Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 19

 

 

 

 

 

 

 

 

 

 

    2020             01               13                                                2020/ШЦТ/19                               

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Эрдэнэсувд,

улсын яллагч М.Гансувд,

шүүгдэгч Ц.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овгийн Ц.О-д холбогдох 1934009560525 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.  

             

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1964 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, 55 настай, эмэгтэй, дээд боловсролтой, мал зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Төв аймгийн Зуунмод сумын 6 дугаар баг Нарлаг хотхон 3-12 тоотод оршин суух хаягтай, урьд Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 17 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, Х овгийн Ц.О /Регистрийн дугаар:ШЖ/ гэв.

 

Хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Ц.О нь согтуугаар 2019 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын 6 дугаар багийн Нарлаг хотхоны 3-12 тоотод байрлах гэртээ гэр бүлийн хамаарал бүхий өөрийн төрсөн хүү, 11 настай О.Б-ыг бага насны хүүхэд гэдгийг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд тусгагдсанаар/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ц.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй...” гэв.

Шүүгдэгч Ц.О-ийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь гэрч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон тул түүний мэдүүлгийг яллах талын нотлох баримтад тооцсон.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудаас дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

 

Үүнд:

Зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай /хх-5 тал/, О.Бадралтын биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-6 тал/, насанд хүрээгүй хохирогч О.Бадралтын төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 26 тал/, насанд хүрээгүй хохирогч О.Бадралтаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-28-29 тал/, насанд хүрээгүй хохирогч Д.Болдбаатараас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-30-31 тал/, Төв аймаг засаг даргын дэргэдэх шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн №735 дугаар дүгнэлт /хх-36-37 тал/,  Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-40-42 тал/, хүүхдийн эрсдэлийн нөхцөл байдлын үнэлгээ /хх-44-45 тал/, гэр бүлийн нөхцөл байдал, хэрэгцээний үнэлгээ /хх-46-48 тал/, шүүгдэгч Ц.О-ийн хувийн байдлыг тогтоосон бусад баримтууд /хх-57-71 тал/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Ц.О нь согтуугаар 2019 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын 6 дугаар багийн Нарлаг хотхоны 3-12 тоотод байрлах гэртээ гэр бүлийн хамаарал бүхий өөрийн төрсөн хүү, 11 настай О.Б-ыг бага насны хүүхэд гэдгийг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

 

Мөрдөн шалгах ажиллагааны үед

Насанд хүрээгүй хохирогч О.Бадралаас мэдүүлэг авсан тэмдэглэл: ...ээж над руу уурласан. Тэгтэл ээж миний өмсөж байсан футболкоор намайг боосон. Тэгснээ ээж хутгаар өмсөж байсан пальтоноо цоолоод урсан. Тэгснээ ээж том ах руу утсаар ярьснаа дүүг чинь ална гээд ярьсан. Тэгснээ над руу ээж хутга барьж дайрсан. Тэгээд хутгыг авч би газар шидсэн... ...ээж чиний ах чинь ийм л хүн шүү гээд над руу дайраад намайг боосон. Тэгэхээр нь би ээжийнхээ гарыг мушгиж тавиултал ээж миний нүүрийг түлхсэн. Тэгтэл ээжийнхээ гарыг барьтал ээж миний гарыг хазсан. Тэгтэл ээж сандал дээр сууж байснаа над руу дайрах гэхээр нь би ээжийг цааш нь түлхтэл ээж хөргөгч мөргөж унахдаа энгэрээс зуураад бид хоёр цуг газар унасан... ...Тэгснээ ээж гартаа барьж байсан түлхүүрээ газар тавьсан. Тэгэхээр нь би газраас түлхүүрээ аваад гэрээс гарч зугтаасан... гэх мэдүүлэг /хх-8 тал/

 

Гэрч Д.Болдбаатараас мэдүүлэг авсан тэмдэглэл: ...2019 оны 10 сарын 13-ны өдөр би гэртээ байгаагүй 2019 оны 10 сарын 12-ны өдөр эхнэр Ц.О согтуу ирээд гэрээс хөөгөөд байхаар нь би тэр өдрөө хоноогүй. Маргааш нь 2019 оны 10 сарын 13-ны өдөр гэртээ иртэл хаалгаа тайлж өгөөгүй. Тэр өдөр би хоёр удаа гэртээ ирсэн. Ц.О-г хүүгээ зодохыг нь би хараагүй... ...Би эхнэрээ зодож байгаагүй Ц.О гэрийнхээ хамаг юмыг хагалаад байхаар нь арга ядаад гар хүрдэг юм. Түүнээс би эхнэрээ зүгээр зодоод байхгүй... ... Би өөрөө гэртээ байхгүй болохоор мэдэхгүй байна... ...2019 оны 10 сарын 12-ны өдөр намайг гэртээ унтаж байтал эхнэр Ц.О гаднаас гэрт орж ирээд гуталтай орон дээр хэвтлээ хүүхэдтэй намайг муудалцуулсан гээд орилж чарлаад байхаар нь би гэрээс гараад явах гэтэл Ц.О явуулахгүй байхаар нь толгой руу нь хоёр удаа цохичхоод би гэрээс гараад явсан. Тэгээд би гэртээ хоноогүй... гэх мэдүүлэг /хх-н 11-13 тал/

 

Гэрч Д.Нарантуяагаас мэдүүлэг авсан тэмдэглэл: ...2019 оны 10 сарын 13-ны өдөр 15 цагийн орчим хаалга нүдээд Бадралт гэрт орж ирээд аав байна уу танайд гэж асуусан. Тэгээд би Бадралтаас юу болсон талаар асуухад ээж зодоод арай гэж гэрээсээ гарч ирлээ гэхээр нь би аав руу нь залгаад аавыг нь утсаар дуудсан. Тэгтэл удалгүй Болдбаатар эхнэр Ц.О-гийн ахынх нь хүүхэдтэй цуг орж ирээд хүүхдээ дагуулаад гарч явсан. Бадралт орж ирэхдээ баруун нүдний дээд талд хавдсан нүүр нь улайсан байсан. Тэгээд би яахаараа хүүхдээ зоддог байна аа гэж хэлж байсан... ...Би мэдэхгүй байна цуг амьдардаггүй болохоор... гэх мэдүүлэг /хх-н 14-15 тал/

 

Насанд хүрээгүй хохирогч О.Бадралтын: ...чи намайг эцэгтэйгээ шоронд хийсэн гээд хутга бариад намайг айлгаад хутгаар гэдэс рүү хатгаад тэгэнгүүтээ би өөрийгөө ална гээд хувцсаа хутгаар цоолоод байсан. Тэгснээ би эхлээд чамайг алчхаад өөрийгөө ална гээд над руу дайраад байсан ба айсандаа хутгыг нь аваад шидэхэд хивсэн дээр унасан. Тэгээд ээж намайг фодволкоор хүзүүнээс боогоод хэсэгхэн байж байгаад больсон. Тэгээд ээж утсаа аваад том ах Ууганбаяр руу залгахад том ах утсаа аваагүй. Тэгээд ах чинь ийм л хүн шүү дээ гээд миний нүүрийг самардаж түлхсэн. Тэгээд би болиулах гээд гарыг нь холдуулахад миний зүүн гарын эрхий хуруунаас хазсан. Тэгээд байж байтал цагдаа ах хаалга тогшоод ороод ирсэн... ...Би одоо цуг байхаас айгаад орой болгон хар дарж зүүдэлж байна... гэх мэдүүлэг /хх-28-29 тал/

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д. Болдбаатарын: ...манай эхнэр Ц.О согтуу орж ирээд намайг чи орон дээр гуталтай хэвтлээ гээд над руу уурласан. Тэгэхээр нь би босож ирээд гутлаа тайлаад буцаад хэвтээд байж байтал над руу хүүхдийн гутал шидсэн. Тэгээд намайг зуураад тавихгүй байсан. Тэгээд миний уур хүрээд эгч Наранцэцэгийнд очиж хоносон. Гэрт хүү О.Бадралт, эхнэр Ц.О хоёр үлдсэн. Тэгээд маргааш өглөө нь 2019 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 10 цаг өнгөрөөгөөд гэртээ очоод тогштол хаалга нээж өгөхгүй байсан. Тэгээд буцаж ирээд эгчийндээ ирээд хэвтээд байж байтал манай дунд эгч миний дугаар руу залгаад танай эхнэр хүүхдийг чинь зодоод байна танай хүү Бадралт зугтаад манай гэрт ирчихсэн байна гэж хэлсэн. Тэгээд би хүүхдээ авах гээд эгчийндээ очсон... ...өмнө зодож дарамталж байгаагүй... ... Манай эхнэр Ц.О нь хүүхдүүддээ халамжтай байдаг. Даанч архи уусан үедээ их өөр болдог... гэх мэдүүлэг /хх-31 тал/ зэргээр нотлогдон тогтоогдож байна. 

 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд хуулийн үйлчлэлд дараах этгээд хамаарна.” мөн хуулийн 3.1.1-д “ эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч,тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэрт амьдарч байгаа этгээд “ гэж,

Мөн хуулийн 5.1.1-т “гэр бүлийн хүчирхийлэл “ гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг хэлнэ” гэж заасан байна.

 

Шүүгдэгч Ц.О нь гэр бүлийн хамаарал бүхий өөрийн төрсөн хүү 11 настай О.Бадралтын  бие махбодид халдаж, түүнийг биед хөнгөн хохирол учруулсан үйлдлийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж үзэх үндэстэй бөгөөд хохирогчийн бие махбодид хөнгөн хохирол учруулсан нь хэрэгт баримтаар нотлогдсон байна.

 

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлтийн талаар:

Ц.О нь согтуугаар 2019 оны 10 дугаар сарын 13-ны өдөр өөрийн төрсөн хүү, 11 настай О.Б-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн объектив талын шинжүүдийг хангасан.

 

Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.

 

Санаатай гэдэгт өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэснийг ойлгоно.Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг

Шүүгдэгч Ц.О нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас үүдэн гарах үр дагаврыг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй.

 

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотловол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Ц.О-г Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, Төв аймгийн Прокурорын газраас ирүүлсэн хэргийн зүйл, хэсэг, заалт тохирсон байна.

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал хэрэгт тогтоогдоогүй, хувийн байдлын хувьд гэм буруугаа ойлгон гэмшсэн зэргийг харгалзан ял торгох ял оногдуулсан болно.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

 1. Шүүгдэгч Х овгийн Ц.О-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.О-г 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700000 /долоон зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ц.О-д оногдуулсан 700000 /долоон зуу/ төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулинд заасан хугацаанд, хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ц.О нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

 5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Ц.О нь цагдан хоригдсон хоноггүйг, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шүүгдэгч Ц.О-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор  шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шат ны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.

 

 9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ц.О-д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх  арга хэмжээг  хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ц.ОТГОНЖАРГАЛ