ц.ОТГОНЖАРГАЛ