| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 176/2020/0005/Э |
| Дугаар | 06 |
| Огноо | 2020-01-06 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | И.Мөнхцэцэг |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 06 өдөр
Дугаар 06
2020 01 06 2020/ШЦТ/06
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Дамдиндорж,
улсын яллагч И.Мөнхцэцэг,
шүүгдэгч Ц.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Ц.О холбогдох 1934004430507 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1974 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, засал чимэглэлчин мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Төв аймгийн Эрдэнэ сумын 5 дугаар баг Сэрвэнгийн 127 тоотод оршин суух хаягтай,
урьд Баянзүрх дүүргийн Шүүхийн 1994 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 199 дугаартай Таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 278 дугаар зүйлийн 278.3 дахь хэсэгт зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар,
Төв аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2003 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн Шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1, 151 дүгээр зүйлийн 151.1 дэх хэсэгт зааснаар 1247500 төгрөгөөр торгох ялаар,
Нийслэлийн Налайх дүүргийн шүүхийн 2005 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэгдэж байсан, Б овгийн Ц.О /Регистрийн дугаар: /НУ/ гэв.
Хэргийн товч агуулга:
Шүүгдэгч Ц.О нь Төв аймгийн Эрдэнэ сумын 4 дүгээр баг “Хуучин төв” гэх газраас 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр иргэн О.Нэргүйгийн алдагдсан гэх зээрд халзан байдас, хонгор даагыг завшиж 1235000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ./яллах дүгнэлтэд тусгагдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ц.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудаас дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
Үүнд:
Хохирогч О.Нэргүйгийн Төв аймгийн Эрдэнэ сумын цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-03 тал/, “эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 49 дугаар тогтоол /хх-10-11 тал/, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-12-13 тал/, эд зүйлийн үнэлгээ /хх-33-34 тал/, “ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн үнэлгээний тайлан /хх-39-46 тал/, хөрөнгийн үнэлгээний гэрээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ /хх-47-48 тал/, “ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн үнэлгээний тайлан /хх-53-58 тал/, хөрөнгийн үнэлгээний гэрээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ /хх-60-61 тал/, хохирогч О.Нэргүйгийн мэдүүлэг /хх-16-17, 18 тал/, гэрч О.Нэргүйгийн мэдүүлэг /хх-19-20 тал/, гэрч Э.Баярцэнгэлийн мэдүүлэг /хх-21-22 тал/, гэрч Ж.Даваадалайгийн мэдүүлэг /хх-23-24 тал/, гэрч Н.Мөнхцэцэгийн мэдүүлэг /хх-25 тал/, яллагдагч Ц.О-ийн мэдүүлэг /хх-68-69 тал/, шүүгдэгч Ц.О-ийн хувийн байдлыг тогтоосон бусад баримтууд /хх-70-80, 88, 92-94 тал/ зэрэг болно.
Шүүгдэгч Ц.О нь Төв аймгийн ЭРдэнэ сумын 4 дүгээр баг “Хуучин төв” гэх газраас 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр иргэн О.Нэргүйгийн алдагдсан гэх зээрд халзан байдас, хонгор даагыг завшиж 1235000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
хохирогч О.Нэргүйгийн “...Баяндаваа өгсөөд явж байтал замын хажууд хээр азаргатай адуунд миний зээрд байдас байж байсан. Тэгээд тэр адууны эзэн Баярцэнгэлтэй уулзаад энэ адуу хаанаас ирсэн гэхэд би энэ адууг Ц.О гэдэг хүнээс авсан гэж хэлсэн. Тэгээд тэндээс зээрд байдсаа аваад явсан... ...Зээрд халзан байдас нь буруу урд хөл нь бэлэвсэн сартай хас тамгатай, хонгор даага нь саран дэвсгэртэй 9 тоо тамга байгаа... ...Зээрд байдас нь 1.500.000 төгрөгөөр авсан юм. Хонгор даага нь 1.000.000 төгрөгөөр үнэлнэ...” гэх мэдүүлэг /хх-16-17 тал,
“...би хохирлоо барагдуулаагүй байна. Над руу Ц.О гэх залуу залгаад таны дааганы хохирлыг барагдуулж өгнө гэж хэлээд одоо барагдуулаагүй байна. Би хонгор дааганыхаа хохирлыг авмаар байна. Хонгор дааганы 500000 төгрөг тэгээд эрж хайсан шатахууны бензин гээд 5 хоног хайсан нийт 800000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-18 тал/,
гэрч О.Нэргүйгийн “...шөнө багийн төвийн араас хүрэн азаргатай 12 тооны адуунаас зурвас халзан зээрд байдас, хонгор даага хоёрыг алдсан... ...миний зээрд гүү баяндаваан өвөрт замын хажууд хээр азаргатай адуунд байсан. Тэгээд цагдаад хэлээд адуугаа авсан... ...Эрдэнэ сумын Сэнгээ гэдэг залуугийн адуунд байсан...” гэх мэдүүлэг /хх-19-20 тал/,
гэрч Э.Баярцэнгэлийн “...Ц.О гэх хүнээс зурвас зээрд халзан байдас 500.000 төгрөгөөр авсан. Тэгээд Баяндаваанд ээжийндээ очоод хээр азарганд тавьсан. Тэгээд удаагүй 20-иод хонож байтал тэр байдасны эзэн гээд 4-р багт байдаг Нэргүй гэдэг хүн ирээд миний байдас байна гээд аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-21-22 тал/,
гэрч Ж.Даваадалайгийн “...сүүлд Сэнгээтэй уулзахад Оргойгоос 500.000 төгрөгөөр байдас авсан чинь алдчихсан гээд явж байсан. Нэргүй өөрөө Баяраа гэдэг хүний адуунд очиход миний хонгор даага тэр хүний адуунд байж байсан гэж ярьсан...” гэх мэдүүлэг /хх-23-24 тал/,
гэрч Н.Мөнхцэцэгийн “...ажлаа тараад иртэл манай гэрийн хойно зээрд халзан байдас байсан. Тэгээд нөхрөөсөө энэ ямар адуу юм бэ гэж асуутал туувирчингаас авсан юм. Тэжээж байгаад адуунд нийлүүлэх санаатай гэж хэлж байсан. Яг хэдэн төгрөгөөр авсан талаар би мэдэхгүй... ...тэгээд нэг өдөр би тэжээгээд байсан байдсаа яасан юм бэ гэж асуутал би зарчихсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-25 тал/,
Хохирогч О.Нэргүйгийн Төв аймгийн Эрдэнэ сумын цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-03 тал/, “эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 49 дугаар тогтоол /хх-10-11 тал/, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-12-13 тал/, эд зүйлийн үнэлгээ /хх-33-34 тал/, “ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн үнэлгээний тайлан /хх-39-46 тал/, хөрөнгийн үнэлгээний гэрээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ /хх-47-48 тал/, “ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн үнэлгээний тайлан /хх-53-58 тал/, хөрөнгийн үнэлгээний гэрээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ /хх-60-61 тал/ зэргээр нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Ц.О-ийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь гэрч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон тул түүний мэдүүлгийг яллах талын нотлох баримтад тооцсон болно.
Алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлтийн талаар:
Хохирогч О.Нэргүйгийн алдагдсан гэх зээрд халзан байдас, хонгор даагыг завшсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив талын шинжүүдийг хангасан.
Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.
Санаатай гэдэгт өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэснийг ойлгоно.Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг
Ц.О нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас үүдэн гарах үр дагаврыг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй.
Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотловол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, шүүгдэгч Ц.О-н алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, Төв аймгийн Прокурорын газраас ирүүлсэн хэргийн зүйл, хэсэг, заалт тохирсон байна.
Гэмт хэргийн улмаас хохирогч нарт учруулсан хохирлоо нь төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг хохирлоо өөрийн сайн дураар нөхөн төлсөн гэж үзэж Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар дээрх нөхцөл байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүнд хүлээлгэх Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал хэрэгт тогтоогдоогүй, хувийн байдлын хувьд гэм буруугаа ойлгон гэмшсэн зэргийг харгалзан түүнд торгох ял шийтгэлийг оногдуулсан болно.
Шүүгдэгч Ц.О нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.
Шүүгдэгч Ц.О-д холбогдох хэрэгт бичгийн баримтаар болон эд мөрийн баримт хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Ц.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг,
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол прокурорын 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 49 дугаартай шүүгдэгч Ц.О-н 12 настай хонгор морийг битүүмжилсэн “эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгосныг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овгийн Ц.О-г алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ц.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 /зургаан зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 650000 /зургаан зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ц.О-д шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
4. Шүүгдэгч Ц.О-д шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Ц.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, бичгийн баримт ирээгүйг,
прокурорын 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 49 дугаартай шүүгдэгч Ц.О-н 12 настай хонгор морийг битүүмжилсэн “эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож хууль ёсны эзэмшигч Ц.О-д буцаан олгохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.О-н гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан 12 настай хонгор морийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Цэдэнсодномын Оргойн хувьд ногдох хөрөнгөөс хурааж улсын орлогод оруулсугай.
7. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шат ны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.
9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ц.О-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОТГОНЖАРГАЛ