| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 176/2019/0283/Э |
| Дугаар | 21 |
| Огноо | 2020-01-13 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | М.Гансувд |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 21
2020 01 13 2019/ШЦТ/21
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ,
улсын яллагч М.Гансувд,
хохирогч Т.Т, түүний өмгөөлөгч Б.Энх-Амгалан,
шүүгдэгч С.Г, түүний өмгөөлөгч С.Сувдмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Гд холбогдох 1934005160328 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1981 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Төв аймгийн Эрдэнэсант суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Төв аймаг Эрдэнэсант сумын 2 дугаар багийн нутаг “Баргилт” гэх газарт оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Б овогт С.Г /Регистрийн дугаар:НФ/ гэв.
Хэргийн товч агуулга:
Шүүгдэгч С.Г нь согтуугаар, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж Төв аймгийн Эрдэнэсант сумын 2 дугаар баг Цахирт гэх газарт 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдөр гэр бүлийн хамаарал бүхий хүн болох хамтран амьдрагч Т.Тг “хүний юм уулаа” гэх шалтгаанаар толгой, нүүр, гар, хөл, нуруун тус газарт нь гар болон хөлөөрөө цохиж, өшиглөж, зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч С.Г-д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй...”
Хохирогч Т.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2012 онд С.Г-тай гэр бүл болсон. Би гэр бүл болохдоо 1 үхэртэй очиж байсан. Тэгээд бид 2 хуц, ухна маллаж 100 гаруй малтай болсон. Одоо 100 гаруй толгой мал С.Г-д байгаа намайг байнга чиний өмч гэж байхгүй, хоосон ирсэн гуйлгачин гэж хөөгөөд байдаг. 5000000 төгрөг нэхэмжилж байна. Цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжлэнэ...” гэж тус тус мэдүүлжээ.
Шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны үед хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон тул түүний мэдүүлгийг яллах талын нотлох баримтад тооцсон.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудаас дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
Үүнд:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-08 тал/, хохирогч Т.Т-гаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-14-15, 16 тал/, гэрч Тунгалагтуяагаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-17-19 тал/, гэрч С.Пүрэвээгээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-20 тал/, гэрч Т.Бямбасүрэнгээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-22 тал/, гэрч Т.Т-гаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-23-24 тал/, гэрч Т.Чимэгээгээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-25 тал/, гэрч С.Шийтэрээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-26 тал/, гэрч Э.Очир-Эрдэнээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-27-28 тал/, гэрч Б.Тунгалагаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-29-30 тал/, гэрч Б.Цэрэндуламаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-31-32 тал/, Төв аймгийн засаг даргын дэргэдэх шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн №443 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-34-35 тал/, шинжээч И.Ганболороос мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-36 тал/, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн архивийн өвчний түүх /хх-37-44 тал/, яллагдагч С.Г-ас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-52-53 тал/, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-55-59 тал/, аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-60-61 тал/, хохирлын баримт /хх-75 тал/, шүүгдэгч С.Гантулгын хувийн байдлыг тогтоосон бусад баримтууд /хх-63-74 тал/ зэрэг болно.
Шүүгдэгч С.Г нь согтуугаар, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж Төв аймгийн Эрдэнэсант сумын 2 дугаар баг Цахирт гэх газарт 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдөр гэр бүлийн хамаарал бүхий хүн болох хамтран амьдрагч Т.Т-г “хүний юм уулаа” гэх шалтгаанаар толгой, нүүр, гар, хөл, нуруун тус газарт нь гар болон хөлөөрөө цохиж, өшиглөж, зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
Хохирогч Т.Т-гаас мэдүүлэг авсан тэмдэглэл: “...хамтран амьдрагч С.Г нь намайг 2013 онд хөл, гараа раа цохиж зодоод хөл, нурууны хөхөрчихсөн байсан. 2015 онд гар, хөлөө рөө цохиж зодоод баруун гарын булчингийн ойролцоо хөхөрчихсөн байсан. Харин 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдөр намайг түрийвч олсонгүй гээд өшиглөөд басан. Үүнээс болоод миний зүүн талын хөлийн шилбэ хавдаад, гуяны мах тасарсан байсан... ...согтуу гарч ирээд гар болон гутлаараа нүүр рүү өшиглөөд, толгой дээр дэвслээд байсан, Тэгээд би шууд зугтаагаад гэртээ очиж хувцсаа аваад хоёр хүүхэдтэйгээ хот руу явсан... ...драгон дээр ирээд эгч Бямбасүрэнгээ дуудаад машинд нь ороод ухаан алдчихсан байсан. Тэгээд би ГССҮТ-д ирээд анхны тусламж авч шууд мэдрэлийн тасагт 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр гараад өөрийн аав Төмөрбаатарындаа байсан... ...миний биеийн толгой, нуруу, хөл хэсгээрээ хөндүүрлэж өвдөөд, удаан суухаар нуруу чилж өвдөөд, дотор муухай оргиод байгаа. Хөдөлж явахад хэцүү түшүүлж явж байгаа...” гэх мэдүүлэг /хх-14-15 тал/,
...би татаж унаад, хэл ам ээдрээд, толгой өвдөөд байгаа. Би одоо бол байнга эм ууж байгаа. Бас бариачаар бариулаад явж байгаа... ...намайг сүүлд зодохдоо Төв аймгийн Эрдэнэсант сумын 2 дугаар баг цахиарт гэдэг газар намайг зодсон. Ер нь бол байнга л гэртээ байхдаа намайг зоддог байсан... /хх-16 тал/
Гэрч Т.Т-гаас мэдүүлэг авсан тэмдэглэл: “...зүүн хөмсөг язарч 3 оёо тавиулсан. Уруулын дээд хэсэг язарсан тул 2 оёо тавиулсан. Зүүн хөл гуянаасаа шилбэ хүртэл нилэнхүйдээ хөхөрсөн, хоолой боосон шиг байна лээ. Хүзүү урд хэсэгтээ зулгарсан. Баруун зүүн гар хөхөрсөн. Нурууны зүүн хэсэгт хөхөрсөн байгаа. Толгой ангалзаад өвдөөд байна. Босож явахаар толгой эргээд байна...” гэх мэдүүлэг /хх-17-19 тал/
Гэрч С.Пүрэвээгээс мэдүүлэг авсан тэмдэглэл: ...миний мэдэхээр 2-3 удаа зодсон асуудал байгаа. Харин өнгөрсөн удаад зодсон асуудал бол Дархан бэр цайллаганд очоод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсний улмаас зодсон байна лээ... ...Тунгалагтуяагийн эгч гэх Бямбаа залгаад танай дүү С.Г миний дүүг зодчихлоо гээд залгасан. Би тэрнээс өөр зүйл мэдэхгүй... /хх-20 тал/
Гэрч Т.Бямбасүрэнгээс мэдүүлэг авсан тэмдэглэл: ...миний мэдэхээр Тунгалагтуяаг 4 удаа зодож байсан. Миний дүү Тунгалагтуяа зодуулах болгондоо Улаанбаатар хотод манайд ирдэг байсан. Зодуулаад ирэх болгондоо биеийн зөөлөн эдийн хэсгүүдэд цохиж хөхрүүлсэн байдаг байсан. 2019 оны 06 дугаар сарын 12-ны 01 цагийн үед драгон дээр ирээд намайг ирээд аваач гээд над руу залгаад би драгоноос очиж авахад миний машинд суугаад ухаан алдчихсан. Тэгээд би ухаан алдчихаар нь айгаад шууд ГССҮТ рүү очиж үзүүлсэн чинь тархинд цус харвалт өгчихсөн байна гээд шууд эмнэлэгт хэвтээд 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл ГССҮТ-д эмчлүүлсэн... /хх-22 тал/
Гэрч Т.Чимгээгээс мэдүүлэг авсан тэмдэглэл: ...миний мэдэхээр 4-5 удаа зодож байсан. Яг онуудг нь мэдэхгүй байна. Миний дүүг зодохдоо биеийн гуя болон нурууны ард хоёр гарын булчингийн хэсгээр зоддог бололтой, тэр хавиар хөхөрчихсөн байсан. 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдөр зодохдоо тархинд нь харвалт үүсгэсэн, уруул хөмсөг задарчихсан, хүзүү хэсгээр нь улаан хүрэн зулгаралт үүсчихсэн байсан... /хх-25 тал/
Гэрч С.Шийтэрээс мэдүүлэг авсан тэмдэглэл: ...би тэр өдөр Улаанбаатар хотод байсан. Би тэр хоёрын маргалдаж муудалцахыг хар жбайгаагүй... /хх-26 тал/
Гэрч Э.Очир-Эрдэнээс мэдүүлэг авсан тэмдэглэл: ...яг хэрэлдэж маргалдаж байхгы нь харж байгаагүй. Эхнэр Тунгалагтуяа нь С.Г-ыгхааяа загнаж байгаа харагддаг... /хх-27-28 тал/
Гэрч Б.Тунгалагаас мэдүүлэг авсан тэмдэглэл: ...манай гэрээс урдхан тал ойролцоогоор 500 орчим метр зайд С.Г, Т.Т хоёр мотоциклоосоо буучихсан ноцолдоод байх шиг байхаар нь би Цэрэндуламд хэлж явган очиход С.Г эхнэрийнхээ дээр нь гараад суучихсан нүүр рүү нь цохичихсон бололтой хоёр гарыг нь барьчихсан эхнэрийгээ “чи одоо өдөржингөө агсам тавилаа чамд угаасаа архи зохидоггүй биздээ” гээд загнаад байж байхаар нь бид хоёр салгаад Гантулгыг авч үлдээд эхнэрийг машинаар хүүхдүүдтэ йнь гэр рүү нь хүргүүлсэн... ...миний хажууд С.Г эхнэрийгээ цохиж зодсон асуудал байхгүй. Би бодохдоо эхнэрийнх нь хацар, уруул хэсэг нь хавдартай байхаар нь түүнийг эхнэрийг цохиж л гэж бодсон... /хх-29-30 тал/
Гэрч Б.Цэрэндуламаас мэдүүлэг авсан тэмдэглэл: ...С.Г, Тунгалагтуяагийн дээр н гараад суучихсан хоёр гарыг нь дарчихсан байхаар нь салгаж аваад Гантулгыг авч үлдээд харин эхнэрийг нь машинаар гэр рүү нь хүргүүлсэн юм... ...Нүүрэн хэсэгт нь дээд талын уруул нь язарчихсан байсан. Мөн зүүн талын хөмсөг язарсан байсан. Өөрөөр ил харагдах шарх гэмтэл харагдаагүй... ...Тунгалагтуяа гэрээс гарахдаа толгойныхоо зүүн хэсгээр хаалга мөргөж хөмсөгөө өөрөө язалсан. Үүнийг тэнд байсан бүх хүмүүс гэрчилнэ. Тухайн үед хөмсөгнөөс нь нилээн их цус гарсан... ...надад яг харсан зүйл байхгүй. Харин тэр хоёр харилаа гээд гэрээс хөдөлж замдаа бууж ноцолдохыг нь холоос харж очсон. Хэн нь хэнийгээ яаж цохисон болохыг нь би мэдэхгүй байна... /хх-31-32 тал/
Төв аймаг засаг даргын дэргэдэх шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн №443 дугаартай шинжээчийн “1.2. Т.Тгийн биед тархины зүүн зулайн аалзан хальсан доорх цус харвалт, тархи доргилт, зүүн хөмсөг, дээд урууланд сорви, зүүн шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 3. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн, хэрэг учрал болсон гэх гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь бүгд нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээнээс хамаарна. 6. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийн түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт хх-34-35 тал/, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээсэн мэдүүлгүүдээр тус тус нотлогдон тогтоогдож байна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд хуулийн үйлчлэлд дараах этгээд хамаарна.” мөн хуулийн 3.1.1-д “ эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч,тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэрт амьдарч байгаа этгээд “ гэж,
Мөн хуулийн 3.2-т “...гэр бүлийн харилцаатай байсан, дундаасаа хүүхэдтэй этгээд нэгэн адил хамаарна. гэж,
Мөн хуулийн 5.1.1-т “гэр бүлийн хүчирхийлэл “ гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг хэлнэ” гэж заасан байна.
Шүүгдэгч С.Г нь гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч Т.Т-гийн бие махбодид халдаж, түүнийг биед хөнгөн хохирол учруулсан үйлдлийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж үзэх үндэстэй бөгөөд хохирогчийн бие махбодид хөнгөн хохирол учруулсан нь хэрэгт баримтаар нотлогдсон байна.
Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлтийн талаар:
С.Г нь 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдөр гэр бүлийн хамаарал бүхий хүн болох хамтран амьдрагч Т.Т-г “хүний юм уулаа” гэх шалтгаанаар толгой, нүүр, гар, хөл, нуруун тус газарт нь гар болон хөлөөрөө цохиж, өшиглөж, зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн объектив талын шинжүүдийг хангасан.
Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.
Санаатай гэдэгт өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэснийг ойлгоно.Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг
Шүүгдэгч С.Г нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас үүдэн гарах үр дагаврыг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй.
Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотловол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, шүүгдэгч С.Г-ыгГэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, Төв аймгийн Прокурорын газраас ирүүлсэн хэргийн зүйл, хэсэг, заалт тохирсон байна.
Шүүгдэгч С.Гантулгын гэмт буруутай үйлдлийн улмаас хохирогч Т.Т-гийн биед тархины зүүн зулайн аалзан хальсан доорх цус харвалт, тархи доргилт, зүүн хөмсөг, дээд урууланд сорви, зүүн шилбэнд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан байна.
Хохирогч Т.Т нь шүүхийн шатанд гаргасан хүсэлтдээ: Сэтгэл санаа болон эмчилгээний болон бусад зардалд 5000000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Мөрдөн байцаалтын шатанд 111700 төгрөгийн хохирлыг баримтаар /хавтаст хэргийн 75 дугаар хуудас/, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд баримтаар 456850 төгрөгийн хохирлыг баримтаар нэхэмжилсэн хохирлыг С.Г-ас гаргуулан хохирогч Т.Т-д олгох зүйтэй байна.
Харин гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн улмаас буюу 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс хойш одоо хүртэл хохирогч Т.Т болон түүний 10 сартай, 6 настай буюу бага насны 2 хүүхэд орон гэргүй, айлаар амьдарч байгаа нөхцөл байдал, 6 настай хүүхдийн сурч боловсрох эрх хязгаарлагдаж одоо хүртэл сургуульд орж чадаагүй нөхцөл байдал, санхүүгийн бололцоогүй байдлын улмаас эмчилгээ хийлгэж чадаагүйн улмаас хохирогч татаж унах, салгалах өвчнийг эмчлүүлэх, орон гэртэй болох, сурч хүмүүжих бодит нөхцөл байдлыг нөхөн төлүүлэх буюу, хор уршгийг арилгахад гарах зардлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гаргах зардлын 4431450 /дөрвөн сая дөрвөн зуун гучин нэгэн мянга дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр тогтоож, С.Га нийт 5000000 /таван сая/ төгрөгийн хохирлыг гаргуулж, хохирогч Т.Тд олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал хэрэгт тогтоогдоогүй, хувийн байдлын хувьд гэм буруугаа ойлгон гэмшсэн зэргийг харгалзан ял оногдуулсан болно.
Шүүгдэгч С.Г нь цагдан хоригдсон хоноггүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй тус тус дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овгийн С.Г-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Г-ыг долоон зуун хорин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан долоон зуун хорин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхийг, биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг тус тус мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч С.Г-д оногдуулсан цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
5. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бичгийн баримтаар болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч С.Г нь цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Г-ас 5000000 /таван сая/ төгрөгийг 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн дотор гаргуулж, хохирогч НФ дугаарын регистртэй Т.Т-д олгосугай.
7. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Г-д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй.
9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
10. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч С.Г-д урьд авсан авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОТГОНЖАРГАЛ