Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ2018/00132

 

“С” ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Б.Ундрах, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 589 дүгээр шийдвэр,

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 133 дугаар магадлалтай,

“С” ХК-ийн нэхэмжлэлтэй,

“Х” ХХК-д холбогдох,

Гэрээний үүрэг 96.747.900 төгрөг гаргуулах тухай үндсэн,

нэмэгдсэн өртгийн албан татварын падаан болон тээврийн зардал 875.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгч Ц.Батжаргалын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч З.Энхтуяа, Ц.Баасандорж, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч “С” ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Х” ХХК нь тус компанитай 2015.03.30-ны өдөр 1 м3 хөнгөн бетон блокыг 120.000 төгрөгөөр тооцож, нийт 90.000.000 төгрөгөөр 750 м3 хөнгөн бетон блок худалдан авахаар тохиролцон худалдах худалдан авах 02 тоот гэрээг байгуулсан. Үүний дагуу 2015 оны 03 сарын 31-ний өдрөөс 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл хугацаанд нийт 841.3 м3 хөнгөн бетон блокыг Х ХХК-д нийлүүлж гэрээний үүргээ биелүүлсэн. Гэтэл хариуцагч нь үлдэгдэл төлбөр болох 64.498.600 төгрөгийг төлөхгүй байгаа тул 2015 оны 07 сарын 15-ны өдрөөс эхлэн алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутамд 0.2 хувиар тооцож 16.879.663 төгрөг, нийт 81.378.263 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж: 750 м3 блокны 50 хувь болох 375 м3 хөнгөн бетоны төлбөрт 37.9 м2 талбай бүхий 2 өрөө орон сууцаар бартер хийх гэсэн заалтыг бэлэн мөнгөөр төлөхөөр харилцан тохиролцож өөрчлөлт оруулсны зэрэгцээ худалдан авагч нь гэрээнд заасан үлдэгдэл 80.000.000 төгрөгийг 2015 оны 07 сарын 15-ны дотор төлж барагдуулна, заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гэрээний үнийн дүнгийн 0.2 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг худалдагчид төлөхөөр гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан.  “С” ХК нь алдангийн хэмжээг нэмэгдүүлэн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцож нийт 15.369.637 төгрөг нэмж нэхэмжилж байна. Иймд хариуцагчаас нийт 96.747.900 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Х” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: Манай компани нь 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 02 тоот гэрээний дагуу 486.305 м3 хөнгөн блокыг 58.356.595 төгрөгөөр авч тооцоо хийсэн. Нэхэмжлэлд дурдсан 841 м3 хөнгөн блок аваагүй. Харин Ж.Мягмардорж нь “С” ХК-ийн захирал Содбилэг, Мөнхтуяа, Уранчимэг нартай уулзаж 354.695 м3 хөнгөн блокыг өөрийнхөө барилгад авсан. Үүнийг Мягмардорж хүлээн зөвшөөрч 42.563.400 төгрөгийн тооцоог “С” ХК-тай хийнэ гэдэг. Иймд 354.695 м3хөнгөн блок нь манай компанид хамаагүй болно. Манай компани нь авсан хөнгөн блокны үнийн үлдэгдэл 21.856.595 төгрөгийг төлөх нь үнэн болно. Үүнийг тээврийн зардал 875.000 төгрөг, мөн хөнгөн блокны НӨАТ болох 5.835.659 төгрөгийг үлдэгдлээс хасаж 15.146.036 төгрөгийг орж ирэх санхүүжилтээс төлнө гэжээ.

Хариуцагч “Х” ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Худалдах-худалдан авах гэрээний 3 дугаар зүйлийн 3.4-т зааснаар худалдагч тал худалдан авагчид бүтээгдэхүүнийг  НӨАТ-тай үнээр зарахаар тохиролцсон. С ХК-иас Х ХХК-д 486.305 м3 хөнгөн бетон нийлүүлсэн ба нийлүүлсэн бүтээгдэхүүний үнэ нийт 58.356.595 төгрөг болж байна. Үүнээс манай компани 36.500.000 төгрөгийг төлсөн ба ногдох НӨАТ-ын падааныг С ХК-иас удаа дараа шаардсан боловч одоог хүртэл авч чадаагүй байна. С ХК-ийн энэхүү үйлдэл нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.5-т заасныг зөрчиж байна. Хэрэв С ХК нь НӨАТ төлөгч биш бол манай компанид НӨАТ-гүй үнээр бараа бүтээгдэхүүнийг худалдах хуулийн зохицуулалттай. Иймд С ХК-иас 36.500.000 төгрөгийн төлбөрт ногдох НӨАТ-ын падааныг гаргуулж өгнө үү. Мөн 21 удаагийн тээвэрлэлтээр, нийт 487.069 м3 хөнгөн блокыг манай компанид нийлүүлсэн байх ба нийт 27 удаагийн тээвэрлэлтээс “С” ХК нь 2 удаагийн тээвэрлэлт хийсэн. Харин манай Х ХХК 25 рейст 875.000 төгрөг зарцуулан бүтээгдэхүүнээ авсан. Иймд тээвэрлэлтийн зардал 875.000 төгрөгийг нийлүүлэгч тал болох “С” ХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч “С” ХК сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: “Х” ХХК нь 2015 оны 04 сарын 15-ны өдөр төлөх ёстой байсан 26.415.000 төгрөгийг төлөөгүй ба 2015 оны 05 сарын 21-ны өдрийг хүртэл манай компани ачилтаа түр зогсоосон.Энэ хугацаанд захирал Ц.Батжаргал бид банкнаас зээл авах гэж байгаа бидэнд үргэлжлүүлээд зээлээр өгөөч бид өөрсдөө тээврээ хариуцаад хөнгөн бетоноо авъя гэсэн хүсэлт удаа дараа гаргаж өөрсдөө тээврээ хариуцан хөнгөн бетон авсан. “С” ХК нь НӨАТ төлөгч компани бөгөөд “Х” ХХК-н бараа бүтээгдэхүүн худалдан авалтын НӨАТ-н бичилтийг бараа ажил үйлчилгээний дүн 84.727.273 төгрөг, НӨАТ-н 10% болох 8.472.727 төгрөг нийт дүн 93.200.000 төгрөгийг НӨАТ-н 0014490784 дугаартай падаанаар 2015 оны 07 сарын 30-ны өдөр татварын албанд тайлагнасан ба 2016 оны 02 сарын 24-ны өдөр бараа ажил үйлчилгээний үнэ 7.090.909 төгрөг НӨАТ-н 10% болох 709.090 төгрөг нийт дүн 7.800.000 төгрөгийг НӨАТ-н 20835700 дугаартай падаанаар тус тус татварын албанд тайлагнасан.Төлбөрөө төлөхгүй биднээс зугтаж байсан учраас НӨАТ-н падаанаа өөрсдөө ирж аваагүй болно. Иймд сөрөг нэхэмжлэлийг ямар ч үндэслэлгүй хэмээн үзэн татгалзаж байна гэжээ.

Гуравдагч этгээд Ж.Мягмардорж шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Батжаргалд 117.800.000 бараа материал нийлүүлсэн байдаг. Батжаргал над руу залгаад Мягаа ахаа, танд блок хэрэгтэй юу, би танд С ХК-иас авч өгье. Харин тээврийн зардлаа өөрөө даагаараа гэж хэлээд явуулсан. Тэгтэл эхний блоктой машин орж ирээд байж байтал С ХК-ийн нягтлан нь танайх манайхтай гэрээгүй, бас манай захирал танайд нийлүүлэхгүй гэж хэлсэн. Тэгээд Батжаргалруу нь залгахад нь Мягмаа ахын хашаанд буулгачих, би тооцоог нь хийнэ, бид хоёр хоорондоо тооцоотой юм гэж хэлээд буулгуулсан байдаг. Би Батжаргалын нийлүүлсэн блок буюу 15 машин блокыг авсан. Тэр блокноос Улаанбаатар хотын Иново ХХК-аас хэдэн машин, С ХК-иас хэдэн машин блок гэдгийг Батжаргал надад ялгаж өгөөгүй. Хэд нь Инова ХХК, хэдэн нь С ХК-иас авсан нь тодорхойгүй. С ХК болон Хос уран цамхаг констракшин ХХК-ийн хооронд хийгдсэн гэрээний тооцоо нийлсэн баримтыг мэдэхгүй. Би С ХК-иас аас нэг ч удаа гэрээ хийж блок аваагүй. Батжаргал надад өрөө л барагдуулсан. Би Батжаргалаас 117.800.000 төгрөгийн авлагатай, харин Батжаргал надад арматур, 15 машин блок нийлүүлсэн гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 589 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Х ХХК-иас 79.006.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч С ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 17.741.900 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, тээврийн зардал 875.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч С ХК 36.500.000 төгрөгийн төлбөрт ногдох нэмэгдсэн өртгийн алба татварын падаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаарт 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 800.050 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 133.871 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х ХХК-иас 552.980 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С ХК-нд, нэхэмжлэгч С ХК-иас 108.321 төгрөг гаргуулж, хариуцагч Х ХХК-нд тус тус олгож шийдвэрлэжээ.

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 133 дугаар магадлалаар: Хариуцагч Х ХХК-ийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 589 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч Хос уран цамхаг ХХК-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 444.000 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Ц.Батжаргал хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 589 дугаар шийдвэр, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 133 дугаар магадлалыг эс зөвшөөрөн гомдол гаргаж байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болж буй гэрчүүдийн мэдүүлэг нь хариуцагчийг гуравдагч этгээд Ж.Мягмардоржид 354.695 мкв бетон буулгах авах зөвшөөрөл олгосон гэдэг үйл явдлыг нотлоогүй ба харин манай “Х" Олоход ХХК-ийг 354.695 мкв бетон аваагүй гэдгийг нотолдог. Өөрөөр хэлбэл худалдагч нийлүүлэгч тал ‘“С” ХК нь захиалагч тал болох манай “Х” ХХК-д гэрээний зүйл болох хөнгөн блокийг хүлээлгэж өгөх ёстой болохоос биш манай “Х” ХХК-ийн нэрийг барьсан хүн болгонд бүтээгдэхүүнийг нийлүүлэх үүрэггүй. Худалдагч ‘‘С” ХК нь манай компанид нийлүүлэх ёстой хөнгөн бетоноос гуравдагч этгээд Ж.Мягмардоржид нийлүүлсэн байсан. С ХК-ийг манайд нийлүүлэхээр гэрээгээр тохирсон хөнгөн бетоноос Ш.Мягмардоржид нийлүүл гэж зөвшөөрөл олгож байгаагүй бөгөөд энэхүү үйл баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болж буй гэрчүүдийн мэдүүлгээр нотлогддог. 2015 оны 03 сарын 30-ны өдөр байгуулсан ‘'худалдах, худалдан авах 02 тоот гэрээ” болон 2015 оны 03 сарын 30-ны өдрийн №02 тоот “гэрээний нэмэлт хавсралт”-ын 3 дахь заалтад "Захиалагч нь заасан хугацаанд төлбөрөө хийгээгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гэрээний үнийн дүнгийн 0,2 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг нийлүүлэгчид төлнө” гэсэн байна. Гэрээний энэхүү заалт нь холбогдох хуулийг зөрчсөн байна. Алдангийг гэрээний дүнгээс тооцдоггүй ба Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар “хууль зөрчсөн” хүчин төгөлдөр бус хэлцэл байна. Иймд дээр дурдсан үндэслэлүүдийг хянан үзэж, Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 589 дугаар шийдвэр, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 133 дугаар магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан дүнгээс үнийн дүнгээс 57.149.405 төгрөгийг хангахгүй орхисон өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангажээ.

Нэхэмжлэгч “С” ХК нь хариуцагч “Хос уран цамхаг” ХХК-с блокны үнэ, алдангид нийт 96.747.900 төгрөг нэхэмжилжээ. Хариуцагч нэхэмжлэлийн заримыг эс зөвшөөрч, улмаар НӨАТ-ын падаан болон тээврийн зардал 875.000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Зохигчдын хооронд 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдөр байгуулагдсан бараа бүтээгдэхүүн худалдах-худалдан авах гэрээгээр нэхэмжлэгч нь 750 м3 хөнгөн бетон нийлүүлэх, хариуцагч нь /1 м3-г 120.000 төгрөгөөр тооцон/ 90.000.000 төгрөгийг 2015 оны 4 дүгээр сарын 15-ний өдөр төлөх, төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хоног тутам нийт үнийн дүнгийн 0.2 хувиар алданги тооцохоор харилцан тохиролцжээ. 

Дээрх гэрээнд талууд нэмэлт өөрчлөлт оруулж, хариуцагч 10.000.000 төгрөг төлсөн бөгөөд үлдэгдэл 80.000.000 төгрөгийг 2015 оны 7 дугаар сарын 15-ны дотор төлөхөөр болжээ /хэргийн 6-7 дугаар тал/.

Нэхэмжлэгч нь өөрийн болон итгэмжлэгдсэн лаборатороор чанарыг баталгаажуулсан хөнгөн бетон нийлүүлэх, хариуцагч хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүргийг тус тус хүлээснээс үзэхэд зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.

Иймд хүчин төгөлдөр гэрээнд заасан үүргээ талууд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэл, үр дагаврыг шаардах эрхтэй бөгөөд зохигчид гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэсэн эсэх нь маргааны зүйл болжээ.

Хариуцагч нь гэрээнд заасан дээр нэмж 92.5 м3 блок, нийт 841.3 м3 блок авсан нь хэргийн баримтаар тогтоогджээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1.-д зааснаар хэргийн оролцогч нь өөрийн шаардлага, татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд хариуцагч нь “...354.695 м3 блок аваагүй...” гэх тайлбараа нотолж чадаагүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан зохигчдын хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаанаас үүссэн эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэхдээ Иргэний хуулийн  211 дүгээр зүйлийн 211.1, 211.2, 243 дугаар зүйлийн 243.1, 245 дугаар зүйлийн 245.1-т заасан зохицуулалтыг  зөв тайлбарлан хэрэглэжээ.

Хариуцагч худалдан авсан хөнгөн бетон блокны үнэ төлөх үүргээ биелүүлээгүй, шүүх алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс тооцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6.-д заасан шаардлагад нийцжээ.

Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын агуулгаар шийдвэр, магадлалыг өөрчлөх боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 589 дүгээр шийдвэр, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 133 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч Ц.Батжаргалын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр төлсөн 444.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ