Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 24

 

 

 

 

 

 

 

2020              01                 14                                                 2019/ШЦТ/24                               

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Эрдэнсувд,

улсын яллагч Д.Нэргүй,

шүүгдэгч С.Ш, түүний өмгөөлөгч Ш.Дуламжав нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн С.Ш-т  холбогдох 1934008610471 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв. 

             

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1955 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Төв аймгийн Дэлгэрхаан суманд төрсөн, 64 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 2, эхнэрийн хамт Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар баг 21-10 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Б овгийн С.Ш /Регистрийн дугаар: /НЭ/  гэв.

 

Хэргийн товч агуулга: 

Шүүгдэгч С.Ш нь Төв аймгийн Сэргэлэн сумын 4 дүгээр багийн нутаг буюу Богдхан уулын дархан цаазат газарт 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр зөвшөөрөлгүйгээр, өөрийн эзэмшлийн ТОЗ-08-01 загварын буугаар 2 тарвага буудан агнаж, байгаль эклогид 340.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд тусгагдсанаар/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

           Шүүгдэгч С.Ш шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудаас дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Үүнд:

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-5 тал/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-6 тал/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-7 тал/, ТОЗ-8 маркийн буунд үзлэг хийсэн тэмдэглэл, /хх-8 тал/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-9-12 тал/, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-18 тал/, гэрч Б.Жаргалбаатараас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-23 тал/, “ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн үнэлгээний тайлан /хх-27-32 тал/, тээврийн хэрэгслийн гэрэл зураг /хх-33 тал/, хөрөнгийн үнэлгээний гэрээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ /хх-37-38 тал/, Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн №19-04-015/04 дугаартай дүгнэлт /хх-42 тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 5054 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-46-49 тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн /хх-52-53 тал/, “ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн үнэлгээний тайлан /хх-53-58 тал/, хөрөнгийн үнэлгээний гэрээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ /хх-60-61 тал/, 1995 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 26 дугаартай Монгол Улсын Их Хурлын Тогтоол /хх-77-84 тал/, иргэний нэхэмжлэгч Ц.Цэвэлсүрэнгйин мэдүүлэг /хх-91 тал/, шүүгдэгч С.Ш-ын хувийн байдлыг тогтоосон бусад баримтууд /хх-59-75 тал/ зэрэг болно.

 

Шүүгдэгч С.Ш нь Төв аймгийн Сэргэлэн сумын 4 дүгээр багийн нутаг буюу Богдхан уулын дархан цаазат газарт 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр зөвшөөрөлгүйгээр, өөрийн эзэмшлийн ТОЗ-08-01 загварын буугаар 2 тарвага буудан агнаж, байгаль эклогид 340.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

Иргэний нэхэмжлэгч Ц.Цэвэлсүрэнгээс мэдүүлэг авсан тэмдэглэл: ...Сэргэлэн сумын Эрдэнэ-Уул 4 дүгээр багийн нутагт хамаардаг... ...хуулд зааснаар буруутай этгээдээс экологи эдийн засгийн үнэлгээгээр гарсан хохирлыг Сэргэлэн сумын агнуурын нөөцийн дансанд байршуулж хохирлыг төлүүлмээр байна. Хэрэв хохирлоо бүрэн төлчихвөл ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-91 тал/

Гэрч Б.Жаргалбаатараас мэдүүлэг авсан тэмдэглэл: ...61-44 ТӨВ улсын дугаартай Тоёота приус маркийн тээврийн хэрэгсэл хойноос урагш чиглэлтэй явж байхад нь үүргийн дагуу зогсоож архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг нь шалгахад 0.23 хувийн согтолттой байсан. Тээврийн хэрэгслээс жолоочийг буулгаад тээврийн хэрэгсэлд үзлэг хийхэд машины арын суудлын шалан дээр ТОЗ-8 маркийн галт зэвсэг болон 1 ширхэг агнагдсан тарвага байхаар нь машины арын багаажийг онгойлгоод үзэхэд ямар нэгэн зүйл байгаагүй. Тэгээд багаажны тагыг сөхөөд үзэхэд запас дугуйны хажууд 1 ширхэг тарвага буудаж агнаад хийсэн байхаар нь жижүүр рүү мэдэгдэж мөрөгчид хүлээлгэж өгсөн... гэх мэдүүлэг /хх-23 тал/,

Яллагдагч С.Ш-аас мэдүүлэг авсан тэмдэглэл: ...Ланс ууланд ирээд машин дотроосоо өөрийн ТОЗ-8 маркийн галт зэвсэгээр хоёр тарвага буудаж унагаагаад нөгөө хоёр тарвагаа машиндаа хийгээд буцаад Зуунмод сумын төв рүү явж байхад замын цагдаа зогсоогоод шалгаад тарвага авч явсан...  гэх мэдүүлэг /хх-25 тал/,

 

Шүүгдэгч С.Ш-ын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь гэрч, иргэний нэхэмжлэгч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон тул түүний мэдүүлгийг яллах талын нотлох баримтад тооцсон болно.

 

Шүүгдэгч С.Ш нь Төв аймгийн Сэргэлэн сумын 4 дүгээр багийн нутаг буюу Богдхан уулын дархан цаазат газарт 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр зөвшөөрөлгүйгээр, өөрийн эзэмшлийн ТОЗ-08-01 загварын буугаар 2 тарвага буудан агнаж, байгаль эклогид 340.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлтийн талаар:

 

Богдхан уулын дархан цаазат газарт 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр зөвшөөрөлгүйгээр, өөрийн эзэмшлийн ТОЗ-08-01 загварын буугаар 2 тарвага буудан агнаж, байгаль эклогид 340.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив талын шинжүүдийг хангасан.

 

Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.

 

Санаатай гэдэгт өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэснийг ойлгоно.Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг

 

С.Ш-ын нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас үүдэн гарах үр дагаврыг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй.

 

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотловол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, С.Ш-ыг Богдхан уулын дархан цаазат газарт 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр зөвшөөрөлгүйгээр, өөрийн эзэмшлийн ТОЗ-08-01 загварын буугаар 2 тарвага буудан агнаж, байгаль эклогид 340.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, Төв аймгийн Прокурорын газраас ирүүлсэн хэргийн зүйл, хэсэг, заалт тохирсон байна.

 

            Гэмт хэргийн улмаас байгаль орчинд учруулсан хохирлоо нь төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг хохирлоо өөрийн сайн дураар нөхөн төлсөн гэж үзэж Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар дээрх нөхцөл байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүнд хүлээлгэх Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал хэрэгт тогтоогдоогүй болно.

           

            Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ С.Ш-ын гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар арилсан, тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохиролгүй, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэм хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна... гэсэн шудрага ёсны зарчимд нийцүүлж, шүүгдэгч С.Ш-т хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх шаардлагатай гэж тус тус үзлээ.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хураагдан ирсэн гол төмрийн дугаар ААN11525, замагны дугаар 55720 дугаартай 1 ширхэг ТОЗ-8 маркийн бууг хэрэгцээний дагуу хүргүүлэхийг,

1 ширхэг хонгио, 2 ширхэг тарвагыг устгахыг Төв аймаг дахь Шүүхийн тамгын газарт даалгах нь зүйтэй байна. 

 

              шүүгдэгч С.Ш нь уг гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, амьтны аймагт учруулсан 680.000 /зургаан зуун наян мянга/ төгрөгийг нөхөн төлбөр төлсөн тул бусдад төлөх төлбөргүй болно.

 

шүүгдэгч С.Ш-ын гэмт хэрэг үйлдэхдээ 61-44 ТӨВ дугаартай “TOYOTA PRIUS-20” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн” 2019 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 52 дугаартай Прокурорын тогтоолыг хүчингүй болгож, хууль ёсны эзэмшигч С.Ш-т буцаан олгох нь зүйтэй.

 

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу С.Ш-ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 61-44 ТӨВ дугаартай “TOYOTA PRIUS-20” маркийн тээврийн хэрэгслийн үнэ болох 5.878.600 /таван сая найман зуун далан найман мянга зургаан зуу/ төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулах нь хэргийн бодит байдалтай нийцнэ.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овгийн С.Шыг улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.Ш-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 3 дахь хэсгийн 3.2-т заасныг тус тус баримтлан шүүгдэгч С.Ш-т шүүхээс тэнссэн 1 /нэг/ жилийн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, галт зэвсэг хэрэглэх, эзэмшихийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.Ш-т тэнссэн хугацаанд хүлээсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүхээс тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг,

мөн шүүхээс тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тус тус мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч С.Ш нь цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг,

“TOYOTA PRIUS-20” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн” 2019 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 52 дугаартай Прокурорын тогтоолыг хүчингүй болгож, хууль ёсны эзэмшигч С.Ш-т олгохыг тус тус шүүгчийн туслах Х.Амарбаясгаланд даалгасугай.  

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-д заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн гол төмрийн дугаар ААN11525, замагны дугаар 55720 дугаартай 1 ширхэг ТОЗ-8 маркийн бууг хэрэгцээний дагуу хүргүүлэхийг,

1 ширхэг хонгио, 2 ширхэг тарвагыг устгахыг Төв аймаг дахь Шүүхийн тамгын газарт даалгахыг тус тус даалгасугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.Ш-ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 5.878.600 /таван сая найман зуун далан найман мянга зургаан зуу/ төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулсугай.

 

8. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч С.Ш-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

9. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор  шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шат ны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.

 

 11. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч С.Ш-т урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх  арга хэмжээг  хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

         

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                Ц.ОТГОНЖАРГАЛ