Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 18

 

 

 

 

   

 

 

 

   2020              01              10                                                     2019/ШЦТ/18                                                             

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ,

улсын яллагч Б.Сувд-Эрдэнэ,

шүүгдэгч Э.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Э.Б  холбогдох 1934007090016 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овгийн Э.Б Регистрийн дугаар: ДМ, Монгол улсын иргэн, 1986 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Говь-Алтай аймаг, Цогц суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Төв аймаг, Аргалант сум, Хөшөөт 2 дугаар багт оршин суух хаягтай, урьд 2006 оны 06 оны 23-ны өдөр Говь-Алтай аймгийн сум дундын шүүхийн 50 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн тэнсэн харгалзах ялаар, 2013 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Төв аймгийн сум дундын шүүхийн 27 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 350 цагийн албадан ажил хийлгэх ялаар тус тус шийтгэгдэж байсан гэв.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд тусгагдсанаар/

Шүүгдэгч Э.Б нь 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Төв аймгийн Аргалант сумын төвд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харилцааны улмаас Ц.Болдбаатарыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Төв аймгийн Прокурорын газраас Э.Б од холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулснаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудаас дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Үүнд:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-02 тал/, хохирогч Ц.Болдбаатарын мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-5-6 тал/, гэрч С.Пүрэвцэрэнгийн мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-07-08 тал/, Төв аймаг шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн №540 дугаар дүгнэлт /хх-15 тал/, Э.Б ын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-26 тал/, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай Э.Б ын гаргасан хүсэлт /хх-48 тал/, шүүгдэгч Э.Б ын хувийн байдлыг тогтоосон бусад баримтууд зэрэг болно.

 

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Э.Б од холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

 

Шүүгдэгч Э.Б нь 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Төв аймгийн Аргалант сумын төвд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харилцааны улмаас Ц.Болдбаатарыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: 

Хохирогчоор Ц.Болдбаатарын өгсөн “...намайг чи яасан их цагдаа дууддаг юм бэ гээд миний зүүн шанаа руу нэг удаа өшиглөсөн... ...учраа олох санаатай эргээд Э.Б ын гэрийн гадаа очиход Э.Баттогтх нь шургааг мод бариад явж байснаа түүнийгээ над руу шидсэн. Тэгтэл тухайн мод нь миний толгойн ард хэсэгт ирж цохиж би газарт унасан. Тэгээд тухайн үедээ толгой эргэж ухаан балартаад хэвтэж байгаад босоод гэр рүүгээ ороод сууж байтал манай эхнэр Оюунбилэг нь цайндаа ирсэн... ...130.000 төгрөгөөр Улаанбаатар хотод тархины томографикийн зураг авахуулсан...” гэх мэдүүлэг /хх-05-06 тал/,

Гэрч С.Пүрэвцэрэн: “...Ц.Болдбаатарыг яасан их цагдаа дууддаг юм бэ та нар гээд толгой руу нь 2 удаа өшиглөсөн. Тэгтэл Ц.Болдбаатар юм ярилгүй гэр рүүгээ яваад орсон. Удалгүй буцаж гарч ирээд Э.Баяртогтохын гэрийнх нь үүдэнд ирэх үед нь Э.Б чи яасан их цагдаа дууддаг юм бэ гээд гэрийнхээ үүдэнд байсан шургааг модыг аваад Ц.Болдбаатарын араас толгой руу нь авч шидсэн. Тэгтэл Ц.Болдбаатар модонд цохигдоод унасан...” гэх мэдүүлэг /хх-7-8 тал/,

 

Төв аймаг шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн №540 дугаар дүгнэлтэд 1.Ц.Болдбаатарийн биед тархи доргилт, дагзны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн хацрын нөсөө /зулгаралт/ гэмтлүүд тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-15 тал/ зэрэг болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Э.Б Ц.Болдбаатарын биед тархи доргилт, дагзны зөөлөн эдийн няцрал, цус харалт, зүүн хацрын нөсөө /зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан байна.

 

Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Э.Б од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол үйлдэж, ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б нь хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч шүүхэд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хангасан байх тул шүүх шүүгдэгч Э.Б од холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч улсын яллагчийн шүүхэд гаргасан саналыг харгалзан 500000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

 

            Шүүгдэгч  Э.Б нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Э.Б од сануулав.

 

           Шүүгдэгч Э.Б од холбогдох хэрэгт бичгийн баримтаар болон эд мөрийн баримт хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болно.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 1, 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Боржигон овгийн Энхтөрийн Э.Б ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б ыг 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Э.Б од оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулинд заасан хугацаанд, хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Э.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар болон бичгийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Э.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.

 

6. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Б од авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй.

 

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Э.Б од авсан авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                Ц.ОТГОНЖАРГАЛ